Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                         Прокурор Д.Ганцэцэг /цахимаар/

                                         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т /цахимаар/

                                                     Шүүгдэгч  Б.Г /цахимаар/

                                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг /цахимаар/

                                                     Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гад холбогдох эрүүгийн 2126000000001 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Б.Г

 

Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ “Mitsubishi Colit” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.5 а-д “...тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5 б-д осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, 3.5 г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”, 19.1 “... хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй”, 12.5 “... хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор тээврийн хэрэгслийн хурдыг 20км/цагаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд зам тээврийн осол гаргаж явган зорчигч Г.С-г мөргөж тархины үхжил, суурь ясны хугарал, зүүн чамархай яс, хацар яс, хоншоор яс, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл доорх болон аалзан бүрхүүл доорх цус хуралт, зулай хуйханд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч нас барсан, зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Боржигин овгийн Б.Г-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох хоёр жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож дөч хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил дөч хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолохоор, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6053374 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нь 515000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Mitsubishi Colit” маркын автомашиныг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Г-д буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т гаргасан давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Арвайхээр сумын Согоотын 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодон миний эгч Суурьтогтохыг машинаар мөргөж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдчихээд хэргийн газрыг зориудаар орхин зугтаасан байхад хоёр зүйл ангиар шийтгэхдээ бидний гомдол, хохирол, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон байдлыг харгалзахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хүний амь насыг зөвхөн оршуулгын зардал төлсөн гэдгээр гэм буруугаа хүлээж байна гэж үзэхгүй. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зүйл огт харагдахгүй байгаа. Хэрэгтний үгээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирлыг барагдуулсан байна гэж үзэж хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сэтгэл санааны болон бусад зардал их гарсан. Оршуулгын зардалд 6053374 төгрөгийг авсан. Б.Г-г хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж үзэхгүй байна. Учир нь талийгаач болон биднийг үл тоож уучлалт гуйгаагүй, удаан уулзаагүй шүүх хуралдаан дээр л харсан. Би нотлох баримтаа бүрдүүлж, эгчийнхээ араас буян үйлдсэн 49 хоногийн ном уншуулсан, хэрэглэсэн бензины зардал зэргийг нэхэмжилнэ. Хууль мэдэхгүй хуулийн зөвлөгөө аваагүй учраас хохирч, хэрэгтэн хөнгөн ял шийтгүүлсэн байна. Иймд Б.Г-н ял хөнгөдсөн, маш их гомдолтой байгаа зэргийг харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад 6053374 төгрөг нэхэмжилсэн. Мөн хохирогчийн гаргаж өгсөн баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан ч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн нэхэмжилсэн 6053374 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн үнийн дүн бүхий баримтын заримыг анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6053374 төгрөг төлсөн. Хүний амь нас хохирсон хэрэгт хор уршиг арилаагүй гэж үздэг хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгчид 2 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Настай эгчийг минь дайрч алчхаад шүүгдэгч хохирлоо барагдуулахгүй байгаад нь гомдолтой. Шүүгдэгчид оногдуулсан ял маш хөнгөн байна. Хүний амь насыг хохироогоод зугтсан байхад анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой. Хүний амь насыг хохироосон хүнд яагаад хоёрхон жилийн ял өгдөг юм. Шүүгдэгчийн ар гэрийнхэн нь надтай ирж уулзсан. Нутгийн хүүхэд, гэр бүлтэй, хань ижилтэй залуу хүн байна хохирлоо барагдуулчих гэж хэлэхэд намайг үг хэлж байна ч гэж тоогоогүй. Хүн урд нь мал байсан ч зогсдог. Гэтэл хүн дайрчхаад тусламж ч үзүүлээгүй зугтаад явчихсан байсан. Эрүүгийн хоёр зүйл ангиар шийтгүүлж байгаа, дээрээс нь гомдол санал барагдуулаагүй байхад хууль ийм гээд хамгийн бага ял оногдуулж байгаад маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол гаргуулж авмаар байна гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г-н гаргаж өгсөн 6 053 374 төгрөгийн хохирлын баримтуудаас 2 800 000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байдаг. Бусад мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн хэдий ч шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн хүний амь нас хохирсон учир хохирлыг нэхэмжилсэн үнийн дүнгээр нь хүлээн зөвшөөрч 6 053 374 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаагаа анхан болон давж заалдах шатны шүүхэд илэрхийлж байгаа хэдий ч ямар хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн сэтгэл санааны хохирол гэх баримт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Авто ослын хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгаатай нь санамсар болгоомжгүйн улмаас үйлдэгддэг. Хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон хэдий ч санаатай гэмт хэргээс ялгаатай. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчийн тал өмгөөлөгчтэй байгаа, та өмгөөлөгч авч тайлбар, дүгнэлт гаргах эрхтэй өмгөөлөгч авах уу? гэхэд би өмгөөлөгч авах шаардлагагүй, өөрөө ярих юмаа яриад өмгөөлөгчгүй оролцоно гэж хэлсэн байдаг. Мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа нь хууль мэдэхгүй биш бага ч гэсэн мэддэг гэдэг нь харагдаж байна. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй байна. Хохирогчийн ар гэрт нь шүүгдэгчийн ар гэрээс олон удаа очиж уулзсан байдаг. Тухайн үед хохирогчийн ар гэрээс 10 000 000 төгрөг өгчихвөл бид нар гомдолгүй гэж хэлнэ гэдэг байсан. Гэвч нэхэмжлээд байгаа мөнгө нь ямар нотлох баримтын үндсэн дээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байдаг. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж 6 053 374 төгрөгийг нотлох баримт шаардахгүйгээр төлсөн. Г.Т-г гуайн хувьд 6 053 374 төгрөгийг төлчихвөл надад өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчид оногдуулсан уг ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчмыг үндэслэл болгоогүй буюу эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ түүний гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-н үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байхад хохирлыг нөхөн төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгосон. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал байдаг.

 

Ийм тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан эсэх тухай санал, дүгнэлт шүүхээс энэ талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой бөгөөд хэрэгт ийм баримт авагдаагүй буюу хохирогчоос хохирол, хор уршиг арилсан талаар тайлбар, мэдүүлэг өгөөгүй байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн талаар дүгнэлт хийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн нь буруу болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэж энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Б.Г-д холбогдох эрүүгийн 2126000000001 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.