Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2026/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан,  шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхтөрийн Зол-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2539000000300 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.З нь согтуурсан үедээ буюу 2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн .... багт үйл ажиллагаа явуулах .... баарны гадна М.Л-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг толгойгоороо мөргөж унаган, харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000300 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Амгалангаас: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч М.З : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэж мэдүүлсэн болно.

 

1.Шүүгдэгч М.З -г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-19 дүгээр тал),

-Хохирогч М.Л-н “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... багт А Г Ч гэх гурван найзтайгаа таараад Хэрлэн сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг ..... бааранд ороод 1 пиво авч уучхаад гадаа гараад тамхи татаад зогсож байхад хажууд нэг залуу ирээд юм дуугаралгүй мөргөөд авахаар нь би тэр дороо газар унаад минутын дараа босож ирээд хажуу талаас нэг хүн хөөе зүгээр үү гэхэд би сэргэсэн. Тэгээд харахад намайг мөргөсөн залуу урд зогсож байхаар нь би очоод шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиж цээж хэсэгт нь өвдөглөсөн. Тэгээд хэсэг зууралдаж байгаад салаад эвлэрээд байж байхад цагдаа нар ирсэн байсан... Нөгөө залуу намайг мөргөчихөөр нь би дургүйцээд цохиход нөгөө залуу надтай зууралцаад бид хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд зодолдох явцад миний тохой болон баруун илбэ, хуруунд шарх үүссэн байсан... Тиймээ би Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Гэгээ гэх хүнсний дэлгүүрээс 3 ширхэг том CASS нэртэй пиво авч уугаад тэгээд Хэрлэн сумын .... багт үйл ажиллагаа явуулдаг ..... баарнаас 1 ширхэг Сэнгүр нэртэй пиво авч уусан байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-н  2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 515 дугаартай “1.2.М.Л-н биед баруун сарвууны ядам хуруунд шарх, баруун зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Шүүгдэгч М.З-н яллагдагчаар өгсөн “...Би М.Л-н биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм асуудал гаргахгүй байх болно. Надад энэнээс өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Бид хоёр учир зүйгээ ололцсон байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах Тулга баарны гадна М.Л-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг толгойгоороо мөргөж унаган, харилцан зодолдож эрүүл мэндэд нь баруун сарвууны ядам хуруунд шарх, баруун зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.З нь хохирогч М.Л-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед баруун сарвууны ядам хуруунд шарх, баруун зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч М.З нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М.З -г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.З хохирогчийн толгойг мөргөх идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд баруун сарвууны ядам хуруунд шарх, баруун зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.Л-н Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал) байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.З -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч М.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.З -г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч М.З эс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН