Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01157

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *** тоотод байрлах *** ХХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** Ө***д холбогдох

 

30.141.438 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т***, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага 2014.05.20-ны өдөр Борлуулагчийн гэрээ, 2014.05.21-ний өдөр Барьцааны гэрээг Б.Ө***тэй байгуулж гэрээний гол нөхцлийн дагуу түүнд бараа материал олгон, борлуулалтын орлогоо компанид өдөр бүр тушаах хатуу үүрэг хүлээлгэн, хэрэв үүргээ биелүүлээгүй нөхцөлд Барьцааны гэрээний 1.2-т, Борлуулагчийн гэрээний 2.7-р зүйлд тус тус зааснаар барьцаа хөрөнгөөс гаргуулахаар тохиролцсон.

Гэтэл Б.Ө*** нь байгууллагыг удаа дараа хууран мэхэлж бусадтай хуйвалдан, худал өрийн данс тооцоо үүсгэж, өөрөө тухайн борлуулалтын орлогыг хувьдаа хэрэглэж байсан нь хяналт шалгалтаар илэрч тогтоогдсон тул Борлуулагчийн гэрээг цуцлан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа билээ. Б.Ө*** нь гэрээний үүргээ үл биелүүлэн, байгууллагад учруулсан хохирлын хэмжээнд бараа материалын төлөгдөөгүй үнийн дүнд 16 394 291 төгрөг, байгууллагаас зөвшөөрөлгүй бусдад зээлдүүлсэн бараа материалын үнийн төлбөрт 3 700 000 төгрөг, Борлуулагчийн гэрээний 3.12 дугаар зүйлд зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийн хэмжээнд 10 047 147 төгрөг нийтдээ 30 141 438 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байгууллагад учруулсан хохирол 16 394 291 төгрөг, алданги 8 197 145 төгрөг нийт 24 591 436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, бусдад зээлдүүлсэн бараа материалын үнэ 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Б.Ө*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие тус компанид 2012 оны 3-р сараас 2015 оны 12-р сар хүртэл ажиллаж байгаад төлбөр тооцооны улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Уг нэхэмжилсэн 30 141 438 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бараа материалын нэхэмжилсэн үнэ болох 16 394 291 төгрөгнөөс авч чадаагүй байгаа хариуцагч *******ийн 2015 оны 8-р сарын 29-ний 2 574 640 төгрөг, мөн шинэ харилцагчийн 2015 оны 2-р сарын 18-ны 67 000 төгрөг, 2015 оны 2-р сарын 24-ний 62900 төгрөг, 2015 оны 4-р сарын 7-ны 86900 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагатай хамтран дээрх харилцагчдаас авч тооцоог нь барагдуулж, бараа материалын 16 394 291 төгрөгнөөс хасуулж нэхэмжлэгч байгууллагатай эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б.Ө***д холбогдуулан 30.141.438 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байгууллагад учруулсан хохирол 16.394.291 төгрөг, алданги 8.197.145 төгрөг нийт 24.591.436 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ө*** нь хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Ө*** нь нэхэмжлэгч *** ХХК-д борлуулагчаар 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Борлуулагчийн гэрээ, Барьцааны гэрээ, Тооцооны нэгтгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9-14, 48/

 

Хариуцагч Б.Ө*** нь нэхэмжлэгч *** ХХК-д борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа хүлээн авсан бараа материалын борлуулалтын орлогыг компанид өдөр бүр тушаах үүргээ биелүүлээгүй байгууллагад 16.394.291 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2016 оны 3 дугаар сард Б.Ө***тэй Тооцооны нэгтгэсэн акт, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 48-50/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Б.Ө***эс 16.394.291 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Мөн хариуцагч Б.Ө*** нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Борлуулагчийн гэрээний 1.4-д Борлуулагч нь нийт 10.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогоо компанид өдөр бүр тушаах үүрэг хүлээнэ, 3.12-т Борлуулагч гэрээнд заасан орлого тушаах үүргийг нэг удаад бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хожимдуулсан, саатуулсан, дутуу төлсөн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-д ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул алданги 8.197.145 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Бараа материалын нэхэмжилсэн үнэ болох 16.394.291 төгрөгнөөс авч чадаагүй байгаа хариуцагч *******ийн 2015 оны 8 дугаар сарын 29-ний 2.574.640 төгрөг, мөн шинэ харилцагчийн 2015 оны 2 дугаар сарын 18-ны 67.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 24-ний 62.900 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 7-ны 86.900 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагатай хамтран дээрх харилцагчдаас авч тооцоог нь барагдуулж, бараа материалын 16.394.291 төгрөгнөөс хасуулах, мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, Дархан сумын 15-р баг, Мангиртын *** тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-*** дугаартай, Ү-*** эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 683 м.кв газар бүхий 60 м.кв хувийн сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 12-15/

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж заасан боловч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Ц.Н***энэ талаар мэдэгдээгүй, зөвшөөрсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Б.Ө***ийн хүсэлтийг хангаж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Ө***эс 24.591.436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 309.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө***эс 280.907 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА