Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал,  шүүгдэгч Н.Р /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нацагийн Рэнцэнхорлоод холбогдох эрүүгийн 2539000000340 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Р нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн .... “Э” худалдааны төвийн барааны захын .... дугаар лангууны ард амарч байсан хохирогч Ж.Б-н лангуун дээр байсан Самсунг эс 23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000340 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Э.Азжаргалаас: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Н.Р “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэж мэдүүлсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгаанаар цахимаар оролцсон бөгөөд тэрээр барилгын ажил хийх явцдаа өндрөөс унаж, бүх бие мэдээгүй болж, хЭрийн дэглэмтэй, Улаанбаатар хотод байнгын эмчилгээтэй байгаа талаарх баримтыг ирүүлсэн байх тул цахим оролцогчийн баталгаа гаргуулан оролцуулсан болно. 

 

1.Шүүгдэгч Н.Р -г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

-Хохирогч Ж.Б-н “...2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс жирэмсний амралтаа авч Э худалдааны төвийн ... дугаар хувцас гутлын лангууг ажиллуулах болсон. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Э худалдааны төвд ....  дугаар лангуугаа ажиллуулж бараагаа зарж байхдаа жирэмсэн болохоороо ядраад лангууныхаа ард сандал дээрээ зүүрмэглээд унтчихсан байсан. Тухайн үед миний утас миний урд лангуу дээр байсан чинь намайг унтаж байх хооронд урдаас минь миний galaxy s23 маркийн гар утсыг минь хүн хулгайлчихсан байсан. Тухайн үед сэрээд утас минь байхгүй болохоор нь хайгаад олохгүй болохоор нь Эийн хамгаалагч залууд хэлээд камер шүүлгэх гэсэн чинь манай лангууны өөдөөс харсан камер ажиллахгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Би гар утсаа олчихсон болохоор гомдол санал хүсэлтгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар тал),

-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар тал),

-Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн  406 дугаартай шинжээчийн “...Samsung s23 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 1,300,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дугаар тал),

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-23 дугаар тал),

-Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-30 дугаар тал)

-Шүүгдэгч Н.Р -н яллагдагчаар өгсөн “...Би одоогоор түнхний хагалгаанд ГССҮТ-д орох гэж байгаа юм. Маш удаан хугацаанд хЭрийн дэглэм барина. Миний бие маргааш буюу 2025.11.19-ний өдөр төлөвлөгөөт хагалгаандаа орно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлмээр байна мөн шүүх хуралдаанд цахимаар оролцмоор байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Э” худалдааны төвийн барааны захын 62 дугаар лангууны ард амарч байсан хохирогч Ж.Б-н лангуун дээр байсан Самсунг эс 23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Н.Р нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Э” худалдааны төвийн барааны захын 62 дугаар лангууны ард амарч байсан хохирогч Ж.Б-н лангуун дээр байсан Самсунг эс 23 загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Р -н дээрх хууль бус үйлдлүүд, хохирогч Ж.Болорчимэгт учирсан 1,3000,000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Н.Р -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ж.Б-т гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар тал), мөн хохирогчийн “...би гар утсаа олчихсон болохоор гомдол санал хүсэлтгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар тал) байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Р -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Н.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р -г 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН