Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-т холбогдох эрүүгийн 2539000070242 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын..... ” гэх газраас хохирогч П.С-н 6 настай 3 тооны гүү буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000070242 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл: “Өнөөдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгч Т.Н ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаан байхгүй” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч Т.Н шүүхэд хандаж “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг өгсөн болно.

Нэг.Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хүрэн толгой” гэх газраас хохирогч П.С-н6 настай 3 тооны гүү буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч П.С-н“...Манайх одоо Баянхутаг сумын  ........  гэх газарт Сүхбаатар аймгийн ...... сумаас Хэнтий аймаг орох зам дагуу байдаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би өөрөө өөрийн гэсэн зээрд азаргатай 31 тооны адуугаа бүртгэж үзээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээрд азаргатай адуугаа дурангаар харсан тэгэхдээ би тоолж үзээгүй юм 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээрд азаргатай адуугаа өөрийн биеэр очиж бүртгэж үзэхэд манай адуунаас... тамгатай хээр гүү, ... тамгатай зээрд гүү өрөөсөн чих онь имтэй, ма тамгатай шарга гүү өрөөсөн чих онь имтэй, ма тамгатай хээр гүү өрөөсөн чих онь имтэй гэх 4 тооны бүдүүн гувай гүүнүүд алга болсон байсан юм. Манай адуу нь гэрийнхээ зүүн урд талд 5 км хэртэй Баянхутаг сумын ...... гэх газарт байсан юм. Манай адуу бэлчээрээр .....байдаг тэр газраас огт хөдлөөгүй юм. Би өөрийн алдсан гэх 4 тооны бүдүүн гүүгээ ойр хавиар хайж нэлээн олон хоног явсан боловч манай адууны сураг огт гарахгүй байгаа юм...   .... тамгатай хээр гүү, ма тамгатай зээрд гүү өрөөсөн чих онь имтэй, ма тамгатай шарга гүү өрөөсөн чих онь имтэй, ма тамгатай хээр гүү өрөөсөн чих онь имтэй гэх 4 тооны бүдүүн гувай гүүнүүд алга болсон юм. Өөр содон шинж тэмдэг байхгүй... Манай адууны бэлчээрээр ямар нэгэн малын сэвс байгаагүй... Би өөрийн алдсан гэх одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

-Хохирогч П.С-ндахин өгсөн “...Миний бие өмнө өгсөн мэдүүлэгт 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би өөрөө өөрийн гэсэн зээрд азаргатай 31 тооны адуугаа бүртгэж үзээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээрд азаргатай адуугаа дурангаар харсан тэгэхдээ би тоолж үзээгүй юм. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээрд азаргатай адуугаа өөрийн биеэр очиж бүртгэж үзэхэд манай адуунаас А тамгатай хээр гүү, ма тамгатай зээрд гүү өрөөсөн чих онь имтэй, ма тамгатай шарга гүү өрөөсөн чих онь имтэй, ма тамгатай хээр гүү өрөөсөн чих онь имтэй гэх 4 тооны бүдүүн сувай гүүнүүд алга болсон байсан юм. Харин ма тамгатай хээр гүү өрөөсөн чих онь имтэй адуу нь гэрийнхээ зүүн урд талд 5 км хэртэй Баянхутаг сумын 1 дүгээр баг Хүрэн толгой гэх газарт байсан юм. Одоо би үлдсэн 3 тооны адуугаа олохгүй байхад Баянхутаг сумын 1 дүгээр багийн иргэн Түвшинжаргал нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүүгээр 3 тооны адуу заруулсан гэдгийг мэдээд би аймгийн төвд ченж Э уулзаж Т-н хүүгийн мах өгсөн бичлэгийг шүүж үзэхэд манай адууны арьсыг буулгаж байгаа нь харагдсан тэгээд би Т-н гэрт очиж уулзахад Т-н эхнэр миний 3 тооны адууг ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч манай хоёр тооны гүүг том хээлтэй байсан харин нэг тооны гүүг хээлгүй байсан гэсэн харин Т ын хүү нь надад хохирлоо яаж төлүүлэх юм унагатай гүү юм уу мөнгө авах юм уу гэхэд хажуугаас нь Т  миний 3 тооны адууг ярьж хөөрч байгаад болно гэхээр нь би ямар наймаа хийх гэж байгаа биш гэж хэлэхэд Т  надад 3 тооны гүүний оронд цавьдар халзан гүү хар унагатай, хээр гүү хээр унагатай, хул гүү хул унагатай гэх адуунууд өгч надаас уучлалт гуйсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар тал),

-Гэрч Э.Э-н “...Би Хэнтий аймгийн Хэрлэн ..... тоот хашаанд нөхөр хүүхдийн хамтаар оршин суудаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө Хэнтий аймгийн Баянхутаг сумын ..... Т ын хүү Н  нь цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирж 196 кг, 170 кг, 180 кг жинтэй 3 тооны адууны мах арьстай нь өгөөд явсан юм. Тухайн адууны гарал үүслийн бичиг .......  дугаартай код өгсөн юм. Тухайн 3 тооны адууны мах нь 3,123,000 төгрөг болоод Хаан банкны .....  дугаартай дансанд шилжүүлсэн юм. Дараа нь Баянхутаг сумын ... иргэн П.С над дээр очиж хяналтын камер шүүж үзээд Н ын өгсөн адууны 3 арьсыг хараад манай алдсан 3 тооны адууны арьс мөн байна гэж ярьж байсан юм... Манай баруун талын хашаанд энэ жил авсан адууны арьс гэж зөндөө арьс байгаа тэр арьсан дунд хийсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 508 дугаартай “...3 тооны адуу зах зээлийн үнэлгээ 3,900,000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дугаар тал),

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 66-68 дугаар тал),

-Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “...3 тооны гүүг 4,500,000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84-92 дугаар тал),

-Шүүгдэгч Т.Н ын яллагдагчаар өгсөн “...Би П.С гэх хүний 3 адууг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогч П.С-г хохиролгүй болгосон би хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна... Би хийсэн үйлдэлдээ маш гэмшиж байна би дахин ийм зүйл хийхгүй, буруу зүйл гэдгээ ухаарч ойлгож байгаа... 2024 оны 12 дугаар сард 3 ширхэг унагатай гүү Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл өгч хохирогчийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын..... ” гэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдрийн хооронд хохирогч П.С-н6 настай 3 тооны гүү буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хууль зүйн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч нь 3 тооны адуу хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг “олон тооны мал” хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч П.С-т 4,500,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас:Шүүхээс шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Хохирол нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Т.Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан үзээд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тусгуулах саналтай байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлээс “Миний үйлчлүүлэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон. Миний үйлчлүүлэгч хохирогчийн 3 тооны адууг хулгайлсан гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн. Хохирогчтой эвлэрэн хэлэлцэж хохирлоо бүрэн төлсөн, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгч Т.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг биет байдлаар нь төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Бусад зүйлийн талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед уналга болгон ашигласан морийг битүүмжлээгүй, үнэлгээ гаргаагүй, одоо уг морь нь байхгүй, нядлагдсан талаар шүүгдэгч мэдүүлж байх бөгөөд шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нь шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН