| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01383/И |
| Дугаар | 1553 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 1553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01383/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, *** тоотод оршин суух *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, *** тоотод оршин суух *******д холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э***, хариуцагч Э.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Г*** нь Э.Г***ад шинэ байрны урьдчилгааны мөнгө болох 12,000,000 төгрөгийг 2014 оны 10 сард өгсөн ба Э.Г*** нь энэ мөнгөндөө цахилгааны ажил гүйцэтгэж өгөх үүрэг хүлээсэн боловч ажлыг хийхгүй удааснаас барилга ашиглалтанд орох хугацаа тулж бид өөр бригад авч ажлыг үргэлжлүүлэн дуусгасан. Хийсэн ажлынхаа хөлсөнд 6,000,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өгч дуусгаж байж байрны 8 хувийн лизинд хамрагдах ёстой байсан ба авлагагүй хэмээн хэлчих мөнгийг чинь 2015 оны 09 сард бүгдийг нь өгч дуусгана хэмээн ээж Наранцэцэгийн хамт гэрт ирж гуйснаар үгэнд нь итгэн ямар ч бичгээр үйлдэл хийлгүй зөвшөөрсөн. Энэ хооронд удаа дараа нэхсэнээр 3,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө нэхэхэд өгөхгүй, 3,000,000 төгрөг өгөх ёстой гэсэн бичиг хийж өгөөч гэхээр зурахгүй гэж доромжилж, танихгүй хүн шиг хажуугаар өнгөрдөг болсон. Иймд зохих байгууллагад хандаж 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргалаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г***, Э.Г*** нар 2016 онд 48 айлын орон сууцны цахилгааны монтажийг 12.000.000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцсон. Ажлын хөлсөнд Э.Г*** Э***аас байр авахаар тохиролцсон. Б.Г*** Э***т 12.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байдаг. Уг мөнгийг Э.Г*** авчихаад ажлаа бүрэн гүйцэд дуусгахгүйгээр хаяж явсан. Э.Г*** Б.Г***тай тохиролцож ажлын хөлсөнд 6.000.0000 төгрөгийг тооцож хассан байдаг. Мөн Э.Г*** Б.Г***ад бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн байдаг. Иймд дээрх 12.000.000 төгрөгийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Э.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1 айлын цахилгаан монтажийг 400.000-500.000 төгрөгөөр хийж гүйцэтгэдэг боловч нэг айлын
цахилгаан монтажийг 250.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Б.Г***тай тохиролцсон. Энэхүү тохиролцоог амаар хийсэн. Уг тохиролцоогоор 48 айлын гэрийн цахилгаан монтажийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг тохиролцоонд бусад дээврийн болон нийтийн эзэмшлийн хэсэг ороогүй. Би 1-3 давхар хүртэл далд монтаж хийсэн. Шалны цутгалт тавьсан байсан. 3 давхарын монтаж материалын муугаас болж гэмтсэн тул 3 давхарт 2 удаа цахилгаан монтаж хийсэн. 4 давхарт утас суулгах ухалт, 5 давхрын гэрэлтүүлэг зэргийг хийж гүйцэтгэсэн. 3 давхрын ажлыг хийж гүйцэтгэчихээд мөнгөө авъя гэхэд мөнгөө өгөхгүй байсан тул та бичгээр гэрээ хийгээд өг гэж 2 сар гуйсан. Би ажлыг нь зогсоож 12.000.000 төгрөгөө өгсөн тохиолдолд ажлаа дуусгана гэхэд Б.Г*** 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12.000.000 төгрөг өгсөн. Б.Г*** нь тохиролцоонд тусгаагүй ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан тул бидний дунд маргаан үүссэн. Би хийсэн ажлын хөлсөө аваад зөрүү 3.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Маргаан үүсч ажил зогсоход Б.Г***ыг ажлаа хүлээж ав гэхэд ажлаа хүлээж аваагүй. Миний хувьд 3.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Миний ажлын нийт хөлс 10.600.000 төгрөг болсон. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г*** нь хариуцагч Э.Г***аас 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Г*** нь нэхэмжлэлдээ Э.Г***ад шинэ байрны урьдчилгаа гэж 12,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд дараа нь энэ мөнгөндөө шинээр барьж буй орон сууцны цахилгааны ажил гүйцэтгүүлэхээр тохирсон гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Г***, Э.Г*** нар 48 айлын орон сууцны цахилгааны монтажийг 12.000.000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцсон бөгөөд энэхүү мөнгийг Б.Г*** Э.Г***ын байрны урьдчилгааны төлбөр болгон байрыг бариулж байсан Л.Э***т хүлээлгэн өгсөн, хариуцагч Э.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд бид 48 айлын дотор цахилгаан монтажийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 3 давхрын ажлыг хийж гүйцэтгээд мөнгө авъя гэхэд өгөхгүй болохоор нь би ажлыг нь зогсоож 12.000.000 төгрөгөө өгсөн тохиолдолд ажлаа дуусгана гэхэд Б.Г*** 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12.000.000 төгрөг өгсөн гэж тус тус тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч талаас 12,000,000 төгрөгийг Э.Г***ын худалдан авах байрны урьдчилгаа гэж Л.Э***т хүлээлгэн өгсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн боловч тус баримт нь 2016 оны 10 дугаар сарын 09 гэсэн огноотой буюу тухайн үедээ үйлдэгдээгүй байна. Мөн хариуцагч Э.Г***аас ирүүлсэн үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлэг, тодорхойлолтоор Э.Г*** нь байрны урьдчилгаа 15,768,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Л.Э***т төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн байрны урьдчилгаа гэж Э.Г***ад 12,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Зохигчдын дээрх тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талууд амаар хийсэн гэрээгээр хариуцагч Э.Г*** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 1 дүгээр байрны 48 айлын орон сууцны цахилгааны монтажийг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Б.Г*** нь ажлын хөлсөнд 12,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон, захиалагчийн буюу нэхэмжлэгч Б.Г***ын материалаар тус ажлыг гүйцэтгэхээр тохирсны дагуу нэхэмжлэгч Б.Г*** нь ажлын хөлс 12,000,000 төгрөгийг Э.Г***ад шилжүүлэн өгсөн болох нь хариуцагч Э.Г***ын шүүх хуралдаанд гаргасан ... Б.Г*** 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12.000.000 төгрөг өгсөн гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Г*** нь Э.Г*** тохирсон ажлаа хийж дуусгаагүй тул өөр хүмүүсээр тус ажлыг гүйцэтгүүлж дуусгасан учир түүний хийсэн ажлын хөлсөнд нь 6,000,000 төгрөгийг өгч, 6,000,000 төгрөгийг буцаан авахаас 3,000,000 төгрөгийг авсан тул одоо үлдэгдэл 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч Э.Г*** нь тус байрны 48 айлын орон сууцны зөвхөн айлуудын цахилгааны монтажыг хийхээр тохирсон байхад бусад нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны ажлыг буюу тохиролцоогүй ажлыг шаардсанаас болоод ажлыг зогсоосон, 5 давхар байрны 1,2,3 дугаар давхрын айлын монтаж, 5 давхрын айлуудын гэрэлтүүлгийн монтаж бүрэн дууссан, 3 давхарт чанаргүй материал нэхэмжлэгч тал өгснөөс болж дахин хийсэн зэргийг тооцоход би 10.600.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул мөнгө буцааж өгөх үндэслэлгүй гэж маргадаг болно.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан боловч гэрээний зүйл болох ажлын доголдлоос болж талууд гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Г*** нь хариуцагчийг 6,000,000 төгрөгт тохирох ажил хийсэн гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч Э.Г***ын тус орон сууцны 48 айлын цахилгааны монтажийг хийхээр тохирсон, бусад нийтийн эзэмшлийн талбайн хэсэг хийх ажилд орохгүй байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч Б.Г*** үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, орон сууцны бүх цахилгааны монтажийг хийхээр тохирсон гэх тайлбараа нотлоогүй байна.
Хэрэгт авагдсан гэрч Б.Г***ын Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 48 айлын 11 дүгээр байрны цахилгааны монтажийг Э.Г***тай хамт хийсэн. Зөвхөн айлуудын монтажийг хийх ёстой байсан. Энд орцны гэрэлтүүлэг, шийтний холболт, гражийн гэрэлтүүлэг, гадна гэрэлтүүлэг орохгүй... 3 давхрын айлуудын монтажийг хийгээд дууссаны дараа 5 давхрын гэрэлтүүлгийг хийж байхад 3 давхрын уян хоолой нь хагараад доторх утас нь гэмтэж тасарсан байсан. Тэгээд дахиж шинээр хийсэн гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ч***ын ... 5 давхар 48 айлын орон сууцан дотор орж үзэхэд айлуудын гэрэлтүүлгийн монтаж хийгдсэн байсан нь буруу, засаж янзлах зүйл их байсан. Айлуудын монтажийг дахин сэргээж, давхрын болон айлын самбар, ерөнхий самбар, галын дохиолол, 00-ын давхрын монтаж, бүх тоног төхөөрөмжийн холболт, угсралт, гэрэлтүүлэг гэх мэт бүх ажлыг хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ч***ын ... хүлээж авахад эхний үеийн буюу далд монтажны тал нь хийгдсэн байсан. Тухайн барилгын 1-3 давхрын далд монтаж хийгдсэн байсан. 5 давхрын гэрэлтүүлгийн утас сүвлэгдсэн, 4 давхрын канал татагдсан байсан гэсэн мэдүүлгүүдээр хариуцагч Э.Г***ын намайг ажлаа зогсооход 1, 2, 3 давхрын монтаж дууссан, 4 давхрын канал буюу цахилгааны утсаа гүйлгэх нүхийг бүрэн ухсан, 5 давхарт гэрэлтүүлэг хийсэн байсан гэсэн тайлбар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Э.Г***ын хийсэн ажил нь дутуу, буруу байснаас өөр хүмүүсээр дахин хөлс төлж ажлыг гүйцэтгүүлсэн тул хийсэн ажилд нь тохирох хөлсийг өгөөд илүү төлсөн төлбөрөө буцаан авна гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарладаг болно.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т: гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 353.3-т: хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заажээ.
Хариуцагч Э.Г***ын шүүх хуралдаанд гаргасан ... Надаас хийх ёсгүй ажлыг хийхийг шаардсан тул бидний хооронд маргаан гарч 2014 оны 11 дүгээр сарын дундуур ажлаа зогсоосон гэсэн тайлбараас үзэхэд хариуцагч нь ажлыг бүрэн хийж дуусгаагүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Г***ын хариуцагч Э.Г***ад холбогдуулан гаргаж байгаа шаардлага нь дээрх хуульд заасан агуулгад нийцэж байгаа хэдий ч мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т заасан ажлын үр дүнг хүлээн авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.
Талууд хийгдсэн ажлыг хэрхэн хүлээлцсэн нь баримтаар тогтоогдохгүй байгаа боловч хэрэгт авагдсан гэрч Б.Ч***ын ... 2014 оны 10 дугаар сард Г*** надтай холбогдсон. Барилгын цахилгаан монтаж хийж өгөөч, энэ хийж байгаа хүн нь ерөөсөө хийж чадахгүй байна гэж хэлсэн. Тухайн үед ажлыг 12,000,000 төгрөгөөр хийхээр тохирч, хүлээж аваад хийж гүйцэтгэсэн гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ч***ын ... 2014 оны 10 дугаар сард Дархан сумын хээтэй хороололд байрлах 5 давхар, 48 айлын орон сууцны цахилгааны дотор монтаж хийсэн гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Б.Г*** нь ажлын үр дүнгийн доголдлыг мэдсээр байж хүлээн авч, өөр хүмүүсээр ажлыг хийлгэсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Б.Г*** нь ажлыг хүлээн авах үедээ биет байдлын доголдолтой гэдгийг мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй байх тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээс илүү төлсөн төлбөр болох 3,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхээ алдсан байна гэж үзэхээр байна.
Хэрэгт *** ХХК-ийн барилгын дотор ба гадна цахилгааны холбоо, дохиолол, интернет, галын дохиоллын монтаж угсралтын ажлын материалын түүвэр гэх баримтууд авагдсан боловч энэ нь тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг, мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц*** Р.***с гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.
Дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Г***ын хариуцагч Э.Г***аас 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т тус тус заасныг баримтлан Б.Г***ын хариуцагч Э.Г***аас 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ