Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/00985/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,**** дугаар багт байрлах ***** /утас: ****/ -ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр брак *** тоотод  байрлах ***** ХХК /РД: *****/ -д холбогдох

 

“2,331,077.7 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани 2012 онд хяналт шалгалтаар орж 2,146,400 төгрөг ногдож, 2013 оны татварын тайлангаар 184,677 төгрөг ногдуулж нийт 2,331,077 төгрөгийн өрийг барагдуулаагүй байна.

Иймд тайлангаар ногдуулсан нийт 2,331,077 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг ***** ХХК-иас татварын өр 2,331,077.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дархан-Уул аймагт худалдаа үүйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан ***** ХХК нь Татварын ерөнхий хууулийн 12 дугаар зүйлийн 12.1–д Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, төлөх үүрэг хүлээсний хувьд татвар төлөгч бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1- д зааснаар татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээснээр татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн татвар төлөгчийн ***** тоот регистрийн дугаарыг авсан байна.

 

 

***** ХХК нь татвар төлөгчийн хуулийн этгээдийн хувьд Татварын ерөнхий хууулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүгээгүй байна.

 

             Нэхэмжлэгч ******нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татвар төлөгч ***** ХХК-ийн тайлангаар тодорхойлогдсон татварын өрийг төлүүлэхээр мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулах зэрэг татварын өрийг үл маргах журмаар гаргуулах үүргээ биелүүлсэн боловч татвар төлөгч үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн  70.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг үл маргах журмын дагуу барагдуулах боломжгүй бол  шүүхэд нэхэмжлэл гаргана гэсний дагуу шүүхэд хандсан байна.

            ***** ХХК-ийн захирал Г.Л нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан ба 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд авч ирэх үүрэг хүлээсэн байна.

            Нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор “... нэхэмжлэлийн шаардалыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсан дурьдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож холбогдох хэргийг шүүх шийдвэрлэнэ ...” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлтэй тус тус танилцсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.  

 

            Мөн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралтай болохыг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр утсаар мэдэгдэхэд утас нь холбогдоогүй учир шүүхийн ажилтанаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Р.О мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хариуцагчийг байлцуулж шүүх хурал хийх тухай хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хурал хойшилсон ба 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин шүүх хурал товлож шүүх хуралдааны товыг 11 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр Д.М **** дугаарын утсаар, мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хаягаар нь мэдэгдэх хуудас хүргүүлэхэд энхэр Д.М нь гардан авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хурлыг түүний оролцоогүйгээр явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

  1. Татварын Ерөнхий Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж ***** ХХК-иас татварын өр 2,331,077.7 төгрөгийг гаргуулан Дархан–Уул аймгийн татварын хэлтэс олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ******нэхэмжлэл гаргах үед тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хариуцагч ***** ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 2,331,077.7 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 52,248 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНДАРЬ