Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Иргэний нэхэмжлэгч Д.А/цахим сүлжээгээр/

                                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/187 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Х-т холбогдох эрүүгийн 2026002380037 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Адир овгийн Д.Х

 

Д.Х нь “Тоуоtа рruis” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнд 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 13.2-д “гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 13.2а-д “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учрахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Нисэхийн гүүрний уулзварын баруун талын хот хоорондын асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж, Н.С жолоодож явсан “Фекан” маркын мотоциклтой мөргөлдсөний улмаас Н.С биед баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, баруун шуу хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Адир овгийн ДХ-д холбогдох 2026002380037 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна.  Анхан шатны шүүх Д.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлийг баримтлан прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэж хуульд заасан заалтыг бичсэнээс мөрдөн шалгах ажиллагаагаар хэнийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татуулах гэж байгаа түүний үндэслэлийг огт дурьдаагүй байна.

 

Шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг уг шүүгчийн захирамж хангаагүй байна. Яллагдагч Д.Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс хохирогч Н.С биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч
Ч-д 800000 төгрөгний, тээврийн хэрэгсэл шилжүүлсэн иргэний хариуцагч
Д.А, Н.Ц нараас “Энх-үүд” ББСБ өмчлөлд шилжүүлсэн гэх
тээврийн хэрэгсэлд 1195000 төгрөгний хор уршиг
учруулсан гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад
цугларсан иргэний нэхэмжлэгч Г.Ч, Д.Н нарын мэдүүлэг, хэрэг
учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний байгууллагаас
гадуур шинжилгээ хийлгэсэн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04
дугаартай дүгнэлт, Монгол Санхүү бүртгэл ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 13-ны
өдрийн 01/15, 01/14 дугаартай үнэлгээний тайлан зэргээр нотлогдсон байна.

 

Яллагдагч Д.Х нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгаа сайн  дураараа  арилгасан  болох  нь  хохирогч   Н.С   мөрдөн   шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин мэдүүлсэн ...Х надад 1 сая төгрөг өгсөн үүнээс эмчилгээний зардалд 200000 төгрөг, мотоциклийн хохиролд 800000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Чулуунхүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн ...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.С хөл залгуулах унаа хэрэгтэй байна мотоциклио зарчих гэхээр нь 800000 төгрөгөөр зарсан Н.С 2021 оны 01 сарын 27-ны өдөр миний мотоциклийн үнийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Н.Ц 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ   Н.С нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1195000 төгрөгийг бүрэн төлсөн гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлэлгүй үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилгасан байхад иргэний нэхэмжлэгч, хариуцагч дахин тогтоолгох нь шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзэх үндэслэл бүхий ажиллагаа биш гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Д.А ...би тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 300 000 худалдан авахаар “Энх үүд инвест ББСБ-тай тохиролцон 3000000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр бэлнээр өгч 13 300 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөхөөр гэрээ хийсэн түүнээс хойш 2019 оны 12 сарын 28-ны өдөр эхний төлөлт болох 873000 төгрөг, 2020 оны 01 сарын 28-ны өдөр 2 дах төлөлт болох 873000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ББСБ-н захирал Н тохиролцон машины үндсэн төлбөр 7000000 төгрөгийг дансанд шилжүүлж нийт 8746000 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг болон иргэний хариуцагч Н.Ц иргэний хариуцагчаар мэдүүлсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр уг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсад импортлогдон ирж өмчлөгчөөр “Э” ББСБ ХХК шууд бүртгэгдсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд иргэний хариуцагч Н.Ц, Д.А нь “Э” ББСБ ХХК-с 16 300 000 төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгслийг урьдчилгаа болон зээлийн гэрээгээр худалдан авч 11 746 000 төлж шударгаар худалдан авсан байна.

Мөрдөгч болон прокурор нь яллагдагч Д.Х- нь тээврийн хэрэгслийн эзэмшигч /худалдан авсан/ Д.А учруулсан хор уршгийг нөхөн төлж арилгасан байхад Д.Н-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож иргэний хариуцагч Н.Ц, Д.А хооронд байгуулагдсан гэрээний төлбөртэй холбоотой маргаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүх мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн, шийдвэрийг үндэслэн өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Д.Н иргэний хариуцагч Н.Ц Д.А хооронд үүссэн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой илтэд иргэний хуулиар шийдвэрлэх нэхэмжлэлийг яллагдагч Д.Х-т холбогдох хэрэгтэй хамтатган шийдвэрлэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтыг зөрчжээ.

 

Иймд Д.Х-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 22-ний өдрийн 2021/ШЗ/187 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машинтайгаа холбоотой болон осол гарахад хамт явсан гэрчийн хувьд хэлэх хэдэн зүйл байдаг. Нэгдүгээрт журмын хашаанд байгаа тээврийн хэрэгслийг гаргах боломжийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой бол энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч. Хоёрдугаарт “Э” ББСБ-тай гэрээний дагуу хүү, алданги тооцогдоод 10 орчим сая төгрөгийн үлдэгдэл төлөлттэй байгаа гэх асуудлыг уг байгууллагын захиралтай утсаар ярьж хөл хорионы улмаас орлого зогсчихсон байгаа учир 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж дуусгая гэж тохиролцсон. Миний ойлгож байгаагаар иргэний хариуцагчаар банк бус санхүүгийн байгууллага ч бай, миний бие ч бай мөн адил гэрээний дагуу асуудлаа шийдэж эрүүгийн хэрэгт оролцуулалгүйгээр иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би Д.Х-ын төрсөн ах нь байгаа юм. Тухайн үед хамт явж байсан гэрч бөгөөд бид хоёр засварын газраас хөдлөөд хурд сааруулагч, гүүр таараад, гүүр өнгөрөөд явж байхад гүйцэж түрүүлэх боломжтой байхаар нь би Д.Х-ыг ор ор гэж хэлээд бид 2 гүйцэж түрүүлсэн. Тэр уулзварыг өнгөрөөд, ертөнцийн зүгээр баруун талаас ирж явахад гэнэт өөдөөс гэрэлгүй мотоцикль гарч ирсэн, буцаж орох ямар ч боломжгүй болохоор нь би дүүгээ зогс гэж хэлээд зогсоход уг осол болсон. Үүнд Д.Х-ыг буруутгасан 2 зүйл байгаа. Нэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн гэдэг. Энэ нь дүгнэлтээрээ нотлогдсон. Харин нөгөө нь осол гарахаас сэргийлж хурдаа хасах оролдлого огт хийгээгүй гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа. Бид машинаа зогсоосон хойно мөргөлдсөн байхад ийм шалтгаанаар буруутгаж байгаа нь Д.Х-ын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Ослын талаарх бичлэг бүхий CD хэрэгт өгсөн. Түүн дээр машин зогсчихсон байхад наанаас нь мотоцикль очоод мөргөж байгаа нь харагдаж байсан. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шүүгдэгч Д.Х-ын осол гаргах үедээ жолоодож явсан Тоёото Приус маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “Э” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, дээрх банк бус санхүүгийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад захирал гэх иргэн Д.Н-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, мөн дээрх автомашин “Э” ББСБ-ын өмчлөлд байхад Д.А, Н.Ц нарыг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй гэж дүгнэн иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг зөв тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Э” ББСБ-тай иргэн Н.Ц, Д.А зээлийн гэрээ байгуулж барьцааны зүйл болох машиныг фидуцийн гэрээ байгуулж шилжүүлсэн байна.

 

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч буюу Д.А, Н.Ц нар биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд “Энх үүд инвест” ББСБ-ын эрх ашиг хөндөгдөх бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч эсвэл хохирогчоор оролцох боломжтой.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 3.2.6-д хөдлөх эд хөрөнгийг үрэгдүүлэх, гэмтээх, чанар өнгө үзэмжийг алдагдуулах, аливаа шалтгаанаар үнэлгээг бууруулсан, чанарыг алдагдуулсан тохиолдолд үүнтэй холбогдон гарах бүхий л зардал, хохирол, хариуцлага аливаа эрсдэлийг үүрэг гүйцэтгэгч /Н.Ц, Д.А/ хүлээнэ гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар аливаа эрсдэл, гэмтэл, эрсдэлийг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй байна. Фидуцийн гэрээгээр эд зүйлийг /машиныг/ зээлдэгчийн өмчлөлд бүртгүүлсэн нь тухайн эд зүйлийн өмчлөл бүрэн шилжсэн гэж үзэхгүй. Зөвхөн гэрээний үүрэг зөрчигдсөн /зээлээ хугацаанд нь төлөөгүй ..... гэх мэт/ тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулж, барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлж авах зорилготой байдаг. Тухайн машин нь Н.Ц, Д.А эзэмшилд хэвээрээ гэрээний үүрэг зөрчигдсөн талаар маргаан гараагүй байхад “Энх үүд инвест” ББСБ-ын эрх ашиг зөрчигдсөн байна гэж дүгнээд улмаар тухайн аж ахуйн нэгж эрх бүхий албан тушаалтныг иргэний нэхэмжлэгчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд дээд шатны прокурорын анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/187 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүгчийн захирамжид дурдсан Өвөрхангай аймаг дах бүсийн эмчилгээ оношлогооны төвийн 7762 дугаартай өвчний түүхийн хуулбарыг хэдэн сарын хэдний өдөр хэн гэгч албан тушаалтан олгосон нь тодорхойгүй, зөвхөн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан, 77-21 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулаагүй, шинжээч Ц.А, Ц.Б, Б.Б нарын мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбар дээр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын тэмдгийг дарсан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3-т заасныг зөрчиж байгааг прокурор, мөрдөгч нар цаашид анхаарах шаардлагатай байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/187 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Д.Х-д холбогдох эрүүгийн 2026002380037 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.