Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                 Б.Алтансүх

Улсын яллагч                               Э.Болор

Шүүгдэгч нарын өмгөөлөгч   Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай сумын харъяат, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын гудамж 1-12 тоотод оршин суух, Халх овогт Сүхбаатарын Санчир /РД:ДЭ87032137/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИСургуулийн оюутан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 7 дугаар гудамжны 16 тоотод албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-10 тоотод түр оршин суух, Дуулингууд овогт Төмөрбаатарын Наранхүү /РД:ТЯ94100112/ нарт  холбогдох эрүүгийн 201710010143 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Санчир, Т.Наранхүү нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр хязгаарласан бараа болох 50 блок буюу 500 хайрцаг Эссэ Лайтс нэртэй янжуур тамхийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Санчир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Эрээн гараад тэндээсээ каргоноос ачаа ачсан. Тэгээд монголд орж ирээд гаальд шалгуулахад машинаас 50 блок буюу 500 хайрцаг Эссэ Лайтс нэртэй янжуур тамхи гарсан. Хэний тамхи болохыг мэдэхгүй, ачаа ачихад л байсан. Ямар ачаа ачиж байгаагаа шалгаж үзээгүй миний буруу...гэв.

Шүүгдэгч Т.Наранхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 5 сарын үеэр БНХАУлсын иргэн Өвөрмонгол хүнтэй чатаар холбогдсон. Тэгээд Эссэ Лайтс тамхи байгаа эсэхийг асуухад байгаа гэхээр нь мөнгөө ахаараа бэлнээр өгсөн. Тэгээд нөгөө хүн чатаар холбогдохоо болихоор нь мөнгөө алдчихлаа л гэж бодож байхад гэнэт Замын-Үүдийн прокуророос ярьж байна, ирж тамхиа ав гэхээр нь ирэхэд ийм хэрэгт холбогдсон. Би энэ тамхийг Санчираас аваад ир гэж хэлээгүй, тамхи яаж хилээр оруулдагийг нь мэдэхгүй, энэ хүнийг танихгүй, тамхи чатаар захиад мөнгөө алдчихлаа л гэж бодож байсан...гэв.

Замын-Үүд дэх Гаалийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 5-10 тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/

Гэрч Н.Гомбо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 25-66 ХЭА улсын дугаартай автомашин БНХАУ-аас гаалийн хяналтанд орж ирсэн. Ингээд би томилгооны дагуу тухайн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт явуулахаас  өмнө Санчир гэгч жолоочоос “танд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан ачаа бараа байна уу” гэж асуухад “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд тээврийн хэрэгсэлд ачигдсан ачаа барааг нь нэг бүрчлэн буулгаад дотор нь байгаа зүйлсийг шалгаж үзэхэд гол хэсгээс ногоон өнгийн шуудайнд скочирдож хийсэн 1 ширхэг цаасан хайрцагнаас 50 блок Эссэ Лайтс нэртэй /Esse Ligth/ нэртэй янжуур тамхи илэрсэн... гэжээ. /хх-ийн 28-29 тал/

Гэрч Б.Нандинсорын мэдүүлэг /хх-ийн 32 тал/

2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: “Эссэ Лайтс /Esse Ligth/ нэрийн янжуур тамхи нь химийн шинжилгээгээр янжуур тамхи. Техникийн ерөнхий нөхцлийн шаардлага MNS-5024:2013 стандартын шаардлагыг хангаж байгаа хэдий ч хаяг шошгонд тавигдах шаардлагыг хангахгүй байна. Хуурамч бүтээгдэхүүн гэж үзэж байна.”  зэрэг болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч С.Санчир, Т.Наранхүү нарыг бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох 50 блок буюу 500 хайрцаг Эссэ Лайтс /Esse Ligth/ нэртэй янжуур тамхийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг  үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол” бүлэглэн гүйцэтгэх гэмт хэрэг гэж заасан ба шүүгдэгч нар нь нэг нэгнээ танихгүй, хоорондоо харилцаж байгаагүй зэргээс дүгнэхэд шүүгдэгч нарыг санаатай нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан ба шүүгдэгч Т.Наранхүү нь БНХАУлсын иргэнтэй чатаар харилцаж “Эссэ Лайтс /Esse Ligth/ нэрийн янжуур тамхийг худалдан авсан нь тогтоогдсон боловч уг тамхиа Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх талаар хэн нэгэнтэй ярилцаж тохиролцоогүй, өөрийн тамхийг хилээр орж ирснийг мэдээгүй, шүүгдэгч С.Санчирыг танихгүй, харилцаж байгаагүй, энэ гэмт хэргийг үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад улсын яллагч ямар нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Наранхүүг Монгол Улсын хилээр хязгаарласан бараа хууль бусаар   нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн  гэж  яллаж байгаа нь ойлгомжгүй  бөгөөд  хэргийн  бодит байдалтай тохирохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Т.Наранхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Наранхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч С.Санчир нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон бараа болох 50 блок буюу 500 хайрцаг Эссэ Лайтс /Esse Ligth/ нэртэй янжуур тамхийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.Гомбо, Б.Төмөрбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч С.Санчирыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Санчирыг Улсын  хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Санчир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч С.Санчир, Т.Наранхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 46 блок буюу  460 хайрцаг Эссэ лайт нэртэй янжуур нь хаяг шошгонд тавигдах шаардлагыг хангаагүй, хуурамч бүтээгдэхүүн гэж үзэж байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул устгахаар тогтов.

2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 25-66 ХЭА  улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлд хамаарахгүй байх тул уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, эзэмшигч Б.Нандинсорд буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Дуулингууд овогт Төмөрбаатарын Наранхүүд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 

2. Т.Наранхүү нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Халх овогт Сүхбаатарын Санчирыг хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С. Санчирыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч С.Санчирт оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 46 блок буюу  460 хайрцаг Эссэ лайт /Esse Ligth/ нэртэй янжуур тамхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 25-66 ХЭА улсын дугаартай 31512 маркийн суудлын авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,  эзэмшигч Б.Нандинсорд буцаан олгосугай.

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч С.Санчир, Т.Наранхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Наранхүүд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Санчирт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ