Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2015/00407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 135/2015/0337/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******, Өөрийн байранд оршин байх *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******од оршин байх регистрийн дугаартай “ констракшн” ХХК  /захирал Цагаанборжигон овгийн Оросоогийн бат,*******-д холбогдох 

“38,181,758 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дархан-Уул аймгийн *******, хариуцагч “констракшн” ХХК-ийн захирал Цагаанборжигон овгийн Оросоогийн бат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “ констракшн” ХХК нь улсын бүртгэлийн 1901030331008 татвар төлөгчийн дугаар авч тоот регистрийн дугаартайгаар 2003 онд барилгын материал, техник, сантехник, халаалт, ус түгээх төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.
Тус компанид 2014 оны 5 дугаар сард хяналт шалгалтаар орж акт тогтоосон. Мөн 2013 оны тайлангаар ногдуулсан өрийг барагдуулаагүй. Үүнээс одоо болтол төлөөгүй НӨАТ-ын өр болох 29,777,382 төгрөг, тайлангаар ногдуулсан урьд оны өр 4,645,223 төгрөг нийт НӨАТ-ын өр 34,422,605 төгрөг, хүү торгуулийн өр 3,067,070 төгрөг, ААНОАТ-ын урьд оны өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын урьд орны өр 597,700 төгрөг тус тус байна. 
“констракшн”-ийн захирал Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гомдлыг маргаан таслах зөвлөл хэлэлцээд акт нь хуулийн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. бат нь маргаан таслах зөвлөлийн хуралд оролцоогүй юм. Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй юм. Иймд улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

“констракшн” ХХК-ийн 2009-2013 оны баримтуудад хяналт шалгалт хийсэн. Үүнээс 2011 онд 1,636,636 төгрөг, 2012 онд 296,410,185 төгрөгийг борлуулалтын орлогод тооцоогүй байсан. Нийт 297,773,820 төгрөгийг НӨАТ-ын орлогод тооцоогүй зөрчил гарсан. Энэ нь татварын албанаас олгогдсон НӨАТ-ын дугаар бүхий баримтыг “Донж хацу” ХХК-д бичиж өгснөөр нотлогддог. Хяналт шалгалтын явцад бат “би “Донж хацу” ХХК-ийн нягтлан бодогчоор татварын тайлангаа гаргуулсан. Тэр хүн залилангаар манай баримтыг ашигласан байна” гэж тайлбарладаг.
Татварын алба “констракшн” ХХК-ийн өмнөөс “Донж Хацу” ХХК-иас мөнгө нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй ба татварын албанаас НӨАТ-тай холбоотой үүрэг, хариуцлагыг хүлээж авсан нэгдсэн дугаар бүхий баримтыг бусдад ашиглуулах боломж олгосон “констракшн” ХХК нь татварын үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
Иймд “38,181,758 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...  гэв

Хариуцагч “констракшн” ХХК-ийн захирал О.бат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 94,383 төгрөг, 2013 оны 597,700 төгрөг, 2013 оны тайлангаар ноогдуулсан 4,645,223 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин НӨАТ-аар оногдуулсан 29,777,382 төгрөг, хүү торгууль 3,067,070 төгрөгийг маргаантай байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би “Донж хацу” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэж байсан ба тус компани манай нэр дээр НӨАТ бичиж энэ өрийг үүсгэсэн. Манай компанид нягтлан бодогч байхгүй байсан учир “Донж Хацу” ХХК-ийн нягтлан бодогчийг тайлан гаргаад өг гэж гуйсан юм. “Донж Хацу” ХХК-ийн захирал баримт бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч зохицуулж өгнө гэж хэлж байсан боловч барилгын ажил эхлээгүй мөнгөгүй байна гэсэн. Иймд “Донж Хацу” ХХК-тай учраа олоод татварын мөнгийг өгөх арга хэмжээ авна ... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “констракшин” ХХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2014 оны 6-р сарын 25-ны өдрийн 190008737 тоот актаар ногдуулсан НӨАТ-ын өр 29,777,382 төгрөг, түүний хүү торгууль 3,067,070 төгрөг, 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 38,181,758 төгрөгийн татварын өр гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “констракшн”  ХХК-ийн захирал О.бат 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 5,337,306 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2014 оны 6-р сарын 25-ны өдрийн 190008737 тоот актаар ногдуулсан НӨАТ-ын өр 29,777,382 төгрөг, түүний хүү торгууль 3,067,070 төгрөгийг маргаантай байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй, ... “Донж Хацу” ХХК-тай учраа олоод татварын мөнгийг өгөх арга хэмжээ авна ... гэжээ.

2014 оны 6-р сарын 25-ны өдрийн 190008737 тоот актаар ногдуулсан НӨАТ-ын өр 29,777,382 төгрөг, түүний хүү торгууль 3,067,070 төгрөгийн өрийн тухайд “констракшин” ХХК 190008737 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг хэлэлцээд нөхөн татвар, хүү торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 “констракшн”  ХХК нь уг компаний нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “Донж хацу” ХХК ашигласнаас дээрх өр үүссэн, “Донж Хацу” ХХК-тай учраа олоод татварын мөнгийг өгөх арга хэмжээ авна гэж тайлбарласан боловч хариуцагч “констракшн”  ХХК нь маргаан таслах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолыг эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, дээд шатны маргаан таслах зөвлөл болон шүүхэд хандаагүй, энэ талаар баримт ирүүлээгүй байх тул уг актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.6-д ... “анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн зөвшөөрсөн, шалгаж хүлээж авсан ажилтан хариуцна” гэж заасан тул татварын албанаас олгогдсон үнэт цаас болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад ашиглуулсан, ашиглах боломж олгосон нь уг этгээдийг албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэв.

өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг нь хаах, хөрөнгийн лавлагаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээ авсан боловч “констракшн” ХХК дээрхи өрийг төлөөгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17-р зүйлд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулж, татварыг нь нөхөн төлүүлнэ” гэж заасан тул дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч “констракшн” ХХК нь 2014 оноос өмнө буюу 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 5,337,306 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй тул  5,337,306 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт зааснаар “констракшн” ХХК-иас 38,181,758 төгрөг гаргуулан т олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “констракшн” ХХК нь нийт 38,181,758 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны тайлангаар ногдуулсан өр 4,645,223 төгрөг, ААНОАТ-ын өрийн үлдэгдэл 94,383 төгрөг, ХХОАТ-ын өр 597,700 төгрөг нийт 5,337,306 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хариуцагч “констракшн” ХХК 5,337,306 төгрөгт холбогдох хэсэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас 348,858 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД