| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01625/И |
| Дугаар | 1586 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 1586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01625/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** байгууллагын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , А*** О***
Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Б*** М*** нарт холбогдох
Үндсэн зээл 4868625 төгрөг, хүү 2183245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453250 төгрөг, нотариатын зардал 14500 төгрөг нийт 7 519 620 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ-ын салбарын захирал С.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.О*** нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *** а тоот хаягт байрлах Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай байшин, Г*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай газрын хамт барьцаалан, сарын 3,9 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөгийн зээлийг, 24 сарын хугацаатай авсан.
Зээлдэгч зээл аваад эхний 1 сарын төлөлтөө хугацаандаа хийсэн ба түүнээс хойш бага багаар төлөлт хийж байгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй явсаар өнөөдрийн байдлаар 407 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч Д.О*** , хамтран зээлдэгч Б.М*** нартай олон удаа утсаар ярьж, гэрээр нь очиж уулзаж мэдэгдэл өгч байсан. Зээлдэгч Д.О*** тай утсаар ярихдаа ихэнхдээ утсаа авдаггүй бөгөөд заримдаа утсаа аваад ярихаараа машинаа зарсан байгаа, мөнгөө аваад танай зээлийг хийе, ирэх 7 хоногоос бага багаар хийгээд явъя гэсэн тайлбар өгдөг. Гэрээр нь очиж уулзахаар гэртээ ихэвчлэн байдаггүй бөгөөд хөдөө явсан байгаа гэдэг. Ийм шалтаг хэлэн зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Д.О*** , хамтран зээлдэгч Б.М*** нараас үндсэн зээл 4868625 төгрөг, хүү 2183245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 453250 төгрөг, нотариатын зардал 14500 төгрөг нийт 7 519 620 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015.07.06-ны өдөр *** ББСБ-аас 3,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5 сая төгрөгийг зээлсэн. Үүний барьцаанд хашаа байшингаа барьцаалсан. Тэгээд мөнгө төгрөг бүтэхгүй байсаар эргэн төлөлтөө хийж чадалгүй өдий хүрсэн тул зээлийн гэрээ дуусах хугацаанд бүрэн төлж дуусгана. Хүүг нь зогсоож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ нь хариуцагч Д.О*** , Б.М*** нарт холбогдуулан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7 519 620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.О*** нь зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулна гэжээ.
*** ББСБ тай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан хариуцагч Д.О*** , Б.М*** нар нь 5 000 000 төгрөгийг, сарын 3,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Д.О*** гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *** а тоот хаягт байрлах Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай байшин, Г*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай газрын хамт барьцаалан зээл авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкетууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. / хх-ийн 3-13/
Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсны улмаас нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байх тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.О*** , Б.М*** нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7 519 620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
*** ББСБ нь *** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Д.О*** гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *** а тоот хаягт байрлах Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай байшин, Г*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай газар зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Баталгаат Ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 3-13/
Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.М*** т нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар түүнийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ББСБ, хариуцагч Д.О*** , Б.М*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.О*** , Б.М*** нараас 7 519 620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *** а тоот хаягт байрлах Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай байшин, Г*** улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** гэрчилгээний дугаартай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135232 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 135232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА