Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                Прокурор Д.Ганцэцэг

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа

                                Шүүгдэгч Ц.А /цахим сүлжээгээр/

                                Нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдлоор Ц.Ад холбогдох эрүүгийн 2026002330016 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 80000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Түмэн овгийн Ц.А

 

Ц.А нь “Кiа Bоngo-3” маркын тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 07 дугаар сарын орчим иргэн Б.Б-н өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.   

Анхан шатны шүүх, шүүгдэгч Түмэн овогт Ц.А-г машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 120000 төгрөг төлсөн, хохирогч Б.Б нь хохиролд 1200 000 төгрөг авсан, 100 000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар 7 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 34-89 ӨВА улсын дугаартай “Кiа Воngо-3” маркын автомашины үнэ болох 7 000 000 төгрөгийг шүүгдэгч Ц.А-с гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1, 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Ц.А-г цагдан хорьсон талаар цагдан хорих шийдвэр гарснаас хойш 2 цагийн дотор түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах М.Дамбийнямд даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн материалд авагдсан гэрч Б.Очирбат, шүүгдэгч Ц.А нарын мэдүүлгээр хохирогч Б.Б-н 14-н тооны хонь Ц.А-гийн хонинд нийлж ирсэн гэдэг нь нотлогдож байхад хэргийн зүйлчлэлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчилж ял оногдуулсанд гомдолтой байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд эд хөрөнгө ба өмчлөх эрхийг хохирогчоос өөрт хэрхэн шилжүүлж авч байгаагаас хамаарч ялгагддаг. Мал хулгайлах гэмт хэргийн шинж нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх сэтгэхүйгээр үйлддэгдэг гэмт хэрэг. Мөн эд хөрөнгө ба өмчлөх эрхийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж бусдын эзэмшил орон байр, эзэмшил нутаг, эзэмшил бэлчээртээ сүргээрээ бэлчиж буй малаас аймшиггүйгээр очиж нууцаар авч байгаа үйлдэл юм. Энэ гэмт хэргийн бусдын эзэмшилд айхгүйгээр нэвтэрч байгаа шинж нь нийгмийн хор аюулыг ихэсгэдэг. Ц.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.А хохирогч Б.Б-н хоттой хониноос очиж 14-н хонь аваагүй, бэлчээрт байгаа хонин сүргээс нь 14-н хонийг тасдаж хөөж аваагүй. Хохирогч Б.Б-н эзэмшил нутагт халдаагүй, нэвтрээгүй. Харин Ц.А өөрийнх нь хонин сүрэгт нийлээд өөрийнх нь эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүрээд ирсэн хохирогч Б.Бын 14-н хонийг эзэмшилд нь ирсэн хойно завших сэдэл төрж завшсан байдаг. Иймд шүүх хэргийг буруу зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Аг гэмт хэрэг үйлдэхдээ “Кiа Воngо-3” маркын машиныг ашигласан гэж үзэж түүний үнэ болох 7000 000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Ц.А-гийн үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хохирогч Ц.Б-н 14-н хонь Ц.А-гийн хонинд 2-3 хоносон байдаг. Хулгайн гэмт хэрэг нь эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгсдөг тул гэмт хэрэг үйлдэгдээд аль хэдийн төгссөн байна. Заавал хоёр хонийг машинд ачихгүйгээр төхөөрч өөрсдөө хэрэглэх боломж ч бүрдсэн байсан. Иймд Ц.А-с 7000 000 төгрөг гаргуулах хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ оногдуулах эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ц.А нь “Кiа Вongo-З” маркын тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн Б.Б-н өмчлөлийн 14-н тооны хонь буюу бусдын олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1 300 000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-д оногдуулсан ял шийтгэл нь тохирсон бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Иймд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 2021/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гомдолд хариу тайлбар болгож гаргаж өгсөн тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжихгүй байна. Мал хулгайлах гэмт хэрэг хэлбэрийн шинжтэй байдаг. Бусдын малыг хулгайлаад захиран зарцуулахыг хэлдэг. Алдуул мал завших гэмт хэргээс ялгаатай. Шүүгдэгч А нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн. Хохирогч болон шүүгдэгч А нарын малын бэлчээр нэг газар байдаг. Айл саахалт нэг нутгийн хүмүүс. А нь тухайн хонийг Б-н хонь гэдгийг мэдэж байсан. Мэдсээр байж шунахайн сэдлээр авч байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Мөн хоёр хонийг ажлын хөлс болгож Болоож гэх хүнд өгсөн байдаг ба Сэмжаантамжидын эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачиж хүргэж өгсөн байдаг. Хулгайн эд зүйлсээ зөөж тээвэрлэхдээ уг тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч С.Б, Д.Н, шүүгдэгч А нарын мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Kia Bongo-3 маркын тээврийн хэрэгсэл нь С-н эзэмшлийнх болох нь мөн тогтоогдсон. Шүүгдэгч Ц.А-г хохирогч Б-н алдуул малыг завшсан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин 14-н тооны хонийг хулгайлсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр 14-н тооны хонь нь ямар нэгэн байдлаар алдуул малын тоонд бүртгэгдээгүй байгаа. Тухайн үед байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж ижил сүргээсээ тасарч айлын малд очиж нийлээд завших хэлбэрт орсон байж болох баримт ч тогтоогдоогүй. Мэдсээр байж айл саахалтынхаа хонийг авч байгаа нь хулгайн гэмт хэрэг юм. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч Б-н малыг маллаж байсан малчин гэрч Б.О-н ...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Агийн хоньтой манай хонь нийлсэн ба түүнээс хойш 1-2 удаа нийлсэн гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт шүүгдэгч А-г хохирогчийн малыг хулгайлж тээвэрлэн авч явсан гэх нотлох баримт байхгүй. Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглан олон тооны мал хулгайлсан гэсэн зүйл ангиар зүйлчилснийг анхан шатны шүүхээс зөв байна гэж үзэн шүүгдэгч Ц.А-г уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай тогтоолд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт тээврийн хэрэгсэл ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж үзэхгүй гэж тайлбарласан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ямар ч үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн. Хохирогчийн хонь шүүгдэгч Агийн хоньтой удаа дараа нийлсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Шүүгдэгч А нь хохирогчийн 14-н тооны хонийг санаатайгаар өөрийн эзэмшилдээ аваагүй. Арван дөрвөн тооны хонь нь шүүгдэгч Агийн хонинд нийлж ирээд 2-3 хоносон боловч эзэн нь ирж авахгүй байсан учраас 12 тооны хонийг бэлчээр дээрээсээ мал авч байсан хүнд зарсан, 2 тооны хонийг нь ажлын хөлсөнд хүнд өгсөн гэж тус тус мэдүүлдэг. Ажлын хөлсөнд өгсөн хоёр тооны хонийг Kia Bongo-3 маркын тээврийн хэрэгслээр ачиж айлд хүргэж өгсөн байдаг. Хулгайлах гэмт хэрэг нь өөрийнхөө өмч мэт захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгсдөг. Хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн ч үйлдэл аль хэдийн төгссөн байсан. Энэ нөхцөлд тухайн 2 хонийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэгт ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учраас мал хулгайлах гэмт хэрэг гэж зүйчлэхгүй. Харин хоёр айлын хонь нийлж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийн өмч нь гэм буруутай этгээдийн эзэмшилд ирсний дараа завших сэдэл төрж завшсан байгаа учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлүүлэх саналтай байна. Шүүгдэгч өөрөө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж прокурор тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн гэм бурууг тогтоох хэлэлцүүлэгт шүүгч, прокурор нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үү гэж хөтлөх маягаар асуусан асуултад шүүгдэгч тийм гэж хариулсан. Шүүгдэгч А нь хөдөөний малчин хүн учраас сандраад асуусан бүх асуултад тийм гэж хариулсан. Өөрөө хулгайлах гэмт хэрэг хийсэн гэдгээ мэдэхгүй, алдуул мал завшсан гэдгээ ч мөн адил мэдэхгүй шүүхийг тогтоож өгнө гээд л хүлээж байсан. Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй гэсэн хуулийн заалт байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйчилж мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан байна.

 

Харин Прокуророос 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Ц.А-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан атлаа тээврийн хэрэгсэл ашиглан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь яллагдагчийн эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг анхаарч үзэлгүй шүүгдэгч Ц.Аг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.А-д холбогдох эрүүгийн 2026002330016 тоот хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Ц.А-д холбогдох эрүүгийн 2026002330016 тоот хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан цагдан хорих аслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.