| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/00615/И |
| Дугаар | 181/ШШ2016/00577 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2016/00577
| 2016 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2016/00577 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, . хороо, С гудамж тоот хаягт оршин суух, Х овогт Д.Ц /рд:......../-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, . хороо, . байр, . тоот хаягт оршин суух, Х овогт Б.Г /рд:...../-д холбогдох,
Орон сууцнаас Б.Г албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г , түүний өмгөөлөгч С.О , хариуцагч Б.Г , гэрч Х.Б , Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Б.Г ын төрсөн ах Б.Г аас С дүүрэг, . хороо, . байр, . тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2003 онд хадам ах Б.Г аас 10,000 ам.доллараар худалдан авсан юм. Улмаар уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Б.Г , охин Ц.Э , Ц.Х нарын хамт Улсын бүртгэлийн газарт 2016 оны 7 сарын 28-ны өдөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан. Гэтэл Б.Г нь тус орон сууцанд өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар оршин сууж, өмчлөгч бидний эрхийг зөрчиж байгаа тул уг орон сууцнаас түүнийг албадан гаргаж, бидний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож өгнө үү. Мөн миний бие Б.Г эд 2002 онд 3,600 ам.доллар, 7,000 ам.доллар, 2012 онд 6,000 ам.доллар, 2015 онд 1,000,000 төгрөгийг тус тус зээлсэн боловч эргүүлж өгөхгүй, чих огтлоод ав гэх мэтээр доог тохуу хийхээр барахгүй орон байрнаас минь хөөж өмчлөгч миний эрхийг алдагдуулж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Ц нэхэмжилж байгаа С дүүрэг, . хороо, . байр, . тоот байранд миний эцэг Л.Базар нь 1985 онд өөрийн гэр бүл болох эхнэр Х.Б , хүүхдүүд Б.Г , Б.Г , Б.Г нарын хамт орсон болно. Миний бие Л.Б том хүү бөгөөд тус байранд 1985 оноос одоог хүртэл 31 жил амьдарч байна. Тус байр нь Төмөр замын харьяа байр байсан бөгөөд миний бие төмөр замд ажилладаггүй учир тухайн үеийн шаардлагаар Төмөр замд ажилладаг төрсөн дүү Б.Г ын нэр дээр байрны бичиг баримтыг шилжүүлсэн. Түүнээс хойш дүү Б.Г ын нэр дээр байсаар ирснийг одоо хүргэн Д.Ц нэр дээр яаж шилжсэн нь ойлгомжгүй байна. Миний эцэг Л.Базар 1992 онд өвчний улмаас нас барж, 1993 оноос миний бие ээж Х.Б , дүү Б.Г , Б.Г нарын хамт уг байранд амьдрах болсон. Нэхэмжлэгч Д.Ц нь миний дүү Б.Г ын нөхөр юм. Д.Ц нь энэ байртай ямар ч холбоогүй хүн бөгөөд миний дүүтэй танилцаж гэр бүл болсноос хойш 20 гаруй жилийн хугацаанд 18 жилийг нь Солонгос улсад ажиллаж амьдарсан болно. 2016 онд Солонгос улсаас ирж энэ байрны талаар асуудал үүсгэн энэ байрыг өөрийн болгох сувдаг санаа агуулж маргаан үүсгэж байна. Энэ байр нь эцэг Л.Б үлдээсэн өв учир төрсөн үр хүүхдүүд болох бидний дундын өмч гэж ойлгож байна. Одоогоор энэ байранд миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамтаар амьдарч байна. Нэхэмжлэгч Д.Ц нь уг байрыг дүү Б.Г аас худалдаж авсан гэх бөгөөд энэ үйлдэл нь луйврын шинжтэй байна. Б.Г , Д.Ц нар хоорондоо ямар тохироо хийснийг би мэдэхгүй. Б.Г нь уг байрыг дангаараа дур мэдэн хэн нэгэнд худалдах ёсгүй болон эрхгүй. Энэхүү маргаанаас болж төрсөн ах дүүс тангараг тасрах, бие биенээ үзэн ядах зэрэг зохисгүй явдал бий болоход хүрээд байна. Миний бие Д.Ц аас мөнгө зээлж авч байсан нь үнэн боловч энэ бол тусдаа асуудал. Орон байртай холбоогүй, ах дүү нарын хооронд өгсөн авсан зээл гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь С дүүрэг, . хороо, . байр, . тоот хаягт байршилтай орон сууцнаас Б.Г албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Г эс зөвшөөрч маргажээ.
Орон сууцыг 2003 онд БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа өмчлөгч Б.Г аас 10,000 ам.доллараар худалдан авсан, БНСУ-аас ирээд 2016 оны 7 сарын 28-ны өдөр орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан, Б.Г нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй уг орон сууцанд амьдарч байгаа гэж нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлийг, эцэг Л.Б үлдээсэн өв болох тус орон сууцанд 1985 оноос хойш амьдарч байгаа, хэрхэн Д.Ц нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсныг мэдэхгүй гэж хариуцагч өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тус тус тайлбарлан маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос 2004 оны 5 сарын 10-ны өдөр олгогдсон ...... тоот гэрчилгээнээс үзэхэд С дүүрэг, . хороо, . хороолол, байр хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Базарын Гантас, хамтран өмчлөгчөөр Б Г Ц Х нарыг бүртгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээр дурдсан орон сууцны ордер, гэрч Х.Б , Б.Г нарын мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд хадам ах Б.Г аас орон сууцыг 2003 онд 10,000 ам.доллараар худалдан авсан, 2004 онд эхнэр Б.Г , охин Ц.Х нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, улмаар 2016 онд БНСУ-аас ирсний дараа Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 7 сарын 28-ны өдөр авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үнэн зөв байна гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох талаар хуульчилжээ.
С дүүрэг, . хороо, . байр, . тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Д.Ц , Б.Г , Ц.Х , Ц.Э нар болох нь ........ дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ц нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны дагуу, өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй юм.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар баталгааждаг ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг зохицуулалт нь нэхэмжлэгч Д.Ц нь улсын бүртгэлийн үнэн зөвийн талаар маргаагүй л бол гуравдагч этгээдийн хувьд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ.
Хариуцагч Б.Г нь орон сууцыг эцэг Л.Б үлдээсэн өв, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул өөрөөс нь зөвшөөрөл авах ёстой байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Х овогт Д.Ц /рд:......../-ы өмчлөлийн С дүүрэг, . хороо, . байр, . тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Х овогт Б.Г /рд:...../-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР