| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | - |
| Дугаар | 2025/ШЦТ/2547 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2547
2025 11 11 2025/ШЦТ/2547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт С.Ц-д холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ц нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Урьдчилсан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17/, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 19/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1636 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24/, яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-ийн 25/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 61/, гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-73/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад Б.Гантулгын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ***********дугаартай дүгнэлт /хх-ийн 78-80/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Алтан-Одын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1119 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-91/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 51/,
Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хх-ийн 52-54/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58-59/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. 81,134 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна. Хохирогч нь баримтаар бусдад төлөх төлбөргүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Ц “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ******* *-* тоотод хохирогч Б.Т-н зүүн гар хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь зүүн шуунд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Урьдчилсан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/,
Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2025 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 03 цагт босоод нар харах гээд явсан. Тэгээд 12 цагийн үед гэртээ ирэхэд ээжийн хамтран амьдрагч Ц согтуу гэрт байсан, тэгээд ээжтэй хамт ороод унтсан. 16 цагийн үед сэрэхэд ээжийн хамтран амьдрагч нь юм дуугаргаад байсан, тэгээд хөргөгчөөс хиам талх гаргаад зүсэж идэж байгаа харагдсан. Тэгээд би нойл руу утсаа бариад ороход араас миний зүүн гар хэсэгт хутгаар дүрсэн, тэгээд би цус гоожихоор нь цагдаа эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 3 цагт ээж Б-г нар харуулахаар вагоноор явсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагт ээж бид нар харчхаад гэртээ ирсэн. Тэгсэн чинь Ц гэртээ нэлээн согтуу байсан. Тэгээд ээж бид хоёр Ц-г тоохгүй унтаад өгсөн. Тэгээд өдөр 16 цагт би сэрээд 00 орох гээд сэртэл Ц архи нь гараагүй шал согтуу байсан. Тэгээд С.Ц хиам талх зүсээд зогсож байсан. Тэгээд би 00 орох гээд гарахдаа зүүн гараараа гэрийн хаалгаа татаад хаах гэтэл зүүн гаран дээр шууд хиам талх зүсэж байсан хутгаа зоогоод авсан. Тэгээд би утсаа аваад эмнэлгийн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Э-н 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Б.Т-н биед зүүн шуунд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,
Яаралтай түргэн тусламжийн “зүүн гарын шуу хэсэгт хутгалагдсан шархаар өвдөнө, цус гарна, янгинана” гэх хуудас /хх-ийн 25/,
Гэрч Ц.-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний үүрийн 04 цагийн үед хүү болох Т-н хамт нар үзэхээр Багануур яваад нар үзээд тухайн өдрийн 12 цагийн үед гэртээ ирээд хүү бид унтаж байтал манай хамтран амьдрагч болох Ц нь “писдануудаа ална шүү” гээд гэнэт уурлаад босоод ирсэн. Тэгэхээр нь би хүүдээ хандаад ээжийнх нь толгой өвдөөд амарч чадахгүй байна цагдаа дуудчих гээд хэлсэн. Тэгээд манай хүү орон дээрээсээ босоод цагдаа руу залгах гээд үүд рүү очоод хаалганы түгжээг тайлаад гарах гэж байтал та нар цагдаа дууддаг хэн бэ, ална шүү гээд хутга аваад дайрсан манай хүү ёооё гээд орилохоор нь юу болов гэтэл миний гар луу хутгалчихлаа гээд хэлсэн. Тэгээд манай хүү цагдаа дуудсан. Цагдаа ирээд Ц-г аваад манай хүүг 103 ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч С.Ц-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.Т-н эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч С.Ц нь хохирогч Б.Т-н зүүн гар хэсэгт нь хутгалсан үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн шуунд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохиржээ.
Иймд шүүгдэгч С.Ц-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд 81,134 төгрөгийн хохирол тус тус учиржээ.
Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч С.Ц-г хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч С.Ц-с 81,134 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, харин хохирогч Б.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Ц-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч С.Ц-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах нөхцөлөөр эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Ц “Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч С.Ц-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ц нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдол саналгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ц-д мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ц-д мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-с 81,134 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
хохирогч Б.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Ц-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО