2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2546

 

 

 

 

 

 

 

   2025       11          11                                      2025/ШЦТ/2546

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч О.Анужин /томилолтоор/,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт Б.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******************дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би ээждээ хүүхдийн мөнгө авч өгч байгаагүй. Намайг хурим найраа хийсэнгүй гээд над руу дайраад байдаг. Тэгээд би манай ээж, аавтай тэмцэх юмаа чи арай хэтэрч байна гэж хэлээд ийм асуудалд холбогдсон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 23/, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 20-21/, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулсан тогтоол /хх-ийн 22/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 31-33/, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 34-37/, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/602 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 38-40/, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 42/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 46-48/, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-95/, хохирогч А.С-н өргөдөл /хх-ийн 97/, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ********** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-112/, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *********** дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 113-114/, Б.Т-ны ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 119/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 76/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 81/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 86/,

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Т-н үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэх шинжийг хангасан. Тооны давтамжаас хууль зүйн шинж рүү шилжихдээ 3 ба түүнээс дээш удаа уг гэмт хэргийг үйлдсэн байхыг шаарддаг. Хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийг уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон эмнэлэгт үзүүлж байсан нөхцөл байдлуудыг тодруулахаар хэрэгт хавсаргасан байгаа тул гаргуулах шаардлагагүй.” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Т нь С дүүргийн ** дугаар хороо ****** **-* задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч А.С-г байнга буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед Ч дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод толгой, нуруу, цээж хэсэгт нь гараараа цохисон, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** тоотод гэртээ гар, хэвлийн тус газарт нь гараараа цохисон, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ***тоотод гэртээ зүүн гарыг мушгих, 2 гараас нь чирч түлхэх зэргээр зодсон, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******** тоотод гэртээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар А.С-н толгой, гар, нуруун тус газарт нь гараараа цохих, гуян тус газарт нь өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Т 2018 оны 07 дугаар сард намайг ******** тоотод ээж О-той ярьлаа гэх шалтгаан намайг зодож гэмтэл учруулсан тухайн үед цагдаад өгөөд 10 орчим хоног баривчлагдаж байсан. Үүний дараа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *** дүүрэг архи уусан үед цалингийн маргаанаас болж зодож гэмтэл учруулж дахин баривчлагдаж байсан. 2024 оны 03 дугаар сар, 5 дугаар сар, 11 дүгээр сард архи уусан үедээ зодож баривчилгаанд явж байсан. Намайг зодож бүртээ гараараа цохиж, боож, дэвсэж зоддог дандаа маргаан Т-ын ээжээс болж ээжийгээ өмөөрөөд намайг зоддог. Ээж нь Т-д архины мөнгө байнга өгөөд архи уулгаад байхаар нь би “ээж чинь архины өглөө” гэхээр уурлаад намайг зоддог. Би jargal jargal гэдэг өөрийн фэйсбүүктээ монетон эдлэл, хүнс гэх мэт зүйл сугалуулж лайв хийж үр хүүхдэдээ хоол, хүнс, түлээ түлш авдаг учир нь би олон хүүхэдтэй өөр хийчих ажил надад байдаггүй. Нөхөр надад ямар ч мөнгө өгдөггүй харин ч миний олсон орлогоос хулгайлна, азтан болсон хүмүүсийн бэлгүүдийг авч яваад зарчихдаг. Тэгээд л би өрөнд ордог. Хүүхдийн мөнгийг нөхөр, ээжийн хамт авчихдаг. Хамгийн сүүлд нөхөр намайг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтуу ирээд 3 цагийн турш тамлаж, гаргахгүй зодсон би сүүлдээ “битгий алаач би хүүхдүүддээ хэрэгтэй гэж гуйсан ч намайг тавихгүй байсан” гэтэл гэрийн хажуугаар хүмүүс дугараад явахаар нь би амь авраач гэж гуйж байж тэдгээр хүмүүс орж ирээд цагдаа дуудаж өгсөн. Намайг зодохдоо гараараа нүүр, хэвлий хэсэг рүү олон цохиж дэвссэн. Би зодох бүрт нь шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй би олон нялх хүүхэдтэй, жирэмсэн байхдаа зодуулдаг байсан хүүхдүүд ээ ганц цаг хаяж боломж байдаггүй. Би хүүхдүүдийнхээ мөнгийг өөрөө авдаг болмоор байна, бид нарыг тайван амьдруулахыг хүсэж байна...”

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогчийн дахин өгсөн “2024 оны 11 дүгээр сарын 11-ний оройноос л манай нөхөр гэртээ архи уугаад агсам тавиад намайг зодож, үг хэл амаар доромжилсон. Миний гар, хөл рүү гараараа олон удаа цохьсон, одоо миний гар хөхрөөд улайсан байгаа. Бас хүүхдээ айлгаад, ална чамайг гээд сүрдүүлээд, түлхээд загнаад байсан. Тэгээд би сая л боломж гараад цагдаад дуудлага өгсөн... манай нөхөр байнга л архи уугаад агсам тавьж, танхайрч намайг зоддог... хааяа хүүхдүүдээ зодох гээд айлгаад байдаг, хааяа бага хүүхдээ ална гээд дайраад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 23/,

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээж авсан тухай “*********тоот, нөхөр согтуу агсам тавиад байна” гэх  тэмдэглэл /хх-ийн 20-21/,

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулсан “...очиж шалгахад Б.Т нь гэртээ агсам согтуу тавьж, эхнэрээ толгой руу цохиж, хэл үгээр доромжилсон гэв. Эхнэрийн гар, бугуйгаар хөхөрч улайсан...” гэх тогтоол /хх-ийн 22/,

2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/28 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 31-33/,

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/981 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 34-37/,

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/602 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 38-40/,

Хохирогч А.С гараар бичсэн “2025 оны 03 дугаар сарын 06-нд Александар овогтой С миний бие хэргийн материалтай танилцах боломжгүй. Б.Таас сэтгэл санааны хохирол нэхэхгүй. Б.Т нь архи уусан үедээ намайг зоддог, хүүхдүүдээ зоддоггүй” гэх өргөдөл /хх-ийн 97/,

2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/690 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-112/,

2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ХМШЗ/443 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 113-114/,

Б.Т ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 119/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж  тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн диспозицод “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон;” гэж хуульчилжээ.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Т, хохирогч А.С нар нь 2014 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа, дундаасаа 5 хүүхэдтэй гэр бүлийн харилцаатай хүмүүс байх тул тэдгээрийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлээр илрэх ба хууль зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гурав ба түүнээс дээш удаа хийгдсэн дээрх үйлдэл байна.

 

Шүүгдэгч Б.Т нь урьд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/28 дугаартай шийтгэвэр, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/981 дугаартай шийтгэвэр, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/602 дугаартай шийтгэврээр тус тус Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дугаар хэсэгт зааснаар шийтгүүлсэн талаарх баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.Сыг зодсон үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга” гэсэн шинжийг хангаж байх бөгөөд түүний үйлдлүүдийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 

Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ты үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч А.С нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх хүсэлт /хх-97/, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Т бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогч А.С нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Т-аас жич нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээв.

 

Яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Ө.Сын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан 1,400,682 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах талаар дурьдсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийг уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон эмнэлэгт үзүүлж байсан нөхцөл байдлуудыг тодруулах зорилгоор хэрэгт хавсаргасан байгаа тул гаргуулах шаардлагагүй.” гэх дүгнэлтийг гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Улсын яллагчийн саналаас бага ял шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон нийт 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг нь байнга зодсонгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Т эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хохирогч А.С нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Т-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО