Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                   Б.Алтансүх

Улсын яллагч                                 Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Э.Батбаяр, С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Даваажаргалын Анхбаяр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ундаагийн Бат-Оргил нарт холбогдох эрүүгийн 201701000097 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат, 1999 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Говьсүмбэр  аймгийн Баянтал сумын Лүнгийн 2-5 тоотод оршин суух, Харнууд овогт Даваажаргалын Анхбаяр /РД:ЗЖ99071210/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, аавын  хамт Говьсүмбэр аймгийн Ханангийн сумын 2-1 тоотод оршин суух,  Боржигон овогт Ундаагийн Бат-Оргил /РД:ЕВ97010813/

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Анхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим У.Бат-Оргилтой бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг  133  дугаар байрны орцонд хохирогч Ж.Чулуунцэцэгийн гар цүнхийг дээрэмдэж 732.600 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан, мөн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч У.Бат-Оргил нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Д.Анхбаяртай бүлэглэн Ж.Чулуунцэцэгийн гар цүнхийг дээрэмдэж 732.600 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Бат-Оргилтой уулзаад 5 давхарын байр руу явсан. Тэгээд 133 байрны тэнд очоод Бат-Оргилыг найздаа туслаач гэж хэлсэн. Тэгээд орцонд байж байхад нэг эмэгтэй хүн орж ирэхээр нь цүнхийг нь булаагаад зугтсан. Энэ хэрэгтээ шалгуулж байхдаа урагшаа гарч ажил хийе гэж бодоод хилээр гарч байгаад баригдсан.Паспорт авч явдаг гэдгийг мэдээгүй..гэв.

Шүүгдэгч У.Бат-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Анхбаяр манай ажил дээр ирээд 5 давхар хамт яваад өгөөч найзтайгаа уулзах гэсэн юм гэхээр нь хамт явсан.  Тэнд очоод Анхбаяр найздаа туслаач мөнгөний хэрэг байна гээд байхаар нь дараа нь иймээ тиймээ юм болохгүй биз гэсэн. Тэгээд орцонд байж байхад нэг эгч орж ирсэн ба Анхбаяр цүнхийг нь булаахад тавихгүй байхаар нь би хамт таталцаад цүнхийг нь аваад зугтаасан...гэв.

Хохирогч Ж.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орцны хаалга хаагдаад нэг давхарын шатны доороосоо 2 дахь шатан дээр гишгэхэд цүнх барьж явсан гаран дээр дарах шиг болохоор нь урдаас уруудаж явсан хүн унахадаа миний гаран дээр дарчихаж байгаа юм болов уу гэж бодоход хоёр хүүхэд орцноос гараад гүйж байсан. Тэгтэл тэр хоёр хүүхэд миний гаран дээр цуг дараад цүнхийг минь аваад зугтсан...” гэжээ. /хх-ийн 78-79 тал/

Гэрч Р.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 80 тал/

Насанд хүрээгүй сэжигтэн Д.Анхбаярын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 111 тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 139-141 тал/

Шүүгдэгч Д.Анхбаяр, У.Бат-Оргил нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 195-196 тал/

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 521  дугаартай тодорхойлолт/ хх-ийн 202 тал/

У.Бат-Оргилын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 203 тал/ зэрэг болно.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Анхбаярыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим  У.Бат-Оргилтой бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг  133  дугаар байрны орцонд хохирогч Ж.Чулуунцэцэгийн гар цүнхийг дээрэмдэж 732.600 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан, мөн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч У.Бат-Оргилыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Д.Анхбаяртай бүлэглэн Ж.Чулуунцэцэгийн гар цүнхийг дээрэмдэж 732.600 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг хохирогч Ж.Чулуунцэцэгийн гар цүнхийг булаасан үйлдэлд 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байгаа ба харин булаах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан булаах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэргээр хэргийг зүйлчилж ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч  Д.Анхбаяр, У.Бат-Оргил нарыг бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг  133  дугаар байрны орцонд хохирогч Ж.Чулуунцэцэгийн гар цүнхийг дээрэмдэж 732.600 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Анхбаяр, У.Бат-Оргил нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул шүүгдэгч нар  нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.

Шүүгдэгч Д.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч Ч.Энхмаа, С.Гэрэлтуяа, Л.Баянмонгол, Э.Номин нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Анхбаярыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Бат-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй ба шүүгдэгч Д.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс яллагдагчаар, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд цагдан хорих хугацааг тус тус сунгаж нийт 136 хоног цагдан хоригдсон байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй.

Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч Ж.Чулуунцэцэг нь хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Харнууд овогт Даваажаргалын Анхбаяр, Боржигон овогт Ундаагийн Бат-Оргил нарт  холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай. 

2. Шүүгдэгч нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Харнууд овогт Даваажаргалын Анхбаярыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Анхбаярыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс яллагдагчаар, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд цагдан хорих хугацааг тус тус сунгаж нийт 136 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялаас нь хасч тооцсугай.   

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч У.Бат-Оргил нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Хохирогч Ж.Чулуунцэцэг нь хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бат-Оргилд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ