Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1480

 

 

 

 

 

 

 

 

 

 “ААГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01191 дүгээр шийдвэртэй, 

 

            Нэхэмжлэгч: “ААГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШГГ холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.Г,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

 

Нэхэмжлэгч “ААГ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Октябрь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ААГ” ХХК нь “КБ” ХХК-аас зээл авсны үндсэн дээр 1 083 916 598 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжлээд хөрөнгийг үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэл гаргасан байгаа. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй. Мөн тухайн хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг 127 500 000 төгрөгөөр, газар болон байшинг 73 168 000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах байгууламжийг 513 600 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Фермийг 249 067 000 төгрөгөөр гэх мэтчилэн зах зээлийн ханшнаас хэт доогуур болон нэхэмжлэгч байгууллагын саналыг харгалзан үзэлгүйгээр үнэлсэн нь үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах арга хэмжээг аваагүй, хөрөнгө үнэлэхэд төлбөр төлөгч болон өмчлөгчийг байлцуулаагүйгээр үнэлсэн, нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж мөн шүүхийн журмаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн боловч нэхэмжлэгч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөхөөр үнэлгээ гараагүй. Мөн уг хоёр үнэлгээ нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлтэй. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот хариуцагч байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хөрөнгийн үнэлгээг мэдсэн байгаа. Ингэж мэдсэнээс 7 хоногийн дотор гомдол гаргасан байгаа. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Нийтийн жишиг үнийн байдлаар хөрөнгийг үнэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайн үнэлгээг бүхэлд нь үнэлэхэд шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрөөс дээгүүр гарна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч талаас хамгийн том хөрөнгөө худалдан борлуулаад өр төлбөрөө төлөх саналтай байгаа. Хоёр үнэлгээ нь нийт үнийн дүнгээр болон эд хөрөнгө бүрд хийгдсэн үнэлгээ нь зөрүүтэй байгаа. Шүүхэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 1 083 916 598 төгрөгийг гаргуулан “КБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Нэхэмжлэгч талд төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөр барагдуулаагүй. Ингээд нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн. Хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар хийлгэсэн. Шинжээчид эрх, үүрэг тайлбарлан өгч, ашиг сонирхлын зөрчилгүй болох талаар мэдэгдэл авсан. Шинжээч нь хуульд заасны дагуу хөрөнгийг үнэлсэн. Нэхэмжлэгч байгууллагад үнэлгээг мэдэгдсэн байдаг. Төлбөр төлөгч “ААГ” ХХК-ийн захирал Д.Алтангэрэл болон хамтран өмчлөгч Ц.Оюунтунгалаг, А.Буянтогтох, А.Болор нарт 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хуульд заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой байтал гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “КБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж үзэж байна. Шүүхийн журмаар болон шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг үнэлүүлж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэтэл энэ нь холбогдох хуулийг зөрчсөн гэж анх нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр энэ талаар маргаагүй гэж байна. Эдгээр хоёр дүгнэлт их зөрүү байхгүй. Мэдээж цаг хугацааны хувьд зөрүүтэй тул зах зээлийн үнэлгээ хэлбэлзэх боломжтой. Нэхэмжлэгч тал хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах бүрэн боломжтой. Гуравдагч этгээд талаас заавал барьцаа хөрөнгийг авах сонирхол байхгүй. “КБ” ХХК-ийн татан буулган эрх хүлээн авагч томилогдсон байгааг бүгд мэдэж байгаа. Хэрэг удаашрах нь банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг давхар хөндөгдөж байгаа. Хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон өгнө үү. Эд хөрөнгөө худалдан борлуулаад төлбөрөө барагдуулах ажиллагааг талуудтай хамтарч хийх бүрэн боломжтой гэжээ.

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан ШГГ холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай “ААГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж ААГ ХХК-д олгож, шүүхээс томилсон шинжээчийн зардал болох 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ААГ ХХК-аас гаргуулж Итгэлт эстимэйт ХХК /Капитрон банк дахь 3022005743 тоот дан/-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал аваагүй. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр дуудлага худалдаа явуулах үнийг тогтоохоос өмнө харилцан тохиролцож тогтоох боломжтой байсан. Мөн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 3/16064 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч болон хамтран өмчлөгч нарт мэдэгдээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “ААГ” ХХК нь хариуцагч ШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01065 дугаартай шүүхийн шийдвэрээр “ААГ” ХХК-иас 1 083 916 598 төгрөгийг “КБ” ХХК-д олгохоор, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 372 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 160 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаар бүхий 1152 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/ 336 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян Өндрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот хаягт байрлах 190 м.кв талбайтай ферм, 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий 22452 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндрийн ард байрлалтай 80 га талбайтай, үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн Ланд круйзер 200 маркийн автомашин, УБЗ 05-00 улсын дугаартай суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “ААГ” ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх шийдвэрийн дагуу гарсан №184/ГХ2017/0070 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №17270307 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх 38-42, 103-109/     

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/00365 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 0070 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 37, 43//

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч “ААГ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 372 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 160 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаар бүхий 1152 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/ 336 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян Өндрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот хаягт байрлах 190 м.кв талбайтай ферм, 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий 22452 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндрийн ард байрлалтай 80 га талбайтай, үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн Ланд круйзер 200 маркийн автомашин, УБЗ 05-00 улсын дугаартай суудлын автомашиныг нийт, 3 030 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал /3-хх 3/, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч А.Буянтогтох, А.Болор нар нь албадан дуудлага худалдаанд дуудах үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлт тус тус ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүйн /хх 72/ улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгүүдийг үнэлүүлжээ. /хх 74/

Шинжээч нь үнэлгээ хийхдээ олон улсын боон үндэсний стандарт, аргачлалын дагуу зах зээлийн хандлагын аргуудыг харьцуулан ашиглан “ААГ” ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 1 163 335 000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргажээ. /хх 75-86/ Хариуцагч тал шинжээчийн үнэлгээг барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч болох А.Буянтогтох, А.Болор, Ц.Оюунтунгалаг, Д.Алтангэрэл нарт хүргүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шуудангийн байгууллагын тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч “ААГ” ХХК нь эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/16064 дугаартай мэдэгдлийг надад болон хамтран өмчлөгч нарт мэдэгдээгүй гэжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан хариуцагч байгууллагын дээрх мэдэгдлийг Д.Алтангэрэлд танилцуулан гарын үсэг зуруулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн мэдэгдэл болон тэмдэглэл авагдсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл “хамтран өмчлөгч нар хамт амьдардаг. Би үнийн саналаа өгөх мэдэгдлийг өгөөд бид нар ярилцаад үнийн саналаа өгье” гэсэн байх тул хамтран өмчлөгч нарт мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Гуравдагч этгээдээс давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 184/ШЗ2019/07468 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн нь тогтоогдсон гэж дүгнэн, гомдол гаргах хугацааг сэргээсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж авагдсан байна. Иймээс гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтангэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.ЦОГТСАЙХАН