Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1592

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/01596/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, *** тоотод оршин суух, Б*** Э*** , /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** ХХК д холбогдох

2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлхи цалин / ***  ХХК-ий *******ийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс 77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг / 14 784 000 төгрөг гаргулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Э*** , хариуцагчийн төлөөлөгч Б.А*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх ухралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 04 дүгээр сард түүний хамаатан С*** танилцуулсанаар *******ийн хашаанд нь буусан. Эзэн нь Б*** байсан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон бөгөөд хавар нь нүүх гэтэл Б*** түүний эхнэр нар таныг гомдоохгүй ээ байж бай гэсэн үгэнд нь би итгэж хашаанд нь үлдэж, зунд нь 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл манайх одоо энэ барилгыг засаж , ажил явуулах гэж байгаа таньд бид нар үүд хэсэгт жижиг байшин барж өгнө гэхээр нь итгээд эд нар яасан буянтай хүмүүс вэ, байшин 15 000 000 төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс гээгүй. Гэтэл энэ намар нүү гээд хэлсэн ярьсан тохирооноос буцсан тул би ажлын хөлсөө тооцож гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан болно. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

*** ХХК бол гэр бүлийн бизнесийн компани би захирлаар ажилладаг. Сүүлийн жилээс *******ийн гээд байгаа обьектэд ажил үйлчилгээ явуулахаар болж засвар хийн нам даралтын зуух тавихаар болж Л.Э*** гуайг настай хүн ажиллуулж чадахгүй гээд та нүүгээрэй гэтэл унаагүй гэхээр нь би Портер олж нүүлгэж өгсөн. Тэр үед цалин хөлсний талаар яриагүй.

 

 

Анхнаасаа ер нь тус компани өөрийн ажилтнаар авч гэрээ байгуулан цалинжуулах талаар харилцан тохирсон зүйл байхгүй. Анх манай хамаатан С*** таксины үйлчилгээ эрхэлдэг байхдаа л настай хүн буух хашаагүй юм байна хашаандаа буулгачихья гэснээр л буулгасан. Энэ олон жилийн хугацаанд зам бусад зүйлдээ ойрхон хашаанд үнэ хөлсгүйгээр бууж, тэр байтугай хашааны банз энэ тэрийг түлж өвөлжсөн тул би харин буян болсон гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э*** ийн хариуцагч *** ХХК д холбогдогдуулан гаргасан 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлхи цалин / ***  ХХК-ий *******ийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс 77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр дүйцүүлэн / 14 784 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Э*** нь *** ХХК-ийн /талуудын нэрлэж буйгаар *******ийн хашаа/ обьектийг хамгаалж сахиулаар ажиллаж байсан тул ажлын хөлс гаргуулна, эзэн Б*** , түүний эхнэр таныг гомдоохгүй, жижиг байшин барьж өгнө гэсэн амлалтаас буцсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч *** ХХК-ийн захирал Б.А*** ... хамаатан С*** ийн гуйлтаар хашаандаа буулгасан. Компанийн худалдан авсан *******ийн гэх хашаа, обьектийг харж, хамгаалуулах зорилгоор буулгаагүй, энэ талаар харилцан тохиролцоогүй гэж маргаж байгаа болно.

Талуудын хооронд *** ХХК-ийн өмчлөлийн *******ийн хашаа буюу үл хөдлөх хөрөнгийг бусдын халдлагаас хамгаалах, бүрэн бүтэн байлгах зорилгоор манаач, сахиулын үүргийн талаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Э*** ийг маргааны зүйл болж байгаа *******ийн хашааг харж хамгаалах зорилгоор хашаандаа буулгаагүй бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч тухайн хашаанд гэрээ барин амьдарч байсан үйл явдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн  359.1-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч ажлын хөлсийг хэсэгчлэн тодорхой хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгч ямар ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй энэ талаархи нотлох баримтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байх тул хөлс шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Нэхэмжлэгч Л.Э*** ийн хариуцагч *** ХХК д холбогдох 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлхи цалин / ***  ХХК-ийн *******ийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс 77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр дүйцүүлэн /14 784 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч шүүгчийн 6488 тоот захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ