| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/2438/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2724 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2724
2025 12 01 2025/ШЦТ/2724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г.Т-д холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т нь мэдүүлэхдээ: “...Тухайн үед ахтайгаа хамт суугаад юм ууж байхад хажуунаас галзуу Ганаа гэх мэтээр том дугараад ирсэн. Мөн хохирогчийн ах нь ирээд гол руу жийж унагаагаад байсан юм. Тэгээд муудалцаж эхэлсэн ба хохирогч өөрөөсөө гадна 2-3 хүнтэй хамт ирсэн. Намайг гол руу түлхэж унагаагаад гаргаж ирээд чулуугаар цохиод байхаар нь тэсэж чадаагүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2025 оны 07 дугаар сарын 25-ны шөнийн 23 цаг 38 минутад *******... дугаараас “Манай аав, ээж бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Э-н 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ********** дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33/, Шүүгдэгч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/, ЭМЖЖ ХХК-ийн Чих, хамар, хоолойн эмнэлэгийн хамрын мэс заслын төлбөрийн жагсаалт /хх-ийн 40/, хохирогч Б.Н-н Хаан банкны дансны хуулга /хх-ийн 41/, Б.Н-н Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 57-58/, хохирогч Б.Н-н хүсэлт /хх-ийн 64/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 45/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/,
Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48/,
Эрүүл мэндийн даатгал төлөлтийн лавлагаа /хх-ийн 50-53/,
Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт /хх-ийн 54/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байдаг ба шүүгдэгчийн зүгээс 800,000 төгрөг төлж барагдуулсан байдаг. Тиймээс хохирогчийн цаашид гарах зардлыг нээлттэй үлдээж, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 49,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Г.Т нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд хохирогч Б.Н-тэй хэрүүл маргаан хийх явцдаа түүний нүүрэн тус газар нь модоор цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун талын хоншоорын хөндийн урд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дотор үзүүр, хамрын хянганаас баруун хацрын дотор хэсэг хүрсэн язарсан шарх, баруун нүдний дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дотор булан, доод уруулын дотор тал, хэлний үзүүрт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт *******... дугаараас “Манай аав, ээж бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...бусдад зодуулж гэмтсэн” тэмдэглэл /хх-ийн 2/,
Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би дүү Г болон гэр бүлийн хамт гол дээр нэг өдрийг өнгөрүүлэхээр очоод байж байгаад бид нарын гал дуусаад тамхи татах болоход гал хэрэгтэй болоод хамт явсан ажлын дүү Г хажууд байрлаж амарч байсан залуучуудаас гал асуухаар явсан. Тэгээд ирэхгүй болохоор араас очиход Г тэр залуучуудын голд сууж байсан. Би тэр залуучуудад хандаж хүнээ авъя гэсэн чинь тэр залуучуудын нэг нь босож ирээд миний хамар руу гараараа цохисон. Тэгсэн чинь миний хамраас цус гарсан, би хамраа дараад доошоо суусан чинь тэр залуучууд бөөндөө босож ирээд миний 4 мөчнөөс өргөөд гол руу намайг шидчихсэн. Голоос гараад эрэг дээр суугаад доошоо хараад цусаа тогтоож байтал гэнэт нэг залуу нь мод барьж ирээд миний хамар руу цохисон чинь тухайн үед цагдаа нар ирж таараад тэр залуучууд зугтаагаад явсан. Тэгээд цагдаа ирсэний дараа би хамраа харахад миний 2 хөмсөгний голоос доош баруун талын хацар хүртэл язарч зүсэгдсэн байсан. Миний хамар нүүр хэсэгт гэмтэл үүссэн. Тухайн үед эхлээд нэг залуу нь цохиход бол зүгээр л цус гарч байсан. Харин сүүлд тэр модоор цохиулсны дараа миний хамар битүү хавдаад хөмсөгний голоос баруун хацар хүртэл том зүсэгдсэн язарсан байдалтай болсон байсан. Би тэр сүүлд цохиулахдаа эдгээр гэмтлүүд үүссэн гэж бодож байна эхлээд цохиулахад бол зүгээр байсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй. Миний амьдралын хэв маяг өөрчлөгдөөгүй хэвийн байгаа. Би сэтгэцэд шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-12/,
Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Т хөдөө ажиллаж байгаад ирсэн.... бид нар замдаа дэлгүүрээс 2 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй 2 сав пиво, 0.75 литрийн Эдэн нэртэй 1 шил архи, ус ундаа аваад гол орцгоосон. Бид нар хоорондоо ярьж хөөрөөд дуулалдаад авсан юмаа ууж идээд сууж байтал 21 цаг өнгөрч байхад хажуу талд амарч байсан хүмүүсээс 1 ах ирээд гал байна уу гэхээр нь гал өгөөд явуулсан. Бид нар үргэлжлүүлээд сууж байтал нөгөө гал асуусан ах дахиж ирээд бид нарын дэргэд суугаад бид нар гал түлэх гэсэн юм модноосоо жаахан өгчих гээд хажууд суусан. Та нар хэдтэй юм гэхээр нь бид нар 19-20 настай гэсэн чинь бацаанууд юм байна гэсэн. Тухайн үед тэр ах нилээн согтуу байсан. Тэгээд надтай нөгөө ах манай найз маргалдаад заамдалцсан чинь Т заамдах гэж байхдаа эрүүг нь зөөлөн цохисон чинь өө яаж байнаа гээд Т-г алгадсан. Тэгэхэд Т мөн зөрүүлээд алгадсан ... нэг өндөр ах ирээд Т-г орилж ирээд гол руу өшиглөөд унагаад араас орж Т-тэй ноцолдоод байсан. Тэгээд голоос гараад хоорондоо маргалдаж байхад Т мод аваад хойшоогоо савахдаа нэг ахын нүүрийг оноод цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ********** дугаартай: “...Б.Н-н баруун талын хоншоорын хөндийн урд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дотор үзүүр, хамрын хянганаас баруун хацрын дотор хэсэг хүрсэн язарсан шарх, баруун нүдний дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дотор булан, доод уруулын дотор тал, хэлний үзүүрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгудаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-тзааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,
Шүүгдэгч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ер нь бол бүгд согтуу хоорондоо маргалдсан. Тухайн үед намайг гол руу өшиглөсөн ах над руу дайраад байхаар нь болиулах гээд газраас мод аваад савахад тэр ахын хамар хэсэгт цохигдсон. Яг хаана цохигдсоныг мэдээгүй. Дараа харахад нүүр хэсэгт зүсэгдсэн цус гарсан байсан.Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 24-28/,
ЭМЖЖ ХХК-ийн Чих, хамар, хоолойн эмнэлэгийн хамрын мэс заслын төлбөрийн жагсаалт /хх-ийн 40/, хохирогч Б.Н-н Хаан банкны дансны хуулга /хх-ийн 41/, Б.Н-н Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 57-58/,
Хохирогч Б.Н-н: “...Миний эмчилгээний зардал болох 1.000.000 орчим төгрөг Г.Т барагдуулж өгсөн. Хохиролгүй болсон. Цаашид хамрын хагалгаанд орно. 5.000.000 төгрөгийг Г.Т-с гаргуулж авах хүсэлтээ байна...” гэх хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг шууд зааж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Т нь хохирогч Б.Н-н нүүрэн тус газарт нь модоор цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун талын хоншоорын хөндийн урд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дотор үзүүр, хамрын хянганаас баруун хацрын дотор хэсэг хүрсэн язарсан шарх, баруун нүдний дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дотор булан, доод уруулын дотор тал, хэлний үзүүрт цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Г.Т-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.Н-н эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Г.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Т-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн уг гэмт хэргийн улмаас эмчилгээ, тусламж үйлчилгээ авсан 49.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Мөн шүүгдэгч Г.Т-н зүгээс хохирогчид хохирол төлбөр болох 800.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс 49.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хамрын хагалгаанд орох зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч үүнтэй холбоотой баримтаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй байх тул түүний гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.Н нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Т-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Г.Т-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Т-с 49.000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Хохирогч Б.Н нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Т-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО