Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 890

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01339/И

Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** хороолол*** байр *** тоотод оршин суух Г.Н--гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: **** аймаг *** сум *** баг ***тоот Г-Я ХХК,

Хамтран хариуцагч: Д аймгийн Х Б Х-т холбогдох

Төрийн албан хаагчийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 1000 айлын орон сууцны хөтөлбөрөөр Дархан сумын 15-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт баригдах орон сууцыг авахаар Г-Я ХХК-тай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээг цуцалж урьдчилгаа 10 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 10 хүрталхи алданги 2 230 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сары 16 хүртэлхи алданги 1 800 000 төгрөг, хугацаатай хадгаламж цуцласанаас орох байсан хүүд 2 197 617 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин- Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тухайн үед Д аймагт зохиогдож байсан орон сууцны талаархи үзэсгэлэнд оролцож Төрийн албан хаагчийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 1000 айлын орон сууцны хөтөлбөрөөр Дархан сумын 15-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт баригдах 225 айлын орон сууцнаас худалдан авахаар болсон. Энэ орон сууцыг төрийн албан хаагч нарт зориулж байгаа, мөн кв.м-ийн үнэ бага, Д аймгийн Засаг дарга С.Н, ЗДТГ-ын Х Б Х дарга С.Б нарын 2013 оны 02 дугаар сарын 15-нд Г-Я ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээтэй гэхээр нь Г-Я ХХК-тай Орон сууцны байшин захиалгаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Гэрээ байгуулахын өмнө танилцуулга, хаяг, харилцах утасны дугаарыг нь аваад гэртээ очиж бодоод оффист нь очиж уулзсан. Энэ үед менежэр гэх Тунгалаг та давхар, байршилаа тохироод захиалгаа өгөхгүй бол сонголтгүй болох нь захиалга дууслаа гэсэн. Тэгээд охинтойгоо зөвлөлдөөд А банканд байсан хугацаатай хадгаламжаа цуцлан 10 000 000 төгрөг аван, 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Энэ үедээ давхар, хаалганыхаа дугаарыг тохироод явсан. 

Орон нутгийн засаг захиргаатай хамтран байгуулсан гэрээнд нь итгэж худалдах, худалдан авах гэрээг хийж, урьдчилгаа төлбөр төлсөн. Г-Я ХХК нь бидэнтэй гэрээ хийснээс хойш барилгын үйл ажиллагааг хийгээгүй. Уг нь бол 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан байсан. Би их итгэж байсан. Гэтэл барилгын ажил эхлэхгүй байхаар нь оффис байсан газарт нь очиж шаардахад барилгын материал ирж байгаа, удахгүй ашиглалтад оруулна, хөрөнгө оруулагч ирсэн гэх мэтээр хэлж байсан боловч зоорийн давахар нь хагас дутуу баригдсаныг эс тооцвол барилга баригдаагүй. Энэ хооронд хүмүүс хэл ам хийж захиалганд өгсөн мөнгөө буцаагаад авчихсан юм билээ. Оффис байрлаж байсан байр, барилга дээгүүр нь оичход тэнд байсан хүмүүс энэ барилга ч баригдахгүй байгаа, хүмүүс мөнгөө нэхэж аваад зарим нь шүүхэд өгсөн байна лээ гэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөг, гэрээний 4.2-т заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 10 хүртэлхи алданги 2 230 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16 хүртэлхи алданги 1 800 000 төгрөг, хугацаатай хадгаламж цуцласанаас орох байсан хүүд 2 197 617 төгрөг тус тус гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Д аймгийн Засаг даргын Тамгын газрын Х Б х итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Дархан сумын иргэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Д аймгийн Засаг даргын тамгын газрын Х Б х итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Г-Я ХХК-иас 2012 оны 04-р сарын 09-ний өдрийн *** тоот албан бичгээр аймгийн Засаг даргад газар олгож өгөх тухай хүсэлт ирүүлсэний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 108 дугаар захирамжаар 2000 м2 газрыг 2 жилийн хугацаатайгаар олгосон. Газрыг олгохдоо Д аймгийн Засаг даргын Тамгын газрын Х Б х зүгээс Г-Я ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаарт Хамтран ажилах гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр 225 айлын орон сууцны барилгын ажлыг Г-Я ХХК-ийг өөрийн хөрөнгөөр хямд үнэтэй орон сууцыг батлагдсан зураг төсөв, стандарт, нормын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор гэрээг байгуулсан бөгөөд бид иргэдээс урьдчилсан төлбөр, захиалга авч барилга угсралтын ажлыг зохион байгуулах талаар гэрээнд тусгаагүй.

Мөн иргэдээс байрны захиалга авах, тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх, үүргийг манай байгуулага гэрээгээр хүлээгээгүй болно.

2.Тус компанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээ 2014 оны 02-р сарын 15-ны өдөр хугацаа нь дууссан бөгөөд компанийн зүгээс 2014 оны 05-р сарын 05-ны өдрийн *** тоот албан бичгээр гэрээ сунгуулах хүсэлт ирүүлсний дагуу 2014 оны 05-р сарын 06-наас 2015 оны 05-р сарын 06-ны өдрийг хүртэл гэрээг сунгасан. Тус хугацаанд Г-Я ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын Тамгын газрын Х Б х зүгээс 2015 оны 6-р сарын 16-ны өдрийн 5-1059 тоот албан бичгээр албан шаардлагыг хүргүүлсэн боловч тус шаардлагыг биелүүлээгүй өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

Иймд Аймгийн Засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтэс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч биш гэж үзэж байгаа тул буруутай этгээд болох Г-Я ХХК-иас хохирлыг гаргуулна уу гэжээ.

Хариуцагч Д аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2012.04.09-нд Говь Яшилт ХХК нь Д аймгийн Засаг даргад санал ирүүлсний дагуу Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Д аймгийн иргэдийг орон сууцанд хамруулах, зах зээлээс доогуур үнээр хангах зорилготой байсан. Говь Яшилт ХХК-д газар олгоод үнэ ханшны хязгаар тогтоож өгсөн. Гэрээгээр газрын зөвшөөрөл, техникийн нөхцлөөр хангах гэрээ байгуулсан. М2г нь 900 000 төгрөгөөр олгох нөхцөл тавьсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар ямар ч ашиг хонжоо хараагүй. Гэрээний хугацаа 1 жил байгуулсан бөгөөд цуцлах болоход дахин 1 жилээр сунгасан. Энэ хугацаанд ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй тул албан шаардлага хүргүүлсэн. Одоог хүртэл хариу өгөөгүй алга болсон. Гэрээнд иргэдээс ямар нэгэн урьдчилгаа төлбөр оруулах заалт оруулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-д заасан хариуцагч биш тул хохиролыг Г-Я ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч нь А банканд хугацаатай хадгаламжтай байсан бөгөөд хэрэв 10,000,000 төгрөгийг банкиндаа хадгалж байсан бол 2,197,617 төгрөгийн хүү тооцогдож, олох байсан орлого юм. Энэ хүүг Абанкнаас бодуулж тамга даруулж авсан байгаа. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үүрэг гүйцэтгэгч байгууллага нь худалдан авагчид байр хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан боловч, хугацаагаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл байраа өгөөгүй, төлбөрийг нь ч төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад гэрээнээсээ татгалзаж шүүхэд хандсан байгаа, алдангийг гэрээний 4.2-д заасны дагуу тооцсон байгаа. Учирсан хохирол нь тус гэрээний 4.4-т гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүрэгтэй. Гэрээний 4.6-д гэрээг зөрчсөн тал хохирлыг барагдуулна гэж заасан байгаа. Хамтран хариуцагчаар Хөгжлийн бодлогын хэлтсийг татсан байгаа, 2015 оны 02 дугаар сарын 01 дугаартай хамтран ажиллах гэрээг Насанбат дарга батлаад, Хөгжлийн хэлтсийн дарга Баясгалан, Г-Я ХХК-ийн захирал А нар хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа тул АЗДТГ гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх ёстой гэж заасан байсан тул хариуцагчаар татсан. Энэ төлбөрийг Г-Я ХХК-ийн захирал Аоос нэхэмжилж байгаа. Хөгжлийн бодлогын хэлтсээс мөнгө нэхэмжлээгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд Төрийн албан хаагчийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 1000 айлын орон сууцны хөтөлбөрөөр Дархан сумын 15-р баг, 13-р хорооллын нутаг дэвсгэрт баригдах орон сууцыг авахаар Г-Я ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээг цуцалж урьдчилгаа 10 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 10 хүрталхи алданги 2 230 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16 хүртэлхи алданги 1 800 000 төгрөг, хугацаатай хадгаламж цуцласанаас орох байсан хүүд 2 197 617 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Г-Я ХХК-тай 2015 оны 07 сарын 27-ны өдөр Орон сууцны байшин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний 2.3.3-т зааснаар байрны урьдчилгаа болгон 10 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Орон сууцны байшин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ, Г-Я ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... багш ажилтай Гончигсүрэн.Насанбуян А байранд 6 давхарын 28 тоот 49.58 м.кв талбайтай 2 өрөө байрны 20 хувь төлбөр 10 000 000 төгрөг хүлээн авсан тухай Бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасан хөлсийг хэсэгчлэн төлөх үүргээ нэхэмжлэгч Г.Н биелүүлсэн бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар хариуцагч Г-Я ХХК нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Орон сууцны байшин захиалгаар худалдах, худалдан авах гэрээний 3.1.2-т Худалдагч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны байшинг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэж өгнө гэж Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугцааг тохирсон байна.

Талуудын гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх гэрээний хугацаа дууссан буюу хариуцагч Г-Я ХХК тогтоосон хугацаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хөлс төлсөн нэхэмжлэгч Г.Нгийн урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг хариуцагч Г-Я ХХК-иас гаргуулж олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар талууд Орон сууцны байшин захиалгаар худалдах, худалдан авах гэрээний 4.2.-т ... худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанаас хойш 90 хоногоос дээш хугацаагаар худалдан авагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож худалдан авагчид төлнө гэж тохиролцсон тул нэхэмжлэгч Г.Н алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Мөн гэрээний 4.3-т зааснаар талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу гэрээний зүйл болсон орон сууц баригдаагүй, түлхүүр хүлээлгэн өгөөгүй, мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохиролоо шаардах эрхтэй, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Н гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 11-нээр гэрээнээс татгалзан маргаан гаргаж байгаа тул алданги тооцох хугацааг орон сууцыг ашиглалтад оруулах 2015 оны 12 дугаар сарын 31-нээс нэмэлт хугацаа болох 90 хоногийг оруулан 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 10 хүртэл тооцон алданги 2 230 000 төгрөгийг Г-Я ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгон, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сары 16 хүртэлхи алданги 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Г.Н хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Г-Я ХХК-тай 2015 оны 07 сарын 27-ны өдөр Орон сууцны байшин захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний 2.3.3-т зааснаар байрны урьдчилгаа болгон 10 000 000 төгрөгийг төлөхдөө Абанкны Дархан салбарт хадгаламжийн гэрээгээр хадгалуулж байсан мөнгөн хадгаламжаас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зарлага гарган авч өгсөн гэж тайлбарлаж байгаа нь хадгаламжийн дэвтэр дэхь орлого, зарлагын гүйлгээний бичилт, депозит дансны хуулга зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Н банктай байгуулсан хадгаламжийн гэрээг цуцалсанаас өөрт орох байсан мөнгөн хадагалмжийн хүү болох 2 197 617 .59 төгрөгийг гаргуулна гэж байгаа боловч хадгаламжийн мөнгөн орлогоос урьдчилгаа мөнгийг зарлагаар гаргах үед Абанкны Дархан салбартай хадгаламжийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулсан эсэх нь тодорхойгүй, банктай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Энгийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан талаар нотлох баримтыг ирүүлсэн тул 2 197 617.59 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Г-Я ХХК-ны захирал Ч.А-од нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 04, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын талаархи хариу тайлбар ирүүлэх хугацааг шүүхээс хуульд заасны дагуу тогтоон өгсөн, 2016 оны 05 дугаар сарын 16, 05 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өөрөө оролцон шүүх хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14:30 хүтэл хугацаагаар хойшлогдсоныг мэдсэн, хуулийн этгээдийн удирдлага өөрчилөгдсөн талаархи мэдээлэл, нотлох баримтыг ирүүлнэ гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу энэ үүргээ биелүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдээгүй, шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах үед хариуцагчаар Д аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэсийг тодорхойлсон боловч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа хамтран хариуцагчид ямар нэгэн үүрэг хариуцуулах, төлбөр гаргуулах шаардлагагүй гэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Г-Я ХХК-иас урьдчилгаа 10 000 000 төгрөг, алданги 2 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгож, алданги 1 800 000 төгрөг, хүүний алдагдал 2 197 617.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэсийг хамтран хариуцагчаас чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан Голомт банк 190 000 941 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 4 650 төгрөг, Төрийн банк 190 000 941 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 225,450 төгрөг, Төрийн банк 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 9,000 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г-Я ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 12 230 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж ***0,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгосугай.

3.Тахарын албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Г.Аоос түүнийг эрэн сурвалжлахад гарсан зардал болох 468,270 төгрөгийг гаргуулан 9 дүгээр тойргийн Тахарын албанд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ