Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                Прокурор Б.Эрдэнэбаяр /цахимаар/

                                Шүүгдэгч Ш.Г /цахимаар/

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн /цахимаар/

                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Ш.Г-д холбогдох эрүүгийн 2127000000007 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

 

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Ш.Г

 

Ш.Г нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ж.Г-н эзэмшлийн 32 тооны буюу олон тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч олон тооны мал хулгайлах /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.   

 

           Анхан шатны шүүх шүүгдэгч Боржигон овгийн Ш.Г-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ш.Г-н эзэмшлийн 650000 төгрөгийн үнэлгээ бүхий зээрд зүсмийн 3 настай морийг улсын орлого болгохоор, Ш.Г нь 13 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-с 1480000 төгрөгийг хохирогч Ж.Г-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар Ш.Г-н эзэмшлийн зээрд зүсмийн 3 настай морийг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын үнэлгээг хоёр удаа гаргаж Ш.Г-с 1480000 төгрөг гаргуулахаар тогтоосныг хохирол төлөх хугацааг хүсэлт гарган 5 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хохирогч үнэлгээний дүнг зөвшөөрөөгүй, 1480000 төгрөгийг бэлэн төлөхөөр шүүх хуралдаанд авч ирсэн боловч хохирогч авахгүй гэсэн учир анхан шатны шүүх Г-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Ш.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирлыг төлөх гэж удаа дараа хохирогчоос гуйсан боловч хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 14 ямааг ямаагаар нь төлье гэсэн санал тавьсан боловч хүйтэн хошуутай мал авахгүй гээд аваагүй. Мөн нэг ямааг нь 100000 төгрөгөөр үнэлснийг 130000 төгрөгөөр тооцож төлье гэсэн боловч зөвшөөрөөгүй. Шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчтой уулзаж хохирол төлөх талаар тохиолцож ямааг нь ямаагаар нь төлж хүлээлгэн өгсөн учир шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж үзэх боломжтой болсон. Хэдийгээр оногдуулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчтой үл ойлголцож өдий хүрсэн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр, гомдол саналгүй гэсэн учир Ш.Гт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэжээ.

Хохирогч Ж.Г нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14-н ямаагаа хулгайд алдсан бөгөөд Гын ар гэрээс 100 хувь хохирол барагдуулж хохиролгүй болгосон тул гомдолгүй гэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаяр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ш.Г-д холбогдох эрүүгийн 2127000000007 дугаартай хэргийг тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Уг хэргийг Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2021/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Гт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1480000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Г-д олгохоор, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 3 настай зээрд зүсмийн үрээг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдсан 14-н толгой ямааны үнэлгээг 2 удаа шинжээч томилон гаргуулсан. Сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтээр нэг ямааг 100000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шинжээчийн тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан дүгнэлтийг прокурорын зүгээс үндэслэлтэй байна гэж үзээд хохирлыг тооцоход ашигласан.

Хохирогч Ж.Г нь шүүх хуралд алдсан ямаагаа ямаагаар нь авахад татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Шүүгдэгч Ш.Г нь 14-н толгой ямааг ямаагаар нь төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсний дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн хохирлоо барагдуулах 5 хоногийн завсарлага авсан.

Завсарлагын хугацаа дуусаж шүүх хуралдаан дахин эхлэхэд шүүгдэгч хохирлоо барагдуулаагүй байсан тул шүүхээс хохирол төлбөр төлөгдөөгүйд тооцож шийдвэрээ гаргасан. Шүүхээс оногдуулсан ялыг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж, хувийн байдалд тохирсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хуулийн шаардлага хангасан тохиолдолд хэрэглэж болно гэсэн агуулгаар хэрэглэдэг. Энэ нь заавал хэрэглэнэ гэсэн үг биш юм. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хуулийн шаардлагыг хангаагүй, хохирол төлбөрөө барагдуулах бүрэн боломжтой байхад барагдуулаагүй байж шийтгэх тогтоол гарсны дараа оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Ш.Г-н өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь яллагдагчаар татагдсанаас хойш 3-н сар орчим хугацааны дараа анхан шатны шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж байсан гэж байна. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч оролцоод хүйтэн хошуутай мал авахгүй гэж хэлж байгаагүй гэдэг. Шүүх хуралдаанд ямааг ямаагаар төлөхөөр тохиролцоод шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс завсарлага авсан. 5 хоногийн дараа хохирол төлбөр төлөгдөөгүй байсан. Мөн хохирогчийн зүгээс ямааг ямаагаар нь авъя гэхэд хадам аав, ээж нь авчирч өгөөгүй гэж ярьдаг. Анхан шатны шүүхээс хохирол төлөгдөөгүй хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэн 3-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг заавал хэрэглэнэ гэсэн үг биш. Шүүх шийдвэр гаргахдаа хөнгөрүүлж үзнэ гэсэн заалт байгаа. Шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж зэрэгт тохирсон байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ямааг нь ямаагаар нь өгье гэж хохирогчийн араас маш их хөөцөлдөж байсан. Хохирогч өөрөө тохиролцохгүй байсан. Сүүлд хохирол төлөх 5 хоногийн завсарлагаар 130000 төгрөгөөр ямааг үнэлээд хохирлыг төлье гэсэн ч аваагүй. Шүүх хуралдаанд мөнгийг нь бэлэн авчирсан ч аваагүй. Хурлын дараа гуйж байгаад ямааг нь ямаагаар нь төлсөн. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлөгдсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү гэв.   

Шүүгдэгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн би хоёр нялх хүүхэдтэй, эхнэр маань малаа хараад үлдсэн. Үүнийг харгалзаж үзнэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

  Ширэндэвийн Г нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хажуу худаг” гэх газраас Ж.Г-н эзэмшлийн 32 тооны ямааг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Г, гэрч Б.Д, Б.Гомбожав нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ш.Гыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа техник тээврийн хэрэгсэл бусад уналга, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэдэг ба цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, дахин тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зүйлсийг тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зээрд зүсмийн морийг улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй байдал бий болгох учир тухайн морины үнэ 650000 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй юм. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг 650000 төгрөгийг улсын орлогод оруултал хэвээр үлдээсэн болно.

 

Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийтгэх тогтоол гарсны дараа төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Ш.Гт анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлэх нь үндэслэлтэй байна.

 

 Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ш.Гын эзэмшлийн 650000 төгрөгийн үнэлгээ бүхий зээрд зүсмийн 3 настай морийг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг морины үнэ болох 650000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Г нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

а/ 2 дахь заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Ширэндэвийн Г-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

 

б/ 3 дахь заалтын “... 3 /гурван/ жилийн хугацаагаар” гэснийг “...1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар гэж,

 

в/ 5 дахь заалтыг бүхэлд нь “...шүүгдэгч Ш.Г-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 650000 төгрөгийг улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ш.Гын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ЭНХМАА

                ШҮҮГЧИД                           Л.НЯМДОРЖ

                                                                                    Т.ДАВААСҮРЭН