Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                        Б.Алтансүх

Улсын яллагч                                 Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат, 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 2 хүүхэд, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 1-3 тоотод оршин суух,  Боржигон овогт Лхагважавын Баярбат /РД:ЕО94110910/-т холбогдох эрүүгийн 1720000390019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.Баярбат нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 2 дугаар гудамжинд төрсөн дүү Л.Баярхүүтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Баярбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би найз Бямбажавын хамт гадуур явж байгаад 14 цагийн орчим гэртээ иртэл эгч Гэрэлчимэг сая Баярхүү согтуу нэг хүн дагуулж ирсэн. Тэр хүн нь миний утасны дугаарыг асуугаад танилцъя гээд байхаар нь хөөгөөд явуулчихлаа гэхээр нь гэрээсээ гараад дүү Баярхүүг хайтал дэлгүүрээс гараад ирсэн. Тэгэхээр нь би Баярхүүд хандан чи эгчийгээ юу гэж бодоод элдэв хүнд утасны дугаарыг нь өгдөг юм гээд загнаад бид хоорондоо маргалдсан. Тэгээд дүүдээ гар хүрсэн. Хийсэн хэртээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Л.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Уугий гэх залуутай 14 цагийн орчим гэртээ очсон би очихдоо архи уучихсан халамцуу байсан гэрт миний төрсөн эгч Гэрэлчимэг ганцаараа байсан Уугий надаас чи эгчийнхээ утасны дугаарыг аваад өгчих гэсэн би түүнээс яах гэж байгаа юм бэ гэхэд бид хоёр нэг анги байсан юмаа гэхээр нь би гэрлүү ороод эгчийн утасны дугаарыг асуучихаад гэрээс гарч Уугийд утасны дугаарыг нь өгсөн хашааны урдаас Уугийтай салж гудамжны үзүүрт байх дэлгүүрлүү орчихоод гараад иртэл ах Баярбат найз Бямбажавын хамт хүрч ирээд Баярбат ах намайг чи яагаад Бямбажавын нүдний шилийг зүүгээд явчихсан юм бэ, чи эгчийгээ юу гэж бодоод дугаарыг хүн амьтанд өгөөд байгаа юм бэ гээд миний гэдэс рүү гараараа хэд хэдэн удаа цохисон би өөдөөс нь хэл амаар түүнийг доромжилход Баярбат ах миний нүүрлүү цохисон намайг газар унахад Баярбат ах газраас тоосго аваад миний толгой руу нэг цохисон толгой руу цохисоноос болж толгойноос цус гарч би цагдаад дуудлага өгсөн...” гэжээ /хx-ийн 8-р тал/

Гэрч У.Бямбажав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баярбат машинаас буугаад түүнтэй уулзаж миний шилийг аваад гэр оронд  янз бүрийн хүн дагуулж ирлээ гээд цээж рүү цохичихсон чинь Баярхүү Баярбатын өөдөөс давраад байгаарай гэж хэлсэн тэгэхэд Баярбат Баярхүүг дахиад цээж рүү цохичихсон чинь газар уначихсан Баярбат газраас тал тоосго аваад түүний толгой руу нь цохичихсон чинь цус гарсан тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ  /хх-ийн 11 тал/

Гэрч Л.Гэрэлчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 тал/

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 238 дугаартай дүгнэлтэнд

  1. Л.Баярхүүгийн биед духны зүүн талд, зүүн бугуйны ар хэсэгт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үеийн дотор талд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
  3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14 тал/

Хохирогч Л.Баярхүүгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 26 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Баярбат нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 2 дугаар гудамжинд төрсөн дүү Л.Баярхүүтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Л.Баярхүү  гэрч У.Бямбажав, Л.Гэрэлчимэг нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Л.Баярбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Л.Баярбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Л.Баярбат, хохирогч Л.Баярхүү нар нь сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Л.Баярбат нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагважавын Баярбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Лхагважавын Баярбатыг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Л.Баярбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ