Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1668

 

МАГАДЛАЛ

2019 оны 09 дүгээр сарын 11                  Дугаар 1668                                     Улаанбаатар хот

 

БЗДЦХДХ-ийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02081 дүгээр шийдвэртэй, БЗДЦХДХ-ийн , Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Э-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэрэгт, гуравдагч этгээдийн гомдлоор шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40-56 тоотод оршин суух Т.Э нь тус дүүргийн нутаг дэвсгэр дээр байнга архидан согтуурч удаа дараа саатуулагдаж, нийтийн хэв журам байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй тул Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эмчилгээнд явмааргүй байна. Би нэг их уугаад байдаггүй сая хагас сайн өдөр найзтайгаа уулзаж жаахан уугаад тэгээд найз маань нэг Сэнгүр надад авч өгөөд гэрийн ойролцоо ирээд сууж байгаад хэдэн залуучуудтай яриад, би согтохоороо оросоор ярьх дуртай, тэгсэн онгирлоо гэж бодсон юм уу цагдаа дуудчихсан юм уу ирээд бариад авсан. Намайг салсан нөхөр н.Э  байрыг минь авах гээд аль болох хол явуулна гээд өргөдөл өгсөн байгаа, түүнээс би түүнтэй ойрд холбогдохгүй байгаа, тэгээд ч би одоо бараг 60 хүрч байгаа болохоор явуулахгүй өнгөрөөж өгөөч, тэнд очихоор эмч нар нь таныг яах гэж нааш нь явуулсан юм бол гээд байдаг. Би одоо тэтгэврээ аваад, сард 300 000 орчим авдаг тэгээд амьдармаар байна. Би байнга архи уухаа больчихсон, хааяа 100 грамм архийг жимстэй холиод л уудаг. Намайг битгий явуулж өгөөч гэжээ.

 

            Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Тогтохын Э  /РД:ЧЛ60032201/-ыг албадан эмчилгээнд хамруулж, Т.Э-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг БЗДДЦХДХ даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Т.Э-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар БЗДДЦХДХ Т.Э-ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Т.Э нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь тодорхой үйл баримтаар нотлогдоогүй байхад шүүх ингэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Зүй нь дуудлагаар анх очсон цагдаагийн тэмдэглэл, цагдаагийн хэлтсийн тухайн өдрийн рапорт, гэрчийн этгээдүүдийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тус тус гаргуулан авч “өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байсан эсэхийг” шинжлэн судлах ёстой байтал шуудхан хуулийн энэ заалтыг хэрэглэсэн нь буруу юм. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "...сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд" гэж заасан байна. Гэтэл шүүх "...сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлт шүүхэд гаргаагүй...” Тэрээр сайн дураар архины эмчилгээнд хамрагдахыг хүсэхгүй байх тул..." гэж шууд дүгнэсэн нь буруу юм. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно" гэж заасан. Гэтэл шүүх, цагдаагийн байгууллагад сайн дурын үндсэн дээр эмчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан эсэхийг лавлаж тодруулалгүйгээр шууд “сайн дураар хамрагдахыг хүсэхгүй байх тул” гэж үзсэн нь буруу. Ингэж лавлаж тодруулаагүй нь шүүх хурлын шийдвэр, шүүх хурлын тэмдэглэлээр тус тус нотлогдож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

БЗДДЦХДХ-ээс Т.Э-ыг архины албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Т.Э нь архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах мөн удаа дараа эрүүлжүүлэгдсэн зэрэг зөрчил гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр Т.Э-ыг архинд донтох өвчний II дугаар зэрэгтэй болохыг тогтоожээ. /хх-ийн 4 дүгээр тал/

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Т.Э нь давж заалдах гомдолдоо сайн дурын үндсэн дээр эмчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан эсэхийг лавлаж тодруулалгүйгээр архины эмчилгээнд явууллаа гэх боловч эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, албадан эмчилгээнд явуулахаас татгалзах үндэслэл биш болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Т.Э ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

              ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ