Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1419

 

 

 

 

 

 

 

 

 

Д ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дугаар шийдвэртэй,Д ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ч д холбогдох, 133 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт:  Манай компани 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Л.Ч тай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Талууд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Л.Ч ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах 431 м.кв талбайтай Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн тус хаягт байрлах 324 м.кв талбайтай Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг барьцаалсан. Хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 500 000 төгрөг төлснөөс хойш огт зээлийг төлөөгүй. Өнөөдрийн байдлаар буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 30 450 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 590 000 төгрөг, нийт 133 040 000 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна. Бид, хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож, сар бүр тогтмол төлөх ёстой зээлийг төлөх талаар сануулж, шаардаж байсан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй, эдийн засгийн нөхцөл байдлаас болж эрхэлж буй бизнес нь асуудалтай байгаа гэж тайлбарладаг ч үүнийг баримтаар нотлохгүй байна.

Иймд хариуцагчаас 133 040 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Бид, зээлийг хүлээн авсан болон 3 500 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд надад зээлийг төлөх талаар утсаар мэдэгдэж байсан. Гэвч Иргэний хуулийн 224, 225, 226 дугаар зүйлд гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах талаар зохицуулсан байхад нэхэмжлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмэлт хугацаа тогтоож өгөхгүй шууд шүүхэд хандсан байна. Талууд зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан ба одоо хугацаанаас нь өмнө цуцлах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие уг 100 000 000 төгрөгийг барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа нь түр зогссон. Гэвч одоо удахгүй барилгын ажил эхлэх тул мөнгийг төлж барагдуулах боломжтой болно. Иймд зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Л.Ч аас 129 007 807.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчД ББСБ ХХК -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 032 192.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоот хаягт байрлах Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,172,964.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 873 189 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх зээлийн гэрээний харилцааг шууд дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

НэхэмжлэгчД ББСБ ХХК  нь хариуцагч Л.Ч д холбогдуулан зээлд 100 000 000 төгрөг, зээлийн хүүнд 30 450 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 590 000 төгрөг, нийт 133 040 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Л.Ч  2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “Даймонд-Очир ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 24 сарын хугацаатай 100 000 000 төгрөг сарын 3,5 хувийн хүүтэй зээлэн авч, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г байр, 75 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, мөн өдөр нэхэмжлэгч нь иргэн Ж.Алтанцэцэгтэй барьцааны гэрээг байгуулж түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах, 324 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлах 18639312841293 нэгж талбарын дугаар бүхий 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан, зээлдэгчийн зээлийн данс руу гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн байна. /хх7-21, 66/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгтэй нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь “... 100 000 000 төгрөгийн зээл авч барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Барилга ашиглалтад ороогүй, хөрөнгө оруулалт удааширсан тул зээлээ эргэн төлж чадаагүй ..,” гэж тайлбарладаг боловч боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Талуудын хоорондын гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд энэ хугацаанд зээлдэгч талаас үндсэн зээлд 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 50 285 891 төгрөг, нийт 150 285 891 төгрөг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн төлөлтөөр нийт 3 500 000 төгрөг төлжээ. /хх66/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Шүүх энэ талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч хариуцагчид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан ба хариуцагч энэ талаар маргадаггүй.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

Анхан шатны шүүх зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биелүүлэхийг мэдэгдсэн боловч тодорхой үр дүн гараагүй гэсэн үндэслэлээр цаашид гэрээний харилцааг үргэлжлэхээс татгалзаж, цуцалж байгааг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй болно.

Иймд шүүхээс хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тооцоолж үндсэн зээлд 100 000 000 төгрөг,  зээлийн хүүнд 26 417 807.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 590 000 төгрөг, нийт 129 007 807.04 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                            Д.ЦОГТСАЙХАН