Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                   Б.Алтансүх

Улсын яллагч                                 Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч нарын өмгөөлөгч     Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Баянзулын Адъяадорж,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагважавын Баярхүү нарт холбогдох эрүүгийн 201710010080 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дорноговь  аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Гаалийн уурын зуухны баруун талын задгайд оршин суух, Бичээч овогт Баянзулын Адъяадорж /РД:ЕЙ93101314/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат, 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эгч дүү нарын хамт Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 1-4 тоотод оршин суух,  Боржигон овогт Лхагважавын Баярхүү /РД:ЕО96091016/

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Адъяадорж нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр 22-01 ДГО улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч Ж.Мөнхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 139 дүгээр байрны гадаа насанд хүрээгүй хохирогч О.Мөнхбаярын өмсөж явсан ногоон эрээн өнгийн куртикийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

Шүүгдэгч Л.Баярхүү нь давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 133 дугаар байрны коридорт хохирогч Б.Очирбатыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 149 дүгээр байрны гадаа зогсож байсан 95-98 УБУ улсын дугаартай УАЗ 31514 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Адъяадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр гаалийн үзлэгт орох гээд машинаа урагшлуулж байгаад Ж.Мөнхбаярыг мөргөсөн. Мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр О.Мөнхбаярын өмсөж явсан куртикийг авсан. Хохирогч Ж.Мөнхбаярт 1500.000 төгрөгний хохирол төлсөн. О.Мөнхбаярын куртикийг буцааж өгсөн. Хийсэн хэргээ зөвшөөрч байна...гэв.

Шүүгдэгч Л.Баярхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ажилд орох гээд мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Очирбатад хөнгөн гэмтэл учруулсны тухайд Очирбат нь намайг зүгээр зогсож байхад хажуугаар гарахдаа мөргөөд гарсан. Үүнээс болж маргалдсан. Мөн шүүхийн байрны гадаа машин байхаар нь авч явсан түлхүүрээ хийхэд машин ассан. Тэгэхээр нь бариад явсан. Би хийсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөх мөнгөгүй тул төлж чадаагүй...гэв.

Хохирогч Ж.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэргэжлийн хяналтын талбайд машинаа байрлуулан тээврийн хэрэгсэлд ачигдсан ачаа, бараагаа томилогдсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шалгуулах зорилгоор багажаа онгойлгоод машиныхаа ард талд ганцаараа зогсож байтал араас буюу ууц нуруу хэсгээр машин мөргөх шиг болоод замын хажуу талын бордюр дээр толгойгоороо савж унасан...тухайн үед намайг машинд мөргүүлээд хэвтэж байхад жолооч нь гэх залуу “машины тормос болон сигнал нь ажиллахгүй байсан...Эрүүл мэндээрээ зүв зүгээр явж байгаад хэн нэгийний алдаанаас болж хохирсонд гомдолтой байна... эмчилгээний зардалд нийт 2.000.000 / 3 сая/ төгрөг зарцуулсан, цаашид эмчилгээтэй холбоотой зардал мөнгө ихээр гарсаар байна...энэ бүх мөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнө...” гэжээ  /хx-ийн 1-р хавтас 70-71-р тал/”

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ..Ж.Мөнхбаярын биед хэвлий хөндийн далд гэмтэл, чацархай судасны няцралт гэмтэл, хэвлийн хөндий дэх хурц цус алдалт, бүсэлхий орчмын зөөлөн эдийн гэмтэл... учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэжээ. /1-р хх-ийн 155-р тал/

Насанд хүрээгүй хохирогч О.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн орчим өөрийн найз Д.Отгонбилэгийн хамт 139-р байрны гадаа салхилаад сууж байтал үл таних согтуу 2 ах бид 2-ыг байрны булангаас дуудсан..Паул гээд ах нь миний гадуур өмсөж явсан ногоон алаг өнгийн даавуу куртикийг тайлаад өөрийнхөө өмсөж явсан цэнхэр өнгийн хуучин жинсэн куртикийг юу ч хэлэлгүй надад өгсөн...Хоовоо гээд ах нь халааснаасаа ногоон өнгийн бариултай хайч гаргаж ирээд “та хоёрыг зугтаах юм уу, орилох юм бол энэ хайчаар ална шүү” гээд Отгонбилэгийг “гар утсаа гаргаад ир, симээ өөрөө аваад надад гар утсаа өг” гэхэд Отгонбилэг “манай аав одоо надруу утсаар ярина, та түр байж бай” гэж аргалсаар байгаад зугтаасан... намайг хуучин гадангийн хойд талын дутуу баригдсан барилга руу дагуулж оруулах гээд байхаар нь нүдийг нь хариулж байгаад Паул ахын өгсөн жинсэн куртикийг бариад зугтсан... гэжээ. /хх-ийн 1-р хх-ийн 51-52-р тал/

Насанд хүрээгүй хохирогч Д.Отгонбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хоовоо нь “чамд гар утас байгаа юу, утас байвал утсыг чинь тавиад нэг шил архи авч ууя” гэхээр нь “үгүй ээ агаа болохгүй ээ, аав надруу утсаар ярина” гэж хэлээд зогсож байтал хажууд Паул нь Мөнхбаярын биерүү цохиод шиг байсан...Паул нь Хоовоотойгоо ярьж байхдаа “мань чинь сая айлд хутгаа үлдээчихлээ, хэрвээ миний хутга байсан бол энэ муу 2 пацааныг алахгүй юу “ гэж хэлээд бид хоёр руу дайраад байсан...Намайг зугтаах үед Мөнхбаяр зутгаалгүй тэр хоёр ахтай хамт үлдсэн...” гэжээ /хx-ийн 1-р хавтас 57-58 дугаар тал/

Хохирогч Ж.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ..2016 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай гэрийн цонхоор хулгайч орж, том өрөөнд байсан 42 инчийн Панасоник маркийн зурагтыг маань удирдлагын хамт хулгайлсан гэдийг баз хүргэн Сайханчулуунаас хотод явж байхад мэдсэн... гэм буруутай этгээдээс 300.000 төгрөгөө нэхэмжилнэ... гэжээ. /хx-ийн 1-р хавтас 93-94-р тал/

Хохирогч Ж.Сугир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ашаагийн 1-29 тоотод байх өөрийн эзэмшлийн Мөнхжин хүнсний дэлгүүрийг ажиллуулж байгаад орой 23 цагийн үед дэлгүүрээ хаачихаад дэлгүүрээс баруун тийш 100 орчим зайтай байх гэрлүүгээ орж амарсан. ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 08 цагт дэлгүүрээ нээх гээд очтол манай дэлгүүрийн баруун талын вакум цонхыг гаднаас нь түлхэж онгойлгоод гаднах хамгаалалттай төмрийг нь эвдэлж хулгайч орсон байсан... шинжээчийн дүгнэлтээр 521.700 төгрөгний хохирол учирсан... гэжээ. /1-р хх-ийн 67-68 тал/

Хохирогч Б.Очирбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 16-ны орой төв сааданд өндөр нуруутай залуу нь “ та хоёр намайг таних уу, Би Хоовоо байна” гээд өөдөөс томроод байхаар нь би өөрөө Замын-Үүдийн унаган хүүхэд байна, чамайг таних ч үгүй юм байна гэтэл үгийн зөрүүгүй архины шилээр миний толгойг цохих гээд дайрахаар нь  гараараа хаагаад шууд зугтаасан. ... Хаан банкны хажуу талын цэцэрлэгийн байрны орц руу ороод Мөнхжаргал найзынхаа гэрийн хаалгыг татахад цоожтой байсан. Энэ үед араас Хоовоо гэгч залуу орц руу орж ирээд миний зүүн чамархай хэсэгт нэг хатуу зүйлээр нэг удаа цохих шиг болоход ухаан балартсан ба толгойноос цус гараад өөрийн мэдэлгүй газар унасан. ... эмчилгээний зардал нийт 874.620  төгрөг зарцуулснаас эмчилгээнд 695.220 төгрөг, бусад зардал буюу хоол унд, замын зардалд 179.400 төгрөг болсон. Энэ бүх зардлыг баримтаар хэрэгт хавсаргасан байгаа... гэжээ. /1-р хх-ийн 72-73 тал/

Хохирогч Б.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн орчим эхнэр Нямцэрэнгийн хамт Замын-Үүд сум 1 дүгээр багт байрлах Шүүхийн ар талын байранд амьдардаг найзынхаа гэрт машинтайгаа очсон... тухайн байрны урд талын зогсоол дээр нь машин тавих зай байхгүй болохоор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хажуу талд машинаа байрлуулаад найзынхаа гэрт орсон, тэгээд 23 цагийн үед гэртээ харих гээд гадаа гартал машин байруулсан газраа байхгүй, алга болсон байсан...өөрийн найз Отгондаваа, Баадай хоёрыг утсаар дуудаад тэр хоёрын машинтай алдагдсан машинаа хайгаад Замын-Үүд сумын пүүн дээр очоод алдагдсан машинаа асуухад “энэ хавиар машин явж өнгөрөөгүй” гэхээр нь “ирвэл саатуулж байгаарай” гэж хэлээд буцаад Замын-Үүд сум руу явж байтал Улаан хонхор жуулчны бааз руу явдаг шороон замаас миний машин гарч ирээд Замын-Үүд чиглэлтэй явсан...араас нь дагаад явж байтал ЗамынҮүд сумын 1 дүгээр багт байрлах Ухаалаг багачууд цэцэрлэгийн байрны мухар гудамж руу орохоор нь араас нь машинаараа хашиж зогсоосон, тэгсэн дотроос нь үл таних 3 залуу шууд бууж ирээд нэг нь “зугтаарай” гэж орилоод тал тал тийшээ зугтаасан...зугтасан зүг рүү нь дагаж гүйгээд 2 залууг барьж авсан...барьж авсан залуучууд согтуу байдалтай байсан...Баярхүү жолооч талын хаалганаас буугаад зугтаасан ба Адъяадорж залуу жолоочийн эсрэг талаар буугаад цааш гүйсэн...надад гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй...” гэжээ /хx-ийн 1-р хавтас 82-83-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-37 тал/

Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 38-39 тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-41 тал/

2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 42 тал/

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 43-44 тал/ 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 46 тал/

Гэрч М.Баттулгын мэдүүлэг /1-р хх-ийн 104-107 тал/

Гэрч Б.Ерөөлтийн мэдүүлэг /1-р хх-ийн 108 тал/

Гэрч Я.Баянзулын мэдүүлэг /1-р хх-ийн 133 тал/

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 140 тал/

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-143 тал/

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 146-147 тал/

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151 тал/

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “..22-01 ДГО улсын дугаартай УАЗ 31514 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Адьяадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1. a, 2.3.a, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэжээ.  /1-р хх-ийн 170-171 тал/

2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 116 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 191 тал/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 28 тал/

Арилжааны банкуудын дансны хуулга /2-р хх-ийн 43-50, 76-81тал/

Оюуны өмч, Улсын бүртгэл, Автотээврийн үндэсний төвийн албан бичгүүд /2-р хх-ийн 74 тал/

Согтуурал шалгасан магадлагаа /2-р хх-ийн 84, 86 тал/

Албадан саатуулагдсан хүний бүртгэл тэмдэглэл /2-р хх-ийн 92-94 тал/

Хохирогч Ж.Мөнхбаярын хохирлын баримт /2-р хх-ийн 120-131 тал/

Гэрч Л.Гэрэлцэцэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 189-192 тал/

Гэрч Д.Батбаярын мэдүүлэг /2-р хх-ийн 193 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Адъяадорж нь  2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр 22-01 ДГО улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч хохирогч Ж.Мөнхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 139 дүгээр байрны гадаа насанд хүрээгүй хохирогч О.Мөнхбаярын өмсөж явсан ногоон эрээн өнгийн куртикийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Л.Баярхүү нь  давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 133 дугаар байрны коридорт хохирогч Б.Очирбатыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 149 дүгээр байрны гадаа зогсож байсан 95-98 УБУ улсын дугаартай УАЗ 31514 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Ж.Мөнхбаяр, насанд хүрээгүй хохирогч О.Мөнхбаяр, Д.Отгонбилэг, Ж.Эрдэнэбат, Ж.Сугир, Б.Очирбат, Б.Батсайхан, гэрч Г.Баяржаргал, Б.Сарантуяа, Т.Мөнхжаргал, Г.Мөнхболд, Ю.Отгонтөгс, Л.Отгондаваа, Т.Отгонбаатар нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Адъяадоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Баярхүүг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Автотээрийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус   үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Адъяадорж, Л.Баярхүү нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч Б.Адъяадорж, Л.Баярхүү нар нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 115 хоног, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 9 хоног, нийт 124 хоног цагдан хоригдсон байна.

Хохирогч Ж.Мөнхбаяр 8528.533 төгрөгийг шүүгдэгч Б.Адъяадоржоос нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид 1500.000 төгрөг төлсөн ба  хохирогч Ж.Мөнхбаярын бусад хохирлыг шийдвэрлэх боломжгүй /нотлох баримтгүй/, хохирогч Б.Очирбат нь шүүгдэгч Л.Баярхүүгээс 1478.531 төгрөг нэхэмжилж байгаа боловч 763.070 төгрөгний баримт нотлох баримтын шаардлага хангаж  байх тул бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Баярхүүгээс 521.700 төгрөг гаргуулж хохирогч Ж.Сугирт, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эрдэнэбатад, 763.070 төгрөг гаргуулж хохирогч Б.Очирбатад тус тус олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй бөгөөд Ц.Уранчимэгийн эзэмшлийн 22-01 ДГО улсын дугаартай 1500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл 1 ширхэг битүүмжилсэн тул битүүмжлэлийг цуцалж эзэмшигч Ц.Уранчимэгт буцаан олгохоор тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бичээч овогт Баянзулын Адъяадоржийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Лхагважавын Баярхүүг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Автотээрийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдийг тус тус   үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Адъяадоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Л.Баярхүүг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн,  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярхүүд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тусад нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр,  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяадоржид оногдуулсан 2 жилийн , шүүгдэгч Л.Баярхүүд оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяадорж, шүүгдэгч Л.Баярхүү нарын цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярхүү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярхүүгээс 521.700 төгрөг гаргуулж хохирогч Ж.Сугирт, 300.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эрдэнэбатад, 763.070 төгрөг гаргуулж хохирогч Б.Очирбатад тус тус олгосгай.

8. Шүүгдэгч Б.Адъяадорж нь хохирогч Ж.Мөнхбаярт 1500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Ж.Мөнхбат, хохирогч Б.Очирбат нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй бөгөөд битүүмжлэгдсэн Ц.Уранчимэгийн эзэмшлийн 22-01 ДГО улсын дугаартай 1500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж эзэмшигч Ц.Уранчимэгт буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ