Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                          Прокурор Б.Эрхэмбаатар 

                                      Шүүгдэгч Б.Д, С.Б /цахимаар/

                                      Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                      Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Ч.Алдар /цахимаар/

                                      Шүүгдэгч Н.Х-н өмгөөлөгч Б.Энхтуяа /цахимаар/

                                      Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Д,  Н.Х, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлоор Б.Д, С.Б, Н.Х нарт холбогдох эрүүгийн 1926000000149 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Өндөр овогт Б.Д

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Баатар мээрэн овогт Н.Х

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Толин овогт С.Б

 

Б.Д, С.Б, Н.Х нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.Э-г зодож бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар алсан, гэмт хэргийн улмаас 19608848 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Д, Н.Х,  С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 болгон, шүүгдэгч нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар Б.Д-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Х, С.Б нарыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус тус цагдан хоригдсон 105 хоногийг тэдний эдлэх ялд нь тус тус оруулан тооцохоор, шүүгдэгч Б.Д нь 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч  Н.Х нь 1 жил 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Б нь 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдэлсэн болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-н нэхэмжилсэн 43608848 төгрөгийн нэхэмжлэлээс 10618748 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 32990100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч нар нь хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д тус бүр 5000000 төгрөг нийт 15000000 төгрөг төлсөн, шүүхээс хангаж шийдвэрлэсэн 10618748 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн, хавтаст хэрэгт  авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн  542640  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 180880 төгрөг гаргуулж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Р-ийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “SUPER DAYUN” маркын мотоциклийг эзэмшигч Б.Р-д, шүүгдэгч Б.Д-н эзэмшлийн  ******* улсын дугаартай цэнхэр өнгийн “SANYA” маркын мотоциклийг шүүгдэгч Б.Д-д тус тус буцаан олгохоор, бор эрээн өнгийн 12 см, 20, 53 см урттай дээсний тасархай хэсгүүд 3 хэсэг, модон иштэй хүрз 1 ширхэг, “Харзтай” архины шил 2 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн бор эрээн өнгийн дээс 1 ширхэгийг тус тус устгахаар, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Н.Х-н 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.Х-д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн Богд сумын засаг  даргад даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: Мөрдөгч нь оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ёстой юм байна. ... Миний бие 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр баривчлагдсанаас хойш өгсөн хүсэлт мэдүүлгүүдэд “гэрчүүдийг цагдаад хэлээд өг” гэж хэлсэн юм байхгүй. Тийм байхад мөрдөгч нь Д таньд Х, Б хоёр гэмт хэрэг үйлдсэн. Таныг цагдаад хэлээд өгөөч гэж ярьсан зүйл байгаа юу гэх мэтчилэн бүх гэрчүүдээс миний эсрэг хариултуудыг хөтөлж авсан. Миний өгсөн бүх хүсэлт мэдүүлгүүд дээр цагдаад хэлээд өгөх юм болов уу гэж бодоод гэрчүүдэд хэргийн талаар ярьж байсан гэж байгаа болохоос биш мөрдөгчийн гэрчүүдээс асуусан тэр асуултууд ерөөсөө бичигдээгүй. Гэрчүүдээс өмгөөлөгчтэй мэдүүлэг авахуулах хүсэлтийг биелүүлээгүй бөгөөд өөрийн эрх ашгийн үүднээс хэргээр миний хувийн байдлыг дордуулах талаас нь мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 2021 оны 02 дугаар сарын 04-нд мөрдөгч М-д өгсөн хүсэлт шийдвэрлэгдсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан, прокурорт шилжүүлэх гэж байна гэж ирэхдээ хавтаст хэргийг дугаарлаагүй байсан тул би танилцаж чадаагүй. Дараа нь би шүүхэд хүсэлт өгч хавтаст хэрэгтэй танилцахад мэдүүлэг авахуулахаар дурдсан гэрчүүдийн мэдүүлгүүд олдоогүй бөгөөд өөр хүмүүсээс мэдүүлэг авсан байна. Мөн тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болдоггүй юм байна. Би шинжээчийн дүгнэлт дээр “төвөнхний мөгөөрсний гэмтэл цус хуралтгүй байсан бөгөөд тус хугарал нь амьд ахуйдаа үүсээгүй гэдгийг илтгэж байна” гэсний дагуу дахин шинжээч томилж өгөхийг хүссэн боловч Хүрэлсүх эмчээс өмнөх мэдүүлгийг яриулаад орхисон байна. Прокурор нь өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Н.Х-н талд ороод зогсохгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн. Нэг километр гаран яваад манай өвөлжөөн дээр хүрз жоотуу бүгд байсан.

Ийм байхад С.Б, Н.Х, Б.Д нар гуравын гурвуул учраа олохгүй шахам согтуу байсан С.Ш, Ц.М нараас тусламж гуйхгүй. С.О Н.Х-тай ирэхдээ булах юм ярьж ирсэн. С.Б, Н.Х бид гурав сумын төвд Ш-нд ороход талийгаач Н.Э-тай хамт Богд суманд очсон хоёр хүн Шынд байсан. Би тэр хоёрт энд байх аюултай. Та хоёр юунд зарцуулахаа өөрсдөө мэд, хөгшин нь олон газар явж байсан. Хүний нутагт явган гуйланчлах хог байдаг юм гэж мөнгө өгч байсан. Хэргийн газраас олдсон “club ld” тамхины ишнээс Х, Д хоёрын “ДНХ” илрэх ёстой байсан. Би гэмт хэрэг хийгээгүй гэжээ. 

Шүүгдэгч Н.Х гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь хүлээсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүд, улсын яллагчийн ярьсан зүйл болон зарим гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд ярьж хэлсэн зүйлүүд намайг үнэн зөв мэдүүлэг өгснийг нотолж байгаа. Мөн хохирогчийн ар гэрт төлөх төлбөргүй. 2019 оны 07 дугаар сарын 30-наас эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байр болон 433 дугаар хаалттай хорих анги, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих байранд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, засрал хүмүүжил олж байгаа болно. Би охин Хуландарьтайгаа амьдардаг байсан. Миний охин болон өндөр настай ээжийг минь бодож надад оногдуулсан ялаас хасаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.     

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх заалтыг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан хэм хэмжээг ноцтой зөрчиж Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 585 дугаар тогтоолын заалтыг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ноцтой зөрчиж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хохирогчийн амь насанд халдсан хэргийн үндсэн гүйцэтгэгч нарын худал мэдүүлгийг үнэнд тооцож, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой байж болох олон асуудлыг хөндсөн мэдүүлэг өгсөний төлөө шүүгдэгч Б.Д-д хамтрагчдаас илүү хүнд ял оногдууллаа.

Эрүүгийн 1926000000149 тоот хэргийг мөрдсөн, хяналт тавьсан, хянан шийдвэрлэсэн хуульчид Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 585 дугаар тогтоолд “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтыг хангалттай тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ” гэж заасныг үл тоож байгаа нь хэргийн бодит үнэнийг тогтоох хүсэл эрмэлзэлгүй байна.

Шүүгдэгч Н.Х-н 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэйгээ эрс зөрүүтэй байхад шүүх нотлох баримтуудын мэдүүлгийн эх сурвалжтай харьцуулж дүгнэлт хийлгүй зөвхөн яллах сэтгэлгээндээ хөдлөгдөж шийдвэр гаргалаа. Шүүгдэгч Б.Д аймаг хамт явах гэж байсан хүнийхээ амь насыг хамгаалж чадаагүй гэм буруугаа хүлээж байгаа. Харин хохирогчтой муудалцсан, аливаа нэгэн ашиг хонжоо олох санаа байгаагүй. С.Б, Н.Х хоёр л элбэж зодсон мөнгийг нь булаан авсан байхад шүүх намайг бүх асуудалд буруутай гэж ял оногдуулсанд гомдолтой байна гэж удаа дараа гомдол гаргасны төлөө түүнд хамтрагчдаас нь өндөр ял оногдуулж байгааг хууль хэрэглээнийхээ талаас буруу гэж үзэж байна. Шүүгч дотоод итгэл үнэмшилээрээ асуудалд хандах нь зүйн хэрэг ч, дээд шатны шүүхийн шийдвэрт хайхрамжгүй хандаж байгаа нь харамсалтай байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд ... шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг тогтоох учиртай гэж заасныг анхан шатны шүүх биелүүлсэнгүй.

Тухайлвал шүүгдэгч, хохирогч нарын дунд хэний ямар үйлдлээс болж зөрчил үүсэв. Үүссэн зөрчил цаашид яаж өрнөж, хүний амь насанд хүртэл гүнгийрэв гэдэгт үнэлэлт өгөх нотлох баримт шүүхийн шийтгэх тогтоолд дурьдагдсангүй. Шүүгдэгч Б.Д нь хохирогчтой танил, аймаг хамт явахаар ярилцаж тохироод гэртээ авчирсан нь амь насанд нь халдах зорилготой байсан мэт улсын яллагч болон шүүх дүгнэлт хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Б ...нилээн согтуу байхад талийгаач босох гэж байгаад намайг түлхээд унагаасан. Намайг түлхээд унагахаар нь хоёр алгадаад нэг удаа өшиглөсөн гэж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс зөрж байгаад дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Ямарч байсан хэрүүл маргаан С.Б-н үйлдлээс эхэлсэн нь тодорхой боловч үйл явц цаашаагаа яаж өрнөсөн нь тодорхойгүй байна. Гэтэл шүүх зөвхөн Б.Д-н үйлдлээс шалтгаалж хүний амь насанд халдах үйл явц эхэлсэн мэт дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит үнэнийг эрж хайсангүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

Хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зохих ёсоор явагдсангүй. Улсын дээд шүүхийн 585 дугаартай тогтоолд ...шүүгдэгч нар хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь ямар хүчин зүйлстэй холбоотой байж болох аль шүүгдэгчийн мэдүүлэг бодит үнэн байж болохыг зөв тактик техникт тулгуурлан шалгах, шүүгдэгч бүрийн хувь хүний сэтгэцийн онцлогийг судалж, шинжлэх ухааны тусгай мэдлэг, мөрдөн шалгах ажиллагааны бусад арга хэрэгсэл ашиглан хэргийн бодит үйл баримтыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх заалтууд биелэгдсэн эсэхэд дүгнэлт хийсэнгүй.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа ёс төдий хийгдсэн байхад улсын яллагч шууд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх зөвхөн улсын яллагчийн хүсэл зоригт нийцүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг учралын бодит үнэнийг хангалттай нотлох баримтаар тогтоосон гэж дүгнэхэд олон эргэлзээ байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэхэд дүгнэлт хийх ёстой. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурьдсан шүүн таслах ажлын үндсэн зарчмаас ухарч, сэтгэлийнхээ хөдлөлөөр ял шийтгэл оногдууллаа.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт ямар арга хэлбэрээр авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байхад дүгнэлт хийгээгүйгээс шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь хүлээсэн. Шүүх шинжилгээ, шүүх эмнэлэг, зарим гэрч нарын мэдүүлэг, улсын яллагчийн ярьсан зүйл болон шүүх хуралдаанд ярьж хэлсэн зүйлүүд үнэн зөв мэдүүлэг өгснийг нотолж байгаа. Мөн хохирогчийн ар гэрт төлөх төлбөрийг өөрийн зүгээс уучлалт хүсэж сэтгэл санааны хохирлоос бусад зүйлийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хоёр дүүг минь бодож надад оногдуулсан ял шийтгэлээс хасаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа бөгөөд хамт хэрэг хийсэн Х, Д нарыг хийсэн хэргээ нэг нэгэн рүүгээ чихэлгүй, мэдүүлгээ үнэн зөв өгөөд гомдол хохирлуудаа барагдуулж хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаад, оногдуулсан ял шийтгэлийг дор бүрнээ тунгаагаад өөрсдөө үйлдсэн, оролцоогоо хүлээгээд оногдуулсан ял шийтгэлээс бага ч болов хасаж өгнө үү гэж гуйхыг хүсч байна. Иймд надад оногдуулсан ялаас хасаж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Т.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй. Шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Прокурор Б.Эрхэмбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Х, Б.Д, С.Б нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдыг алсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар нь өөрийн хийж буй үйлдлийн нийгэмд аюултай, түүнээс үүсэх хор уршгийг ухамсарласан хэдий ч зориуд хүргэсэн, гэнэт санаатай сэдлээр үүссэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон буюу материаллаг хор уршиг учирсан. Шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн зүйлчилсэн нь хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчлахдаа 2 буюу түүнээс дээш хүн оролцсон байх ёстой бөгөөд тэдний үйл ажиллагаа нэгдсэн шинжтэй байх, хамтран гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн гэж үздэг. Тийм учраас үүнийг ердийн хамтран оролцсон буюу зохион байгуулалттай гэмт хэргээс ялгаж үзсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай хамтран оролцсон бүлэг байна гэж үзэж байгаа. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-т заасан хуулийн шаардлагыг хуульчлахдаа нэг үндсэн шинж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол нөхөн төлсөн байхыг шаарддаг. Үүнийг хэрэглэж болохгүй 2 үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт гэмт этгээд гэм буруугаа огт хүлээн зөвшөөрдөггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүх таслах ажиллагаанаас өмнө хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанаас эхлэн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор явуулж, өөрийн үйлдсэн гэмт хэргээ ухамсарлах, түүнээс учруулсан хохирол, хор уршгийг арилгасан байхаар хуульчилсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахад гэм буруугаа огт хүлээгээгүй байсан. Хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтад тулгуурлан ял шийтгүүлснийхээ дараа гэм буруугаа хүлээсэн гэдгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт учруулсан хохирол бүрэн арилаагүй, зөвхөн хор уршиг арилсан. Өөрөөр хэлбэл хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх нь сэргэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Д, Н.Х, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлтийг хангаагүй гэсэн үндэслэлтэй байсан. Ийм байр суурьтай байсан гол үндэслэл нь Б.Д нь анхан шатны шүүх хуралдаан дуусах хүртэл гэм буруугаа хүлээдэггүй байсан. Би түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж байгаа учраас өөрийн үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлыг дагаж ажиллах нь зүйн хэрэг. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа болон давж заалдах гомдол гаргасны дараа хэргийн нөхцөл байдлын талаар түүнтэй уулзаж ярилцсан. Ярилцсаны үндсэн дээр Б.Д өөрийн гэм буруугаа хүлээхээр болсон нь хэн нэгний дарамт шахалтаас болоогүй, өөрөө гэм буруугаа хүлээж ухамсарласан гэж ойлгож болно.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлоо өөрчилж байна. Өөрчилж байгаа үндэслэл нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, эсрэг сонирхолтой этгээдүүдийн өгч байгаа мэдүүлэг эрс зөрүүтэй байгааг техник хэрэгсэл ашиглаж тогтоох ёстой гэж Улсын дээд шүүхийн тогтоолд заасан боловч гэмт хэргийг шалгах практикт тэр техник хэрэгсэл нь нэвтрээгүй байгаа юм байна. Үүнийг гомдол гаргасныхаа дараа мэдсэн. Б.Дийн хүсэлт болон хэрэг шалгагдах нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах гомдлоосоо татгалзаж байна. Шүүгдэгч Б.Д анхнаасаа бид 3 хэрэг хийчихлээ гэдгээ хүмүүст ярьж байсан. Сүүлдээ янз бүрийн хүмүүсийн шахалтаар ийм байдалд орсон. Одоо би бүгдийг ойлгож ухамсарлалаа, хуультай тэрсэлдэх зүйл байхгүй учир оногдуулсан ялаа шударгаар хүлээе гэдэг.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэн нөгөө хоёр шүүгдэгчээс илүү буюу ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан гэж үзэж байгаа. Уг хэрэг Б.Доос шалтгаалаагүй, өөр хүчин зүйлээс шалтгаалсан. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байна. Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцүүд буюу шүүгдэгч яллагдагчийн эрх зүйн байдлын тухай конвенцид хэрэв шүүгдэгч нь гэм буруугаа бүрэн хүлээж байгаа бол түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой талаар тусгасан.

Прокуророос гэм буруугаа хүлээнэ гэдэг бол зөвхөн мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн байх ёстой гэж дүгнэж байгаа нь хуулиар зохицуулагдаагүй. Хууль хэрэглэж байгаа хүмүүс хуульд юу гэж заасан түүнийг дагах ёстой. Гэтэл гэм бурууг зөвхөн мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн тохиолдолд гэм буруугаа хүлээсэн гэж үзнэ гэх зүйл заалт байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээнэ гэдэг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэрэглэдэг нэр томьёо юм. Хүн гэм буруугаа хэдийд ч хүлээж болно. Заавал хэрэг эхэлж байхад гэм буруугаа хүлээвэл хүлээж байгаа явдал түүнээс хойших нь хэргээ хүлээж байгаа хэрэг биш гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. Энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хүний амь насыг хохироож хэзээ ч нөхөж болохгүй гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хохирогчийн амь насыг сэргээж болохгүй учраас хохирол төлөгдөөгүй гэж үзнэ гэж байна.

Хуульд тийм шаардлага байхгүй. Хамгийн гол нь гэм буруугаа хүлээсэн байх, хохирлоо төлсөн байх зэрэг л гол асуудал. Хэдий хүний амь нас хохироосон ч хүний нэр төрийг хүндэтгэх Олон улсын конвенци, Үндсэн хуулийн заалттай. Мөрдөн байцаалтын шатанд үнэнээ хэлээгүй учраас хатуу чанга ял өгөх ёстой гэж дүгнэх нь боломжгүй буюу хуулиар зохицуулагдаагүй асуудал юм. Нэгэнт шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байхад хүнийг алагчилж болохгүй. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирлыг төлсөн, хохирогч шүүгдэгч нарыг уучилж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Д-д оногдуулсан ял шийтгэлээс хасаж 12 жилээс хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.Х-н өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Н.Х-н гаргасан гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нарыг хувь хүнийх нь үүднээс үзэхэд Н.Х-н хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол танилцуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Прокурорын тайлбарлаад байгаа гэм буруугийн асуудлыг мөрдөн байцаалтын шатанд буюу анхан шатнаас нь зөвшөөрсөн байна гэдэг шаардлага Н.Х-н хувьд хангасан. Гэхдээ гэм буруугийн асуудлыг аль ч шатны шүүхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-т заасныг журамлан Н.Х-д оногдуулсан ял шийтгэлээс хасах бүрэн боломжтой байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 12 жилээс доошгүй хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор хохирол, хор уршгийн талаар тайлбарлаж байна. Үүнийг хуульд тодорхой заасан байгаа. Мөн хохирогч гомдол саналгүй, эдгээр хүмүүсийг харж үзээч гэсэн хүсэлт гаргасан буюу эдгээр хүмүүсийн эдлэх 12 жилийн хорих ялд хор уршиг багтаж байгаа гэсэн ойлголтыг өгч байна. Үүгээр хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй талаар хуульд шууд заагаад өгчихсөн байгаа. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлд заасан 12-20-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. С.Б-н хувьд анхнаасаа хэргээ хүлээдэг. Хүний амь насыг сэргээх боломжгүй, гэхдээ хор уршиг арилсан байна гэж үзэж байна. Хор уршиг арилсан шинж нь юугаар илэрдэг гэхээр хохирогчийн өөрийнх нь хүсэлтээр илэрнэ. Хохирогч өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ өгсөн байна. Энэ хүмүүсийн цаашдын нийгэмд гарах нөлөөллийг хэргийн оролцооны шинж чанараас шалтгаалж хуульд заасан бага ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.

 

 Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байгаа. Би хэрэг гарах үед талийгаачийн цус нөжийг нь угааж, тусламж үзүүлж байх үед амьсгал нь мэдэгдэхгүй байхаар нь талийгаачийг сэрээх гэж хиймэл амьсгаа хийсэн ч гарынх нь судас цохилохгүй байхаар нь үхчихлээ гэж бодоод нэгэнт үхчихсэн юм чинь гээд галыг нь асаасан. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхөд итгэхгүй байхаар нь хэргээ хүлээхгүй байж болохоор юм байна гээд хэрэг хийгээгүй гэж хэлсэн. Уучлаарай миний буруу. Би өмнө нь гэм буруугаа хүлээгээгүй ч гэсэн талийгаачийн амь насыг аварч чадаагүйдээ маш их гэмшиж чадах чинээгээрээ хохирол барагдуулсан. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Иймд надад оногдуулсан ялаас хасаж өгнө үү, би сайн хүмүүжиж чадна гэв. 

 

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Би цаашид сайн хүмүүжих болно. Дахин ийм хэрэг хийхгүй. Хоёр дүүг маань бодоод надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Д, Н.Х болон шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

  Өндөр овогт Батсайханы Д, Баатар мээрэн овогт Нэргүйн Х, Толин овогт С-н Б нар нь бүлэглэн согтуурсан үедээ онц харгис хэрцгийгээр 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хорооллын 5-42 тоот хашаанд, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага цавчран” гэх газарт тус тус хохирогч Н.Э-г цохих, өшиглөх, мотоциклиор мөргөх, хоолойг нь боох зэргээр зодож биед нь нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэн хохирогчийн биеийг шатааж, химийн бодисын хурц хордлого, түлэгдэлийн улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан алсан болох нь хохирогч Т.Ц, гэрч С.Ш, Ц.М, Ц.Ш, Д.С, С.О, Г.Ч, А.Д, Ц.У, А.Э, Б.Р, Т.Э, шинжээч Э.Хүрэлсүх, Б.Гантуяа нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4353, 4354, 4355, 4365, 4366, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 3857,  4051, 4052, 4053, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4060, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 4351, 4352, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4628, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 54, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25, 26, 27, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35, 36 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэл, хэргийн газар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Б.Д, Н.Х, С.Б нарыг нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарыг уг гэмт хэрэгт гэм буруутай байгаа талаар дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х, С.Б нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн байдал, шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг оногдуулсан гэх боловч шүүгдэгч нарын уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоо нь ялыг ялгамжтай оногдуулахааргүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлыг хүлээн авч шүүгдэгч Б.Дид анхан шатны шүүхээс оногдуулсан 20-н жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн 18-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Н.Х С.Б нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Н.Хын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар шүүгдэгч нарыг хорих ангиас цагдан хорих байранд авчирсан зардал гэх 542640 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт олгохоор анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ДШМЗ/30 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Монгол Улсын Дээд Шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 585 дугаартай тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн учир давж заалдах шатны шүүхийн магадлал гарангуут хорих ангиудад хүргүүлсэн байсан шүүгдэгч нарыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор буцаан авч ирэхэд гарсан замын зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэн  шүүгдэгч нараас гаргуулан Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт олгохоор  анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаар хуульчилсан ч дээрх зардал нь шүүгдэгч нарын буруугаас учраагүй тул уг зардлыг гаргуулах нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох эсэхийг шүүх шийдвэрлэх байтал хорих ангиудаас гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэж шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нарын цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн, цагдан хоригдсон хугацаа гэж тус тусад нь тооцож байгаа нь буруу байгаа хэдий ч шүүгдэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй учир үүнтэй холбоотой шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

а/ 3, 4 дэх заалтын “20 жилийн хугацаагаар” гэснийг “18 жилийн хугацаагаар” гэж өөрчлөн,

 

б/  9 дүгээр заалтыг хасаж, 10, 11, 12, 13, 14 дүгээр заалтыг 9, 10, 11, 12, 13 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Д, С.Б, Н.Х нарын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ЭНХМАА

                ШҮҮГЧИД                           Л.НЯМДОРЖ

                                                                                    Т.ДАВААСҮРЭН