Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

  Нарийн бичгийн дарга                                   Б.Алтансүх

Улсын яллагч                                                  Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат, 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  хүнд машин мехнизмын засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1,  Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг Ганзам 7-21 тоотод оршин суух,  Хан өндөр овогт Алтанцэцэгийн Бат-Эрдэнэ /РД:ЕЦ91062215-т холбогдох эрүүгийн 201710010104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Баярбилэгтэй маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Батсайханы гэрт очсон тэнд очиход Энхмаа, Батсайхан, Чинбат, Баярбилэг нар байсан бөгөөд тэд нар архи уусан бололтой байсан. Тэндээс гараад буцаж очихоор явахад явсан замаа олохгүй төөрч нилээн явсан тэгэхэд машины гэрлээр дохиод Баярбилэг, Энхмаа нар Баярбилэгийн машинтай өөдөөс хүрч ирсэн. Баярбилэг архи хийж өгөхөөр нь би уугаагүй. Баярбилэг согтоод над руу дайраад намайг заамдаад нүүрлүү нь 2, 3 удаа цохиод намайг гараад эр хүн шиг сайхан зодолдчихъё гээд машинаас буусан.  Буухад дахин намайг цохихоор нь би нэг цохиход газар унасан. Тэгэхээр нь нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би бүрэн бус дунд боловсролтой гэдэг боловч сургуульд бараг сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ зурдаг төдий байдаг. Анх байцаалт өгөхдөө бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй гэдгээ хэлэхэд байцаагч надад өөрөө уншиж өгөөд гарын үсгээ зур гэсэн. Мөн яллах дүгнэлтийг хүнээр уншуулсан...гэв.

Хохирогч Б.Баярбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.....Би 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сум Хонгор морьт гэх газарт Батсайхан гэх айлаас Энхмаа бид хоёр мал авах гэж очоод Батсайхан, Чинбат бид гурав нийлж 0,75 литрийн Ерөөл архи 2 шилийг хувааж уусан. Архи ууж байхад буюу 01 цагийн орчим Бат-Эрдэнэ Батсайханы гэрийн утас руу залгаж сумын төвөөс очиж байна тосож аваарай гэхээр нь би найз Энхмаагийн хамт Бат-Эрдэнийг тосоход...Еолк гэх хүүхэдтэй хамт ирсэн ба намайг ямар удаан ирдэг юм замдаа төөрсөн, хурдан тосохгүй яасан юм гээд уурлаж байсан. Тэгээд Батсайханы гэрт Бат-Эрдэнэ бид хоёр ширээний хоёр талд сууж байсан...Бат-Эрдэнэтэй маргалдсан ба Бат-Эрдэнэ намайг хурдан тосож авсангүй гээд үг болон үйлдлээрээ илэрхийлэн хоорондоо маргалдсан...Батсайхан, Энхмаа 2 бид хоёрыг салгаж одоо харь гээд гэрээсээ гаргасан, бид нар сумын төврүү миний машинаар явцгаасан...явах замдаа БатЭрдэнэ зодолдох уу, чи барахгүй шүү гэх мэт үг хэллэг хэлж хоорондоо маргалдсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр машинаас буугаад нэг нэгийгээ заамдалцаад зогсож байсан... нэг сэрэхэд миний хамар амнаас цус гарсан байсан...”гэжээ /хx-ийн 21-р тал/

Насанд хүрээгүй гэрч Э.Еолк мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай хөрш Бат-Эрдэнэ ах аавын мотоциклыг гуйгаад юманд яваад ирье гэсэн аав, ээж хоёр намайг цуг яв гэсэн тэгээд Бат-Эрдэнэ ах бид хоёр аавын мотоциклтой дэлгүүрээс 2 шил архи аваад...Батсайхан ахын гэрт очсон тэнд очиход Энхмаа эгч, Батсайхан ах, Чинбат ах, Баярбилэг ах нар байсан бөгөөд тэд нар архи уусан бололтой байсан Бат-Эрдэнэ ах бид хоёр сумын төвөөс авсан архиа өгчихөөд буцаад сумын төв рүү явж манай мотоциклыг гэрийн гадна үлдээчихээд Бат-Эрдэнэ ах явсан...Бат-Эрдэнэ ах дахиж аавын мотоциклыг гуйсан...Бат-Эрдэнэ ах бид хоёр Батсайхан ахын гэрлүү дахин явсан замаа олохгүй төөрч нилээн явсан тэгэхэд машины гэрлээр дохиод Баярбилэг, Энхмаа нар Баярбилэгийн машинтай өөдөөс хүрч ирсэн Баярбилэг, Энхмаа нар согтуу байсан Баярбилэг Бат-Эрдэнэ ахад хандаж “ мотоциклио үлдээчих Батсайхан ахын гэр рүү миний машинтай явчихъя” гэсэн бид дөрөв Батсайхан ахын гэрт очиход Батсайхан, Чинбат нар согтоод унтчихсан байсан Баярбилэг машин дотроосоо нэг шил архи гаргаж ирээд Баярбилэг ах, Энхмаа эгч нар уусан БатЭрдэнэ ахад хийж өгөхөд тэр уухгүй байсан. Баярбилэг ах Бат-Эрдэнэ ах хоёр хоорондоо муудалцаж Баярбилэг ах Бат-Эрдэнэ ахыг заамдаад нүүрлүү нь 2, 3 удаа цохиод хоорондоо зууралцаад ноцолдсон тэгэхэд Чинбат ах босож ирээд тэр хоёрыг салгаад та нар гарцгаа гэж хөөсөн тэндээс гараад Баярбилэг ахын машинтай мотоциклио үлдээсэн газар руу явж байх замдаа Бат-Эрдэнэ ах, Баярбилэг ах хоёр дахин муудалцсан Баярбилэг ах Бат-Эрдэнэ ахыг хоёулаа гараад эр хүн шиг сайхан зодолдчихъё гээд машинаас буусан тэр хоёр машинаас буугаад хоорондоо заамдалцахад нь би тэр хоёрыг салгах гэхэд дийлэхгүй байсан Баярбилэг ах Бат-Эрдэнэ ахыг хоёр удаа цохиж байх шиг харагдсан тэгэхэд БатЭрдэнэ ах пизда минь гээд зөрүүлээд нүүр рүү нь цохиход Баярбилэг ах газар унасан ба Бат-Эрдэнэ ах түүний нүүр рүү нь өшиглсөн Бат-Эрдэнэ ах намайг явъя гээд дагуулаад явсан...Баярбилэг ах, Бат-Эрдэнэ ах нар хоорондоо муудалцаад зууралцаж, ноцолдож байгаад ширээг нь өшиглөөд унагаачихсан тэгэхэд Чинбат ах сэрээд явцгаа, гарцгаа гээд хөөгөөд байсан Чинбат ах тэр хоёрын дундуур орж салгасан түүнээс биш Бат-Эрдэнэ ахтай нийлж Баярбилэг ахыг цохиж зодсон асуудал байхгүй...” гэжээ /хx-ийн 45-46-р тал/ зэрэг болно.

Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Бат-Эрдэнийг 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Баярбилэгтэй маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...Би өнөөдөр л шүүгдэгчийн хүсэлтээр энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Гэтэл шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэдэхгүй байхад өмгөөлөгч ороцуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан заалтыг зөрчсөн тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах, эсхүл хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү”  гэсэн саналыг гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь “... надад өмгөөлөгч авах талаар хэлээгүй. Намайг бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй гэхэд байцаагч өөрөө уншиж өгөөд гарын үсгээ зур гэсэн”  гэж мэдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь бичиг үсэг мэдэхгүй талаараа хэлээгүй, гарын үсгээ зурж чаддаг” гэсэн тайлбарыг гаргаж байна.

2015 оны Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах тухай заасан ба гэм буруугийн асуудал хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг буцаах тухай хуулийн зохицуулалт байхгүй байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...монгол хэл, бичиг мэдэхгүй” сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй талаар заасан.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Бат-Эрдэнээс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр авсан тайлбар,  2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар авсан мэдүүлгээр шүүгдэгчээс монгол хэл, бичиг мэдэх эсэхийг асууж тодруулаагүй, өмгөөлөгч авах эрхтэй талаар тайлбарлаж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 2,  7.6 дугаар зүйлийн 1,3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Улсын яллагч “...шүүгдэгч нь бичиг үсэг мэднэ, гарын үсгээ зурж чаддаг” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч А.Бат-Эрдэнийг хэддүгээр анги төгссөн, бичиг үсэг мэдэх эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар асууж тодруулаагүй ба шүүгдэгч нь өөрийгөө бичиг үсэг мэдэх эсэх талаараа нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мөрдөгч болон прокурор энэ талаар нотлох үүрэгтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба шүүгдэгч А.Бат-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан заалтыг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй  тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалтын дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Хан Өндөр овогт Алтанцэцэгийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201710010104 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

3. Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ        Л.БАТЖАРГАЛ