Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 01125

 

Д.Б, Х.Д нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00757 дугаар шийдвэртэй Д.Б, Х.Д нарын нэхэмжлэлтэй ИНЕГ-т холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, түүний өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б, Х.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ИНЕГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дугаартай ИНЕГ-ын даргын тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Х.Д нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ИНЕГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд томилогдон ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/35 дугаартай ИНЕГ-ын даргын тушаалаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Улмаар бид шударгаар хөдөлмөрлөх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 тоот шийдвэр гарч Д.Б, Х.Д нарыг тус тус нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах тухай шийдвэр гарсан боловч хариуцагч давж заалдаж 2018 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 712 дугаар магадлал, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01210 тоот тогтоолуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр эцэслэн гарсан. ИНЕГ  нь энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул тус шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2018/13137 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 183/ГХ2018/01186 дугаартай гүйцэтгэх хуудас гарч хариуцагчид хүргүүлсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг яаралтай гүйцэтгэхгүй байсаар дээрх гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилгүй байсан хугацааны олговорт Д.Бт 19 415 055 төгрөг, Х.Д-д 17 267 162 төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд одоог хүртэл урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 280 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 26 010 600 төгрөгийг Д.Б-т /нэг өдрийн цалинг 92 895 төгрөгөөр тооцсон/, 23 133 040 төгрөгийг Х.Д-д нэг өдрийн цалинг 82 618 төгрөгөөр тооцсон/ тус тус гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн Д.Б би Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбараас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №2018/000281/0023 тоот цалингийн гэрээ болон цалин барьцааны гэрээг байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж цалингүй болсноос үүдэж, цалингийн болон зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл гаран надад хохирол учирч, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Дорнод салбараас шүүхэд хандаж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00307 дугаартай Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар миний бие үндсэн хүүгийн үлдэгдэл 1 209 916.95 төгрөг, нотариатын зардалд 2500 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 793 368.42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 148 149.50 төгрөг, нийт 2 153 935 төгрөг төлж бодит хохирол учраад байна. Хэрэв би ажилтайгаа байсан бол уг хохирол учрахгүй цаг тухайд нь цалингийн зээлээ цалингаасаа төлөөд явах боломжтой байсан. Иймд Д.Бт 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 280 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 26 010 600 төгрөг, хохирол 2 153 953 төгрөг, нийт 28 164 553 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 Х.Д нь Увс аймгийн Хаан банкны салбараас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201642870839 тоот зээлийн гэрээ байгуулан 18 600 000 төгрөгийг 35 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлдэж сар бүр зээлийн төлбөрөө төлөөд байж байтал 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, банкнаас авсан зээлээ зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1079 тоот захирамжаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 150 043 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 169 807 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 133 255.17 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг төлөхөөр болсон. Зээлийн төлбөрийг төлж чадахгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Увс аймаг дахь “Хаан банк” ХХК-ийн зээлийг буцаан дуудах мэдэгдэлд зээлийн хүү 3 447 779,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 206.43 төгрөг, тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 3 636 985.72 төгрөг төлөхөөр байна. Дээрх хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөгүй байсан бол энэхүү бодит хохирол учрахгүй байсан юм. Иймд Х.Д-д анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны  өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлын 280 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 23 133 040 төгрөг, хохирол 3 636 985.72 төгрөг, нийт 26 770 025 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2017 онд 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч нарт цалин бодогдоогүй. Нэхэмжлэгч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гадна хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хохирлын талаар нэхэмжлэгч нар тайлбарлахдаа цалингийн зээл авч, ажлаас чөлөөлөгдсөнөөс үүдэн зээлээ төлөх боломжгүй тул хүүг нэхэмжилсэн. Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн зүйл байхгүй. Зээл авсан этгээд цалин авч байгаа эсэхээс хамааран зээлээ төлөх нь зээлдэгчийн үүрэг юм. Үүнийг биднээс хохирол гэдэг үндэслэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Д.Бийн нэхэмжлэлээс хүүгийн төлбөр 1 209 916.95 төгрөг, хуримтлагдсан төлбөр 593 368.42 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч тал хүү гэдгийг буруугаар ойлгож байна. Хүүг цалин олгогдож байсан эсэхээс үл хамааран зээлийн үндсэн төлбөрийн хамт зээлдэгч төлөх ёстой. Цалин зогссонтой холбоотойгоор хүү илүү бодогдож, нэмэгдэж хохирол учруулсан зүйл байхгүй. Уг цалин олгоогүйтэй холбогдох бодит хохирол биш юм бөгөөд шүүх хууль зүйн талаас шийдэх учиртай. Х.Долгорсүрэнгийн хувьд мөн адил. Түүний зээлийн хүүгийн төлбөрт 3 445 799 төгрөг, зээл авсантай холбогдох хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын зээлийн зориулалт ИНЕГ-тай холбоогүй, хөрөнгө оруулалтын зээл гэсэн агуулгатай байна. Нэхэмжлэгч нарын авсан зээлийн хүүг байгууллага хариуцах үндэслэлгүй бөгөөд зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчийн буруугаас үүссэн хохирол гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нар ажилгүй байсан хугацааны цалин олговроо яаж тогтоосон нь тодорхойгүй тул хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхийг хүсч байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ИНЕГ-аас 30 005 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т, 26 685 614 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 1 209 916.95 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 944 036,05 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Х.Д-гийн хохирол 3 636 985,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 772 төгрөг, Х.Д-гийн төлсөн 295 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.Б*аас 78 862 төгрөг, Х.Долгорсүрэнгээс 71 791,2 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 315 025 төгрөг гаргуулан Д.Б-т, 291 378 төгрөг гаргуулан Х.Д-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг хангаагүй байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар талын 3 дахь догол мөрнөөс “...нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас цалингийн зээлийг цааш төлөх боломжгүй болж, улмаар 1 209 916.95 төгрөгийн зээлийн хүү төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, энэ хэмжээгээр хохирсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэхдээ зээлийн хүүг аль хуулийн ямар заалтыг үндэслэж хохирол хэмээн тооцож байгаа нь тодорхойгүй, энэ талаар талуудыг хүлээн зөвшөөрөхүйц, эргэлзээгүй талаас нь үнэлэлт өгч чадаагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь зээлийн хүүг буцаан төлөх нь уг зээлийн гэрээний үндсэн үүрэг болох бөгөөд энэхүү үүргээ шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлсний “хохирол” гэж үзэх үндэслэл биш юм.

Харин гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлсөн бөгөөд энэ нь өөр бусад этгээдийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалсан нь тогтоогдвол буруутай этгээдээс уг хохирол буюу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх боломжтой. Нэхэмжлэлд энэ талаар дурдаагүй, шүүхэд зөвхөн зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээлийн хүүг нэхэмжилснийг шүүх ханган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно. Иймд, нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан хохиролд 1 209 916.95 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.Б, Х.Д нар нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хохирол гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь ИНЕГ-ын даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Дорнод аймгийн нисэх буудлын даргаар, нэхэмжлэгч Х.Д нь ИНЕГ-ын даргын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Нисэх буудлын даргаар тус тус ажилласан. Улмаар ИНЕГ-ын  даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 тоот “Д.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, Б/35 тоот “Х.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар ажлаас чөлөөлж, мөн өдрөөр тасалбар болгон Д.Б, Х.Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02694 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ийг ИНЕГ-ын харьяа Дорнод аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд, Х.Д-г Увс аймаг дахь нисэх буудлын даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  19 415 055 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т, 17 267 162 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д тус тус олгож, нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 712 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01210 тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 12-23 дугаар тал/

ИНЕГ нь шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13137 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 19 415 055 төгрөгийг Д.Б-т, 17 267 162 төгрөгийг Х.Д-д тус тус олгож, харин ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, ажиллуулах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор” заасны дагуу шаардах эрхтэй.

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс энэ өдрийг хүртэл ажилгүй байсан 323 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт Д.Б-т /1 өдрийн цалинг анхан шатны шүүхийн тогтоосон 92 895 төгрөгөөр тооцож 323 хоног х 92895 төгрөг/ нийт 30 005 085 төгрөг, Х.Д-д /1 өдрийн цалинг анхан шатны шүүхийн тогтоосон 82 618 төгрөгөөр тооцож 323 хоног х 82 618 төгрөг/ нийт 26 685 614 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон.

Нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохдоо нэг өдрийн цалинг Д.Б-т 92 895 төгрөг, Х.Д-д 82 618 төгрөгөөр тус тус тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Харин анхан шатны шүүх ажил олгогчоос хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нар хохирол шаардсан үндэслэлээ “...ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөс банкны зээлийн хүү төлж, Д.Бт 2 153 935 төгрөг, Х.Долгорсүрэнд 3 163 80 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан хэдий ч ажлаас үндэслэлгүй чөлөөлөхтэй холбоотой ажилтанд үүсэх эдийн засгийн сөрөг үр дагаврыг хэрхэн арилгах арга хэлбэрийг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэлгүйгээр халж үүргээ зөрчсөн тохиолдолд үр дагаврыг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу арилгах учиртай. Хуулийн энэхүү зохицуулалт нь ажилтанд учирсан сөрөг үр дагавар, хохирлыг арилгахад чиглэгддэг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож байгаа нь ажилтанд учирсан хохирол арилгах чиг үүрэгтэй юм. Ажил олгогчоос нэхэмжлэгч нарт ажилгүй байсан хугацаанд Д.Бт 30 005 085 төгрөг, Х.Долгорсүрэнд 26 685 614 төгрөгийг тус тус олгосноор ажилтанд учирсан хохирлыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 209 916.95 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай байх бөгөөд уг хохирол, ажлаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр хоорондын шууд шалтгаант холбоо байхгүй тул Иргэний  хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэгч Д.Б-ийн хохирол 2 153 953 төгрөг болон нэхэмжлэгч Х.Д-гийн хохирол 3 636 985.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “315 025” гэснийг  “307 975” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                         Б.НАРМАНДАХ