Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, Д.И нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Д.И /онлайнаар/, түүний өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Г.Б, Д.И нарт холбогдох 2016001780060 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ДЮ.............. регистрийн дугаартай, Х овогтой Г.Б.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Логистик менежмент мэргэжилтэй, ам бүл 5 аав, ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6- ... тоотод түр оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДО........... регистрийн дугаартай, А овогтой Д.И.

 

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Э-ыг “машиныг авъя, 3 хоногийн дараа мөнгийг нь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6,000,000 төгрөгийн үнэтэй хөх өнгөтэй, 28-26 УБЦ улсын дугаартай, “тоёота харрер” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирогч Ц.Э-т 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

 

Шүүгдэгч Г.Б, шүүгдэгч Д.И-той бүлэглэн хохирогч Б.Э-ийг “машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, зээл аваад машины мөнгийг 3 хоногийн дотор өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөлөг өнгөтэй, 17-47 ГАҮ улсын дугаартай, “ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирогч Б.Э-т 6.000.000 төгрөгийн хохирол учруулан залилан улмаар тэр өдрөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын багт “Сувдан Арвай” нэртэй ломбардын үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.О-ээс 384,000 төгрөгийн хүүтэй, 3,200,000 төгрөг аваад “ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Ч.О-т 3,584,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

 

Шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Прадо-95 маркийн 98-50 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 13 сая төгрөгөөр бодож авья, 3 хувааж буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 6 сая төгрөгийг хоорондоо тохиролцож, 14.000.000 сая төгрөгийн үнэ бүхий саарал өнгөтэй, 98-50 ГАҮ улсын дугаартай Тоёота Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, авч хохирогч Ч.Б-д 14.000.000 төгрөгийн хохирол залилан улмаар тэр өдрөө иргэн Б.Ч-т 5.500.000 төгрөгөөр зарж иргэний нэхэмжлэгч Б.Ч-т 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Г.Б, А овогт Д.И нарт холбогдох 2016001780060 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон сольж болохыг шүүгдэгч Г.Б-д сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Д.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний нэхэмжлэгч С.Ч-ийн нэхэмжилсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгөөс 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Г.Б-с гаргуулж, бусад нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 98-50 ГАҮ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгон, авто машиныг хохирогч Ч.Б-д буцаан олгож, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Б би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Х овогтой Г.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Жаргалант апартментийн 2-45 тоотод оршин суух хаягтай хохирогч Ц.Э-ыг “машиныг авъя, 3 хоногийн дараа мөнгийг нь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6.000.000 төгрөгийн үнэтэй хөх өнгөтэй, 28-26 УБЦ улсын дугаартай, Тоёота Харрьер маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан,

Х овогт Г.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Прадо-95 маркийн 98-50 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 13 сая төгрөгөөр бодож авья, 3 хувааж буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5 сая төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл 6 сая төгрөгийг хоорондоо тохиролцож, 14.000.000 сая төгрөгний үнэ бүхий саарал өнгөтэй, 98-50 ГАҮ улсын дугаартай Тоёота Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, авч залилсан,

 

А овогтой Д.И нь өөрийн нөхөр болох Г.Б-тэй бүлэглэн хохирогч Б.Э-ийн “машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, зээл аваад машины мөнгийг 3 хоногийн дотор өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6.000.000 төгрөгийн үнэтэй мөнгөлөг өнгөтэй, 17-47 ГАҮ улсын дугаартай, Ниссан Экс трайл маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан улмаар тэр өдрөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт “Сувдан Арвай" нэртэй ломбардны үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.О-ээс 384,000 төгрөгийн хүүтэй, 3,200,000 төгрөг аваад Ниссан Экс Трайл маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж иргэний нэхэмжпэгч Ч.О-т 3,584,000 төгрөгийн хор уршиг учруулсан хэрэгт холбогдсон.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Б, Д.И нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Г.Б, Д.И нар нь бүлэглэн хохирогч Б.Э-ийн машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, зээл аваад машины мөнгийг 3 хоногийн дотор өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6.000.000 төгрөгийн үнэтэй мөнгөлөг өнгөтэй, 17-47 ГАҮ улсын дугаартай, “Ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирогч Б.Э-т 6.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилан, улмаар тэр өдрөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт “Сувдан Арвай” нэртэй ломбардын үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.О-т 384.000 төгрөгийн хүүтэй 3.200.000 төгрөг аваад “Ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж иргэний нэхэмжпэгч Ч.О-т 3.584.000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх үйлдлийг шүүх “гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ. Тодруулбал: 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Д.И нь Б.Э-ийн өмчлөлийн 17-47 ГАҮ улсын дугаартай, “Ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж үнийг нь гарган өгөхөөр харилцан тохиролцож нэрийг шилжүүлэн аваад 1 сая төгрөг төлсөн боловч зээлийн асуудал шийдэгдээгүй тул автомашиныг нь буцаан өгсөн үйл баримт нотлох баримтуудаар тогтоогджээ. Тодруулбал: хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Д.И нь худалдан авах гэж буй автомашинаа зээлийн барьцаанд тавин зээл авч үнийг нь төлөхөөр харилцан тохиролцож авсан боловч банкнаас авах зээл бүтээгүйгээс шалтгаалан машины үнийг төлж чадаагүй байх ба үүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хэлцлийн хүрээнд хийсэн шүүгдэгч Д.И-ын үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь Д.И-ын болон бусад хүмүүсийн хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна. Мөн уг харилцаа нь иргэний эрх зүйн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гэрээний үүрэг буюу хариу төлбөр хийх үйл ажиллагаанд доголдол гарсны улмаар гэрээ цуцлагдсан үйл явц байх тул үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй гэж үзэж шүүх А овогтой Д.И нь өөрийн нөхөр болох Г.Б-тэй бүлэглэн хохирогч Б.Э-ийн машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, зээл аваад машины мөнгийг 3 хоногийн дотор өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөлөг өнгөтэй, 17-47 ГАҮ улсын дугаартай, Ниссан Экс трайл маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан улмаар тэр өдрөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт “Сувдан Арвай” нэртэй ломбардын үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.О-ээс 384,000 төгрөгийн хүүтэй, 3,200,000 төгрөг аваад Ниссан Экс Трайл маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Ч.О-т 3,584,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх үйлдлийг Залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх Д.И, Г.Б нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Шүүгдэгч Д.И, Г.Б нар нь Говь-Алтай аймгийн Хаан банкны салбарт хэрэглээний зээл хөөцөлдсөн гэх баримт материал хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед зээл хөөцөлдсөн, судлуулсан материал гаргаж өгч шинжлэн судлуулаагүй бөгөөд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э нь “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн эзэмшлийн 17-47 ГАҮ улсын дугаартай авто машинаа фейсбүүк орчинд 6.000.000 төгрөгөөр зарахаар зар тавьчихсан байхад Г.Б гэгч залуу зарын дагуу яриад машиныг чинь үзье гээд эхнэр Д.И гэх эмэгтэйтэй цуг ирсэн. Ингээд миний машиныг эхнэр болох Д.И нь үзчихээд энэ их гоё машин байна эгч надад машинаа зарчих би нялх нойтон хүүхэдтэй болохоор надад тохирох юм байна та бичиг баримтыг нь миний нэр дээр болгоод өгчихөөч би танд зээл авч мөнгийг чинь өгье гэж хэлээд бэлэн 6.000.000 төгрөгт өгч авалцахаар болсон юм. Ингээд маргааш нь авто тээвэр дээр очоод Д.И-ын нэр дээр машиныхаа бичиг баримтыг шилжүүлсэн ба бичиг баримт сольсон оройноо миний 5336011095 дугаарын Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг хийгээд үлдэгдэл мөнгийг нь 3 хоногийн дараа өгөхөөр тохироод явсан ба энэнээс хойш мөнгө хөөцөлдөж байна, нэг болохоор хөдөө явж байна гээд худлаа хэлээд сүүлдээ зугтаагаад утсаа авахгүй болохоор нь гэрийнх нь үүдэнд отож хүлээж байгаад машин тэргээ салгаж авсан юм. Эхнэр нь өөрийнхөө нэр дээр болгуулж авна, надад таалагдаж байна гэж өөрөө авсан. Хажууд нь нөхөр болох Г.Б нь цуг дагаж явсан юм. Энэ хоёр хоёулаа их худалч, зальжин, хүний юмыг залилсаар байгаад сурчихсан хүмүүс байна лээ...энэ машин миний эзэмшлийнх, хадам аав Г.Н зараад өг гэж хэлээд 2020 оны хавар 6 сард өгсөн ба би унаж байгаад зарагдахгүй болохоор нь аавдаа 6.300.000 төгрөгийг бэлнээр өгчхөөд өөрөө тэгж байгаад зараад мөнгөө гаргаж авъя гэж бодсон юм. Бичиг баримт нь аав Г.Н-н нэр дээр байдаг юм. Манай аавынх аймгийн төвөөс урагш 3 км-т нутагладаг 80 гарсан хөгшин настай хүн байдаг юм...Бэлэн 6.000.000 төгрөгт эхнэр болох Д.И нь авахаар болоод, зарахаар ярьж тохирсон юм...миний машины урд гуперыг хагалсан, босоо тэнцүүлэгч, амаржиныг нь дуу оруулсан байсан юм. Ийм учраас өгсөн нэг сая төгрөгийг нь дээрх эвдэлсэн эд зүйлсийг засуулахаар авч үлдсэн...Би тухайн үед миний машиныг ломбарданд тавьсныг мэдээгүй. Д.И нь анх авахдаа банкинд эд хөрөнгө болгоод нэмэлтээр бүртгүүлээд тавих гэсэн юм. Хэрэглээний зээл хөөцөлдөөд зээл өнөө маргаашдаа аймгийн төв банкин дээр бүтэх гэж байгаа юм гэхээр нь танай зээлийн эдийн засагч чинь хэн юм бэ гэтэл эхнэр нь эдийн засагчаа хэлж чадахгүй гацаад байсан юм...” гэх мэдүүлэг өгсөн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд Залилах гэмт хэргийг хуульчилсан ба 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэсэн шинжийг хуульчилж өгсөн байна.

Шүүгдэгч Д.И, Г.Б нар нь анхнаасаа Хаан банкинд хэрэглээний зээл авах талаар судлуулж зээл авах талаар эдийн засагчтай уулзаж болзол хангаж байгаа эсэх талаар ярилцсан зүйл байхгүй бөгөөд Д.И, Г.Б нар нь байр худалдан авч байрны урьдчилгааг хүмүүсээс зээлж төлсөн бөгөөд байрны зээлтэй байсан байна. Шүүгдэгч Г.Б нь ямар нэгэн ажил эрхэлдэггүй бөгөөд тухайн байр нь иргэн Д.И-ын нэр дээр байдаг тул Д.И-д дахиж хэрэглээний зээл гарах боломжгүй нөхцөл байдал байсан. Тиймээс шүүгдэгч нар нь анхнаасаа хохирогч Б.Э-ийн тээврийн хэрэгслийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч Б.Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, ломбарданд тавьж залилсан нь иргэд хоорондын гэрээгээр хүлээсэн иргэний эрх зүйн маргаан биш бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийн Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна.

Шүүхийн зүгээс хэлцлийн хүрээнд хийсэн шүүгдэгч Д.И-ын үйлдлүүдийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь Д.И-ын болон бусад хүмүүсийн хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна. Мөн уг харилцаа нь иргэний эрх зүйн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гэрээний үүрэг буюу хариу төлбөр хийх үйл ажиллагаанд доголдол гарсны улмаар гэрээ цуцлагдсан үйл явц байх тул үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй дүгнэлт болсон байна гэж үзэж байна.

Шүүгдэгч Д.И, Г.Б нар нь урьд өмнө “Сувдан Арвай” ламбарданд өөрийн зурагт, бусад ээмэг зүүлт, бөгж гэх мэт зүйлүүдийг барьцаанд тавьсан байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Шүүгдэгч Д.И, Г.Б нар нь хохирогчид Хаан банкинд хэрэглээний зээл хөөцөлдөж байна 2-3 хоногийн дотор бүтэх гэж байна таны машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн барьцааны хөрөнгөд тавьж зээл гаргуулаад өгье гэж бодит байдлыг нуух далдлах буюу өөрөө өөртөө байдлаа нуун далдалж, бодит байдалд биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр хохирогчид итгүүлж хохирогч Б.Э-ийн эзэмшлийн 17-47 ГАҮ улсын дугаартай, “Ниссан экс трайл” маркийн тээврийн хэрэгслийг авч тухайн өдрөө Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сувдан Арвай” нэртэй Ломбарданы эзэн болох Ч.О-т 3.200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд тус мөнгөнийхөө 2.328.000 төгрөгийг 5920034028 дугаарын дансаар авч үлдсэн 672.000 төгрөгийг бэлнээр авсан. Тус өдрийнхөө орой дахин 200.000 төгрөг зээлж авъя гээд эхнэр Д.И-хоо 5920034028 дугаарын данс руу мөнгө хийлгэж авсан. Мөн тухайн мөнгөнөөсөө телевиз, мөнгөн эдлэлээ буцаан авсан болох нь тогтоогдож байна.

Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч А овогтой Д.И нь өөрийн нөхөр болох Г.Б-тэй бүлэглэн хохирогч Б.Э-ийг “машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, зээл аваад машины мөнгийг 3 хоногийн дотор өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс 6,000,000 төгрөгийн үнэтэй мөнгөлөг өнгөтэй, 17-47 ГАҮ улсын дугаартай, Ниссан Экс трайл маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан улмаар тэр өдрөө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт “Сувдан Арвай” нэртэй ломбардын үйл ажиллагаа явуулдаг иргэн Ч.О-ээс 384,000 төгрөгийн хүүтэй, 3,200,000 төгрөг аваад Ниссан Экс Трайл маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Ч.О-т 3,584,000 төгрөгийн хор уршиг учруулсан үйлдлийг бүрэн шалгаж тогтоосон байхад шүүгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинж болох Зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Э-ийн автомашин эзэмших эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргааны шинжтэй байна гэж зөвхөн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Д.И, Г.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Д.И-ын өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Д.И-ын холбогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг үнэн зөв, бодитой дүгнэсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Д.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд хохирогч Ц.Э-ын Тоёота харрер маркийн, хөх өнгийн, 28-26 УБЦ улсын дугаартай, 6 000 000 төгрөгийн үнэтэй авто машиныг 3 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж аваад “Сувдан арвай” ломбардны гадаа өөрөөр нь авч ирүүлж эхнэр Д.И-хоо “Сувдан-Арвай” ломбарданд барьцаанд тавьсан байсан Ниссан экс трайл маркийн 17-47 ГАҮ улсын дугаартай авто машины оронд барьцаанд тавьсан байна.

 Энэ үйл баримтууд нь хохирогч Ц.Э-ын: “Г.Б гэдэг залуу 3 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж “Сувдан арвай” ломбардны гадаа машиныг нь тавиулаад утсаа авахгүй зугтаад байсан учраас машинаа буцааж авсан тухай” мэдүүлэг, 

Иргэний нэхэмжлэгч Ч.О-ийн: “Г.Б нь барьцаанд тавьсан 17-47 ГАҮ улсын дугаартай машиныг хүнд худалдахаар боллоо. Зарчихаад мөнгийг нь өгье гэж хэлээд зөвшөөрөхгүй, эсвэл оронд нь өөр машин барьцаал гэхэд хөх өнгийн Харрер маркийн авто машин авч ирж манай ахын машин гэж хэлж барьцаалуулсан” тухай мэдүүлэг,

Гэрч Ц.Н-ийн: “Гэр бүлийн дундын эзэмшлийн хар хөх өнгийн Харрер маркийн авто машинаа зарах гээд зар тавьсан байхад нь үл таних залуу худалдаж авахаар тохиролцсон боловч мөнгийг нь өгөлгүй, машиныг нь ломбарданд тавьсан байсан тухай” мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Прадо-95 маркийн 98-50 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 13 сая төгрөгөөр үнэлж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 6 000 000 төгрөг өгнө гэж хэлж авч тухайн өдөртөө иргэний нэхэмжлэгч Б.Ч-т 7 000 000 төгрөгөөр худалдаж, түүнээс дансаар болон бэлнээр 5 500 000 төгрөгийг нь авсан байна.

Энэ нь хохирогч Ч.Б-ын: “Тоёота прадо-95 маркийн машинаа зарахаар зар тавьсан байхад нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г.Б гэдэг хүн утсаар ярьж, мөнгийг нь 3 хувааж өгөхөөр тохиролцон хоёр хоногийн дараа гэрээ хийж машиныг нь авсан боловч хувиарын дагуу мөнгийг нь өгөөгүй тухай” мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Ч-ийн: “Г.Б хамт яваа хүнийх нь хүүхэд химийн эмчилгээнд явах гэж байгаа хүний амьнаас үнэтэй төмөр гэж юу байхав гэж хэлээд Тоёота Прадо-95 маркийн машиныг 7 000 000 төгрөгөөр зарахаар болж, 1 500 000 төгрөгийг бэлнээр, 3 500 000 төгрөгийг И гэдэг хүний данс руу шилжүүлж, дараа нь 500 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, машинд 2 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн тул 9 000 000 төгрөг нэхэмжилж байгаа” тухай мэдүүлэг,

Гэрч Х.Б-ийн: “Нөхөр Б.Ч-ийн хамт 98-50 ГАҮ улсын дугаартай Тоёота прадо-95 маркийн машиныг үзэж 7 000 000 төгрөгөөр авахаар тохиролцож 5 500 000 төгрөгийг Г.Б-д өгсөн” тухай мэдүүлэг,

Х.Б-ээс 3 700 000 төгрөгийг Г.Б-ий эхнэр Д.И-ын дансанд шилжүүлсэн тухай Д.И, Х.Б нарын эзэмшлийн ХААН банкны депозит дансны хуулга,

Хохирогч Ч.Б-аар түүний өмчлөлийн Прадо-95 маркийн авто машиныг нь авсан хүнийг олуулахаар таньж олуулах ажиллагаа явуулахад Г.Б-ийг заасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.И нь шүүгдэгч Г.Б-тэй бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, хохирогч Б.Э-ийн Ниссан экстрайл маркийн, мөнгөлөг өнгөтэй, 17-47 ГАҮ улсын дугаартай, 6 000 000 төгрөгийн үнэтэй авто машиныг 3 хоногийн дотор мөнгийг нь өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэх хэргийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.И нь Б.Э-ийн авто машиныг худалдан авах үедээ уг авто машины өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, үнийг огт төлөхгүй байх, эсхүл хагасыг нь өгнө гэсэн субьектив санаа зорилготой байсан болох нь тогтоогдоогүй байна.

Учир нь шүүгдэгч Д.И нь анхнаасаа уг машиныг худалдан авах бэлэн мөнгөгүй байдлаа нуугаагүй, уг авто машиныг нь барьцаалж зээл авч Б.Э-т уг авто машины үнийг төлөхөөр ярилцаж тохиролцсон байх бөгөөд авто машиныг худалдан авахаар хэлэлцэх үед бодит байдлыг нуусан, хуурч мэхэлсэн болох нь тогтоогдоогүй, барьцаалан зээлдүүлэх газар нь авто машины үнийг багаар тогтоож, хүссэн хэмжээний зээлийг нь олгоогүйн улмаас авто машины үнийг төлж чадахгүйд хүрч улмаар авто машиныг буцаан олгосон байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ Д.И, Г.Б нар нь Б.Э-ийн Ниссан экстрайл маркийн авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн барьцаанд тавьж зээл гаргуулаад мөнгийг нь өгнө гэж бодит байдлыг нуух буюу бодит байдалд биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр хохирогчид итгүүлж залилсан гэж байгаа боловч бодитой ямар байдлаа нуусан, биелэгдэх боломжгүй ямар байдлыг боломжтой мэтээр итгүүлсэн болохыг яллах дүгнэлтэд тусгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт энэ байдлыг нотлоогүй байна.

Харин шүүгдэгч Г.Б-ий хохирогч Ц.Э-ын Тоёота харрер маркийн авто машиныг 3 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл, хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Тоёота прадо-95 маркийн авто машиныг 13 000 000 төгрөгөөр үнэлж 3 хувааж мөнгийг нь өгнө гэж хэлж авсан үйлдэл нь Д.И-ын барьцаанд тавьсан байсан Ниссан экстрайл маркийн авто машиныг барьцаанаас суллаж авах зорилгоор барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд авто машиныг нь тавих гэж байгаа бодит байдлаа нуусан, Ц.Э-ын өмчлөлийн Тоёота харрер маркийн авто машиныг 3 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж итгүүлэн өмчлөлийг нь шилжүүлэн авсны дараа барьцаанд тавьж үнийг огт төлөөгүй, хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Тоёота прадо-95 маркийн авто машиныг 13 000 000 төгрөгөөр үнэлж 3 хувааж мөнгийг нь өгнө гэж тохиролцон өмчлөх эрхийг шилжүүлэн авч улмаар худалдаж авсан үнийн дүнгээс 6 000 000 төгрөгөөр бага үнээр Б.Ч-т худалдан борлуулсан боловч үнийг нь Ч.Б-д төлөөгүй зэрэг нь дүр үзүүлсэн гэрээ хийж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэн хохирогч нарын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, буцааж өгөөгүй, үнийг огт төлөөгүй шинжээрээ залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг  зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.И, Г.Б нар нь бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох ялын төрлөөс хорих ялыг сонгож дундаж хэмжээгээр хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан журмын дагуу уг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь үндэслэлтэй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Тиймээс прокурорын гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай давж заалдах эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.Б

 

                ШҮҮГЧИД                                  Т.Ж

 

                                                     Ч.Э