Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2023/03410

 

    2023             09              18                                             184/ШШ2023/03410

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байр хаягт байрлах “Голомт банк” ХХК /РД: *******/

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, 8 байр, 11 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД: ЦД8001*******18/

            Зээлийн гэрээний үүрэгт 9 563 758.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 563 758.40 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Д.******* нь 2017 оны 04 сарын 19-ний өдөр Голомт банктай ******* дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 42 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсэний 2 хувь, хугацаа хэтэрүүлсэний нэмэгдүүлсэний 1 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээл тус тус авсан. Зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчиж байна. Иймд ******* дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 099 169.60 төгрөг, хүү 3 662 470.77 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2 *******0 955.44 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1 476 162.59 төгрөг, шимтгэл 35 000 төгрөг, нийт 9 563 758.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2 000 000 төгрөгийн зээл авсан байхад 9 563 758 төгрөг нэхэмжилж байгаа нь хэтэрхий хохиролтой. Миний бие энэхүү зээлийн картыг өөрөө ашиглаагүй тул ашигласан хүнээс нь зээлийг гаргуулах шаардлагатай гэж үзэж байна гэв.

            3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2017 оны 04 сарын 19-ний өдрийн ******* дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн албан бичиг, Голомт банкны Гүйцэтгэх захирлын тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01484 дугаар шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 101/ШЗ2019/10261 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн албан бичиг бүрдүүлсэн. /хэргийн 2-12, 23-26 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

            “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 563 758.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул шаардах эрхтэй гэж,

            Хариуцагч татгалзлаа дэмжиж: 2 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч 9 563 758 төгрөг нэхэмжилсэн нь хэт хохиролтой, үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

            1.Голомт банк, карт эзэмшигч Д.******* нар 2017 оны 04 сарын 19-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан. Гэрээгээр банк нь 2 000 000 төгрөгийн зээлийн эрх бүхий кредит картыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлэх, карт эзэмшигч нь кредит картыг ашигласнаас үүсэх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон гэрээгээр тохирсон шимтгэл, хураамжийг хугацаанд нь төлөх үүрэг тус тус хүлээжээ. Гэрээний 2.1-д 2 000 000 төгрөгийн бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсаны жилийн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж тохирсон байна. /хэргийн 5 тал/

            2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугцаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,

 

            Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно гэж тус тус заасан.

 

            Дээрх хуулийн заалтуудаар талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан бөгөөд банк нь зээл болон бэлэн, бэлэн бус гүйлгээний хүү, эрх хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн хүүг өөрөө тогтоож, карт эзэмшигч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

            3.2017 оны 04 сарын 19-ний өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 18-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2019 оны 05 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэргийн 25 дугаар тал дахь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 101/ШЗ2019/10261 дүгээр шүүгчийн захирамжаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалж, цуцалснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байтал үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй. Хариуцагч нь хэргийн 7 дугаар тал дахь кредит картын тооцооллын хүснэгтээр 2019 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4 088 211.77 төгрөг, бэлэн, бэлэн бус гүйлгээний хүү 49 528.10 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 38 563.20 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 40 215.12 төгрөг нийт 4 216 518.19 төгрөг төлөх байжээ.

 

            4.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 088 211.77 төгрөг, бэлэн, бэлэн бус гүйлгээний хүү 49 528.10 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 38 563.20 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 40 215.12 төгрөг нийт 4 216 518.19 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, үлдэх 5 347 240.21 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болох нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01484 дугаар шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 101/ШЗ2019/10261 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон.

 

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 970.14 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн  4 216 518.19 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж  82 414 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.              

 

            Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагч Д.*******ад 2023 оны 09 сарын 13-ны өдөр хуульд зааснаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 088 211.77 төгрөг, бэлэн, бэлэн бус гүйлгээний хүү 49 528.10 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 38 563.20 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 40 215.12 төгрөг нийт 4 216 518.19 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, үлдэх 5 347 240.21 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 970.14 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 82 414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХТӨР