| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01220/и |
| Дугаар | 868 |
| Огноо | 2016-05-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 868
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01220/И
Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух Н.Б -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух Р.М-д холбогдох
Гэм хорын хохирол 13 440 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч Р.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, иргэдийн төлөөлөгч Х.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
2015 оны 6 дугаар сард миний бие нь 3 га газарт манжин тариалан 10 сарыг дуустал ургац хэвийн явагдаж, хурааж авахад бэлэн болсон байсан. Гэтэл иргэн Р.М-ийн малаа хариулаагүй, хашаагүй зэрэг хариуцлагагүй байдлаас болж 70 орчим үхэр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд манай талбайн хашааны тор дайран эвдэж орж шар манжинг идэж тасдан, талбайг гишгэж талхалсанаас болж энэ жил 3 га газрын ургац бүрэн алдсан.
Энэ тухай сумын удирдлагуудад мэдэгдэж 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 826 дугаартай Д аймгийн О сумын *** багийн Засаг дарга, Газрын даамал, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн нар ургацын хохирлын хэмжээг сумын дундаж ургацаар тооцон шар манжин 1 га талбайгаас 6.4 тонн ургац авах боломжтой байсан болохыг тогтоосон. Үүнээс үзэхэд 1 кг манжин 700 төгрөг, 1 га талбай 6.4 тонн 4 480 000 төгрөг, 3 га талбай 13 440 000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж байна. Р.М-ид энэ тухай удаа дараа мэдэгдэж хохирол төлбөрөө шаардсан боловч элдэв хэл амаар доромжилж сүүлдээ хэрүүл зодоондоо тулахад хүрсэн тул хохирол төлбөрийг шүүхээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Р.М-оос гэм хорын хохирол 13 440 000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.М-ийнх 5 дугаар сард нүүж ирсэн айл. Залуу хүмүүс мөн малтай болохоор би энэ хавьд ногоо тарьдаг, тэгэхээр малаа хариулгатай байлгаарай гэж хэлж байсан. 7 дугаар сараас хойш маргаан тасраагүй. Манайх 5.5 га газарт хүнсний ногоо тариалсан. Манай сумын
тогтоосон журмаар бол тариалалтын үед малтай айлууд малаа байнгын хаших, хариулгатай байлгах, 04 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10 хүртэл отор нүүдэл хийж байх ёстой. Эхний хураалтаа хийгээд, 3 га газарт тариалсан манжин үлдсэн байсан. Манайх ер нь га-гаас 10-20 тонн ургац авдаг айл. Хашаандаа 2 гүний худагтай услалтын талаар асуудалгүй. Гэхдээ сумын дундаж гээд зохих газраас нь тогтоосон 6.4 тонн ургац алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн манжин тухайн үедээ газар дээрээ 1000с дээш төгрөгөөр зарагдаж байсан. Би хамгийн доод үнэ болох 700 төгрөгөөр тооцсон. Манайх өөрсдийн амьдардаг хашаа байшинтай зэрэгцээд л ургац тариалдаг талбайтай, тэр нь гэрэлтүүлэгтэй. Эдний үхэр шөнө орж ирсэн. Бид гаргах гээд хүчрээгүй. Шөнө зураг авсан, мөн үүрээр зураг аваад, гэр бүлийн хүн маань сумын төв рүү зохих хүмүүст мэдэгдэхээр явсан. Р.М- 50-60 үхрээ өөрөө ирж тууж аваад явсан. Тэгээд сумаас хүн ирж талбайг хэмжиж үзсэн. Манай хашаа бол сумаас тогтоож өгсөн журмын дагуу хийсэн хашаа гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа :
Иргэн Н.Б нь 1 га орчим газар манжин тариалж түүнийгээ хурааж зарчихаад намайг 70-аад үхрээрээ манжин идүүлсэн гэж гүжирдэж байгаад гомдолтой байна. Манайх малын А дансаар 70 үхэргүй, эдний хашаа маш муу 3хан үе тортой зарим газраа 2-хон банзтай, хоорондын зай 6-7 м зэрэг нь Сумын ИТХ-ын журамд ногооны талбай 4-6 үе тортой хоорондын зайн хэмжээ 2-3 метр байх ёстой гэснийг зөрчсөн байгааг зургаар нотолсон болно. Иймд нэхэмжлэл ор үндэсгүй гүтгэлэг, арчаагүй, ажилгүй хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн арга гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эдний нэхэмжлээд байгаа мөнгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 3 га газарт манжин тарьсан гэх юм. Эднийхийг огт тариагүй гэхгүй. Гэхдээ тарьсан манжингаа бүрэн хураагаад хот руу ачуулсан талаар гэрчүүд мэдүүлсэн байгаа. Эднийх өөрсдөө хашаагаа сайжруулж, ургацаа хамгаалах ёстой. Сумын ИТХ-аас тогтооосон журмаар малчид малаа хариулж, хашаалж байх, тариаланчид ногооны талбайг 4 үе тор татаж, хашаалах ёстой. Гэтэл эдний хашаа тун муу. Эдний хажуугаар манай сумын сайн ногоочид бий. Тэд нарын хашаа их сайн байдаг. Мал гаргахаар их хэцүү, байнга хаших болдог. 3 га газрын манжин идлээ гэхэд тал ногоо үлдэнэ биз дээ. Идээд дуусна гэж лав байхгүй, талхлагдсан, гишгэгдсэн хагас хугас нь үлдэх байх. Манай үхрийн хашаа блокооор өрсөн. Манай үхэр ороогүй. Манай үхэр гэдийг яаж мэдэж байгаа юм. Үхэр бүр гарал үүслийн гэрчилгээтэй, им тамгатай байгаа, малын эмч тодорхойлох ёстой. Ер нь манайхан амьдардаг *** дэнж бол мал ихтэй. Манайх 30-аад үхэртэй. Хашиж байж л саадаг, өглөөгүүр сүүгээ тушаадаг учир. Иймд хүлээн зөвшөөрөхгүй, сумын удирдлагууд тэр өдөр тодорхойлолт хийж өгсөн албан тушаалтнуудын буруу гэдгийг тогтоосон байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хуульд зааснаар нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн тайлбар байнга зөрдөг. Давж заалдах шатны шүүх дээр нэг өөр тайлбар, анхан шатны шүүх дээр бас өөр тайлбар, одоо мөн тайлбар нь зөрөөд байна. Урд нь 2015 оны 10 дугаар сарын 20-23-ны өдөр хүртэл 3 хоногийн дотор тухайн ногоог нь үхэр идсэн юм шиг тайлбарлаад байсан байж нэг журам олж уншчихаад шөнө гэж хэлэхгүй бол болохгүй юм байна гээд 22-23-ны шилжих шөнө гэж яриад байгаа. Өмнөх 10 дугаар сарын 20-ны өдөр, 10 дугаар сарын 21-ны өдрүүдэд Р.М-ийн үхэр идсэн гээд байсан нь юу болсон бэ? Өмнө нь ногоо хураасан талаар төдийлөн мэдүүлэг өгөөгүй. Гэтэл одоо 1 га газрын ногоог хураагаад зарсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Энэ нь ямар нэгэн байдлаар ногоогоо хураасан байна шүү дээ. Иргэний хуулийн 501.2-т зааснаар гэрийн тэжээмэл амьтны өмчлөгч нь гэх тодотгол байгаа. Тэгэхээр дээрх хуулийн зохицуулалтаар Р.М- нь санаатайгаар малын хашааны торыг тасдаж мал оруулсан эсвэл ногоо тарьсан гэдгийг мэдсээр байж ногооны талбай дундуур малаа туугаад явчихсан бол хариуцлага хүлээх асуудал яригдана. Тэгвэл мал идсэн гэж үзэх гэж байгаа бол эзнийх нь ямар нэгэн үйлдэл байхгүй учраас Р.М- хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Р.М-ид холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны хооронд манжин тариалсан талбайд Р.М-ийн үхэр орж манжинг идэж, талбайг гишгэж талхалснаас 3 га газрын ургац алдсаны хохиролд 13 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б нь Д аймгийн О сумын БаянӨлзийт багийн *** дэнж гэдэг газарт хүнсний ногоо тариалснаас 3 га газарт тариалсан манжингийн талбайд хариуцагч Р.М-ийн үхэр орж, ургацыг идэж, гишгэн талхалсанаас ургац авах боломжгүй болж хохирол учирсан гэж, хариуцагч Р.М- манайх 70 орчим үхэргүй, манжин тариалсан талбайд манай үхэр ороогүй, эдний хашаа зохих журмын дагуу баригдаагүй гэж маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б нь Д аймгийн О сумын *** дэнж гэдэг газар тариалан эрхэлж 2015 оны намар ургац хураан авсан талаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч Н.Б ын эзэмшлийн *** дэнжийн манжин тариалсан ургацын талбайд хариуцагч Р.М-ийн үхэр орж ургацыг идэж, гишгэлсэнээс 3 га газрын ургац хураан авах боломжгүй гэдгийг буюу ургацын талбайд орж ирэн манжингийн ургацыг талхалж буй гэх үхэр Р.М-ийнх гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгч Н.Б ын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн манжин тариалсан талбайд хариуцагч Р.М-ийн үхэр орж ирсэнийг бэхжүүлэн авсан гэх гэрэл зурагт гарсан үхэр Р.М-ийн үхэр гэдэг нь тодорхойгүй, уг гэрэл зургийг хэдийд бэхжүүлэн авсан нь тодорхойгүй, сумын холбогдох удирдлагууд болон хөндлөнгийн гэрчийг байлцуулан таниулах ажиллагаа хийгдээгүй буюу Д аймгийн О сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот Журам батлах тухай тогтоолын 6 дугаар зүйлд заасан хариуцлагыг малчинд авсан эсэх, мөн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот Сумын газар харилцааны нийтлэг журам батлах тухай тогтоолын 5.2.10-т заагдсан арга хэмжээг авсан эсэх, хариуцагч Р.М- нь Д аймаг О сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот тогтоолоор батлагдсан журмын 2.2-т заасан ... Хаврын тариалалтаас намрын хураалт дуустал хугацаа буюу 4 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд малаа нэгдсэн хариулагад өгөх, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот Сумын газрын харилцааны нийтлэг журам батлах тухай тогтоолын 3.2,9-д заасан ... малыг өөрийн биеэр хариулах ... гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй малаа сул задгай байлгаснаас бусдын эзэмшил газар буюу ургацын талбайд мал орон бусдад гэм хор учруулсан буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар 13 440 000 төгрөгийг хариуцагч Р.М-оос гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Б оос 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк төрийн сан ***0 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 225 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
З.ТУНГАЛАГМАА