Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2023/03448

 

     2023          09             20                                       184/ШШ2023/03448

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 18 хороо, 13 хороолол, ******* тоот хаягт байрлах “*******” ХХК /РД: *******/

Хариуцагч: ******* дүүрэг, 6 хороо, 14 тоот хаягт байрлах “*******” ХХК /РД: 5350891/

Хариуцагч: ******* дүүрэг, 6 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамж, хмк-н 6, ******* тоот хаягт байрлах “******* ******* ” ХХК /РД: /

“*******” ХХК-аас 1 037 861 970.66 төгрөг, “******* ******* ” ХХК-аас 4 416 150 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дулмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Эрдэнэсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Долгор, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч *******” ХХК нь хариуцагч *******” ХХК-д холбогдуулан 1 037 861 970.66 төгрөг, “******* ******* ” ХХК-д холбогдуулан 4 416 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Баясах өргөө” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 10 сарын 01-ний өдөр “Бэлтгэн нийлүүлэх KHACBS-32/21” дугаар гэрээ байгуулж, 2022 оны 09 сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг сунгасан. Тухайн гэрээгээр худалдагч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн захиалгын дагуу тогтмол нийлүүлж байсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөрөө төлөхийг албан бичгээр удаа дараа шаардсан боловч хэзээ, хэрхэн төлж барагдуулахаа мэдэгдээгүй. Талууд 2023 оны 04 сарын 25-ны өдөр тооцоо нийлж хариуцагч нь 959 014 746.78 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцооны актаар баталгаажуулсан. Гэрээгээр худалдан авагч нь төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн ба 2023 оны 05 сарын 18-ны өдрийн байдлаар 28 028 919.45 төгрөгийн алданги үүссэн байна. Хэргийн 17-24 тал дахь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээг үндэслэж алдангийг нэг бүрчлэн бодсон. Түүнчлэн ******* ХХК-аас 2023 оны 06 сарын 27-ны өдөр foodserveskhishigarvin.mn гэх хаягаас тооцооны нягтлан гэх Бүжин алдангийг 31 344 523 төгрөгөөр бодож манайд ирүүлсэн. Мөн гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийг сар бүрийн 10-ны дотор төлөх үүргийг хүлээсэн боловч сүүлийн 1 жилийн хугацаанд 877 500 000 төгрөгийн дундаж авлагын үлдэгдэлтэй байна. 2022 оны аудитлагдсан тайлангаас харахад хариуцагчийн хугацаандаа төлөөгүй авлагын дүнгээс шалтгаалж бид 2 600 000 000 төгрөгийн борлуулалтаа алдаж, 424 000 000 төгрөгийн нийт ашиг, 50 800 000 төгрөгийн цэвэр ашиг алдсан. Хохирлын тооцооллыг Сангийн сайдын 333 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар”-ын дагуу “ ” ХХК-ийн аудитлагдсан санхүүгийн тайлан дээр үндэслэж бодсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 05 сараас 2023 оны 04 сарыг хүртэл манай компанийн авлагын дундаж нь 877 542 291 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл ******* ХХК нь манайд жилийн 877 542 291 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байсан. Компанийн 2022 оны борлуулалтын орлого нь 12 408 055 118 төгрөг, нийт хөрөнгийн дүн нь 4 146 120 459 төгрөг байгаа, энэ үнийн дүнг харьцуулан тооцоход жилд 3 удаа бараа эргэлдүүлж орлого олдог нь нотлогдоно. Аудитлагдсан санхүүгийн тайлангаар 2022 оны борлуулалтаас 1,9 хувийн цэвэр ашиг олсныг татварын дараах цэвэр ашгаас тооцоход 50 818 304.34 төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан буюу хохирол учирсан. Ковидын нөхцөл байдал нь 2020 онд үүссэн бөгөөд манай 2 компанийн хооронд байгуулсан гэрээ нь 2021 оны 10 сараас эхэлсэн гэрээ байгаа, ковидын хор хохирлыг яривал манай компанид илүү нөлөөлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* ******* ” ХХК нь 4 416 150 төгрөг төлсөн. Иймд хариуцагч “*******” ХХК-аас үндсэн төлбөр 959 014 746.78 төгрөг, алданги 28 028 919.45 төгрөг, хохирол 50 818 304.43 төгрөг, нийт 1 037 861 977.66 төгрөг гаргуулж өгнө үү гэв.          

            2.Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Долгор хариу тайлбартаа: “*******” ХХК нь “Баясах өргөө” ХХК-тай 2021 оны 10 сарын 01-ний өдөр 1 тоот “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”, 2022 оны 09 сарын 26-ны өдөр тоот “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” тус тус байгуулсан. Манай компани нь 2010 оноос хойш уул уурхайн компаниудад катерингийн үйл ажиллагаа  үзүүлж ирсэн. 2020 оноос Коронавируст халдварын давагдашгүй нөхцөл байдлын улмаас хамтран ажилладаг уул уурхайн компаниудаас гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнийхээ төлбөрийг авч чадахгүй байгаагаас компанийн үйл ажиллагаа хэсэгчлэн болон бүрэн зогсож санхүүгийн алдагдалд орсон. Үүний улмаас нэхэмжлэгчээс 3 000 000 000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсны 959 014 746.78 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй. Бид санхүүгийн боломжит нөхцөл байдалдаа тааруулан cap болгон тодорхой хэмжээний төлөлт хийх, гэрээний төлбөрт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг санал болгож ирсэн. Гэрээний 6.1-т “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болохуйц давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед талууд давагдашгүй хүчин зүйлийн нөлөө арилтал гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан. Гэрээний төлбөрийг хугацаандаа шилжүүлэхэд Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул алданги 28 028 919.45 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. “Баясах өргөө” ХХК-ийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайланд зайлшгүй орох байсан орлогыг тооцсон тооцоолол байхгүй бөгөөд хохирлын үнийн дүн нотлогдохгүй байна. 50 818 304.43 төгрөгийн хохирол бодитой учирсан гэдгээ эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй. 877 542 291 төгрөгийг жил гаран төлөөгүй гэх тайлбар үндэслэлгүй, хэргийн 41 дүгээр тал дахь ******* ХХК-ийн авлагын үлдэгдэл бодсон алдангийн тооцооллоор манай компани хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөг төлсөн нь тодорхой харагдана, тухайлбал 2023 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар 410 930 000 төгрөг төлж, үлдэгдэл нь 383 718 503 төгрөг байна. Манай компани нь гэрээний төлбөр төлөх талаар мэйлээр мэдэгдэж, төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө санал болгож байсан нь “Баясах өргөө” ХХК-ийн хариу мэдэгдлээр нотлогдоно. Манай компаниас катерингийн үйлчилгээ авдаг “******* ******* ” ХХК-ийн үйл ажиллагаа нь Ковид-19 цар тахлаас шалтгаалж доголдсоноос бид нэхэмжлэгчид төлөх төлбөрөө хугацаанд төлөөгүй тул алданги 28 028 919.45 төгрөгийг зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр 959 014 746.78 төгрөгийг тодорхой хуваарь гаргаж харилцан зөвшилцөх замаар төлж барагдуулах хүсэлтэй,  алданги 28 028 919.45 төгрөг, хохирол 50 818 304.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            3.Хариуцагч “******* ******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Долгор хариу тайлбартаа: “******* ******* ” ХХК нь “Баясах өргөө” ХХК-иас бараа бүтээгдэхүүн авч байсан, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 4 416 150 төгрөгийн өглөгтэй болохоо хүлээн зөвшөөрч байна гэв.

            4.Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 сарын 01-ний өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2022 оны 10 сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ дүгнэсэн акт, 2022 оны 09 сарын 26-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, “Баясах өргөө” ХХК-ийн 2022 оны 12 сарын 31-ний өдрийн аудитлагдсан санхүүгийн тайлан, “*******” ХХК-ийн авлагын үлдэгдэлд бодогдсон алдангийн тооцоолол, тооцооны үлдэгдлийн баталгаа, “Баясах өргөө” ХХК-ийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн “Албан тушаал дэвшүүлэн томилох тухай” тушаал, “Баясах өргөө” ХХК-ийн дүрэм, 2022 оны 03 сарын 11-ний 3/013, 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 22Б/143, 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 22Б/264, 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 22А/372, 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 22/522, 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 22/540, 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 22/545, 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 23/024, 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 23/025, 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 23/029 тоот төлбөр тооцоо барагдуулах албан бичгүүд, 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 23/31 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, “Баясах өргөө” ХХК-ийн санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, “Баясах өргөө” ХХК-ийн авлагын товчоо тайлан, зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн татварын падаан, “*******”ХХК-ийн авлагын үлдэгдэлд бодсон алдангийн дэлгэрэнгүй тооцоолол /1 х.х-ийн 4-48, 83-95, 112-120, 130-250, 2 х.х-ийн 1-204, 215-221 тал/

5.Хариуцагч нь 9011215136, 9011214109 дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, “******* ******* ” ХХК-ийн 4 416 150 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 01 сарын 01-ний өдрийн KHACMS/05/21 дугаар катерингийн болон кемп аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 3/34, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 3/74, 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 3/15, 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 1/128 тоот албан бичиг, 02/396, 02/746 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2022 оны 01 сарын 01-ний өдрийн KHACMS/12/22 дугаар катерингийн болон кемп аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 3/09 тоот төлбөр барагдуулах тухай албан бичиг, 2022 оны 05 сарын 01-ний өдрийн KHACMS/20/22 дугаар катерингийн болон кемп аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 3/20 тоот төлбөр барагдуулах тухай албан бичиг тус тус бүрдүүлсэн. /1х.х-ийн 50-51, 53-54, 63-79 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

            “*******” ХХК нь “*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 959 014 746.78 төгрөг, алданги 28 028 919.45 төгрөг, хохирол 50 818 304.43 төгрөг нийт 1 037 861 970.66 төгрөг гаргуулах, “******* ******* ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4 416 150 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Шүүх “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, “******* ******* ” ХХК нь 4 416 150 төгрөг төлсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, хууль болон гэрээнд зааснаар үндсэн төлбөр, алданги, олох байсан орлого буюу хохирол гаргуулна гэж,

Хариуцагч “*******” ХХК татгалзлын үндэслэлээ үндсэн төлбөр төлнө, гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйл буй болсноос гадна алданги, хохирлыг нотлох баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.”*******” ХХК-аас гэрээний үндсэн төлбөр 959 014 746.78 төгрөг гаргуулах шаардлага:

 

Нэг талаас худалдагч “*******” ХХК, нөгөө талаас худалдан авагч “*******” ХХК нар 2021 оны 10 сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, худалдагч нь худалдан авагчийн захиалгын дагуу хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээний хугацаанд төлөх үүрэг тус тус хүлээжээ. /1 х.х-ийн 7 тал/

 

Нэг талаас худалдагч “*******” ХХК, нөгөө талаас худалдан авагч “*******” ХХК нар 2022 оны 09 сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, худалдагч нь худалдан авагчийн захиалгын дагуу хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээний хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон. /1 х.х-ийн 9-16 тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Талууд тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаж-худалдан авсан тухай маргаагүй, тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч “*******” ХХК нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг хугацаандаа төлөөгүй болох нь талуудын тайлбар, 1 дүгээр хавтаст хэргийн 83-93 дугаар тал дахь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдсон ба нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 сарын 18-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг цуцалсан байна. Гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаварыг талууд шийдвэрлэх талаар Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлд заажээ.

 

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 959 014 746.78 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, зохигчид үнийн дүнгийн талаар маргаагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал дахь 2023 оны 04 сарын 25-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтаар давхар нотлогдсон.

 

2.”*******” ХХК-аас алданги 28 028 919.45 төгрөг гаргуулах шаардлага:

 

2021 оны 10 сарын 01-ний өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээний 5.2, 2022 оны 09 сарын 26-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээний 5.2-д худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-тай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж тус тус заажээ. /1 х.х-ийн 7, 9 тал/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алдангид тооцохоор заасан бөгөөд гэрээний 5.2 дахь заалт нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал дахь “*******-ийн авлагын үлдэгдэлд бодсон алдангийн тооцоолол” гэх баримтыг үндэслэж, алданги 28 028 919.45 төгрөг нэхэмжилжээ. Уг баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээ цуцалсан 2023 оны 05 сарын 18-ны өдрийн хоорондох алданги тооцжээ. Нэг талаар гэрээг цуцалсан тохиолдолд цуцалснаас хойшхи гэрээний үүрэг буюу алданги нэхэмжилсэн, нөгөө талаар талууд 2021 оны 10 сарын 01, 2022 оны 09 сарын 26-ны өдөр хоёр өөр гэрээ байгуулсан атал гэрээ тус бүрээр алданги тооцохгүй, нэгтгэж алданги тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

2021 оны 10 сарын 01, 2022 оны 09 сарын 26-ны өдрийн гэрээний 6.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болохуйц давагдашгүй хүчин зүйл /эрх бүхий байгууллагын шийдвэр, .../ тохиолдсон үед талууд давагдашгүй хүчин зүйлийн нөлөө арилтал гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж, уг нөхцөл байдал арилсан үед нэн даруй үүргээ биелүүлэхээр заасан байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс 2022 оны 02 сарын 14-ний өдөр хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь нийтэд илэрхий үйл баримт болно. Цар тахлын улмаас “*******” ХХК-аас катерингийн болон кемп аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг “******* ******* ” ХХК, “Сора интернейшнл” ХХК, “Кэй Эй Групп” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, төлбөр төлөхөд хүндрэл үүссэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 66-79 дугаар тал дахь баримтаар тогтоогдлоо.

 

3.”*******” ХХК-аас хохирол 50 818 304.43 төгрөг гаргуулах шаардлага

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.

 

Гэрээнээс татгалзахад талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд харилцан шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 сарын 18-ны өдөр гэрээг цуцалсан гэх боловч, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй, улмаар зайлшгүй орох байсан орлогыг нотлох баримт хэрэгт цуглараагүй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 959 014 746.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үлдэх 78 847 223.88 төгрөгийг /алданги 28 028 919.45 төгрөг, хохирол 50 818 304.43 төгрөг/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.“******* ******* ” ХХК-аас гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4 416 150 төгрөг гаргуулах шаардлага:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “******* ******* ” ХХК-д холбогдох 4 416 150 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлсэн болох нь “Голомт” банкны 2023 оны 06 сарын 12-ны өдрийн цахим гүйлгээний баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч маргаагүй. /1 х.х-ийн 62-63 тал/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4 416 150 төгрөгийг хариуцагч “******* ******* ” ХХК биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

            “*******”ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн 1 037 861 970.66 төгрөг гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 347 260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 959 014 746.78 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4 953 024 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Хариуцагч “******* ******* ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 4 416 150 төгрөгийг төлсөн тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 4 416 150 төгрөг гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 608 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* ” ХХК-аас 42 804 төгрөг, улсын төсвийн орлогоос 42 804 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 959 014 746.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үлдэх 78 847 223.88 төгрөгийг /28 028 919.45+50 818 304.43 төгрөг/ хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4 416 150 төгрөгийг хариуцагч “******* ******* ” ХХК биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 432 868 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 4 953 024 төгрөг, хариуцагч “******* ******* ” ХХК-аас 42 804 төгрөг, улсын төсвийн орлогоос 42 804 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.ЭНХТӨР