| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2015/00554/И |
| Дугаар | 135/ШШ2015/00655 |
| Огноо | 2015-06-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2015/00655
2015.06.29 655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00554/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 8 дугаар хэсэг Хабитатын 2-98 тоотод оршин суух Сартуул овгийн Цогтбаатарын Цолмон /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай хэргийг 2015 оны 5 дугаар сарын 15 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Төмөрчөдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Ц.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие """""""""-д 2014 оны 5 дугаар сараас эхлэн харуулаар ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа зохих журмын дагуу хийж байсан ямар нэгэн алдаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй юм. Харин ч ажил үүргийнхээ дагуу хууль бус үйлдэлтэй тэмцэж хэд хэдэн хулгай зөрчлийг илрүүлж байсан билээ. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 15 -нд намайг ээлжийн амралттай байх хугацаанд ээлжийн амралтаа авсны маргааш ажлаас халсан тухай Үйлдвэрийн захиргаа аж ахуй хүний нөөцийн ажилтан Ундрах гэдэг эмэгтэй надад ажлаас халсан тухай мэдэгдсэн. Мөн ээлжийн амралттай байх хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 20 -ны өдөр цалинг 10 хувиар хасч арга хэмжээ авсан тухай мэдэгдсэн юм. Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 15 -ны өдрийн 550 тоот тушаал үндэслэлгүй гарсан намайг зөрчил гаргасан тухай шалгаж тогтоосон зүйл байхгүй сүүлийн үед Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Өсөхбаяр гэдэг тэтгэвэрт гарсан хүн Төмөрлөгийн үйлдвэрийн харуулын албаны даргаар 2015 оны эхээр орсон орсон бөгөөд энэ хүний хэлсэн үгээр олон жил алдаа зөрчил гаргаагүй ажиллаж байсан хүмүүсийг хоморголон халах асуудлыг Үйлдвэрийн захирал Батжавхланд танилцуулж ажилтнуудын эрх ашгийг зөрчиж байна. Миний хувьд 9,000,000 төгрөгийн цалингийн зээлтэй ээлжийн амралтаа авч эдлээд дууссан. Одоо энэ авсан зээлээ яаж төлөх вэ. Үнэхээр хууль бусаар намайг ажлаас халсанд гомдолтой байгаа тул Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 15 -ны өдрийн 550 тоот тушаалыг хүчингүй болгож өмнөх ажилд маань эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 4 дүгээр сарын 15 ны өдрийн 550 тоот тушаал гаргахдаа “ажил олгогчийн итгэлийг алдаж буруутай үйлдэл гаргасан гэдгийг шалгаж тогтоогоогүй түүнийг ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй Улсын дээд шүүхийн хөдөлмөрийн хуулийг тайлбарласан тайлбарт тухайн гаргасан зөрчил дутагдлыг шалгаж тогтоосныг үндэс болгоно гэж заасан байгаа тул 550 тоот тушаалыг хүчингүй болгож ******* өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 680,000 төгрөгийг Төмөрлөгийн үйлдвэр ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч: *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх ажилтай ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цолмон нь тус компанид Хамгаалалт аюулгүй байдлын албаны үйлдвэрийн хэсгийн харуулаар ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 15 -ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Учир нь Ц.Цолмон ажиллаж байх хугацаандаа 2015 оны 4 дүгээр сарын 11 -ний өдөр тус компанийн шаарын талбайгаас гадны хүн хулгай хийж байгааг мэдэж байсан боловч таслан зогсоох арга хэмжээ бусадтай үгсэн тохиролцох үйлдэл гаргасан нь ажлын байранд тодорхойлолтод заасан үүргээ умартсан бусдад буюу хамт ажиллагсаддаа буруу үлгэр дуурайл үзүүлсэн компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамгаалалт аюулгүй байдлын хэлтсийн ажиллах журам болоод хууль тогтоомж зөрчсөн үйлдэл юм. Компанийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 15 -ны өдрийн 550 тоот тушаал нь хууль зөрчөөгүй хөдөлмөрийн хууль болон, хөдөлмөрийн гэрээ Компанийн дотоод журмыг үндэслэн гаргасан хуульд нийцсэн тул *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч Ц.Цолмон нь *******-ийн харуул хамгаалалтын албаны ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй компанийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 15 ны өдрийн 550 тоот тушаал нь хууль зөрчөөгүй Хөдөлмөрийн тухай хууль болон, хөдөлмөрийн гэрээ компанийн дотоод журмыг үндэслэн гаргасан хуульд нийцсэн тул *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна.
Нэхэмжлэгч Ц.Цолмон нь *******-ийн төлөөлөгчтэй 2014 оны 6 дугаар сарын 11 -ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж хөдөлмөрийн гэрээ байгуулагдан баталгаажсан байна.
Нэхэмжлэгч *******ийн маргаж байгаа ажлаас буруу халсан гэх *******-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 15 -ны өдрийн 550 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ээлжийн амралттай байх хугацаанд ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэсэн заалтыг зөрчсөн *******ийн гаргасан зөрчил дутагдлыг хууль санхүүгийн болон ажил олгогч байгууллагын дотоодын хяналт шалгалтаар бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Иймд ******* *******-ийн харуул хамгаалалтын албаны харуулын ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах нь зүйтэй байна гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******-ийн харуул хамгаалалтын албаны харуулын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 680,000 төгрөгийг гаргуулж Ц.Цолмонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цолмон нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 91070 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА