| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2016000950093 |
| Дугаар | 2021/ДШМ/25 |
| Огноо | 2021-11-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2021/ДШМ/25
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор А.О,
Хохирогч Ш.Ө, түүний өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг прокурор А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Д.З-д холбогдох 2016000950093 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, А констаркшин ХХК-ий захирал ажилтай, ам бүл 5 аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо хандгайт 6- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЖ.............. регистрийн дугаартай, А ургийн овогт Д.З.
Шүүгдэгч Д.З нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ө-т өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Ө-ын эзэмшлийн 13-93 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 23.000.000 төгрөгний хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн С.Ц-д өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Ц-ийн эзэмшлийн 50-90 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Шүүгдэгч А ургийн овогт Д.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Д.З-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.З-ээс 21.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Ө-т олгож... шийдвэрлэжээ.
Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Д.З-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 83 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Д.З-ийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа хэдий боловч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Д.З-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргийн зүйл ангийг тусгаж хамрах хүрээг тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.З-ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Ө-т өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Ө-ын эзэмшлийн 13-93 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 23.000.000 төгрөгний хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн С.Ц-д өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Ц-ийн эзэмшлийн 50-90 ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Д.З-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож хууль буруу хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчилж хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Анхан шатны шүүх Д.З-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ч.Э
Ш.Б