Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч                                            О.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Б.Алтансүх  

Улсын яллагч                                                     Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Э.Хашчулуун, М.Ариунболд

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч                  Б.О

Орчуулагч                                                           Д.Х нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Ө-д холбогдох эрүүгийн 201601000178 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн эмэгтэй, дээд боловсролтой, Дуулаач мэргэжилтэй, ам бүл 3, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын Улаан цав аймгийн Дөрвөд хошуунд Хасар талбайн  тоотод оршин суудаг гэх, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, В.Ө  БНХАУ-ын Паспортын дугаар /Е58831837/

Прокурорын яллах дүгнэлтээр:  БНХАУ-ын иргэн В.Ө нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргэнд зорчих үедээ Монгол Улсын “Эрдэнэсийн сангийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үнэт металл болох 459.239.341,92 төгрөгний үнэ бүхий 5 килограмм 404 грамм жинтэй алтыг биедээ нууж, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Төмөр Замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 9 сард Замын-Үүд явах гээд хүнээс боодолтой юм авсан. Замын-Үүдэд очоод хүн тосоод авна гэхээр нь авсан юм. Тэгээд вагонд суугаад Замын-үүд ирэхэд гаалийн байцаагч шалгаад алт байна гээд хураасан. Би алт гэж мэдээгүй...гэв.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Монгол банк иргэд, аж ахуйн нэгжээс алт худалдаж аваад алтны нөөц бүрдүүлдэг юм. Алтыг хууль бусаар гаргахыг хориглодог. Энэ хүн хууль бусаар алт гаргахыг завдсан тул уг алтыг улсын орлого болгох саналтай байна...гэв.

  • 477 дугаартай галт тэрэгний 4 дүгээр вагоны 4 дүгээр купенд болон БНХАУ-ын иргэн В.Ө-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт /1-р xx-ийн 4-11 тал/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-18, 21-35  тал/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт  /1-р хх-ийн 79-83 тал/
  • Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 05-50 тал/
  • Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 55-63 тал/
  • 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-1а/1147 дугаартай Монгол банкны албан тоот /2-р хх-ийн 65 тал/
  • Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...БНХАУ-ын иргэн У гэх нэртэй Өвөрмонгол эмэгтэй хүн надруу утсаар холбогдож алт байвал зарчих гэсэн юм. Тэр Өвөрмонгол эмэгтэйг би танихгүй, уулзаж байгаагүй. Жинхэнэ нэрийг нь ч мэдэхгүй. Ямар ч байсан У гэж дууддаг. У анх надруу утсаар залгаж холбогдсон. Миний дугаарыг авсан юм шиг байна лээ. Одоогоос 2 сарын өмнө энэ хүн надруу залгаж танилцсан. Намайг алтны наймаа эрхэлдэг гэж хүнээс дуулсан гэсэн. Тэр дээрээс надруу залгаад алт зараач гэж гуйгаад байсан. У гэх Өвөрмонгол хүн бэлнээр 451.000.000 /дөрвөн зуун тавин нэгэн сая/ төгрөгийг өгсөн байсан юм. Дансаар шилжүүлээгүй бэлнээр манайд нэг танихгүй хүнээр өгч явуулсан байсан. Тэгээд алтаа авбал энэ хүнрүү холбогдож өгөөрэй гээд нэг Өвөрмонгол эмэгтэйн дугаарыг өгсөн. ... гэсэн дугаар өгсөн байсан. Тэр Өвөрмонгол эмэгтэй нь Монголд Улаанбаатарт байдаг юм шиг байсан. Хааяа залгаж алт асуудаг байсан. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай ажил дээр танихгүй эрэгтэй хүн ирээд 5 ширхэг гулдмай буюу нийт 5,4 кг жинтэй алтыг манайд зарсан. 1 граммыг нь 91,000 /ерөн нэгэн мянга/ төгрөгөөр тооцож  нийт 450,500,000 /дөрвөн зуун тавин сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр явуулсан мөнгөөр нь алт худалдаж авсан гэдгийг нь  Улаанбаатарт байгаа Өвөрмонгол хүүхэнрүү утсаар “алтаа ав” гэж хэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хэлсэн санагдаж байна. Тэгээд би өөрөө ажил ихтэй явж чадахгүй байсан учир Г.С-д өгөөд “энэ алтыг хүнд хүргээд өг” Банк бус санхүүгийн байгууллагынхаа ажилд ашигладаг дугаартай гар утсыг Г.С-д өгөөд явуулсан. Тэр утсан дээр дугаар нь тэмдэглээтэй байсан. Тэгээд Г.С 2016 оны 9 дүгээр сарын 14-ний орой ажил тарах үеэр аваачиж өгсөн байсан. Г.С машингүй гээд Б-г дагуулаад хамт явсан гэсэн. …У гэх хүн миний дугаар болон банк бус санхүүгийн байгууллагын албан хэрэгцээний утасруу залгаж холбогдсон санагдаж байна.  Нууцалсан дугаараас залгасан санагдаж байна. Олон залгаагүй, ганц нэг л залгасан. Нууцалсан дугаартай байсан….Тэр утсан дээр алт авах Өвөрмонгол хүүхний дугаар байсан тохоор шууд утастай нь хамт өгөөд “наад дугаарруугаа залгаж холбогдоод өгөөрэй” гээд өгсөн юм. Тэр дугаар, утсыг манай банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг юм. Тус 5.4 кг алтыг би сонинд ороож өгсөн. Манайх алт хайлуулах зуух, хэрэгсэлтэй, гэхдээ манайх тэр алтыг аваад хайлуулаагүй. Тэр чигээр нь л өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 68-70, 71-73, 84-86. 97-98, 99-100, 3-р хх-ийн 176-178, 3-р хх-ийн 179-181, 3-р хх-ийн 197-198 тал/
  • Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.У эгч бол манай төрсөн ах Ц.Э-н эхнэр байгаа юм. Мөн хажуугаар нь алт худалдаж авах, зарж борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Би түүнд нь тусалдаг. 2016 оны 9 дүгээр сарын 13, 14-ний үед эгч Д.У-н “Ворлд Голд” ББСБ-д нягтлангаар ажилладаг Г.С эгчийн хамт алт аваачиж өгсөн. Тэр алтыг ямар учиртай алт болохыг нь мэдээгүй. Тэр алтыг Д.У эгч Г.С эгчид “хүнд аваачаад өг” гээд өгсөн юм билээ. Би тухайн үед харих гэж байсан боловч Г.С эгч “хоёулаа чиний машинтай нэг газарт юм хүргэж өгчөөд ирье” гэсэн. Тэгээд би Г.С эгчийг суулгаад “хаашаа явах юм” гэсэн чинь “4 дүгээр хороолол явъя” гэсэн тэгээд 4 дүгээр хороолол ороод “та хаашаа яваад байгаа юм бэ” гэсэн чинь “Таван богдод очно” гэхээр нь би “С эгчээ та яагаад будлиулаад байгаа юм бэ Таван богд чинь Андуудын урд, Төмөр замын тэнд байдаг ш дээ” гээд тийшээ явсан. Тэгээд тэнд очоод нэг хоолны газарт Г.С эгч бид хоёр хамт орсон. Тэнд ороод Г.С эгч нэг өндөр хүүхэнтэй уулзаж, нэг өрөөнд орж цүнхнээсээ тус алтыг гаргаж өндөр, Өвөрмонгол хүүхэнд тус алтыг өгсөн. Яг хэдэн килограмм байсныг нь мэдэхгүй. Тус алтыг сонингийн цаасанд боосон байсан. Өөр ямар нэгэн зүйлд ороож баглаагүй байсан...”гэжээ. /2-р хх-ийн 74-75, 87-88. 95-96, 3-р хх-ийн 182-183 тал/
  • Алтнаас сорьц тогтоох шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 140-149 тал/
  • Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /2-р хх-ийн 150 тал/
  • Монгол банкны Эрдэнэсийн санд ТЕГ-н МБ хэлтсээс хураагдсан тушаасан үнэт металлыг хүлээн авсан баримт /2-р хх-ийн 152 тал/
  • Монгол банкны Эрдэнэсийн санд алт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 153-159 тал/
  • Монгол банкны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-7/1156 дугаартай албан тоот /2-р хх-ийн 161 тал/
  • Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 208-2013 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч В.Ө нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргэнд зорчих үедээ Монгол Улсын “Эрдэнэсийн сангийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үнэт металл болох 459.239.341,92 төгрөгний үнэ бүхий 5 килограмм 404 грамм жинтэй алтыг биедээ нууж, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Төмөр Замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч В.Ө-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Ө-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байх тул Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр шүүгдэгч В.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч В.Ө нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хойшлуулашгүйгээр баривчлагдан, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 17 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 309 дугаартай гулдмайлсан 1074.300 гр жин бүхий алт, 310 дугаартай гулдмайлсан 1077.300 гр жин бүхий алт, 311 дугаартай гулдмайлсан 1076.900 гр жин бүхий алт, 312 дугаартай гулдмайлсан 1078.200 гр жин бүхий алт, 313 дугаартай гулдмайлсан 1081.100 гр жин бүхий нийт 5387.80 грамм жин бүхий 5 хэсэг алт нь Монгол банкний Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд гар аргаар хийсэн 2 кармаа бүхий дээд хэсэгтээ 2 цахилгаантай бүс мэт зүйл 1 ширхэг, 17x27 см, 17x18.5 см, 27x19.5 см, 61x27.5 см, 44.3x27.3 см, 61x26.6 см хэмжээтэй “Цаг үе, өнөөдөр” сонингийн хэсэг 6 ширхэг, “...АНБААТАР ДАХЬ ....BAГОН ДEПО” гэсэн бичиглэл бүхий гялгар уут 1 ширхэг /уранхай/,  БНХАУ-ын иргэн В.Ө-н гадаад паспорт 1 ширхэг, “ОРРО” гэсэн бичигтэй цагаан ягаан өнгийн гар утас 1 ширхэг /дотроо сим картуудтай/, БНХАУ-ын иргэн В.Ө-н 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хилээр гарах үедээ бичсэн Монгол улсын гааль Зорчигчийн гаалийн мэдүүлэг 2 хуудас,  “Тулгай цай” зоогийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн камерын бичлэг бүхий цагаан өнгийн компакт диск 1 ширхэг,  Д.У-н Iphone-6S маркийн гар утас, БНХАУ-ын иргэн В.Ө-н “ОРРО” маркийн гар утсанд үзлэг хийх явцыг бэхжүүлсэн цагаан өнгийн компакт диск 1 ширхэг, БНХАУ-ын иргэн В.Ө-н биеэс хураагдсан 49 ширхэг БНХАУ-ын 100-ын дэвсгэрт бүхий нийт 4900 юань, Монгол улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 8 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг буюу нийт 171,000 төгрөг хураагдан ирснийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5387.80 грамм, 458.666.442,62 төгрөгийн үнэлгээ бүхий алт нь Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг улсын орлого болгохоор тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч В.Ө-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч В.Ө-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч В.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч  В.Ө нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэл нийт 17 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар аргаар хийсэн 2 кармаа бүхий дээд хэсэгтээ 2 цахилгаантай бүс мэт зүйл 1 ширхэг, 17x27 см, 17x18.5 см, 27x19.5 см, 61x27.5 см, 44.3x27.3 см, 61x26.6 см хэмжээтэй “Цаг үе, өнөөдөр” сонингийн хэсэг 6 ширхэг, “...АНБААТАР ДАХЬ ....BAГОН ДEПО” гэсэн бичиглэл бүхий гялгар уут 1 ширхэг/уранхай/-ийг устгах,  шүүгдэгч В.Ө-н 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хилээр гарах үедээ бичсэн Монгол улсын гааль Зорчигчийн гаалийн мэдүүлэг 2 хуудас,  “Тулгай цай” зоогийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн камерын бичлэг бүхий цагаан өнгийн компакт диск 1 ширхэг,  Д.Уранчимэгийн Iphone-6S маркийн гар утас, БНХАУ-ын иргэн Вү Өрнэл/Wu Riline/-ийн “ОРРО” маркийн гар утсанд үзлэг хийх явцыг бэхжүүлсэн цагаан өнгийн компакт диск 1 ширхэг зэргийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч  В.Ө-н гадаад паспорт 1 ширхэг, “ОРРО” гэсэн бичигтэй цагаан ягаан өнгийн гар утас 1 ширхэг /дотроо сим картуудтай/-ийг,  БНХАУ-ын иргэн В.Ө-н биеэс хураагдсан 49 ширхэг БНХАУ-ын 100-ын дэвсгэрт бүхий нийт 4900 юань, Монгол улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 8 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг буюу нийт 171,000 төгрөгийг шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар нийт 5387.80 грамм жинтэй, 458.666.442,62 төгрөгийн үнэлгээ бүхий алтыг худалдан борлуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч В.Ө-н гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

8.  Эд мөрийн баримтаар хураагдсан 5387.80 грамм, 458.666.442,62 төгрөгийн үнэлгээ бүхий алт нь Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ө-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эзэмшигч нарт 7601 УНЭ улсын дугаартай Land Criuser 70 маркийн болон 7602 УНЭ улсын дугаартай Land Criuser 70 маркийн машинуудыг буцаан олгох, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                                             Б.НАРМАНДАХ

                                                                      Л.БАТЖАРГАЛ