Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01023

 

 

 

**** аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч **** аймгийн **** сумын ** баг ** байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Ө**** овогт П****гийн Н****ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймаг **** сум ** баг ** давхар ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, О** овогт Р****ын Ж****д холбогдох

 

Зээлийн үлдэгдэл 3.500.000 төгрөг, алданги 1.750.000 төгрөг нийт 5250.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О****, хариуцагч Р.Ж****, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б****, нарийн бичгийн дарга Н.Золбаяр нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Н**** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Р.Ж****тэй зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн 4.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар 2014.11.07-ны өдөр Р.Ж****д зээлүүлж түүний **** банкны **** тоот дансанд шилжүүлсэн юм. Р.Ж**** нь барьцааны зүйл байхгүй, ганцхан сарын дараа л гэхэд буцаагаад өгнө гэж хэлж мөнгө авсан. Гэрээнд заасан хугацаа өнгөрмөгц гэрээний үүргээ биелүүлэхийг удаан хугацаанд хүлээж, мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж, сануулж, байнга утсаар залгаж байсан. Нэг ч төгрөг эргүүлж төлөлгүй хугацаа хэтэрсэн тул алданги тооцож 2015.01.15-ны өдөр дахин гэрээгээ сунгасанд тооцож бичгээр үйлдэн, мөнгөө төлөх нэмэлт хугацаа олгосон. Энэ өдөр хүртэл гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийн хамт 5140000 төгрөг болсон бөгөөд нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй тул үндсэн зээлийг 5000000 төгрөг болсонд тооцож, гэрээний бусад нөхцлүүд хэвээр гэрээг сунгаж бичгээр үйлдсэн. Үүнээс хойш сарын дараа буюу 2015.02.13-ны өдөр 2000000 төгрөг төлсөн. Үүний 500.000 төгрөгийг хүүнд, 1500000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон, 3500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 10 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээг дахин 1 сараар сунгаж, гэрээг хэвээр тооцсон. Гэрээний дагуу 2015.03.15-нд зээлээ төлөх байсан боловч зөвхөн хүүг нь төлье гэж 350.000 төгрөг төлсөн. 2015.04.15-нд дахин мөнгө төлөхийг шаардсан ч 2015.04.25-нд 250.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл огт мөнгө төлөөгүй, өөр хүнээс мөнгө авах ёстой, тэр мөнгийг аваад өгнө гэж удаа дараа шалтаглан, өдийг хүрсэн. Түүний бусдаас авах авлага огт хамаагүй, түүнийг авч чадахгүй байгаа нь үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Нэмэлт хугацааг дахин тогтоож мөнгөө төлж дуусгах боломжийг олон дахин олгосон боловч ямар нэгэн  үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон. Уг мөнгө нь хүүхдийн орон сууц худалдан авах урьдчилгаа мөнгө байсан бөгөөд урьдчилгаа мөнгийг төлөх боломжгүй болсноос хүүхэддээ байр худалдан авч чадахгүй болж хохирсон. Р.Ж****ээс гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Р.Ж****ээс үндсэн зээл 3500000 төгрөг, түүний алданги 1750000 төгрөг нийт 5250.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Ж**** түүний өмгөөлөгч Н.Б**** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014.11.07нд Н**** надтай гэрээ хийгээгүй О**** надтай гэрээ хийсэн. Н****ээс дансаар 4 сая төгрөг авсан. 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй авсан. 2014.12.07-нд хүү 400.000 төгрөгийн хамт 4400.000 төгрөгийг буцааж өгөх байсан. 2015.01.15-нд 140.000 төгрөг, 2015.02.13нд 2 сая төгрөг, 2015.03.15-нд 350.000 төгрөг, 2015.04.25-нд 250.000 төгрөг нийт 2740,000 төгрөг өгсөн. Анх авсан 4 сая төгрөг, хүү 400.000 төгрөг нийт 4400.000 төгрөгөөс 2740.000 төгрөгийг хасч үлдэх 1660.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Эдийн засгийн хямралд орж, амин зуулга доройтоход хүрсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Н**** нь хариуцагч Р.Ж****д холбогдуулан 5250.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ё.Н**** хариуцагч Р.Ж**** нар нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. / хх-ийн 6/

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ё.Н**** нь 2014.11.07-ны өдөр хариуцагч Р.Ж****ийн **** дугаар дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан **** банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байна. / хх-ийн 4/

Нэхэмжлэгч Ё.Н**** нь би Ж****ээс 2015.01.15-ны өдөр 140.000 төгрөг авсан Ж**** нь 12.07нд 4400000 төгрөг өгөх байсан өгөөгүй тул хүү, алданги нийлээд 5160.000 төгрөг болсон. Зээлдэгчтэй зөвшилцөж 5160.000 төгрөгнөөс өгсөн 140.000 төгрөгийг хасч үлдэгдэл 5000.000 төгрөгөөр дахин шинээр гэрээгээ сунгаж, сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээгээ сунгасан. Тэгээд 2015.02.13-нд хариуцагчаас 2 сая төгрөг авсан. Үүнээс 500000 төгрөгийг хүүнд, 1500.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч 3.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ж****ээс 2015.03.15-нд 350.000 төгрөг өгсөн. Үүнийг 1 сарын хүүнд хассан. Мөн 2015.04.25-нд 250.000 төгрөг өгсөн. Үүнийг алдангид хассан. Одоо үлдэгдэл 3.500.000 төгрөг, алданги 1750.000 төгрөг нэхэмжилж байна гэснийг хариуцагч би 2740.000 төгрөг төлсөн үлдэгдэл 1660.000 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2015.01.15-нд 140.000 төгрөг, 2015.02.13нд 2 сая төгрөг, 2015.03.15-нд 350.000 төгрөг, 2015.04.25-нд 250.000 төгрөг нийт 2740,000 төгрөг өгсөн гэснийг нэхэмжлэгч нь энэ мөнгийг авсан гэж талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.2 “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар хариуцагчаас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн талуудын хооронд хийсэн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4000.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 2014.12.07-ны өдрөөс 2015.02.07-ны өдөр хүртэл 60 хоногийн алданги 60х20000=1200.000 төгрөг нийт 5600.000 төгрөгнөөс хариуцагчаас өгсөн 2740.000 төгрөгийг хасч үлдэх 2860.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь бид 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5000.000  төгрөг дээр дахин гэрээ шинээр хийсэн гэж мэдүүлж байх боловч энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, 2014.11.07-ний өдрийн зээлийн гэрээн дээр хүү, алданги нэмж шинээр гэрээ хийснийг гэрээ хийсэнд тооцож нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хариуцагч нь би 2014.11.07-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан Ё.Н**** зураагүй О**** зурсан гэж маргаж байгаа боловч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй, Ё.Н****ийн гарын үсэг биш болохыг нотлосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2заасныг баримтлан хариуцагч Р.Ж****ээс 2860.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Н****д олгож, 2390.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 99000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж****ээс 60710 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА