Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/01282/И

Дархан-Уул   аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** хот *** дүүрэг *** хороо *** тоотод байрлах, Э к ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг *** сум *** баг *** хороолол *** байр *** тоотод оршин суух Б.С, Ж.С  нарт холбогдох

"209,360,004 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, хариуцагч Ж.С , хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагч Ж.С , хариуцагч Ж.С гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э к ББСБ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Э к ББСБ нь иргэн М.А , Б.С-, П.Ж , Ж.С нартай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 14/004А тоот барьцааны гэрээ байгуулж *** аймгийн *** сумын *** баг **** хороо *** тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц ***, *** аймаг *** сум *** баг *** хороолол *** тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц /*** /-ыг тус тус барьцаалсан болно.

Зээлдүүлэгч тал зээлдэгч талд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боовч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.С-, Ж.С нараас

1.*** тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 16,893,337 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 90,906,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,560,001 төгрөг нийт 209,360,004 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох *** аймаг *** сум *** баг *** тоот хаягт байрлах 50,5 мкь талбай бүхий 4 өрөө орон сууц ***, **** аймаг *** сум *** баг *** тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Д аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нараас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот зээлийн болон болон барьцааны гэрээний дагуу шаардаж байгаа. Барьцааны гэрээгээр барьцааны зүйл 2 байгаа. Манай байгууллага зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нар зохих ёсоор биелүүлээгүй. Үүнээс болж манай байгууллагын санхүүгийн болон бусдад зээл олголт зэрэг хэвийн үйл ажиллагаа доголдож байгаа. 2015 оны 05 дугаар сарын 14-нөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлхи хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 30 хүртэл 17 сарын хугацаанд зээл төлөөгүй тул төлж дуусах хүртэлхи хугацааны хүүг нөхөн төлөх үүрэг, зээл, хүүг төлж дуусгаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх заалтын дагуу үндсэн зээл 80 000 000 төгрөг, 17 сарын хүү 95 200 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 040 000 төгрөг нийт 194 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа.

Мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. *** тоот зээлийн гэрээгээр зээлийн харилцааг зохицуулсан. Ж.С , Б.С- нар нь хамтран зээлдэгч шүү. Ийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3, 242 дугаар зүйлийн 242.1-ийн зохицуулалт үйлчилнэ. Мөнгө авсан нь биш хамтран зээлдэгч мөн барьцааны зүйлийн өмчлөгч нар тул манайх үүргийг шаардаж байгаа. Маргаад байгаа М.А  гэрээний нэг тал дангаараа байсан бол бид нэхэмжлэл гаргахгүй байсан. Барьцааны гэрээ байгуулж, өмчлөгч нар зөвшөөрч гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцаалбарт байгаа тул барьцааны хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа 2 хариуцагчийг тодорхойлсон. Явцын дунд М.А г татж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэсэн боловч хаягт байхгүй, хил гаалиар нэвтрэх эрхийг хаах ажиллагааг зохих байгууллага хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу хариуцагчаа хэнийг тодорхойлох нь манай эрх. Харин Тахарын алба чиг үүргийнхээ дагуу М.А г эрэн сурвалжилсан. Энэ нь тэдний ажиллагаа. Бид боломжоо ашигласан. Мөн хуулийн 28.3-т заасан эрхээ хэрэгжүүлсэн, мөн татгалзсан. Хүүг ашигласан хугацаанд төлөх үүрэгтэй, ийм учраас 17 сарын хүү нэхэмжилсэн. Ж.С одоо яриад байгаа М.А г Цагдаагийн Газарт өргөдөл өгч шалгуулсан байдаг. Гэмт хэрэг биш гэдгийг тогтоосон гэж байна. Сайнхүү өөрөө асуугдсан байдаг, энэ үед тодорхой асуудлаа тавиад, эрүүгийн хэрэг үүсэхээс татглазсан тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Анх зээл хүсэхдээ 90 000 000 төгрөг гэж байсан боловч манай байгууллага 80 000 000 төгрөгийг олгосон, үүнийгээ нэхэмжилсэн. Барьцаа хөрөнгийн тухайд хуулийн зохицуулалтын дагуу явагдана. Түүнээс биш ногдох хэсгээс төлбөрийн асуудал яригдахгүй байх гэж үзэж байна. Энэ бол дараагийн шатны асуудал. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ хийгдсэн, өмчлөгч хэн байхаас үл хамааран барьцааны зүйлээр гэрээний үүрэг хангагдана. М.А гэдэг хүний талаар их ярьлаа. М.А хэргийн оролцогч биш. Зээл төлөгдөөгүй 24 сар болж байна. Бид шүүхэд өгсөнөөс хойшхи хугацааны хүүг нэмэгдүүлээгүй байгаа. Барьцааны хөрөнгийг өмчлөгч нар эрх зүйн чадамжтай, хамтран зээлдэгчээр зөвшөөрлөөр орсон, гарын үсгээ зурсан. Манайх хариуцагчаар татахаас татгалзсан тул М.А г эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэхгүй. Зээлийн гэрээ барьцааны гэрээнд гарын үсэг зурсан 2 харицуагч 2-лаа эрх зүйн чадамжтай, нотариатч гарын үсэг зурсаныг нь гэрчилсэн. Өөрсдөө үр дагаварыг ойлгох чадвартай. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11д тодорхойлох боломжгүй гэсэн нэмэлт нөхөцөл бий. Үүнийг тайлбарлах нь шүүхийн үүрэг. Зээлийн гэрээгээр тус бүрт гэрээний үүрийг тусад нь салгаагүй, тусад нь салгах байсан тус тусдаа гэрээ хийх байсан байх. Хэн ч төлсөн тохиолдолд барьцааны зүйлрүү орохгүй. Мөнгө бүтнээр төлөгдөх, 1 нь төлөх, хэсэгчилэн төлөх нь хамаагүй. Өөрсдийнх нь асуудал, яаж төлөх нь.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Анх бизнес хийх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж, хамтран зээлдэгч болсон. Миний бие нь энэхүү зээлийг авахдаа өөрийн Дархан сумын 12 дугаарт багт байрлах 16 дугаар байрны 165 тоот байраа барьцаалуулсан юм. Тухайн үед хэдийгээр хамтран зээлдэгч болсон ч энэхүү зээлсэн 80,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Иймд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.А нь энэ мөнгийг өөрөө авсан.

Э к ББСБ-тай анх зээлийн гэрээг 3 сараар байгуулсан. Гэрээнд зааснаар гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо Э к ББСБ-ын хуульч, эдийн засагч нартай уулзаж мэдэгдэж байсан. Гэрээг цуцлах боломжгүй гэж тайлбар өгөөд өөрсөдөд ашигтайгаар элдэв хүү нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээг 3 сараар байгуулсан атлаа нэхэмжлэлдээ 15 сарын хугацаатай гэж нэхэмжилсэн байна.

Миний бие нь зээлийн гэрээнээс нэг ч төгрөг аваагүй учир Э к ББСБ-ын нэхэмжилсэн нийт 209,360,004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөрийн үнийн дүнгийн талаар ярих зүйлгүй. Энэ зээлээс нэг төгрөг ч аваагүй. 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг залилж байрны гэрчилгээнд өөрийн нэр оруулж, барьцаа хөрөнгө болгосон. Зээл олгож байгаа ББСБайгууллага өөрийн үйл ажиллагааны дүрмээ бариагүйгээс энэ асуудал гарсан. Зээлийг яаж хэн эргэн төлөх, эрсдэлээ яаж хамгаалах талаар судлаагүй. М.А д зээлийг олгосон атлаа хамтран зэлэдэгчээр оролцуулахгүй нь сонирхолтой байна. Барьцааны гэрээ, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахдаа энэ эмэгтэйн итгэл, мөн найз нөхдийн нөхөрлөлийг ашигласан. Мөнгө авчихсан нь завшаад байраа барьцаалсан нь орох оронгүй болж байгаа нь шударга бус байна. Э к гэрээтэй гэх байх. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ зээл олголтод хяналт тавиагүй нь эдний буруу. Ийм учраас төлөхгүй. М.А гэмт хэрэг үйлдчихээд зугатаад яваад байна. Ж.С гийн аав ярихад данс өгчихөө төлнө гэхэд эдний байгууллага хувь хүний данс өгсөн байсан. М.А д мөнгө шилжүүслэн атлаа Ж.С , Б.С- нараас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээний дагуу 80 000 000 төгрөг 17 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү гэж байна. Хэд ч байсан аваагүй тул төлөхгүй. Үүргийн гүйцэтгэлийн хувьд Б.С- М.А тэй хамтран өмчлөгч, хууль эрхийн мэдэлггүйгээс ийм өмлчөгөөр нэмж бүртгүүлсэн. М.А хамтран өмчлөгч тул өөрийн ногдох хэсгээс төлбөрөө төлнө. Гэтэл М.А г татан оролцуулаагүй атлаа ногдох хэсгээс яаж төлүүлэх юм. Хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх нь үнэн. Хариуцагчаа сонгож байгаа нь Иргэний хуулийн дагуу байх ёстой. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар олон этгээд үүрэгт оролцож байгаа. М.А н нэр гэрээнд орсон байхад татахгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.4-т зааснаар хугацаа зөрчсөн тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчид хамаарахгүй гэсэн байгаа. Гурвуулаа мөнгийг авсан бол хамтран үүрэг хүлээж болох юм. Энэ мөнгө хувь хүний дансанд орсон. Хариуцагчийн дансанд ороогүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах үед М.А н ногдох хэсгийг яах юм. Зээлээ төлөхгүй, барьцааны зүйлийн ногдох хэсэг нь өөрт нь үлдэнэ. Хуульд заасан тэнцүү үүрэг, төлбөрийн чадваргүй үед хэрхэх гээд М.А г байгаа үед ярих зүйл өөр. Шүүхийн шийдвэр бодитой байж чадахгүй. Тахарын алба ажлаа олигтой хийгээгүй. Сая утсаар ярихад төлнөө л гэж байна. Хэрэглэж байгаа дугаар дээрээ байж л байна. Мөн зээлдэгчийн анкет дээр эхнэр, хүүхдүүдийн хаяг байна. Мөн ээж нь байгаа. Эд нарас асууж ажиллагаа хийсэн эсэх нь эргэлзээтэй. Үүрэг тэнцүү байхад зөвхөн 2 хүнийг л оруулж ирсэн. 1 нь найзых нь хүүхэд, 1 нь хамтран амьдрагч. Булган аймагт уурхайн үйл ажиллагаа явуулна гэж байсан. Одоо Ж.С гийн аавын болон миний сая холбогдсон дугаар Хятадын үүрэн телефон дугаар гэх юм. Гэтэл Монгол улсад байгаад энэ дугаараа ашиглж байгаа бол Тахарын алба олохгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэт өрөөсгөл хандаж байна. Нэхэмжлэлийн хүрээнд 2 хүнээс төлбөр гаргуулах талаар шүүх шийдэх л байх. ХХША-нд оролцоогүй хүнээс яаж төлбөр гаргуулах юм. Хариуцагч Ж.С гийн аав Ж гуай утсаар ярьсан бичлэгтээ танай ээжийнд очоод хэвтчихнэ шүү гэж байна. Хөгшин настай ээжтэйгээ холбоо барьж л байгаа. Гэтэл тэд нараас асуусан юмуу. Эдний байгууллагыг нэхэмжлэлээ буруу гаргасан хохир гэж байгаа юм биш. Гэхдээ иргэн хохирох ёсгүй. Гэрээний дагуу үүрэг байгаа. Гэхдээ нэг зальтай этгээд зүгээр өнгөрч байна. Ялангуяа Б.С- их хохирч байгаа. Ээжийх нь нэрээр тэтгэвэрийн зээлийг 2017 он хүртэл авахуулсан, мөн хүүхдийх нь хадгаламжаас мөнгө авсан гэх мэтээр, энэ талаар Цагдаагийн газарт хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ. Энэ үед М.А г олж ирэх байх. Тэгэхдээ эрүүгийн хэрэг үүсгэх үед болон хэрэг улсын дээд шүүхээс яаж ч шийдэгдээ билээ. Энэ хэргийг түдгэлзүүлж болно. Үүрэг гэх юм. Мөнгөө өгсөн хүнээсээ авах хэрэгтэй. Барьцааны зүйлийн өмчлөгч нараар зээлээ төлүүлнэ гэж амархан ярьж болохгүй. Тийм ч амархан өгчихгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ж овогтой Сайнхүү би Э к ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь:

1.Уг 80,000,000 төгрөгийн зээлийг би аваагүй. Манай аавын найз болох М.А д мөнгө хэрэгтэй болоод байна гээд 3 сарын хугацаатай зээл авч манай байрыг барьцаанд тавъя гэхэд би анхнаасаа зөвшөөрөөгүй. Тэгээд ч уг зээлийг А н дансанд шилжүүлж М.А хүлээн авсан гэсэн баримт болох дансны хуулгын тус ББСБ нэхэмжлэлийн хамт өгсөн байна.

2.М.А нь уг зээлийг авахдаа миний аав блох Ж бид 2-ын нэр дээр байдаг байрыг барьцаалахыг болон итгэмжлэл өгөхийг би эхнээсээ зөвшөөрөөгүй. Зээлийг М.А авсан гэдгийг тус ББСБ сайн мэдэж байгаа атлаа надаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч М.А , хамтран зээлдэгчээр Б.С- /М.А н эхнэр/, П.Ж /миний аав/, Ж.С бид нарын нэр байгаа. Гэтэл яагаад зөвхөн хамтран зээлдэгчид болох Б.С-, Ж.С биднийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Э к ББСБ нь М.А гаас зээл нэхэмжлэх, түүний өмчлөлийн Д аймаг, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

3.Зээлийн гэрээг анх 3 сарын хугацаатай хийж байгаа гэж би ааваас сонссон. Мөн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөх хуваарьт 3 сарын хугацаатай зээл гэж бичин төлөх графикийг ч 3 сараар тооцож бичсэн байхад ББСБ-ын нэхэмжлэлд 15 сарын хугацаатай зээл авсан гэсэнтэй зөрчилдөж байна. Мөн ББСБ-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүн нь холбогдох хуулийг бармитлаагүй, үндэслэлгүй, хэт өндөр байна.

4.Би М.А д холбогдуулан өөрийг байрыг залилуулсан гэсэн гомдлыг цагдаад хандан гаргаж, энэ хэргийг шалгаж байгаа болно. Би М.А н авч ашиглсан мөнгөний барьцаанд аавынхаа болон өөрийн насаараа амьдарсан орон байрыг алдахдаа тулсанд маш их гомдолтой байна.

Иймд тус байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээл авсан хүн нь М.А . М.А бол манай аавын найз. Бизнесийн үйл ажиллагаа хийхээр болж аавыг ятгасан. Аав намайг ятгаж байраа барьцаанд тавьсан. Мөнгийг М.А өөрийн дансанд авсан. Бид нар нэг төгрөг ч аваагүй. Ийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Зээл өгсөнөөс хойш энэ байгууллага манайхаас шаардаж байгаагүй. Гэрээ 3 сар юм билээ. Энэ хугацаанд төлөөгүй бол яагаад шаардаагүй юм. Бид нарыг зээлдэгч гэж байгаа бол энэ үеэс л шаардах байсан. Энэ хооронд М.А тэй тохирч байсан байх. Энэ тохиролцоо нь алдагдахаар бид нарыг шүүхэд өгсөн байх. 80 000 000 төгрөг гэж байна. Гэтэл 90 000 000 төгрөг хүссэн байсан. 10 000 000 төгрөгийг нь яасан. Бид нарын байрыг л авах зорилготой байх юм. Зээл өгсөнөөс хойш 1 жил илүүгийн дараа шаардаж байгаа нь шударга бус. Тийм хуультай байхыг үгүйсгэхгүй. Аав одоо ч холбогдсоор байгаа. Данс явуулаач гэж байсан, гэтэл төлөөгүй. Үндсэн зээлдэгч нь байна, мөн 10 000 000 төгрөгийн асуудал байна. Мөнгөө аваагүй мөртлөө барьцаан зүйл болох орон сууцаар төлүүлэхийг зөвшөөрөхгүй. Энэ байр аав бид 2-ын нэр дээр ч эгч, түүний 4 хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө. Эднийх зээлийг судлахдаа дүрэм журмаа биелүүлээгүй.Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэрээ байгуулсан өдөр бол ажлын бус өдөр, нэг цонхны үйлчилгээн дээр ажил тарсаны дараа очсон. Аав шахаж байж уурлан зуруулсан. Би дургүй л байсан. Нотариатч гэрээтэй танилцах боломж олгоогүй. Гэрээ байгуулж байна гэж бодоогүй, их стресстэй аав мэдэж байгаа биз гэж л зурсан. Хамтран зээлдэгч гэж зураагүй. М.А д 3 сар мөнгө авахад нь тусалж байна гэж байраа барьцаалахыг зөвшөөрч байна гэж л зурсанаас хамтран зээлдэгч гэж зураагүй. М.А г хамтран зээлдэгчээр татсан гэх юм. Шүүх үүнийг ор нэр төдий хийсэн. Шүүх хуралдаанд оролцуулья гээд нэр төдий хийгээд Тахарын албанд өгөөд, Тахарын алба нь додомдоод сар хүрэхгүй хугацаанд татгалзлаа гэсэн. Тахарын албанаас надтай ярьсан. Би найз нөхдөөсөө асуухад М.А г Эрээнд байна гэсэн. Эд нар тохироод яваад байгаа юм болов уу гэсэн хардалт байна. Би Цагдаагийн Газарт М.А г өгсөн. Аавыг байцаагаад ингээд луйвардуулчихлаа гэснээ хэлсэн болохоос тодорхой тайлбарлаж танилцуулаагүй юм билээ. Зээлийн гэрээ барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгээгүй юм билээ. Тахар богинохон хугацаанд ажиллагаа хийсэн. 5 дугаар сарын 25-нд аавтай ярьсан бичлэгийг сонсгосон. Утсаар холбогдоод л байна ш тээ. Энэ асуудлаас болж эрүүл мэндийн хувьд тааж болохгүй эрсдэлд орохоор байна. Гэрээний үүргийг байраар гүйцэтгүүллээ гэхэд ар гэрийн байдал хүнд байна. Энэ байранд бас эгч, түүний 4 хүүхэд амьдарч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийг анханаасаа олгохдоо хууль дүрмэнд нийцүүлсэн ажиллагаа явуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Зээлдэгчийн талаар судалгаа хийх ёстой шүү дээ. Ямар хүнд зээл өгөх гэж байгаа. Мөн зээл авсан хүн нь төлбөрөө буцаан төлөх чадвартай юу гэх зэргээр судалгаа хийж байж зээлээ өгөх ёстой. Э к ББСБ-аас мөнгөө шилжүүлэхдээ М.А гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө байраа барьцаанд тавьсан хамтран зээлдэгч нараас мөнгийг нь нэхээд байгааг гайхаж байна. Хавтаст хэргээс үзэхэд М.А гэх хүн нь Б.С-, Ж.С нарыг залилан мэхлээд яваад байдаг. Зээл авахдаа 90.000.000 төгрөгний хүсэлт бичиж өгөөд байхад 80.000.000 төгрөгний зээл өгсөн байдаг. Батлагдсан зээл нь 90.000.000 төгрөг шүү дээ. Одоо А гэх хүн нь олдохгүй байгаа гэж байна. *8615647933284+ дугаартай утаснаас залгаад яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгт М.А заваал хариуцагчаар оролцох ёстой гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э к ББСБ нь хариуцагч Б.С-, Ж.С нарт холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн *** тоот, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн барьцааны 14/004А тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 209 360 004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаарлдлагыг багасгах эрхийн дагуу үндсэн зээл 80 000 000 төгрөг, 17 сарын хүү 95 200 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 040 000 төгрөг, нийт 194 240 000 төгрөг гаргуулахаар багасгаж байгаа болно.

Нэхэмжлэгч Э к  ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан өөрийн байгууллагын журмын дагуу гэрээний зүйл болсон 80 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 7 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч М.А , Б.С-, П.Ж , Ж.С  нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, мөн гэрээний 6.1.12-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийсэн бөгөөд зээлийн гэрээний 5.2.2-т заасан зээлийн төлбөрийг сар бүр Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг хариуцагч нар биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохирсон мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

*** тоот зээлийн гэрээний зүйл болсон 80 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй тул зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэлхи хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй болно.

Иймд зээлдэгч нарын зээлийн гэрээний төлбөл зохих үүрэг 80 000 000 төгрөг, үүнээс нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэлхи 17 сарын хугацааны төлбөл зохих хүү 95 200 000 төгрөг , нэмэгдүүлсэн хүү 19 240 000 төгрөг байна.

Хариуцагч Б.С-, Ж.С нар зээлийн гэрээний зүйл болсон 80 000 000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний нэг тал бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.5-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгөөгүй тул бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Хариуцагч Ж.С энэ зээлийн гэрээнд хүчээр оролцож, гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул гэрээ байгуулах шатанд тодорхой үйлдэл хийхээс татгалзах боломжтой байсан тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэл болох гэрээ байгуулах саналыг хүлээн авсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.2.14-т зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч нар хүлээсэн бөгөөд талууд 14 /004 а тоот Барьцааны гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулнаҮл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан, хүчин төгөлдөр байна.

Иймд барьцааны гэрээний зүйл болсон улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** аймгийн *** сум *** баг *** хороо *** тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** аймгийн *** сумын *** баг *** хороо **** тоот 42.1 м.кв 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 194 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна.

Дээрхи барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Д аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 194 240 000 төгрөгийг хариуцагч Ж.С , Б.С- нараас гаргуулан Э к ББСБ-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ-аас 201оны 11 дүгээр сарын 06ы өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1,204,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.С , Б.С- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 194 240 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1,129,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э к ББСБ-д олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.С , Б.С- нар 194 240 000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** аймгийн *** сум *** баг *** хороо *** тоот 50.5 м.кв 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Дархан Уул аймаг Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хорооолол 9 дүгээр байр 56 тоот 42.1 м.кв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 194 240 000 төгрөгийг хангах учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул , Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ