Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1346

 

 

 

 

 

 

 

 

 

СБД160ийн

нэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01278 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч СБД160ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “ӨТ” ХХК-д холбогдох,

хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СБД160 нь 2001 оноос Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 796 м.кв газрыг эзэмших эрхийг авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус цэцэрлэг нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “ӨТ” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч 160 дугаар цэцэрлэг нь өөрийн эзэмшлийн 9 796 м.кв талбай бүхий газраас 4 484 м.кв газрыг “ӨТ” ХХК-д шилжүүлэх, үүний хариуд “ӨТ” ХХК нь тус газарт орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, уг орон сууцны барилгаас тодорхой хэсгийг 160 дугаар цэцэрлэгийн ажилчдад 10 хувийн хөнгөлөлттэйгээр худалдаж, тэднийг орон сууцаар хангахаар болсон. Мөн цэцэрлэгийн үлдэх 3 932 м.кв талбайд хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж өгөх, цэцэрлэгийн байрыг засварлах зэрэг ажлыг хийхээр харилцан тохиролцсон. Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 577 дугаартай захирамж гаргаж 160 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байсан газраас 4 484 м.кв  хэмжээтэй газрыг “ӨТ” ХХК-д шилжүүлсэн байдаг.

“ӨТ” ХХК нь 2015 он хүртэл уг хүлээн авсан газрыг эзэмшиж байсан атлаа газарт ямар ч барилгын суурь тавиагүй, мөн гэрээгээр хүлээсэн бусад үүргээ огт биелүүлээгүй болно. Ингээд Нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/1009 дугаартай захирамж гарган “газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй”, “газрын төлбөрөө төлөх үүргээ биелээгүй” гэсэн үндэслэлээр “ӨТ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4 484 м.кв газрыг 160 дугаар цэцэрлэгт буцаан олгосон. Гэтэл “ӨТ” ХХК нь өөрийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон нь, мөн өөрийнх нь эзэмшиж байсан газрыг 160 дугаар цэцэрлэгт буцаан олгосон нь хууль бус гэж Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн, эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй.

Маргаан бүхий газар дээр “Азийн Хөгжлийн банк”-ны хөнгөлөлттэй зээлээр 242 хүүхдийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа бөгөөд “ӨТ” ХХК нь тус газрыг эзэмших эрхтэй болвол 160 дугаар цэцэрлэгт харьяалагддаг 500 гаруй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх болно. Иймээс “ӨТ” ХХК нь анхнаасаа 160 дугаар цэцэрлэгийн эзэмшиж байгаа газраас эрх шилжүүлэх замаар газар эзэмших эрхгүй байсан болохыг тоггоолгох зайлшгүй шаардлагатай байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхийг газар эзэмшигчид олгосон байдаг. Гэхдээ газар эзэмшигч нь төрийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй гэж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт мөн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 160 дугаар цэцэрлэг нь Төрийн байгууллага учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй гэсэн үг юм. Дээрхээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг шууд зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу “ӨТ” ХХК болон СБД160 нарын хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Ийнхүү хүчин төгөлдөр гэрээ байгуулсныг тогтоолгосноор тухайн маргаан бүхий газар нэхэмжлэгчийн эзэмшилд буцаад шилжиж ирнэ гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа юм. Талуудын гэрээгээр тохирсон тохиролцооны үр дагавар нь одоог хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд үр дагавар үүсэх боломжтой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан. Цэцэрлэгийн хажууд том хэмжээний газар нь хоосон байсан тул уг газрыг хамгаалалтай болгох, цэцэрлэгийн барилгыг сайжруулах, багш нарын амьдрах орчин, цэцэрлэгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор тухайн үеийн цэцэрлэгийн захирлын саналыг үндэслэж гэрээг байгуулсан юм. Мөн гэрээгээр хариуцагч компани нь цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн барьж өгөх, цэцэрлэгийн байрыг засварлах, өөрсдийн барьсан орон сууцнаас хөнгөлөлттэй худалдах үүрэг хүлээсэн. “ӨТ” ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд цаашид уг гэрээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Талуудын байгуулсан гэрээ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай СБД160ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 7-д заасан “Энэхүү гэрээнд заасан газар эзэмших эрхийн талаар Нийслэлийн газрын албаар баталгаажиж, шинэчилсэн гэрээ байгуулсан нөхцөлд гэрээний нөхцөл хүчин төгөлдөр болж талууд үйл ажиллагаа явуулна” гэх газар эзэших эрхийг шилжүүлэхтэй холбоотой заалтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийр хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч СБД160 нь хариуцагч “Өрхий трейд” ХХК-д холбогдуулан 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Өрхий трейд” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт орших 160 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн 4 484 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийж орон сууц, үйлчилгээний барилга барих, барьсан орон сууцнаас тодорхой хувийг 10 хувийн хөнгөлттэйгээр цэцэрлэгийн ажилчдыг орон сууцаар хангахад зориулж олгох, цэцэрлэгт үлдэж буй сул чөлөөтэй 3 932 м.кв газарт хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулж өгөх, нэхэмжлэгч 160 дугаар цэцэрлэг нь барилгын талбай бэлдэж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах үүргийг тус тус хүлээж, энэхүү гэрээнд заасан газар эзэмших эрх шилжүүлэх талаар Нийслэлийн газрын албаар баталгаажиж, шинэчилсэн гэрээ байгуулсан нөхцөлд гэрээний нөхцөл хүчин төгөлдөр болох талаар тусгажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус цэцэрлэг нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж газрыг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу 160 дугаар цэцэрлэгийн газар эзэмших эрх хариуцагчид шилжсэн гэх үйл баримтыг нотолсон бичгийн баримт авагдаагүйгээс гадна, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй гэжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.         

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН