| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 405 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 405
М.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Каня, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 469 дүгээр магадлалтай, 201601080015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Каракас овогт М.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б-ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 201601080015 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгагдсан этгээд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 49 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хуулийн ямар шаардлагад нийцээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож байгаагаа магадлалд тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, хэрэв ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар журмыг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байх тул магадлалыг үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Давж заалдах шатны шүүх яллах талын ямар нотлох баримтанд няцаалт хийсэн дүгнэлт хийгээгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Харин ч яллах нотлох баримтууд нь ямар цагаатгах нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг цагаатгах тогтоолын 6-7 дугаар хуудаснаас харж болохоор байна.
Хохирогч С.Аманбол урьд нь толгойн өвчтэй, эмчийн хяналтанд байсан, уналт, таталт өгдөг байсныг гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс тодорхой харж болох ба хохирогч нь шүүгдэгчид алгадуулсан даруйдаа шүүх эмнэлэг, цагдаад мэдэгдээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй нь С.Аманболын биед учирсан гэмтэл нь М.Б-ийн үйлдлийн улмаас учирсан гэж үзэх боломжгүй байгаа юм.
Анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэх дүгнэхэд эргэлзээ гарсан учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байдаг. Үнэхээр хохирогчийн биед учирсан гэмтлийг М.Б учруулсан гэсэн хангалттай баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эргэлзээ гарсан учир өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.8 дугаар зүйлийг баримталсан нь буруу боловч энэ нь техникийн шинжтэй алдаа бөгөөд давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэгмид хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримт хэрэгт нэг ч авагдаагүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Ц.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай нотолж, тогтоосон. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн М.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Б-ийг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 настай С.Аманболын баруун хацар руу нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үйлдэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, М.Бийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь М.Б-т холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэн, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 469 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН