Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00712

 

“Жи Эс Би капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/00662 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 723 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Жи Эс Би капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Өнөрбаярт холбогдох,

Хохиролд 1.196.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 33 дугаар байрны урд замаар Тоёота Рав-4 маркийн 25-29 УНГ улсын дугаартай автомашинтай зорчин явж байх үед 89-78 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин унаж явсан Ч.Өнөрбаяр нь туслах замаас шууд эргэж, төв замаар зорчин явж байсан надад зам тавьж өгөлгүй мөргөж осол гаргасан.Тухайн үед замын цагдаа дуудан шалгуулахад Ч.Өнөрбаярын 100 хувь буруутай үйлдэл хэмээн тогтоосон бөгөөд мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар Замын цагдаагийн газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ч.Өнөрбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13 заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Уг ослын дараа миний бие “Ашид Билгүүн” ХХК-иар өөрт учирсан хохирлыг үнэлүүлсэн бөгөөд нийт 1 142 940 төгрөг, үнэлгээ хийлгүүлсэн хөлс 54 000 төгрөгийн хохирол тус тус учраад байна.Иймд надад учирсан хохирол болох нийт 1 196 940 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 33 300 төгрөгийн хамт гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Зам тээврийн осол нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар дүгнэлтээр намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, нэхэмжлэгчийг зөрчсөн гэж гарсан. Дараагийн дүгнэлтээр намайг дүрэм зөрчсөн, нэхэмжлэгчийг зөрчөөгүй гэсэн ба сүүлийн дүгнэлтээр намайг дүрэм зөрчсөн, нзхэмжлэгчийг зөрчөөгүй гэсэн.Миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул хохирлыг арилгах үндэслэлгүй. Уг хохирлыг Тэнгэр даатгалын байгууллага төлөх ёстой. Нэхэмжлэгч нь ослын газрыг орхиж явсан буруутай. Даатгалаас төлбөрийг гаргах боломжтой. Хэрэг бүртгэлийн явцад гарсан 2 дахь дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Миний автомашин “Бичил Глобус групп” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа тул уг компани төлбөрийг төлөх ёстой гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/00662 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Өнөрбаяраас 1 196 940 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи Эс Би капитал” ББСБ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос 823 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 723 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/00662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497.1,” гэсний дараа “510 дугаар зүйлийн 510.1-д” гэж нэмж, “499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 33 276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр миний бие 89-78 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн машинаар үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд зогсож байтал 25-29 УНГ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашин жолоодож явсан иргэн Б.Болормаа мөргөж, ослын зогсолт хийлгүй байрнаасаа хөдлөсөн болохыг зургаар баталгаажуулсан.Шинжээчийн анхны үзлэг газар дээр нь үзэж, дүгнэлт гаргасан 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар дүгнэлт намайг зөрчил гаргаагүй болохыг бүрэн нотлосон. Уг ослын үеэр 310 200 төгрөгийн хохирол гарсан болохыг анхан болон давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй.Миний бие жолоочийн хариуцлагын бүрэн даатгалын хугацаа дуусаагүй байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх этгээд Болормаа нь намайг даатгалгүй гэж гүтгэсэн. Иймд Ч.Өнөрбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учирснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд үүсэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 19 дүгээр хорооллын 33 дугаар байрны зүүн урд талд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан зам тээврийн осолд хариуцагч Ч.Өнөрбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13.-т заасныг зөрчсөнөөр гэм буруутай болох нь захиргааны зөрчлийг шийдвэрлэсэн материал, захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэр, шинжээчийн 2015 оны 360, 784 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлийг тодорхой тусгасан байна. Хариуцагч Ч.Өнөрбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар заагаагүй тул хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлын үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 723 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН