| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00912/И |
| Дугаар | 1053 |
| Огноо | 2015-10-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00912/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг **** сум 9-р баг 4.2 байрны 106 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЯ74062208, Боржигон овогт Мижиддоржийн Г****гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: **** аймаг **** сум МАН-ын байр *** тоот **** ХХК-д холбогдох
Сахилгын шийтгэл буруу ногдуулсан 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг хүчингүйд тооцуулахаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, 170.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан 6, 7, 8, 9 сарын цалин 3962.872 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын дутуу олгогдсон 450003 төгрөг гаргуулах, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О****, гэрч Г.Э****, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс **** ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Ажилд орсноос хойш өөрийн үүрэгт ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, компанийн нэрийн өмнөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд удаа дараа оролцож хариуцагч байгууллагуудын нэхэмжлэлийн шаардлагыг удирдлагуудын хүссэн хэмжээнд хүртэл багасгаж тус компанид өөрийн хувь нэмэрээ оруулж, ажлын алдаа дутагдал, зөрчил гаргалгүй ажилласан. Ажилд ороод 3 сар болж байтал 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ямар зөрчил гаргасныг дурдаагүй, ямар үндэслэлээр арга хэмжээ авч байгаа нь тодорхой бус, үндэслэн барих тохирох заалтгүй байхад сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулсан ямар ч хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж тухайн үедээ надад мэдэгдээгүй. Сарын дараа цалин буухад мэдсэн. Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд зөвхөн ерөнхий заалтыг хэрэглэж холбогдох ямар заалтыг баримталж чухам ямар шалтгааны улмаас арга хэмжээ авч байгаа тухай шалтгааныг тодорхой зааж тусгаагүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2-ийн а, б, в, г дэх заалтад цалин хөлсийг бууруулах заалтууд тодорхой тусгагдсан байхад түүнийг дурдаагүй. Дурдах ч тодорхой заалт байгаагүйтэй холбоотой гэж үзэж байна.
Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд заавал тухайн ажилтныг тодорхой шалтгааны улмаас тохирох заалтыг үндэслэн арга хэмжээ авч байгааг тусгах ёстой. Намайг болон 2 ажилтныг ажлаас хоцорсон гэсэн үндэслэлээр Гүйцэтгэх захирал амаар сануулж хэлээд удалгүй үүнийгээ хүний нөөцийн менежерт хэлж сарын цалинг 20 хувиар бууруулах тушаал гаргасан байдаг.
2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс ээлжийн амралтын тушаал гаргаж намайг амраасан бөгөөд амарч байх хугацаандаа бие өвдөөд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд эмнэлэгийн хуудас буюу лист авч эмчилгээ хийлгэсэн. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дахин **** эмнэлэгт эсийн шинжилгээ өгөхөд хавдрын шинж илэрсэн хариу гарсан бөгөөд хавдар судлал руу явахыг зөвлөсөн. Миний бие сайнгүй болохоор тэр бүр гадуур явж чадахгүй гэртээ хэвтэж, өвчтэй байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгож, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцуулан сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулсан 170.000 төгрөгийг гаргуулж эмчилгээндээ хэрэглэхийг хүсэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-д заасны дагуу дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.
2. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс надад ээлжийн амралт олгож 629364 төгрөгөөр амраасан. Цалингийн жагсаалтаас харахад хамгийн сүүлийн сард буюу амрахад гарт олгох дүнг 1079367 төгрөгөөр тооцсон боловч гар дээрээ 629364 төгрөг аваад амарсныг нотлох **** банкны цалингийн дансны хуулгыг хавсаргасан болно.
Амралтын дутуу олгосон мөнгө болох 450003 төгрөгийг нэхэмжилж байна.
2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амраад ажилдаа оръё гээд ирэхэд чамаар хийлгэх ажил гарахгүй байна, амарч байгаад наадам өнгөрөөгөөд ир гэсэн. Наадмын дараа ирэхэд цалингаа өгч чадахгүй хүмүүсээ амрааж байна гэсэн. Намайг ажлаас халсан тушаал шийдвэр гараагүй. Ээлжийн амралтын хугацаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусч түүнээс хойш өнөөдрийг хүртэл цалингүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас эмнэлэг намайг хүлээж авахгүй, эмчилгээ хийлгэж чадахгүй, цаг хугацаа алдаж миний эрх ашиг зөрчигдөж байна.
Иймд 6, 7 сарын цалин болох 1700.000 төгрөгийг тус компаниас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
3. **** ХХК нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхдөө тооцогдсон цалингаас бодолгүй 12, 1, 2 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл бодуулах дүнг 288642, 276923, 214923 төгрөгөөс тооцож бага шимтгэл төлөгдсөн байгаа нь ойлгомжгүй. Яагаад ингэж тооцогдсон цалингаас биш бага мөнгөөр тооцож шимтгэл төлөгдөж байгааг тодруулах шаардлагатай байна. Иймд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын 2015 оны 12, 1, 2 дугаар саруудад дутуу бичигдсэн шимтгэлийг зөвтгөж бичүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 1700.000 төгрөг гаргуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцуулж арга хэмжээ авсан 20 хувь буюу 170.000 төгрөг, ээлжийн амралтын дутуу олгогдсон 450003 нийт 2320.003 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Г**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс **** ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалыг гарт нь хүлээлгэж өгсөн өдөр болох 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр гаргаж батлах ёстой байтал тушаалын огноог 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр нөхөн гаргасныг би 2015.08.20-нд хүлээн авсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тусгаагүй байгаа нь илтэд хууль зөрчиж байх тул “ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 990718 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Г**** нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлдээ :
Нэхэмжлэгч миний бие 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч **** ХХК-д ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар өөрчилж байна.
1.Ажлаас чөлөөлж буй тушаал нь хууль зүйн акт болохынхоо хувьд эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд тушаал шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа тухайгаа энэхүү тушаал шийдвэртээ тодорхой тусгасан байх ёстой. Гэтэл уг тушаалд ямар үндэслэлээр гэдэг шалтгаан нөхцлөө тодорхой заагаагүй, тухайлбал 1-р улирлын санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэслэн гэдэг ч юм уу өөр бусад шалтгааныг дурдаж болох байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь заалтыг дурьдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас халагдаж байгаа ажилтанд 42.1-д заалтын дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгох заалтыг дурдаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй тул 6, 7, 8, 9 саруудын буюу нийт 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3962872 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн бичүүлэхийг компанийн захиргаанд даалгаж үүрэг болгож өгөхийг хүсэж байна.
2. Ажил олгогч намайг ажлаас халсан тушаал шийдвэрийг бичгээр гаргаагүй атлаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш шалтгаангүйгээр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй байж байгаад 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орон тооны цомхотголоор халсан тушаал гардуулан өгсөн ба халсан өдрийг 8 сарын 4-өөр тооцож гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 3.2-д “Ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ” гэсэн байдаг тул дээрхи хугацааг ажлаас үндэслэлгүй халагдсанд тооцох үндэслэлтэй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Г**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж
1.Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс **** ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орсон. 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсныг 2015 оны 4 дүгээр сарын 20-нд цалин авах үедээ мэдсэн. **** ХХК-ны захирал нь “Арга хэмжээ авах тухай” тушаалдаа ямар зөрчил гарсныг дурьдаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2-ийг үндэслэсэн, Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг баримтлаагүй байсан. Ерөнхий захирал Э****, гүйцэтгэх захирал Г.Э**** нарт гомдол гаргасан боловч асуудлыг шийдвэрлээгүй. Манай дотоод журамд ажлаас хоцорсон бол 20 хувиар цалин бууруулах заалт байхгүй, тушаалд оновчтой заалт бариагүй. Миний бие 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ээлжийн амралтаа авсан. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс ээлжийн амралтын тушаал гаргаж намайг амраасан бөгөөд амарч байх хугацаандаа бие өвдөөд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд эмнэлэгийн хуудас буюу лист авч эмчилгээ хийлгэсэн. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дахин **** эмнэлэгт эсийн шинжилгээ өгөхөд хавдрын шинж илэрсэн хариу гарсан бөгөөд хавдар судлал руу явахыг зөвлөсөн. Миний бие сайнгүй болохоор тэр бүр гадуур явж чадахгүй гэртээ хэвтэж, өвчтэй байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгож, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцуулан сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулсан 170.000 төгрөгийг гаргуулж эмчилгээндээ хэрэглэхийг хүсэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-д заасны дагуу дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.
2.2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амраад ажилдаа оръё гээд ирэхэд чамаар хийлгэх ажил гарахгүй байна, амарч байгаад наадам өнгөрөөгөөд ир гэсэн. Наадмын дараа ирэхэд цалингаа өгч чадахгүй хүмүүсээ амрааж байна гэсэн. Намайг ажлаас халсан тушаал шийдвэр гараагүй. Ээлжийн амралтын хугацаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусч түүнээс хойш өнөөдрийг хүртэл цалингүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйн улмаас эмнэлэг намайг хүлээж авахгүй, эмчилгээ хийлгэж чадахгүй, цаг хугацаа алдаж миний эрх ашиг зөрчигдөж байна. Иймд 6, 7 сарын цалин 1700.000 төгрөгийг компаниас гаргуулж өгнө үү.
3. 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр нөхөн гаргасныг би 2015.08.20-нд хүлээн авсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тусгаагүй байгаа нь илтэд хууль зөрчиж байх тул “ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 990718 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх, ээлжийн амралтын дутуу олгогдсон 450003 төгрөг гаргуулах, 8, 9 сарын цалин гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч **** ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э****, шүүхэд гаргасан тайлбартаа:
1.Нэхэмжлэгч М.Г**** нь шүүхэд Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын 2014 оны 12, 2015 оны 01, 02-р саруудад дутуу бичигдсэн шимтгэлийг залруулж бичүүлэх тухай дурьджээ. М.Г**** нь 2014 оны 12 сарын 01-нд **** ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Э****ийн тушаалаар “хуулийн зөвлөх”-ийн албан тушаалд томилогдсон боловч 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар түүний сарын цалин 850000 төгрөгөөр гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл М.Г****гийн Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үеийн үндсэн цалин нь 300.000 төгрөг бөгөөд тухайн сарын ажилласан хоногоос хамаарч 2014 оны 12-р сард цалин нь 288462 төгрөг, 2015 оны 01-р сарын цалин 276923 төгрөг, 2015 оны 2-р сарын цалин 214286 төгрөгийн цалин бодогдож үүнээс Нийгмийн даатгалын шимтгэл болон ЭМД-ын шимтгэл төлөгдсөн байна.
2. 2015 оны 6,7,8,9 саруудад ажилгүй сул зогсолтын мөнгө хэмээн 3962872 төгрөг гаргуулахыг хүсчээ. Нэхэмжлэгч М.Г****гийн ээлжийн амралтын хоног нь ажлын 15 хоногоор бодогдож ээлжийн амралтыг биеэр эдэлсэн. Амралтын хоног дууссаны дараа 2015 оны 6 дугаар сарын 21-нд дуусгавар болсон. Амралтын хоног дууссаны дараа М.Г**** нь биеэр ажлын байран дээр ирж наадмын дараа ажилд орох хүсэлтийг амаар гаргаж явсан. Компанийн үйл ажиллагаа нь борлуулалт муутай үйлдвэрлэл 7 сард бүтэн зогсолт хийсэн. Үүнтэй холбоотой удирдлагын зүгээс компанийн бүтцэд өөрчлөлт оруулж Хуулийн зөвлөхийн ажлын байрыг түдгэлзүүлж байхад М.Г**** нь гүйцэтгэх захиралтай уулзаж, ажлаас халагдсан тушаалаа гаргуулж Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авмаар байна гэсний дагуу М.Г****гийн ажилаагүй хугацаан дахь НДШ-ийг байгууллагаас 2015 оны 6, 7-р сарын шимтгэлийг гарт олголт хийлгэлгүйгээр цалингийн 60 хувиар бодож байгууллагын зүгээс нөхөж нийгмийн даатгалын байгууллагад акт гаргуулж төлж өгсөн байна. Нэхэмжлэгч М.Г**** нь ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгуулагаас авсны дараа нэхэмжлэл гаргаж хуульч хүний ёс зүйгүй аашилж, өөрийн мэргэжлийг зүй бус зүйлд ашиглаж байна гэж үзэж байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “сул зогсолтын хугацаанд хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно” хэмээн заасан байдаг ба нэхэмжлэгч М.Г**** нь тускомпанитай 2015 оны 4 дүгээр сарын 6-нд зөвхөн “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан ба энэ гэрээнд сул зогсолтын үед олговор олгохыг тусгаагүй байна. Иймд сул зогсолтын хугацаанд буюу 6, 7 / амралтын хоногтой сарууд/, ажлаас халагдсан тушаал гаргуулсан 8, 9 сард М.Г****д сул зогсолтын олговор олгох үндэслэлгүй.
3. Нэхэмжлэгч М.Г****гийн амралтын мөнгийг бодохдоо амралтын хоногийг нэхэмжлэгчийн дэвтрийг үндэслэж бодолтыг хийсэн бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ээлжийн амралтаа авсан байх ба ингэхдээ 5 дугаар сарын 20-нд урьдчилгаа цалин 250000+200000=450000 төгрөг авсан ба сарын сүүл цалин 629,364 төгрөг, цалингийн нийт дүн 1079367 төгрөг буюу түүний авах ёстой гэх мөнгө өөрөөр хэлбэл тэрээр амралтын мөнгө, цалин хоёроо бүтэн авсан байна. /баримтыг хавсаргав/
3.М.Г**** нь ажлаас хоцорсон учраас сарын цалингийн 20 хувийг 1 сар хасуулсан энэ талаар тухайн үед маргаан үүсгээгүй бөгөөд өөрөөр хэлбэл ажиллаж байх хугацаандаа хүлээн зөвшөөрөн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан.
Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх болно гэсэн зүйлтэй нэхэмжлэгч талын шалтгаан нийцэхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. М.Г****д 2015.06.02-ноос ээлжийн амралт тооцсон. 9 хоног эмнэлэгт хэвтсэн. 2015.07.06-нд ажилдаа орох ёстой байсан. Гэтэл 2015.07.17-нд ирсэн. М.Г**** гүйцэтгэх захирал Г.Э****эд чөлөө хүссэнд цалингүй чөлөө олгосон. Үүнийг гэрчээр шүүх хуралдаанд мэдүүлэх байх. М.Г**** нь 2015 оны 8 сарын эхээр ирээд халагдана гэсэн. Үүний дагуу тушаал гаргуулаад Нийгмийн даатгалын дэвтрээ аваад нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хөөцөлдсөн боловч авч чадаагүй. Лавлагаа хэрэгт авагдсан. Халагдсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаар 1 сарын дундаж цалин хөлс олгохоор заагаагүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2015 оны 4 сард мэдсэн гэж боловч шүүхэд гомдлоо гаргаагүй хуулинд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Г**** нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан Сахилгын шийтгэл буруу ногдуулсан 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг хүчингүйд тооцуулахаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, 170.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан 6, 7, 8, 9 сарын цалин 3962.872 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын дутуу олгогдсон 450003 төгрөг гаргуулах, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Г**** нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс **** ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орж ажиллаж байгаад **** ХХК-ны захирлын 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай “Арга хэмжээ авах тухай” тушаалаар нэг сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авагдсан, улмаар 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн **** тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 44-46/
Нэхэмжлэгч М.Г**** нь 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг зөвшөөрөхгүй. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт баримтлаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2-ыг баримталсан нь үндэслэлгүй. Би 2 удаа ажлаас хоцорсон нь үнэн, ажил таслаагүй. Мөн миний бие өвчний улмаас шүүхэд гомдол гаргаж чадаагүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, тушаалыг хүчингүйд тооцож, 170.000 төгрөг гаргуулах, компани ажилдаа орохоор удаа дараа ирсэн боловч ажил олгоогүй 6, 7 сарын цалин гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажлаас халагдсаны тэтгэмж 990718 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь тушаал үндэслэлтэй гарсан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. М.Г**** нь 6, 7 сард амралттай байсан дараа нь өөрийнх нь хүсэлтээр цалингүй чөлөө олгосон тул зөвшөөрөхгүй, ажлаас халагдсаны тэтгэмжийг өөрөө тушаалаа төлөвлөсөн бөгөөд тушаалд тусгаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч **** ХХК-ны захирлын 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай “Арга хэмжээ авах тухай” тушаалд **** ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.2-д заасан үндэслэлээр М.Г****г нэг сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд ....эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 20-нд цалин авахдаа тушаалыг мэдсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд түүнээс хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж хэрэгт нотлох баримтаар 2015.06.02-2015.06.15-ны эмнэлэгийн хуудас ирүүлсэн боловч дээрхи хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг нотолж чадахгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хүчингүйд тооцуулж, 170,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 28-нд ээлжийн амралтаа авсан, ээлжийн амралтын хугацаа 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн жагсаалт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд компанийн зүгээс сул зогсолтын олговор өгөөгүй байх тул ажилгүй байсан хугацааны буюу 6, 7 сарын цалинг Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй” гэж заасны дагуу үндсэн цалин 850.000 х 60 %=510000 төгрөг, 2 сар х 510000=1.020.000 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл 2 сарх117300=23460 төгрөгийг хасч үлдэх 785400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралд гэрчээр **** ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Э**** оролцож М.Г****д 2015 оны 7 сарын 17-ноос 2015 оны 8 сарын 4 буюу халагдах хүртэл цалингүй чөлөө олгосон гэж мэдүүлж байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж заасан боловч чөлөө авах хүсэлтээ ажилтан ажил олгогч буюу түүнийг төлөөлөх эрхтэй албан тушаалтанд албан ёсоор өргөдөл бичиж өгсөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Хариуцагч **** ХХК-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн М.Г****г ажлаас чөлөөлсөн байх тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу хариуцагчаас 990718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч **** ХХК-иас 785400+990718=1776118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Г****д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх, ээлжийн амралтын дутуу олгогдсон 450003 төгрөг гаргуулах, 8, 9 сарын цалин гаргуулах шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч М.Г****гийн хариуцагч **** ХХК-ны 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай Арга хэмжээ авах тухай тушаал хүчингүйд тооцуулж, 170000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч **** ХХК-иас 1776118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Г****д олгож, 2186754 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Г**** нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх, ээлжийн амралтын дутуу олгогдсон 450003 төгрөг гаргуулах, 8, 9 сарын цалин гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 43367 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА