| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | Нууцлалын зэрэг Нууцад хамаар |
| Дугаар | 2026/ШЦТ/167 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ /томилолтоор/,
хохирогч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцага овогт Пүрэвийн *******д холбогдох эрүүгийн 2503008671124 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.******* нь 2025 оны 7 дугаар сарын 05-ны орой 20 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-3 баруун замд Toyota Kluger маркийн ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг руу орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Э.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ТЭЦ-3-н баруун замын урд талд явсан 3 машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд осол гарсан. Тухайн үед маш их сандарсан бөгөөд эмнэлэг, цагдаа дуудаж *******ыг Гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Харин автомашин болон мотоциклыг журмын хашаа руу авч явсан. Осол болсноос хойш хэд хоногийн дараа журмын хашаанаас автомашин, мотоциклийг очиж аваад мотоциклийг үнэлүүлж хохиролд 6,220,000 төгрөг төлсөн. Би ослын дараа эмнэлэг дээр очиж хохирогч *******т ойр зуурын хэрэглээ болон суга таяг зэрэг авч өгөхөд 630,000 төгрөг зарцуулсан. Эмчилгээний зардалд 3,128,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,963,000 төгрөгийг төлж нийт 16 сая гаран төгрөг зарцуулсан. Гэм буруугаа ухаарч ойлгон *******тай байнга холбоотой байдаг. Би эрүүл мэндийн хувьд хэрх тулаа өвчтэй, артерийн даралт өндөр байдаг гэв.
Хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зам тээврийн осолд орсон. 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, мөн 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хоёр удаа хагалгаанд орсон. ******* нь эхний хагалгаа хийлгэхэд эмнэлэг дээр ирж суга таяг авч өгсөн, өөр өгсөн зүйл байхгүй. Хагалгаанд орсны дараа хоёр сар хэвтрийн дэглэмтэй байсан. 10 сард алхах гэтэл хөл өвдөөд алхаж болохгүй байсан. Дахин эмнэлэгт үзүүлэхэд өвдөгний тойгийн яс хугаралт, зулгаралттай байсан. Ослын улмаас миний хувьд удаан алхаж чадахгүй хөл өвддөг болсон. Мотоциклийн засварт 6,278,000 төгрөг, эмчилгээний зардалд 3,128,000 төгрөг, хувиараа цахилгаан барааны засварын ажил хийдэг бөгөөд өдөрт 200,000-500,000 төгрөг олдог байсан. Ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин орлогыг өдөрт дунджлаад нийт 30,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2503008671124 дугаартай хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 8-14 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Хохирогч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Ж.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 42 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэл /хавтаст хэргийн 35 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ЕГ0725/9044 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЕГ0825/2879 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тайлан /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 524 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 73-78 дахь тал/,
Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой А.Сүлдбаярын гаргасан 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 738 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 82 дахь тал/,
Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 115-149 дахь тал/,
Шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтууд /хавтаст хэргийн 150-157, 190 дэх тал/,
Шүүгдэгч П.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дэх тал/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 179-189 дэх тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч П.******* нь 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-3 баруун замд Toyota Kluger маркийн ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг руу орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч болох хохирогч Э.*******ын эрүүл мэндэд “зүүн шагайн гадна дотор хавчаар ясны хугарал, баруун бугалгад цус хуралт зулгаралт, баруун тохой, шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 8-14 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Хохирогч Э.*******ын мөрдөн байцаалтад 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: Би 2025 оны 7 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн үед Вива сити хотхоноос 21-р хороолол руу харих гээд явж байгаад Яармагийн доогуур нүхэн гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй ТЭЦ-3 баруун замаар хурд сааруулагч дөнгөж өнгөрөөд явж байтал эсрэг урсгалд явж байсан цагаан өнгийн машин гэнэт урсгал сөрж ирээд надтай мөргөлдсөн. Би тэгээд газар унаад шокт орсон байдалтай байж байхад замын хажууд явж байсан мопедтой хүүхдүүд түргэн тусламж болон цагдаагийн дугаар луу залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд намайг аваад явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ЕГ0725/9044 дугаартай дүгнэлтэд: Э.*******ын биед зүүн шагайн гадна дотор хавчаар ясны хугарал, баруун бугалгад цус хуралт зулгаралт, баруун тохой, шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэх /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЕГ0825/2879 дугаартай дүгнэлтэд: Э.*******ын сэтгэцэд 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой А.Сүлдбаярын гаргасан 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 738 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг руу орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Мотоциклын жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоод в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэх /хавтаст хэргийн 82 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Ж.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Toyota Kluger Маркийн ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би гадаадаас захиалж авч байсан. Тухайн үедээ 60.000.000 төгрөгөөр авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолооч П.*******г жолоодохыг зөвшөөрсөн. Миний машинд урд буфер, гэрэл, кырло, нүүр, дугуй хагарсан. П.*******гээс нэхэмжлэх байхгүй. ...Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 42 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Toyota Kluger Маркийн ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж.******* гэх /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлд: ...Э.******* нь эмнэлгийн байгууллагаас нийт 1.963.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээгээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох нийт 1.963.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү гэх /хавтаст хэргийн 35 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тайланд: Yamaha MT-03 маркийн ******* УРА улсын дугаартай мотоциклийн засварлах зардалд 1.802.000 төгрөг, солих зардалд 4.476.000 төгрөг, нийт 6.278.000 төгрөг гэх /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 524 дугаартай дүгнэлтэд: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна. Эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. Тус тээврийн хэрэгсэл нь 2024, 2025 онуудад техникийн хяналтын үзлэгт хамрагдан тэнцсэн байна. Техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй гэх /хавтаст хэргийн 73-78 дахь тал/,
Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 115-149 дахь тал/,
Шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтууд /хавтаст хэргийн 150-157, 190 дэх тал/,
Шүүгдэгч П.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Дэнжийн мянгаас Вива сити хотхон луу явж байгаад ТЭЦ-3-н баруун замд хурд сааруулагч руу тулж ирээд миний урд 3 автомашин байхаар нь би тойрох гээд эсрэг урсгалд машин байхгүй болохоор нь зүүн эргээд дөнгөж орсон чинь өөдөөс мотоцикл ирээд мөргөсөн. Би машинаасаа буугаад хартал миний машинаас 4 метр гаруй хол мотоциклийн жолооч хөлөө бариад сууж байсан. Тэгээд би замын хажууд скүүтер унаж явж байсан 2 хүүхдээр өөрийн утсаараа цагдаа, түргэн тусламжийн тусгай дугаарт дуудлага өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч П.*******д холбогдох хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1232 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хохирогч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй ба тэрээр мотоциклийг жолоодох “А” ангиллын эрхгүй болох нь жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр П.******* нь 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №_дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр Toyota Kluger маркийн ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Шүүгдэгч П.******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг руу орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Д.Очирваань нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 90 дэх тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Хохирлын хувьд: Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 3,128,000, мотоциклийн засварт 6,278,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардалд 1,963,000 төгрөг зэргийг тус тус нөхөн төлсөн байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нийт 6,336,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх дүгнэлт гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй.
Хохирлын хувьд: хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршиг 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого нь хохирогчийн дансны хуулгаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 497, 499, 505 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь 68 настай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэрэг гарсан даруйд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл хохирогчтой холбоотой байгаа. Хохирогчид хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан 01 жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж өгнө үү.
Хохирлын хувьд: Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс зөвхөн дансны хуулгаар нотлогдохгүй бөгөөд ажил үйлчилгээ эрхэлсэн үед урсгал зардал нь хэдэн төгрөг, цэвэр ашиг орлого нь хэдэн төгрөг гэдгийг нотолсон баримт хэрэгт хавсаргагдаагүй. Шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болон хохирогчид баримтаар учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хэмжээг улсын яллагчийн гаргасан саналын дагуу тогтооход төлөхөө илэрхийлж байна” гэсэн санал дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан нь шүүх заавал хэрэглэвэл зохих, үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох юм.
Шүүгдэгч П.*******гийн үйлдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хэдий ч жолоочийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эсрэг урсгалыг сөрсний улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирвааниас шүүх хуралдаанд гаргасан “П.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д “…жараас дээш настай эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй” гэж заасан тул шүүгдэгч П.******* нь өндөр настай /68 настай/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэдэг. Шүүгдэгч П.*******гийн хувьд өндөр настай, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар өөрийн оршин суух газраас явах шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Шүүгдэгч П.*******гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа ял шийтгүүлж байгаа, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн эмчилгээний болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.*******гийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 12 сар буюу 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч П.*******гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас.
а./ хохирогч Э.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №ЕГ0725/9044 дугаартай дүгнэлтээр ...зүүн шагайн гадна дотор хавчаар ясны хугарал, баруун бугалгад цус хуралт зулгаралт, баруун тохой, шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон.
Хохирогч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “мотоциклийн засварт 6,278,000 төгрөг, эмчилгээний зардалд 3,128,000 төгрөг, хувиараа цахилгаан барааны засварын ажил хийдэг бөгөөд өдөрт 200,000-500,000 төгрөг олдог байсан. Ажилгүй байсан 6 сарын хугацаанд дунджаар нийт 30,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байна гэжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмт хортой холбоотой нийт 3.127.589 төгрөг /хавтаст хэргийн 115-120 дахь тал/-ийн нотлох баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохирогч Э.*******т 3.128.000 төгрөгийг нөхөн төлсөн /хавтаст хэргийн 190 дэх тал/ байна.
б./ хохирогч Э.*******ын эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний “Бэст Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тайлангаар ...Yamaha MT-03 маркийн ******* УРА улсын дугаартай мотоциклийн засварлах зардалд 1.802.000 төгрөг, солих зардалд 4.476.000 төгрөг, нийт 6.278.000 төгрөг /хавтаст хэргийн 64-67 дахь тал/-ийн хохирол учирсан ба шүүгдэгч нь 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Э.*******ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн /хавтаст хэргийн 156 дахь талын эхний баримт/ байна.
в./ хохирогч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №ЕГ0825/2879 дугаартай дүгнэлтээр ... 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан.
Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.
Хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, осолд орсны улмаас хоёр удаа хагалгаанд орсон, хөдөлмөр эрхлэх боломжгүйн улмаас амьдралын хэвийн байдалд нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, 7,920,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэв.
г./ хохирогч Э.*******ын эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан талаарх зардалд Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлд: ...Э.******* нь эмнэлгийн байгууллагаас нийт 1.963.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээгээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох нийт 1.963.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү гэх /хавтаст хэргийн 35 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Хохирогч Э.******* нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр: ... нь 1.963.000 төгрөгийн хөнгөлөлт тусламж авсан /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ байх ба шүүгдэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 тоот данс руу 1.963.000 төгрөгийг шилжүүлсэн /хавтаст хэргийн 191 дэх тал/ байна.
Шүүгдэгч П.******* нь хохирогч Э.*******ын эмчилгээний зардалд 3.128.000 төгрөг, хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь суга таяг болон эм тариа авч өгсөн 84.050 төгрөг, эд хөрөнгөд /мотоциклийн/ учирсан хохиролд 6.278.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн зардал болон хохирогчийн мотоциклийг журмын хашаанаас авсан төлбөрт 541.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 1.963.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдав.
Хохирогч Э.******* нь “...өдөрт дунджаар 200.000-500.000 төгрөгийн орлоготой байсан. Ослын улмаас хөдөлмөр эрхлээгүй 6 сарын хугацаанд олох байсан орлого 30.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж шаардлага гаргасан хэдий ч хавтаст хэрэгт хохирогч нь 6 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан эмнэлгийн магадалгаа болон нотолсон баримт байхгүй, зөвхөн түүний дансны хуулгаар олох байсан орлогыг тогтоох боломжгүй юм. Иймд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч П.*******гээс 7.920.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.
Хохирогч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.*******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харцага овогт Пүрэвийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 12 сар буюу 01 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогч Э.******* эмчилгээний зардалд 3.128.000 төгрөг, эд хөрөнгө /мотоцикл/-ийн зардалд 6.278.000 төгрөг, үнэлгээ болон журмын хашааны төлбөрт 541.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.963.000 төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч П.*******гээс 7.920.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршигт олгосугай.
5. Хохирогч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа болон олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.*******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
7. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР