Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00404

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00404

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүх шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, н хороо,Г цогцолбор, .. тоот хаягт оршин байгаа М ХХК /рд:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . хороо, О гудамж, Э яамны байран оршин байгаа А ХХК //-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 112.419.340 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.847.769 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б , Г.А , хариуцагчийн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь А ХХК-д 2014 оны 8 сарын 14-ний өдөр туршилтаар өрмийн хошуу өгч, 2014 оны 10 сарын 28-ны өдөр 6.319.500 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн гэрээгүй 2015 оны 01 сарын 05, 2015 оны 03 сарын 19-ний өдрүүдэд экскаваторын шүд, түүний дагалдах хэрэгслүүдийг 15.631.440 төгрөгөөр худалдан авсан боловч үнийг төлөөгүй байна. Ингээд 2015 оны 4 сарын 22-ны өдөр МЕ-БОО/15/10 тоот Хитачи ЕХ-6-2500 экскаваторын шүд, шүдний түгжээг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр 87.989.000 төгрөгийн барааг 50 хоногийн хугацаанд өөрийн агуулахаас нийлүүлэхээр тохиролцсон болно. М ХХК нь гэрээний үүргээ биелүүлж 87.989.000 төгрөгийн барааг нийлүүлсэн, өмнөх барааны 15.631.440 төгрөг нийлж нийт 103.620.440 төгрөгөөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. Гэрээний 3.2-д төлбөр төлөх нөхцөл нь худалдан авагч барааг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор төлбөрийг худалдагчид төлөхөөр заасан бөгөөд гэрээний алданги 6.3-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх бөгөөд гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй байхаар заасан. Хариуцагч А ХХК нь гэрээний 5.1.1-д заасан үүргийн дагуу барааг шалган баримтаар хүлээн авсан бөгөөд 3.2-т заасан төлбөр төлөх нөхцлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн болно. Хариуцагчийн төлбөр төлөх хугацаа 200 хоног давсан бөгөөд алданги 10%-иас дээш хэтэрсэн тул гэрээнд заасан үнийн дүнгийн 10%-иар 8.798.900 төгрөгийн алданги тооцогдож, тооцоо нийлсэн үлдэгдэл 103.620.440 төгрөг, нийт 112.419.340 төгрөгийг А ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А болон М компани нь 2015 оны 4 сарын 22-ны өдөр экскаваторын шүд 40 ширхэг, 10 ширхэг түгжээг худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Уул уурхайн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан экспорт бүрэн зогсч гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн. Энэхүү нөхцөл байдлыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тогтоож хүнд нөхцөл байдлын гэрчилгээг олгосон. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлээгүй нь А ХХК-ийн шууд санаатай биш үйлдэл биш бусад давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн гэдгийг баталгаажуулсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний дагуу биелүүлэх үүрэг хойшлох бөгөөд хугацаа хэтрүүлсний алдангиас чөлөөлөгдөхөөр байна. 2016 оны 6 сараас уурхай маань ашиглалтад орж эхэлсэн учир бага хэмжээгээр ч болов төлбөрөө төлж эхэлсэн байдаг. Иймд нийт 87.989.000 төгрөгөөс 13.620.440 төгрөгийг төлсөн учир үлдэгдэл төлбөр болох 74.368.560 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 2015 онд А ХХК-д хүлээлгэн өгсөн гэх 15.631.440 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь баримтаар нотлогддоггүй гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т заасны дагуу худалдагч тал нь гэрээний зүйлийг талууд гэрээг баталгаажуулсан өдрөөс хойш хуанлийн 50 хоногийн дотор Улаанбаатар хот дахь өөрийн агуулахаас холбогдох бичиг баримтын хамт нийлүүлнэ хэмээн заасан. Худалдагч тал гэрээний зүйлийн 2015 оны 6 сарын 11 өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч 2015 оны 7 сарын 02-ны өдөр нийт 21 хоног хэтрүүлэн гэрээний зүйлийг нийлүүлсэн. Иймд гэрээний 6.3-т заасны дагуу алданги 1.847.769 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 103.620.440 төгрөг, алданги 8.798.900 төгрөг, нийт 112.419.340 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч А ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 1.847.769 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч А ХХК нь 15.631.440 төгрөгийн бараа хүлээн аваагүй учир хариуцахгүй, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон, давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадаагүй тул алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө, үлдэгдэл төлбөр 87.989.000 төгрөгөөс 13.620.440 төгрөгийг төлсөн тул 74.368.560 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч М ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 1.847.769 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг ба 15.631.440 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн, талууд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарладаг.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэлээ.

 

Талууд 2015 оны 4 сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, М ХХК нь 87.989.000 төгрөгийн бараа нийлүүлэх, А ХХК нь барааны үнийг төлөх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн 0,1 тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах анзын зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч М ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч А ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг, хариуцагч А ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-иас алдангийг тус тус шаардах эрхтэй юм.

 

А ХХК нь 15.631.440 төгрөгийн барааг хүлээн аваагүй гэж маргаж байх боловч энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нарын үйлдэж, гарын үсэг зуран тэмдэг дарж баталгаажуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-6х/-гаар няцаагдаж байх ба хариуцагч нь шүүхэд ирүүлсэн 2016 оны 6 сарын 14-ний өдрийн 440/16 тоот хариу тайлбартаа алданги 8.798.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаж, 15.631.440 төгрөгийн бараа хүлээн авсан эсэх талаар маргаагүй байдаг. /хх-30х/

 

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ нь хариуцагч А ХХК-д үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, түүний учир шалтгааныг гэрчилж байх боловч компанийн бусдын өмнө хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Аливаа компани нь өөрийн үйл ажиллагаагаар эрх, үүргийг бий болгож, тэдгээрээс гарах үр дагавар, эрсдлийг өөрөө хариуцдаг хуулийн этгээд бөгөөд эрсдэлгүй бизнес гэж байдаггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсад үүсээд буй уул уурхайн зах зээлийн хямрал, төмрийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнийн уналт зэрэг нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13.620.440 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлсөн болох нь Худалдаа хөгжил банкны 2016 оны 7 сарын 25-ны өдрийн орлогын ордероор нотлогдож байх ба нэхэмжлэгч М ХХК маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын дүн 112.419.340 төгрөгөөс 13.620.440 төгрөгийг хасч тооцон 98.798.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч М ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 98.798.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгч М ХХК-иас 1.847.769 төгрөгийг гаргуулан хариуцагч А ХХК-д олгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчаас тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720.000 төгрөг болон 44.515 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч А ХХК-иас 720.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д, нэхэмжлэгч М ХХК-иас 44.515 төгрөгийг гаргуулан хариуцагч А ХХК-д тус тус олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР