Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00380

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00380

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, . хороо, Б хаягт оршин байгаа Ж ХХК /рд:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн . хороонд холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 720.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О /рд:........./, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн . хороо нь Ж ХХК-тай 2014 оны 8 сарын 28-ны өдөр ХАГ 0314/14 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж U2S маркийн нэг бүрийн үнэ 260.000 төгрөгний үнэтэй гар утас 8 ширхэгийг 2.080.000 төгрөгөөр, C1100 маркийн нэг бүрийн үнэ 60.000 төгрөгний үнэтэй гар утас 2 ширхэгийг 120.000 төгрөгөөр, нийт 2.200.000 төгрөгний гар утас худалдан авсан. Гэр утасны үнээс 1.720.000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоо 480.000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй. Иймд Сүхбаатар дүүргийн . хорооноос үлдэгдэл төлбөр 480.000 төгрөг, алданги 240.000 төгрөг, нийт 720.000 төгрөгийг гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн . хорооны Засаг дарга Ц.Сарантуяа нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 7 сарын 01-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн . хорооноос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 480.000 төгрөг, алданги 240.000 төгрөг, нийт 720.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн . хорооны Засаг дарга Ц.Сарантуяад шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн . хорооны Засаг дарга Ц.Сарантуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 2016 оны 7 сарын 15-ны өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь мөн зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, эзгүйд нь хэргийг шийдвэрлэх үндэслэл мөн.

 

Талууд 2014 оны 8 сарын 28-ны өдөр ХАГ 0314/14 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь нийт 2.200.000 төгрөгийн үнэтэй гар утас, дагалдах хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, худалдан авагч нь шилжүүлэн авсан гар утас, дагалдах хэрэгслийн үнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-5-9х/

 

Улмаар 2014 оны 8 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ж ХХК-иас хариуцагч Сүхбаатар дүүргийн . хорооны зохион байгуулагчид U2S маркийн нэг бүрийн 260.000 төгрөгийн үнэтэй гар утас 8 ширхэгийг, C1100 маркийн нэг бүрийн 60.000 төгрөгийн үнэтэй гар утас 2 ширхэгийг хүлээлгэн өгчээ. /хх-10х/

 

Хэдийгээр талууд гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэж томъёолсон боловч дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна.

 

Учир нь, зээлээр худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар төлбөл зохих хүүгийн хэмжээг тогтоосон байх шаардлага тавигддаг бөгөөд талууд ийнхүү хүү тогтоогоогүй байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм.

 

Иймд нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн . хорооноос Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу үлдэгдэл төлбөр 480.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т ...хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох хуулийн зохицуулалтад нийцээгүй байх тул алданги 240.000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ба талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.3-т 0,3 хувьтай тэнцэх алдангийг чухам ямар дүнгээс бодож гаргах нь тодорхойгүй байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй гэж үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн . хорооноос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 480.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 15.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР