Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 0289

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Т.Ганзориг   

Хохирогч Б.Эрдэнэжаргал

Шүүгдэгч Г.Бат-Энх нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бат-Энхэд холбогдох эрүүгийн 1725000890029 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд  нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Г.Б, Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ???????????????оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:/,

Шүүгдэгч Г.Бат-Энхийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22 дугаар байрны гадна талаас иргэн Б.Эрдэнэжаргал нь таксинд сууж яваад цүнхтэй мөнгө болон эд зүйлээ гээгдүүлснийг завшиж 4,153,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Г.Бат-Энх нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өглөөний 04 цагийн орчим өөрийн Приус-20 маркийн машинаар такси үйлчилгээнд явж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт байрлах Ерөө төвийн хажуугаас иргэн Төмөрхуяг,Эрдэнэжаргал нарыг суулгаж тэдний хүсэлтээр Согоот багийн 6-22 дугаар байрны гадаа очиж Төмөрхуяг бууж байр руу орж, Б.Эрдэнэжаргал машинд сууж байх үед Эрдэнэжаргалын нөхөр машинтай ирж түүнийг таксинаас буулгаж авч явахад Эрдэнэжаргал нь таксанид цүнхтэй мөнгө болон эд зүйлээ гээсэн ба уг эд зүйлийг Г.Бат-Энх олж цүнхэнд байсан 1,875,000 төгрөгийг хэрэглэж бусад зүйлсийг хаясан байна.

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Хохирогч Б.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтад өгсөн "... 2017 оны 07-р сарын 26-ны өдөр манай төрсөн эгч Хишигжаргалын найз болох Цэрэнпэл эгч Улаанбаатар хотоос ирсэн байсан юм. Тэгээд манай эгч Бямбадулам, мөн манай төрсөн эгч Хишигжаргал, түүний найз Цэрэнпэл мөн манай төрсөн эгч Шоовдор, надтай нэг газар ажилладаг Цэцэгмаа эгч бид нар оройн 18 цагийн үед наадмын талбайн хажууд уулзалдаад 0,5 граммтай архи, пиво энэ тэр ууж байгаад тэндээсээ 21 цагийн орчимд төрсөн эгч Бямбадулам эгчийнд очоод мөн дахин архи дарс уусан юм. Эгчийндээ байхдаа төрсөн эгч Бямбадуламтай муудалцаж байгаад гараа хаалганд хавчуулаад  эмнэлэг рүү ганцаараа очоод боолт хийлгэж байх үедээ буюу 2017 оны 07-р сарын 27-ны үүрээр 04 цагийн үед нөхрийгөө дуудаад гэртээ хамт харьсан юм. Гэртээ хариад нөхөртэйгөө муудалцаад хэрүүл маргаан хийгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр гараад явчихсан юм. Би араас нь гараад төрсөн эгч Шоовдор эгчийн гэрт очихоор болоод очтол Шоовдор эгч гэртээ ирээгүй байхгүй байсан. Нөхөр нь болох Төмөрхуяг нь байсан. Манай хүргэн ах Төмөрхуяг эхнэрээ асуухаар нь 6-22- д Бямбадулам эгчийн гэрт байгаа бид нар бөөндөө байсан юм гэж хэлсэн. Тэгээд Төмөрхуяг ах бид хоёр Бямбадулам эгчийн гэрт нь очихоор болоод такси хүлээгээд 5 дугаар микрийн хажуугийн Мэлмий төвийн хажуугаас цагаан өнгийн приус-20 маркийн таксинд суугаад ах бид хоёр пиво уухаар болоод ...жолооч залуу пиво авъя гэсэн чинь мөнгөө гэж хэлэхээр нь би 20,000 төгрөгийг цүнхнээсээ гаргаж өгсөн. Тэгээд Төмөрхуяг ах Панда төвөөс орж нэг том пиво аваад гараад ирсэн…бид хоёр нөгөө такситайгаа 6-22 гадаа очсон… Та миний гар утсыг ороод аваад ир гээд оруулсан, Төмөрхуяг ах гарч ирээгүй, хэсэг байж байтал манай нөхөр машинтайгаа ирээд тэр таксины хаалгыг онгойлгоод пиво ууж байсан аягыг миний дух руу шидээд намайг тэр чирч гараад машиндаа суулгаад хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд би замдаа нөхөртэйгөө хэрүүл маргаан хийгээд би мөнгөтэй цүнхээ хартал байхгүй байхаар чи миний мөнгөтэй цүнхийг үлдээсэн байна шүү дээ гэж хэлээд нөхөр бид буцаад 6-22 дугаар байрны гадаа иртэл тэр такси байхгүй байсан юм. Тэгээд маргааш цагдаад хандсан юм... гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-11-р хуудас/,

          -Хохирогч Б.Эрдэнэжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Тухайн үед би цүнх,паск хоёртой явж байсан юм.Машинаас буухад паск газар унаж үлдсэн байсан.Би тэр өдөр паскт 4 000 000 төгрөгтэй явж байсан.3 900 гаруй мянган төгрөг байх ёстой. Би үнэ өндөр бараа зардаг.4 өдрийн орлого байсан.Хүүхдээ эмчилгээнд явуулах гээд хадгалж байсан мөнгө юм. Цүнхэнд хөлний гинж, бөгж, үсний хавчаар байсан.Бөгжөө авсан.Цүнх, хавчаар,гинжээ нэхэмжилнэ.Мөн 1 875 000 төгрөгөө авсан. Үлсдсэн мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

    -Шинжээч “Найдвар-Од аудит” ХХК-ийн 2017 оны 8 сарын 18-ны өдрийн 107 дугаартай: үнэлгээ... нийт дүн 193 .000 төгрөг... гэсэн дүгнэлт /хх-ийн 13-р хуудас/,

-Гэрч Б.Бямбадуламын “...Би өөрөө болон манай дүү Эрдэнэжаргал, Хишигжаргал, манай төрсөн эгч Шоовдор нарын хамтаар Орхон аймгийн бараан зах дээр тус тусдаа лангуу түрээслэн ажилуулдаг юм. Тус өдөр Хишигжаргалын найз Цэрэнпэл Улаанбаатар хотоос ирсэн байсан юм. Тэгээд бид нар болон надтай хамт ажилладаг Цэгэгмаа бид нар ажпаа тараад наадмын талбай дотор уулзалдаад ганц нэг шил архи ууцгаагаад суусан. Цэрэнпэл Улаанбаатар хотоос ирэхдээ нэг шил архи авчирсан байсан. Тэрийгээ уучихаад бид нар хүн тус бүрийн 10,000 төгрөгийг гаргаж дахиж ганц нэг шил архи пиво энэ тэрийг авчаад тэндээ ууж байгаад 21 цагийн үед манайд очихоор болоод бүгдээрээ очсон юм. Тэндээ дахиж нэг шил архи авч уугаад хууч хөөрөөд байж байгаад би хоол унд хийж өгсөн юм. Тэр үед манай эгч дүү нар нилээн хаалцуу байсан юм. Миний санаж байгаагаар би дүү Эрдэнэжаргалтай лангуу болон мөнгө төгрөгнөөс болоод муудалцаад тэр үед би зайл гээд хөөгөөд гаргасан юм. Тэгээд буцаж үүд нүдээд фасктай мөнгөө үлдээчиж гэхээр онгойлгож өгсөн юм. Орж ирээд фаск буюу цүнхээ аваад гарахдаа хаалганд гараа хавчуулсан юм... Тэгээд үүрээр 05 цагийн үед Эрдэнэжаргал уйлчихсан дух нь хагарсан байдалтай “таксинд сууж явж байгаад фасктай 4,000,000 төгрөгөө хаячихлаа” гээд Хишигжаргалтай орж ирсэн. Надад хэлэхдээ нөхөр маань үсдэж машиндаа суулгаад тэр чигээрээ намайг аваад явчихсан юм. Би уг нь цүнхтэй мөнгөө үлдээчихлээ гээд зөндөө хэлсэн нөхөр маань шууд яваад өгсөн юм. Тэгээд л маргааш нь цагдаад өгсөн гэж байсан.... Манай дүү Эрдэнэжаргал нь бараан зах дээр гэр ахуйн бараа зардаг өдөрт 1,000,000 болон түүнээс дээш орлого ордог юм. Үнэлгээ өндөртэй бараа зардаг юм. Надад хэлэхдээ 3-4 өдрийн орлого байсан гэж ярьж байсан. Тус 4,000,000 төгрөгөөрөө хүүхдээ эмчилгээнд авч явна гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/,

-Гэрч Д.Үйлсдэлгэрэхийн “...Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед Улаанбаатар хотоос гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ байгаагүй. Тэгсэн маргааш шөнө нь буюу 07 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг 30 минутын үед эхнэр Эрдэнэжаргал нь БОЭТ-д хуруундаа боолт хийлгэж байна хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр явж очтол эхнэр маань жаахан халамцуухан эгч нартайгаа архи ууж байгаад муудалцан гарахдаа хаалганд нь хуруугаа хавчиж гэмтээсэн, тэгээд цагдаа дуудсан чинь цагдаа нар эгч Бямбадуламыг аваад явчихсан гэж хэлж байхаар нь эхнэрийгээ гэртээ оруулж үлдээчихээд эгч нь болох Бямбадуламыг Цагдаагийн газраас гаргаж авах гэж явчихаад удалгүй гэртээ ирэхэд эхнэр маань гэртээ байхгүй байсан. Тэгсэн Бямбадуламын хүргэн Амараа гэх залуу танай эхнэр чинь манай гэрийн гадаа автомашинд байна гэхээр нь би 6-22 дугаар байрны гаднаас очиж эхнэрийгээ аваад гэр рүүгээ явж байтал эхнэр маань түрүүний сууж явсан таксинд цүнхтэй мөнгө болох 4 сая төгрөг, хуримын бөгжөө орхичихсон байна гэхээр нь буцаад 6-22 дугаар байрны гадаа очтол сууж явсан гэх такси нь байхгүй байсан. Тэгээд тухайн автомашинаа хайгаад олоогүй.... Би эхнэрийгээ эмнэлгээс аваад гэртээ хүргэж өгөхөд цүнхтэй мөнгөтэй явж байсан, дараа нь би цагдаа явчихаад гэртээ ирэхэд эхнэр болон цүнхтэй мөнгө байхгүй байсан. Тухайн мөнгө нь миний дунд хүү Билгүүнийг Хятад улсад эмчлүүлэхээр цуглуулж байсан мөнгө юм ... 17 инч орчим 10 салаатай хар өнгийн обудан дугуйтай, урдаа нэмэлт гэрэлгүй, цагаан өнгийн приүс 20 маркийн автомашин, жолооч нь 25 орчим насны өндөр, давхараатай нүдтэй залуу байсан гэсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

-гэрч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Цүнхэнд байсан мөнгө нь эмх замбараагүй хэд хэдээр нь базсан байдалтай байсан.Мөнгийг ах , ахын эхнэр бид 3 тоолж үзэхэд 1 860 000 төгрөг нь 20 мянгат,10 мянгат,5 мянгатын дэвсгэртүүд байсан.15 000 төгрөг нь бутархай мөнгө байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 19-р хуудас/

-гэрч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн “...тухайн мөнгийг тоолоод үзтэл 1,875,000 төгрөг, хар өнгийн үсний хавчаар, хар шигтгээтэй монетон эмэгтэй хуримын бөгж зэрэг байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 21-р хуудас/

-Шүүгдэгч Г.Бат-Энхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2017 оны 7 сарын 28-ны шөнө би өөрийн приус машинтай таксинд явж байгаад шөнийн 4 цаг 30 минутанд Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө төвийн хажуугаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн гар өргөж байсан. Тэгээд би зогсоод хаа хүрэх талаар асуусан чинь Урт цагаан орж пиво авмаар байна гэж байсан. Панда төвд байгаа байх гэж хэлсэн чинь тийшээ явъя гэхээр нь тэр хоёр хүнийг аваад Панда төв дээр очсон...тэгээд 6-22-ын гадаа очсон.Гэтэл миний хажууд саарал өнгийн приус-20 маркийн машин ирсэн тэр машинаас нэг намхандуу бүдүүн ах бууж ирээд надаас наад дотор чинь хүн байна уу гэхээр нь байна гэсэн чинь миний машины ард сууж явсан эгч суудлын араас зугтаачээ гээд орилсон тэр үед намхандуу бүдүүн ах миний машины хойд хаалгыг татаад аягатай пивоор нь тэр эгчийн толгой руу нь цохиод чи яасан заваан гичий вэ? Ямар зэвүүн янхан вэ? Буу гэж хэлээд үсдээд буулгасан... тэгээд би тэндээсээ ажлын газар буюу эмнэлгийн хажуугийн барилгын хажуугаар гараад ажлын хүмүүс ирээгүй байхаар нь ажпынхаа газрын ар талд асгарсан пивыг арчих гээд арын хаалгаа онгойлгоод үзтэл жолооны эсрэг талын ар талын шалан дээр бор өнгийн жижиг цүнх байхаар тэр ах гэч хоёрын цүнх юм байна гэж бодоод гэрлүүгээ явсан.Тэгээд тэр эгчийн ярьж байсан утас руу залгахад 1 хүн аваад байна уу байна уу гэж байгаад тасалсан. Гэртээ харьсан чинь манай эхнэр, төрсөн дүү хоёр унтаагүй сэрүүн байсан ба цүнхтэй мөнгийг тоолоход замбараагүй хийсэн 20 000, 10 000, 5000 төгрөгүүд байсан ба  тоолоход 1 860 000 төгрөг болсон. Задгайгаар 15 000 төгрөг байсан.Тэгээд үдээс хойш НЕТ Капитал буюу банк бус санхүүгийн байгууллагаас байнга утасдаад зээлээ төл гээд байхаар нь 1,756,100 төгрөгийг бор өнгийн цүнхэнд байсан мөнгөнөөс нь тушаасан. Үлдэгдэл мөнгөөр нь бензин хийсэн. Харин бөгжийг нь буцаан өгсөн. Цүнх үсний хавчаар хоёрыг нь хаячихсан юм. Хаясан газраа хайсан боловч олдоогүй.Гинж бол байгаагүй. Цүнхэнд 4 000 000 төгрөг байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдүүлэг,

-шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, Нэт капитал ББСБ-ын зээлийн дансны хуулга, Мобикомын хэрэглэгчийн утасны жагсаалт зэрэг болно.       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Г.Бат-Энх нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өглөөний 04 цагийн орчим өөрийн Приус-20 маркийн машинаар таксинд явж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт байрлах Ерөө төвийн хажуугаас иргэн Төмөрхуяг,Эрдэнэжаргал нарыг суулгаж тэдний хүсэлтээр Согоот багийн 6-22 дугаар байрны гадаа очиж Төмөрхуяг бууж байр руу орж, Б.Эрдэнэжаргал машинд сууж байх үед Эрдэнэжаргалын нөхөр машинтай ирж түүнийг таксинаас буулгаж авч явахад Эрдэнэжаргал нь сууж явсан таксиндаа цүнхтэй мөнгө болон эд зүйлээ гээсэн ба уг эд зүйлийг Г.Бат-Энх олж цүнхэнд байсан 1,875,000 төгрөгийг хэрэглэж бусад зүйлсийг хаясан болох нь хохирогч Б.Эрдэнэжаргалын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 107 дугаартай дүгнэлт,шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бат-Энхийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тэр өдөр пасктаа 4 000 000 төгрөгтэй явж байсан.3 900 гаруй мянган төгрөг байсан байх ёстой.Би үнэ өндөр бараа зардаг.4 өдрийн орлого байсан”гэж мэдүүлж байх боловч мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй,энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.Гэрч Б.Бямбадулам мөрдөн байцаалтад”...Надад хэлэхдээ 3-4 өдрийн орлого байсан гэж ярьж байсан...”гэсэн,гэрч Б.Үйлсдэлгэрэх мөрдөн байцаалтад”...эхнэр маань түрүүний сууж явсан таксинд цүнхтэй мөнгө болох 4 сая төгрөг, хуримын бөгжөө орхичихсон байна гэхээр нь... Тухайн мөнгө нь миний дунд хүү Билгүүнийг Хятад улсад эмчлүүлэхээр цуглуулж байсан мөнгө юм” гэж мэдүүлснээс өөрөөр хохирогчийг тухайн өдрүүдэд цүнхэндээ 4 сая төгрөгтэй явж байсныг нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Харин, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “цүнхэнд 1 875 000 төгрөг байсан” гэх мэдүүлэг нь гэрч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Цүнхэнд байсан мөнгө нь эмх замбараагүй хэд хэдээр нь базсан байдалтай байсан. Мөнгийг ах ,ахын эхнэр бид 3 тоолж үзэхэд 1 860 000 төгрөг нь 20 мянгат,10 мянгат,5 мянгатын дэвсгэртүүд байсан.15 000 төгрөг нь бутархай мөнгө байсан....гэх мэдүүлэг,гэрч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн “...тухайн мөнгийг тоолоод үзтэл 1,875,000 төгрөг, хар өнгийн үсний хавчаар, хар шигтгээтэй монетон эмэгтэй хуримын бөгж зэрэг байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг,шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэсэн заалт болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн зарчмын  дагуу шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар “хохирогч Эрдэнэжаргал 4 000 000” төгрөгтэй явсан, 3 900 гаруй мянган төгрөг гээсэн” гэх үйл баримт нотлогдоогүй,эргэлзээтэй байх тул шүүгдэгч Г.Бат-Энхийг хохирогчийн 1,875,000 төгрөг, хар өнгийн үсний хавчаар, хар шигтгээтэй монетон эмэгтэй хуримын бөгж, жижиг цүнх зэргийг завшсан гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохиролын зарим хэсгийг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод  хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчийн 50 000 төгрөгний үнэтэй жижиг цүнх, 5000 төгрөгний үнэтэй үсний хавчаар зэргийн хохиролыг барагдуулаагүй, мөн хохирогчоос шинжээчийн зардалд 5000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс 60 000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор зааж шийдвэрлэж, хохирогчийн иргэний нэхэмжлэлээс 2,138,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гөрөөчин гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бат-Энхээс 60 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Эрдэнэжаргалд олгож, нэхэмжлэлээс 2,138,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ