Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1347

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны  5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01156 дугаар шийдвэртэй, Г.Бгийн нэхэмжлэлтэй, Д ТӨХК -д холбогдох, ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дулааны Д ТӨХК -д хангамжийн хэлтэст хангамжийн инженерээр ажилладаг байсан ба гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б/51 дугаар тушаалаар дамжлагын машинчин болгож өөрчилсөн. Дамжлагын машинчаар ажиллахыг зөвшөөрөөгүй байхад захиргаа хүний нөөцийн албаны даргад үүрэг болгосон албадан хөдөлмөр эрхлүүлэх утга бүхий хүний эрхийг зөрчсөн тушаал гаргасан байна. Хариуцагч татгалзлаа аудитын дүгнэлтийг үндэслэн тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээнд аудитын дүгнэлт бол тухайн гүйцэтгэх захирлын ажилд өгч буй үнэлгээ болохоос аудитын дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ойлголт биш юм. Аудитын дүгнэлтэд захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргах тухай тусгагдсан. Захирлуудын зөвлөл нь зөвлөх хэмжээний байгууллага бөгөөд хэрэгт зөвлөлөөс шийдвэрлэсэн гэх баримт байхгүй.

 Нэхэмжлэгч өөрөө мэргэжлийн бус хүн атал яагаад дамжлагын машинчаар ажиллахдаа мэргэжлийн болж байгаа нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ажил, албан тушаалд ажиллуулсугай гэсэн нь хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Хариуцагч хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэхдээ яамны Төрийн нарийн бичгийн даргаас бичиг ирсэн учраас ажилд авсан гэж тайлбарладаг боловч тус албан бичигт нэхэмжлэгчийг боломжтой бол зохих ажлын байраар хангах хүсэлтийг уламжилсан. Тухайн үеийн гүйцэтгэх захирал нэхэмжлэгчтэй худалдан авах ажиллагааны хангамжийн инженерээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

 Худалдан авах хангамжийн инженер нь төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах ажил зохион байгуулдаг. Нэхэмжлэгч нь төрийн болон орон нутгийн өмчөөр худалдах, худалдан авах ажиллагаа явуулах эрхтэй болох нь нотлогддог тул нэхэмжлэгчийг хуульд заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзнэ.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халагдах үндэслэл болно гэж заасан. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаал Хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөх, дуусгавар болгох ямар нэгэн үр дагавар үүсээгүй байхад тухайн ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажилтантай харилцан тохиролцохгүйгээр дамжлагын машинчаар ажиллахыг шаардаж, албадан хөдөлмөр хийлгэсэн нь хөдөлмөрийн гэрээний харилцаа, иргэний эрх зүйн харилцааг зөрчиж, хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа тухайн ажлын байранд ажиллуулах тухай үндсэн ойлголтыг зөрчсөн.

Түүнчлэн ажилтны ажлаа сонгон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг илт буруу хэрэглэсэн, хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. 

Ажилгүй байсан хугацааг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалд зааснаар тооцож үзвэл 2 дугаар сард ажлын 4 өдөр, 3 дугаар сард ажлын 21 өдөр, 4 дүгээр сард 22 өдөр, 5 дугаар сард ажлын 8 өдөр бөгөөд өдрийн дундаж цалин 89 400.71 төгрөгийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд тооцож, нийт 4 917 040 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Бг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтэст хангамжийн инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилсон. Худалдан авах ажиллагааны хэлтсийн хангамжийн инженерийн албан тушаал нь үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой албан тушаал тул түүнд тавигдах шаардлага нь дулаан, цахилгааны инженер мэргэжилтэй, үйлдвэрт 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг.

Гэтэл Г.Б нь уул уурхайн инженер мэргэжилтэй, ямар ч ажлын туршлагагүй ба Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичиг, төрийн албан хаагчийн анкетыг үндэслэн ажилд томилсон байдаг. 2016 оны 10 дугаар сард дотоод аудитор ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтэд аудит хийсэн ба аудитын тайланд худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагааны инженерээр ажиллаж байгаа Д.Алтан-Эрдэнэ, Г.Б, М.Энхмаа нарын ажлын байрны шаардлагад дулааны болон цахилгааны тоног төхөөрөмж, электроникийн инженер мэргэжилтэй гэж заасан боловч Г.Б нь уул уурхайн инженер үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан худалдааны дуудлага туршлагатай гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Ажилтнуудыг ажилд авахдаа заавар журамд нийцүүлэн нарийвчлан боловсруулсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангасан ажилтнуудыг сонгон авч байх шаардлагатай гэж дүгнээд ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтнуудын асуудлыг гүйцэтгэх захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан. Д ТӨХК -ийн дотоод аудитын үйл ажиллагааны дүрмийг ТУЗ-аас баталдаг ба дүрмийн 10.2-т “дотоод аудиторын гаргасан үнэлэлт, дүгнэлт зөвлөмжийг компанийн гүйцэтгэх захирал, холбогдох нэгж түүний удирдлага, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан ч аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Д ТӨХК  нь цахилгаан дулаан үйлдвэрлэдэг Улсын онцгой объект тул үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад хангамжийн инженер чухал үүрэгтэй тул нарийн мэдлэг мэргэжил, туршлагатай хүнийг авч ажиллуулах зайлшгүй шаардлага бий болдог.

Иймд үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүднээс Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалд томилох, чөлөөлөх ..” эрхийнхээ хүрээнд Г.Бгийн ажлыг өөрчилж түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн ба ажлаас халаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дамжлагын инженерийн ажлын байранд тодорхой шаардлага тавигддаггүй.  Ерөнхийдөө цагаар цалинждаг албан тушаал. Тодорхой мэргэжил, ур чадвар шаардахгүй учраас өөрийнх нь тохирох албан тушаалд шилжүүлсэн. Ажлын байр өөрчилсөн гэж нэхэмжилж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт буруу ажлаас халсан эсхүл шилжүүлсэн тохиолдолд нөхөн олговрыг олгоно гэж заасан. Ажлаас халсан тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх, шилжүүлсэн бол зөрүүг олгохоор тооцсон. Гэтэл нэхэмжлэгчийг тохирох албан тушаалд нь шилжүүлсэн атал нэхэмжлэгч өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан.

Иймд Г.Бгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т баримтлан хариуцагч Д ТӨХК -т холбогдуулан гаргасан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Г.Бг Д ТӨХК -д хангамжийн хэлтэст хангамжийн инженерээр ажиллаж байхад захирал Ч.Чинбат нь өөрийн багаа бүрдүүлэх нэрийн доор 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6/51 дугаартай тушаалаар ажлаас өөрчилж дамжлагын машинчаар ажиллах тушаал гаргасан. Энэ тушаал нь хууль зүйн шаардлага хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг баримтлаагүй, ажилтантай харилцан тохиролцолгүй байхад дамжлагын машинчаар томилсон, албадан хөдөлмөр эрхлүүлэхэд чиглэсэн хүний эрхийг зөрчсөн.

... Шүүх Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтыг анхаараагүй байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтантай байгуулсан бол түүнийгээ дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь ажлын байрны шаардлага хангаж байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохыг шүүх анхаараагүй. Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаагүй, өөр ажилд шилжүүлэх талаар ажилтантай тохиролцоогүй.

Д ТӨХК -ийн захирал 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6/51 дугаар тушаал гаргахдаа тухайн дамжлагын машинчны ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.” гэх заалтыг зөрчсөн.

Шүүх шийдвэрийн үндэслэлээ Аудитын тухай хуулийг баримталсан байх бөгөөд уг аудит нь дотоод аудит учир Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5-д зааснаар “шалгалтын явцад илэрсэн бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлантай холбоотой хүлээн зөвшөөрсөн алдаа, зөрчлийг шуурхай залруулах үүрэгтэй байна” байна гэж үзсэн дүгнэлт илэрхий хууль хэрэглээний алдаатай болсон. Шүүх дотоод аудитын тайланг зөвлөмжийн шинжтэй болохыг анхаараагүйгээс гадна тухай тайланд захирлын зөвлөлөөр хэлэлц гэсэн зөвлөмж болон 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6/51 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт захирлын зөвлөлөөр хэлэлцсэн ямар ч шийдвэрийг үндэслээгүй болно.

Мөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6/51 дугаартай тушаал нь намайг ажлаас халах гэсэн бичвэртэй бөгөөд надад сахилгын зөрчил гаргасан ажлаас халагдах ямарч шийтгэл хүлээгээгүй уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг баримтлаагүй.

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг огт баримтлаагүй байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 33 дугаар тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино” гэсэн байгаатай нийцээгүй. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01156 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д ТӨХК -д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д ТӨХК -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5, 9, 17, 46, 48 дугаар тал/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Д ТӨХК -ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар Г.Бг тус компанийн худалдан авах ажиллагааны хэлтэст худалдан авах ажиллагааны инженерээр томилсон, мөн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар хангамжийн хэлтсийн хангамжийн инженерийн ажлаас чөлөөлж, түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар томилсон байдал харагдаж байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгасан тус компанийн хангамжийн хэлтсийн хангамжийн инженерээр томилсон гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/46 дугаартай тушаал, зохигчдын хооронд уг ажил, албан тушаалд хөдөлмөрлөх гол нөхцөлийг харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дундаж цалин хөлсийг тодорхойлсон албан ёсны баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны зүйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны  5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                

                                ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                       Д.ЦОГТСАЙХАН