Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/1011

 

 

 

 

 

    2021              11            25                                     2021/ДШМ/1011    

 

Г.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ч.Энхтөвшин, Г.Энхболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/523 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ч.Энхтөвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Х-д холбогдох эрүүгийн 2003003550299 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х-,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Г.Х- нь согтуугаар, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 35 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын Майхан толгойн замд “Honda insight” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчин замын гэрэлтүүлгийн шон мөргөснөөс зорчигч Э.Дын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х-ыг согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 220 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х-аас 9.637.678 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-эд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ээс сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 77.318.322 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 9.649.000 төгрөгийг гаргуулан 6.469.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Б-И” ХХК-д, 3.180.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Г.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн санамсар, болгоомжгүй үйлдлээсээ болж өнөөдөр ийм байдалд хүрсэндээ үгээр илэрхийлэхийн аргагүй харамсаж, гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд тухайн өдрийн ослоос болж өөрийн дотны найзыгаа алдсандаа маш их эмзэглэн, шаналж байна. Би нэг ах, хоёр дүүтэй айлын ганц охин. Мөн өөрөө 15 настай ганц хүүтэй бөгөөд өөрийнхөө ийм байдлыг хүүхэддээ харуулж муу үлгэр дуурайлал үзүүлсэндээ сэтгэл минь өвдөж, өөртөө маш гутарч байна. Би эрүүл мэндийн хувьд, 2016 оноос хойш умайн хүзүүний хорт хавдраар өвчилж эмчлүүлж байсан ч одоог хүртэл хавдар судлалын эмнэлэгт хяналтад байдаг. 2020 оны 6 дугаар сард зүрх судас, цусны хяналтад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт орсон. Энэ ослоос болж би өөрөө тархиндаа битүү гэмтэл авч, хамар хоёр удаа хугарч, нүдэн дээр минь  хүн нас барсан болохоор маш хүнд шоконд орж, солиорч, ганцаараа ярьж, уйлж, инээдэг болсон байсан. Үүнээс болж шархадны эмнэлгийн хурцын 4 дүгээр тасагт хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Одоо ч гэсэн айдас сандрал минь бүрэн гараагүй, ослын талаар хар дарж зүүдэлдэг хэвээр, унаж татдаг, сэтгэл санааны гүн гутралтай байна. Бас хохирогч болох хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж, хохиролгүй болгож өгнө гэдгээ амлаж байна. Иймд миний гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, цаашдын амьдрал, эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Х-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болж 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/2160 тоот шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа заавал хийж байж тухайн хэргийг хэн үйлдсэн талаар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсанг тодорхой заасан байсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч Г.Баасандоржийн өгсөн мэдүүлэг болон хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ нарын хэлснээр осол болсон үеийн хоёр дэлгүүрийн камерын бичлэг болон гэрч Анармөнхийн гар утасны бичлэгүүд байгаа тухай маш тодорхой яригдсан байдаг. Эдгээр нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтад илрээгүй бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг ирсэн үед шинээр илэрсэн байдаг. Дээрх флашны бичлэгээс гадна өөр нэг ноцтой асуудал бол тухайн үед осол болсон бичлэгийг дэлгүүрийн эзэн эмэгтэй Оюунгэрэл болсон явдлыг гэрчилж өгсөн нотлох баримт 1хх 227 талд байдаг. Мөн тухайн үед онхолдсон тээврийн хэрэгслийг босголцсон Тэмүүжин гэх хүний хүсэлт 1хх 226 талд байдаг. Эдгээр нь өөрсдийн өгсөн хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд дахин нотариатаар гэрчлүүлж өгсөн баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. Тухайн захирамжид дурдсан ажиллагааг хийсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтууд тус тус хэрэгжих байсан. Гэвч харамсалтай нь  2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн магадлалаар дээрх ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзэж захирамжийг хүчингүй болгосон бөгөөд миний бие хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байсан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа тул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо өөрчилж байна. Г.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

Шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хуралдаанд Г.Х-д холбогдох хэргийг прокурорт буцаах санал гаргасныг шүүхээс хүлээн аваагүй бөгөөд Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд автомашины хаалга, толь, багана, бариулаас 5 ширхэг гарын мөр авсан ба шинжээчийн 3056 дугаартай дүгнэлтээр бэхжүүлсэн дээрх 5 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэсэн хариу гарсан байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болсон байна. Иймд гэрч Баасандоржийн мэдүүлэгт өгсөн осол гарсны дараа би цагдаа нарыг хоёрыг дэлгүүр байсан гэж хэлээд дагуулж явсан. Хяналтын камерын бичлэг үзэж хуулж авсан гэдэг дээрх хяналтын камерын бичлэг байсан эсэхийг шалгаагүй хэргийн баримтад нотлох баримтаар яагаад хавсаргаагүй зэргийг шалгаагүй. Мөн гэрч А.Анармөрөнгийн мэдүүлэгт /74 хуудас/ “Тэр хавиар явсан хүмүүс наад осолд орсон автомашин чинь зам дээр хоёр бүтэн эргээд жолоочийн эсрэг талаар тогтсон байсныг 7-8 залуу түлхэж 4-н дугуйн дээр босгочихоод яваад өгсөн” гэж, мөн гэрч Г.Баасандоржийн мэдүүлэгт “нэг ухаан орсон чинь хүмүүс автомашиныг босгосон” гэдэг. Иймд 7-8 хүмүүсийг олж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал байгааг шалгаж тогтоогоогүй. Г.Х-ы мэдүүлэгт согтолт өндөр байсан болохоор тухайн үеийн асуудлыг бүрэн санахгүй байгаа. 7 сар хоригдсон учраас шүүхэд шилжсэний дараа тэр ослын талаар мэдэж байсан хоёр хүний хүсэлтийг бичүүлж авсан байдаг. Шийтгэх тогтоолд С.Оюунгэрэл, М.Тэмүүжин нарын хүсэлтийг өмгөөлөгч нараас гаргасныг шинжлэн судлуулах шаардлагагүй гэсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж хоёр удаа шүүхэд хүсэлт гаргасан С.Оюунгэрэл, М.Тэмүүжин нараас гэрчийн мэдүүлэг авахуулах шаардлагатай. Эдгээр хоёр хүн автомашиныг босгосон 7-8 залуугийн нэг нь, мөн камерын бичлэг болон жолоочийн суудалд хэн суусан талаар гэрчлэх хүн байгаа эсэхийг шалгаж өгнө үү. Г.Х- нь автомашин жолоодсон эсэхэд эргэлзээтэй байгаа. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд Г.Х-ы өмсөж явсан цагаан саарал малгайтай цамц зэргийг хураан авч шинжилгээнд явуулсан ба шинжээчийн 3058 дугаартай дүгнэлтэнд шинжилгээнд ирүүлсэн автомашины суудлын бүрээсэнд шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй цамцны болон бусад төрлийн хувцасны материалын хэсэг үлдээгүй байна гэсэн. Иймд Г.Х- нь жолоочийн суудалд суугаагүй байсан гэж үзэхээр байна. Мөн гэрч А.Анармөрөнгийн мэдүүлэгт тэр хавиар явсан хүмүүс наад осолд орсон автомашин чинь зам дээр хоёр бүтэн эргээд жолоочийн эсрэг талаар тогтсон байсныг 7-8 залуу түлхэж 4-н дугуйн дээр нь босгочихоод яваад өгсөн гэдэг. Шинжээчийн 7679 дугаартай дүгнэлтэд Г.Х-ы биед дух зүүн бугалга, ташаа, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт, гэмтэл тогтоогдон гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Жолоочийн эсрэг талаар тогтсон гэсэн нь мөн Г.Х-ы биеийн зүүн хэсэгт гэмтэл учирсан зэрэг нь Г.Х-ыг жолоочийн суудалд суугаагүй гэж үзэхээр байна. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Honda insight” загварын автомашин гэрлийн шон мөргөсөн байдалтай байв гэжээ. Гэрч Г.Баасандоржийн мэдүүлэгт “...Замын боржур мөргөөд, дараа нь гэрэлтүүлгийн шон мөргөөд зам дээр хөндлөн унаж тогтсон” гэдэг. Гэрэлтүүлгийн хоёр ширхэг шон мөргөсөн эсэхийг тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг бодитоор, эргэлзээгүй тогтоож чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж гомдол гаргасан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо өөрчилж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Г.Х- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийн хувьд энэ байдлуудыг нь дэмжиж байна. Г.Х- болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж хохирол төлөх  баталгаа гаргаж өгсөн. Шүүгдэгч нь ходоодны В хэлбэрийн архаг үрэвсэл, гэмтлийн шалтгаант тархи сульдал, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл гэсэн оноштойгоор эмчлүүлж 11 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан, хорих ангид таван удаа хэвтэн эмчлүүлж байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Х-ы өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ ял хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт цугларсан баримтаар осолд орсон тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор “Тэнцвэрт эстимет” гэх компанийг шинжээчээр томилсон боловч тогтоолд ямар байгууллага, ямар хүнийг томилсон талаараа бичээгүй байсан.“Тэнцвэрт эстимет” гэх компани үнэлгээ хийх эрхтэй компани мөн эсэх, ур чадварыг тодорхойлсон ажилчдын бичиг баримт, мэдээ мэдээлэл хэрэгт авагдаагүй. “Honda insight” загварын тээврийн хэрэгсэл үнэлгээ гаргасан үед хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл 6-7 сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Гэтэл эвдрэл гэмтлийн үнэлгээг нэг автомашины үнээр үнэлсэн нь хохирлын үнэлгээ бодитой гараагүй гэсэн эргэлзээг төрүүлж байна. Мөн анхан шатны шүүх хохирлыг гаргуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг гаргуулах талаар заасан. Анхан шатны шүүх “Б-И” ХХК, амь хохирогч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа шүүхээс өмчлөгчийг тогтоохгүй гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч нь шүүгдэгчид тээврийн хэрэгслээ шилжүүлж өөрөө хамт явсан. Тиймээс гэрлийн шонгийн хохирлыг амь хохирогч хариуцах ёстой боловч хохирогч нас барсан тул хохирлыг гаргуулах боломжгүй нөхцөл байдалд үүссэн. “Б-И” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж дүгнэсэн хэрнээ тээврийн хэрэгслийн үнэлгээгээр учирсан хохирлыг Г.Х-аас гаргуулан “Б-И” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тээврийн хэрэгсэл амь хохирогчийнх бөгөөд зээлдэгч нас барсан бол түүний өв залгамжлагчаас “Б-И” ХХК нэхэмжилж болохоор гэрээнд тусгасан. Иймээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь хохирогчийн хохирол бүрэн барагдах, Г.Х-ы эрх зүйн байдал дээрдэх ач холбогдолтойг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлоосоо татгалзаж, ял хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Прокурорын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх  саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Х- нь согтуугаар, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 35 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын Майхан толгойн замд “Honda insight” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчин замын гэрэлтүүлгийн шон мөргөснөөс зорчигч Э.Дын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн “...осол хэрхэн гарсан талаар мэдэхгүй. ...Талийгаач гэрлээгүй, 1 жил орчмын өмнөөс Х- гэх хүүхэнтэй нөхөрлөж байгаа гэж сонсож байсан. ...Нийт зардлыг тооцож гаргана. ...” /1хх 35/,

            иргэний хариуцагч, нэхэмжлэгч Г.Т-ын: “...Honda insight” загварын 75-87 УББ улсын дугаартай автомашины эзэмшигч нь Э.Д юм. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай Б-И ХХК-ийн нэр дээр шилжүүлэн зээлийн гэрээ байгуулан 2.200.000 төгрөг зээлж авсан. ...Энэ автомашин нь манай байгууллагын өмч...Гэхдээ зээлдэгч өөрөө унаж байсан. ...” /1хх 59, 61/,

иргэний нэхэмжлэгч Л.Г-гийн “...манай “Гэрэлтүүлэг чимэглэл” компани Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Хандгайтын Майхан толгойн зүүн урд замд байх гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг. ...Гэрэлтүүлгийн хоёр шонг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтуу жолооч зам тээврийн осол гаргахдаа эвдэж гэмтээсэн байсан. ...Хоёр шон нийтдээ 3.180.000 төгрөг болж байна. ...” /1хх 68-69/,

гэрч А.А-ийн “...Honda insight” загварын 75-87 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн хойшоо харсан байдалтай, урд хэсэг, зүүн хойд талын хойд хаалга хэсэг нь их хэмжээний эвдрэлтэй, замын гэрэлтүүлгийн шон мөргөсөн байдалтай зам дээр байсан. Автомашины арын суудал дээр 34-35 орчим насны эрэгтэй хүн хагас ухаантай, амьсгаатай, юм дуугарч чадахгүй сууж байсан. Жолоочийн хажуугийн урд суудал дээр 30 орчим насны туранхай шар залуу сууж байсан, жолооч талын суудал дээр хүн байхгүй, нэг туранхай, цагаан саарал өнгийн малгайтай цамцтай, доогуураа хар өнгийн өмд, цагаан пүүзтэй эмэгтэй согтуу автомашины гадна талд нааш цааш алхаад байсан. ...Ослын газарт анх очоод осолд орсон автомашиныг харахад жолоочийн сүудал нэлээд урагшаа байрлалтай байсан ба би шууд л согтуу эмэгтэйг барьж явсан юм байна гэж харж байсан. Эмнэлэг ирээд автомашины арын суудал дээр сууж явсан эрэгтэйг үзээд эмчилгээ хийх үед уг хүн маань нас барсан. Тэгсэн жолоочийн хажуугийн суудал дээр сууж байсан туранхай шар залуу “Х-аа чамаас болоод миний найз үхчихлээ, чамд талийгаач бид хоёр битгий согтуу автомашин барь гэж хэлээд байхад” гээд уйлаад, дайраад байсан. ...” /1 хх 77/,

гэрч Г.Б-ийн “...Х- “доошоо явчихаад ирье, цаг эрт байна, амжина” гэхээр нь талийгаач бид хоёр “одоо доошоо яваад хэрэггүй, нэгт согтуу байна, хоёрт бид хоёр жолооны эрхээ хасуулсан” гэж хэлээд би автомашины жолоочийн суудлаас буусан чинь Х-аа зөрж суугаад машиныг жолоодоод барилгын материалын дэлгүүрийн гаднаас хөдлөөд, хаазаа тултал гишгээд хотын төв чиглээд явсан. Барилгын материалын дэлгүүрээс хөдлөөд 500 орчим метр явж байгаад гэнэт урсгал сөрөөд орсон. Энэ үед өөдөөс цэнхэр өнгийн Портер автомашин ирж явсан ба уг Портер зам тавьж өгсөн боловч замын хажуугийн брожур мөргөөд дараа нь гэрэлтүүлгийн шон мөргөөд машин жолооч талаараа зам дээр хөндлөн унаж тогтсон. Осол болох үед би хэсэг ухаан алдсан ба нэг ухаан орсон чинь хүмүүс машиныг түлхэж 4 дугуйн дээр нь босгож байсан ба жолооч талын хаалга онгорхой Х- автомашинаас буусан, замаар явж байгаад зогссон цагаан өнгийн Toyota prius 30 загварын автомашины жолооч залуутай юм яриад зогсож байсан ба уг залуу бид нарыг “зүгээр үү” гээд цагдаа, эмнэлэг дуудаад байсан. Осол болох үед би автомашины жолоочийн хажуугийн урд суудал дээр, талийгаач арын суудал дээр сууж явсан. ...Г.Х- өөрөө л автомашиныг жолоодсон, хэн ч хүчээр жолоодуулаагүй, мөн хэн ч Г.Х-ыг автомашин жолоодон явах үед нь хоолойг нь боож жолооны чиглэл өөрчлөөгүй. ...” /1хх 88-90/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаач Э.Дын биед зүүн талын 1, 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, зүүн уушгины урагдсан шарх, цус хуралт, цээжний зүүн тал, хэвлийн хөндийн цус хуралдалт, хэвлий дэлүүний язрал, дэлүүний уг бэхлэгдэх хэсгийн цус хуралт, бүдүүн гэдэсний чацархайн цус хуралт, толгой хуйхны дотор гадаргуун зүүн дух, зулай, чамархай хэсэг, зүүн чамархайн булчинд цус хуралт, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн зулайн аалзан хальсан доорх цус харвалт, дээд, доод мөчид, зүүн бугалга ясны далд хугарал, зүүн бугалга, шуу, цээж, хэвлийн цус хуралт, хоёр өвдөг, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтэл учирсан бөгөөд авто ослын улмаас цочмогоор цус алдаж нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1378 дугаартай дүгнэлт /1хх 123-128/,

 

“...жолооч Ганболдын Х- нь Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.а, 12.3-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 157-158/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /2.83/ /1хх 14/, хохирлын үнэлгээний тайлан /1хх 41-55, 143/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Г.Х- нь гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Х-ы согтуугаар автомашин жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас хохирогч Э.Дын амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Х-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тодорхой хэмжээний хохирлыг /7.0 сая/ нөхөн төлж, цаашид хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан  6 жилийн хорих ялыг 4 жил 6 сар болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгч Г.Х-аас оршуулгын зардал 9.637.678 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-эд, автомашинд учирсан хохирол 6.469.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Б-И” ХХК-д, 3.180.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Тэнцвэр эстимэйт” ХХК-иар хийлгүүлсэн байх бөгөөд үнэлгээ хийхдээ сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 3 дугаар зэрэглэлийн автомашины засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлан автомашинд учирсан гэмтлийн үнэлгээг тогтоосоныг, мөн амь хохирогч Э.Д ньХондо Инсайт” маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж, Б-И” ХХК-иас 2.200.000 төгрөг зээлж, “Барьцаат зээлийн гэрээ” байгуулахдаа тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгээр, тээврийн хэрэгслээр бусдад хохирол учруулсан тохиолдолд “Б-И” ХХК хариуцахгүй талаар гэрээнд тусгасан байгааг үндэслэн автомашинд учирсан 6.469.000 төгрөгийн хохирлыг  шүүгдэгчээс гаргуулан “Б-И” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж хуульчилсан байхад Г.Х-ыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг өөр байдлаар “хүний амь нас хохироосон” гэж гэм буруутайд тооцсон байгааг зөвтгөх нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ч.Энхтөвшин, Г.Энхболд нарын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Х-ын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 112 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн Худалдааны Хөгжлийн банкны ****** тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/523 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...“...Шүүгдэгч Асгат овгийн Ганболдын Х-ыг согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Г.Х-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х- нь 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 112 /нэг зуун арван хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г.Х- нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн Худалдааны Хөгжлийн банкны ********** тоот дансанд 2.000.000 /хоёр сая/ төгрөг шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН