| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01053/И |
| Дугаар | 1080 |
| Огноо | 2015-10-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01053/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** аймгийн **** сум ** баг ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, О**** овогт Ж****ын Ц****ын нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймгийн **** сумын ** дугаар баг ** хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, У**** овогт Б****ын П****эд холбогдох
612544 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ц****, хариуцагч Б.П****, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.П****эд миний бие өөрийн өмчлөлийн нэг өрөө байраа нэг жилийн хугацаатай түрээслүүлсэн юм. Гэтэл Б.П**** нь удаа дараа шаардсаар байтал хүлээж аваагүйгээс үүссэн байрны хэрэглээ үйлчилгээний дараахь төлбөрийг хөлслөгчөөс гаргуулах. Үүнд:
Халаалтын хөлс-70808 төгрөг
Усны төлбөр-79920 төгрөг
Гэрэл цахилгаан- 13816 төгрөг
СӨХ-18000 төгрөг нийт 182544 төгрөг
Мөн байрны зарим эд зүйлс эвдэрч гэмтсэн болно. Үүнд ванны өрөөний угаалтуурыг дур мэдэн өөрчилж салгаж гадаа гаргаж тавиад оронд нь өөрийнхөө угаалгын машиныг тавьсан.
Хаалганы цоо шинэ 2 орос нууц цоожийг сольсон. Бас хаалга цонхонд гэмтэл гарсан. Эдгээрийг засч янзалж өгөх, үгүй бол тэдгээрийн засварт 150 000 төгрөг гаргуулах.
Б.П**** нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлдэггүй хэрэглэсэн үйлчилгээ, хэрэглээнийхээ төлбөрийг хийдэггүй, байранд зарим эвдрэл гэмтэл учруулсан, байрны түлхүүр болон байрыг одоо хүртэл надад хүлээлгэж өгөөгүй байрыг өөрийнхөө эзэмшилд байлгасаар байгаа хөлслөгчийн буруутай үйлдлүүд хэвээр үргэлжилсээр өнөөг хүрч гэрээний хугацаа 10 дугаар сарын 13 дуусгавар болсон тул гэрээний 2 дахь хэсгийн 2.4.3, 2.4.4 дэх заалтуудыг баримтлан мөн гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн хөлслөгч Б.П****ээс түрээсийн төлбөрийн суугаагүй 1 сарын төлбөр 280 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжилсэн нийт мөнгөний дүн 612 544 төгрөг болно.
Нэхэмжлэлийн үндэслэл: миний бие Ц**** нь Б.П****тэй түрээсийн гэрээг бичгээр хийж нотриатаар гэрчлүүлэн 1 жилийн хугацаатай байгуулж үйлчилгээ хэрэглээний төлбөрийг сараар төлж байрны эд зүйлсийг хэвийн байдлаас муутгахгүй эдэлж эзэмшүүлэхээр тохиролцсон болно. Б.П****ээс гэрээний үүргээ биелүүлж хэрэглээ үйлчилгээний төлбөрийг сар сард нь төлж өр шир гаргахгүй эд зүйлийг гамтай зөв эдэлж хариуцлагатай амьдарч байх талаар олон удаа шаардсан боловч хүлээж аваагүйгээс дээрх өр үүсээд одоо түүнээсээ бултах арга сүвэчлэн байрнаас эрт гарсан гэж мэлзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь түүний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл нь одоо ч хэвээр байрыг өнөөг хүртэл хүлээлгэж өгөөгүй эзэмшилдээ байлгасаар байгаа нь байрнаас гарсан гэж үзэх үндэс алга байна. Хөлслөгчийн 7 дугаар сарын эцсээр нүүснийг харсан зэргэлдээх байрны хүмүүс нотолж байна. Байр түлхүүрээ хүлээж авахаар 8 дугаар сарын 27 миний бие 2 хүний хамт Б.П****тэй очиж уулзахад би эд юмаа бүрэн гүйцэт авсны дараа түлхүүрийг өгнө гээд биднийг хөөж гаргаад түлхүүрийг өгөхгүй явсан. Энэ 2 хүний танилцуулах хуудасыг хойно хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ц**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.П****тэй 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 13-ныг хүртэл Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. 1 өрөө байрны сарын хөлс 280.000 төгрөг. Б.П****ээс 1 жилийн байрны хөлс 3.360.000 төгрөг авсан. Миний хувьд байрныхаа түлхүүрийг П****ээс 2015.09.28-нд авсан. Түлхүүрээ авахад байрны хаалга, үүд эвдэрсэн, хаалганы хацар моднууд эвдэрсэн, хаалганы дотрийг юм шидээд цоолсон байсан. Мөн ванны өрөөний угаалтуурыг сууриар нь авч угаалгынхаа машиныг холбосон байсан. Энэ бүхнийг засахад багаар бодоход 150.000 төгрөг болно. Би хамгийн багаар бодож нэхэмжилж байна. Гэрээний хугацаа 2015.09.13-нд дууссан би түлхүүрээ 2015.09.28-нд гардаж авсан тул гэрээний 2.4.3, 2.4.4 дэх заалтуудыг үндэслэн Б.П****ээс нэг сарын байрны хөлс 280.000 төгрөг гаргуулна.
Би байрны халаалт, усны төлбөр, гэрэл цахилгаан, СӨХ-ийн үлдэгдэл төлбөрийг зохих байгууллагаас нь авч ирсэн. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага тодорхой хувиар нэмэгдсэн нийт 663895 төгрөгийг Б.П****ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.П**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 оноос 2 жил эдний байрыг хөлсөлж суусан. Төлбөрөө 6 сараар хийж 2015 оны 9 дүгээр сарын 13 хүртэл төлбөр 3.360.000 төгрөгийг төлсөн. Манайх 2015 оны 7 сарын 18-нд байрнаас нүүсэн. Гэрээнд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Гэтэл энэ хүний утас холбогдохгүй байсан тул 2015.09.04-нд байрны түлхүүрээ өгсөн. Би хэрэглэсэн ус, цахилгаан, дулаан, сөх мөнгийг төлөх үүрэгтэй. Би 2015 оны 7 сард байрнаас гарсан 2 сарын өмнө гарсан тул байрны хөлснөөс дээрхи төлбөрийг барагдуулж өгнө үү. Би хаалга, цоож засахад гарах зардал гэж нэхэмжилж байгаа 150.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, 50.000 төгрөг дээр эвлэрч болно. Мөн 1 сарын байрны хөлс 280.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц**** нь хариуцагч Б.П****эд холбогдуулан 663895 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Ц**** нь хариуцагч Б.П**** нар харилцан тохиролцож Ж.Ц****ын өмчлөлийн **** аймгийн **** сумын 9-р баг 4-3 байр 262 тоот нэг өрөө орон сууыг сарын 280.000 төгрөгийн хөлстэйгээр, 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлж Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 2, 4/
Хариуцагч Б.П**** нь гэрээнд заасан нэг жилийн хугацааны төлбөрийг 6 сараар тооцож нийт 3360.000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь энэ мөнгийг авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.Ц**** нь хариуцагч Б.П****ээс байрыг хөлсөлж амьдарч байх хугацаандаа халаалтын хөлс 114430 төгрөг, усны төлбөр 83985 төгрөг, гэрэл цахилгаан 17480 төгрөг, СӨХ-ийн 18000 төгрөг, байрны хаалга, үүд эвдэрсэн, хаалганы хацар моднууд эвдэрсэн, хаалганы дотрийг юм шидээд цоолсон байсан. Мөн ванны өрөөний угаалтуурыг сууриар нь авч угаалгынхаа машиныг холбосон байсан. Энэ бүхнийг засахад багаар бодоход 150.000 төгрөг, гэрээний 2 дахь хэсгийн 2.4.3, 2.4.4 дэх заалтуудыг баримтлан мөн гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн түрээсийн төлбөрийн суугаагүй 1 сарын төлбөр 280 000 төгрөг нийт 663895 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.П**** гэрээнд заасан хөлсөлж байх үеийн халаалтын хөлс, усны төлбөр, цахилгаан, сөхийн мөнгийг төлнө, хаалга, цоож засахад 150.000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, би гэрээнд заасан хугацааны төлбөрийг төлсөн гэж маргажээ.
Хариуцагч Б.П**** нь Орон сууц хөлслөх гэрээний 2.4.4-д заасан “Орон сууцны цахилгааны төлбөр болон төлбөл зохих бусад хэрэглээний төлбөрийг цаг тухайд нь төлөх”-өөр зохицуулсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байх тул гэрээнд заасан 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлхи хугацааны халаалтын хөлс 99586 төгрөг, усны төлбөр 83985 төгрөг, сөх-ийн 18000 төгрөг, цахилгаан 17480 төгрөг нийт 219051 төгрөгийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь байрны хаалга, үүд эвдэрсэн, хаалганы хацар моднууд эвдэрсэн, хаалганы дотрийг юм шидээд цоолсон байсан. Мөн ванны өрөөний угаалтуурыг сууриар нь авч угаалгынхаа машиныг холбосон байсан. Энэ бүхнийг засахад багаар бодоход 150.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний 2.4.3-д “Орон сууцанд их хэмжээний эвдрэл гэмтэл учруулсан /сантехникийн шугам хоолой, цонх, хаалга эвдэх/, 2.4.4 Орон сууцны цахилгааны төлбөр болон төлбөл зохих бусад хэрэглээний төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй бол хөлслөгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах ба түрээсийн төлбөрийн суугаагүй нэг сарын төлбөрийг суутгаж авна гэж заасны дагуу 280.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацааны буюу 1 жилийн байрны хөлс бүрэн авсан гэж мэдүүлж байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П****ээс 219051 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц****д олгож, 444844 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19026 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П****ээс 7221 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА