Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2016/00365

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2016/00365

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, . хороо, тоот хаягт оршин суух М овогт М.Е /рд:......./,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, . хороо, . хороолол, Э гудамж тоот хаягт оршин суух Х овогт Б.Б /рд:....../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, Ү гудамж , өөрийн байранд оршин байгаа Н төрийн байгууллагад холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй хууль бус ажиллагааг таслан зогсоох, үнэлгээг хүчингүйд тооцох, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүйд тооцох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Е , Б.Б нар, хариуцагчийн төлөөлөгч А.С , гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь М.Е миний өмчлөх эрхэд байгаа Б дүүрэг, . хороо, тоот хаягт байрлах 114,8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зах зээлийн бодит ханшаас хамаагүй багаар буюу 223.523.000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь миний орон сууцыг үнэлгээчин 223.523.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 156.466.000 төгрөгийн анхны үнэтэйгээр 2015.11.26-ны өдөр дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар 2015.11.19-ний өдөр надад мэдэгдсэн. Миний бие мэдэгдэл авсан даруйдаа миний бие өөрийн орон сууцны зах зээлийн бодит үнэ ханш 275.520.000 төгрөг байгаа тул үнэлгээнд гомдол гаргах тухайгаа мэдэгдэж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Т.Энхбатад бичгээр гомдол гаргасан. Гомдлын хариу авах талаар удаа дараа хандсан боловч тэд дараа ав, маргааш өгье гэх зэргээр цаг хугацаа ихээр алдуулж, эрх ашгийг минь ноцтой зөрчиж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө санал болгохдоо дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд шинжээч томилон үнэлгээ тогтоохоор заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны үнийг харилцан тохиролцуулах ямар нэгэн арга хэмжээг авалгүйгээр, төлбөр авагчийн зүгээс миний орон сууцны үнэлгээний талаар санал өгсөн эсэх, ямар үнийн санал өгсөн талаар надад мэдэгдээгүй, шаардлагатай бичиг баримтуудыг надад үзүүлээгүй болно. Дээр дурдсан байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс хэрэгжүүлж буй шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа, энэ хүрээнд М.Е миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үйл ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, миний эрх ашиг хохироход хүрээд байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний гомдолд ямар нэгэн хариу өгөлгүйгээр орон сууцыг 2015.11.26-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан бөгөөд бид энэхүү хууль бус ажиллагаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч М.Е , Б.Б нар шүүх хуралд ирээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан билээ. Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд гомдлыг Ерөнхий шүүгч хэлэлцэн эцэслэн шийдэгдээгүй байхад уг орон сууцны үнэлгээг дахин бууруулах байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 сарын 18-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан ба тус дуудлага худалдааг хүчингүй болгуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй хууль бус ажиллагааг таслан зогсоож, үнэлгээг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 сарын 01-ний өдрийн 3149 дүгээр шийдвэрээр Б.Б , М.Е нараас 135.662.100 төгрөгийг гаргуулж Дэвжих финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч М.Е , Б.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хорооллын 406-р байрны 21 тоот 114,8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2015 оны 8 сарын 04-ний өдөр битүүмжлэн авч, сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 8 сарын 12-ны өдөр хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37-д заасны дагуу шинжээч томилуулан үнэлүүлэхэд 223.523.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иргэний хуулийн 177.1, 177.4-т заасны дагуу 223.523.000 төгрөгийн 70% 156.446.100 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015 оны 11 сарын 26-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 223.523.000 төгрөгийн 50% 111.761.500 төгрөгөөр доод үнийг тогтоон оруулахад үнийн санал ирээгүй ба худалдан борлогдоогүй нь хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээ нь бодит үнэлгээ болохыг нотолж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч М.Е , Б.Б нар 2013 оны 10 сарын 23-ны өдөр тус ББСБ-аас 2 сарын хугацаатай зээл авч, үл хөдлөх хөрөнгийн барьцаатай гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш мөн өргөдөл, гомдол гаргасаар, улмаар түүнийгээ дэмжихгүй, шийдвэрлүүлэхгүй хугацаа авах гэж байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй. М.Е , Б.Б нараас үнийн санал авахад саналаа өгөх боломжгүй гэсэн болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ба улмаар тухайн барьцааны орон сууцны өмчлөгч нараас санал авсан байдаг бөгөөд зах зээлийн ханшаас хэт өндөр үнийн санал өгсөн тул харилцан тохиролцох боломжгүй гэж үзэн манай зүгээс мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага үнэлгээ хийх арга, журмын дагуу үнэлгээ хийсэн тул үнэлгээг хүчингүйд тооцох ямар нэгэн үндэслэл байхгүй болно. Төлбөр төлөгч нар үнэлгээний асуудлаар гомдол гаргах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг тус албанаас гардуулан өгсөн 2015 оны 12 сарын 16-ны өдрөөс хойш хугацаа тооцон шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан. Гэтэл хуулийн хугацаа өнгөрсөн хойно гомдол гаргаж байгаа нь гомдол гаргагч нарын тухайн шаардлага үндэслэлгүй, хууль зөрчсөн учир хүчингүй болгохыг шүүхээс хүсч байна. Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуулийн дагуу дуудлага худалдааны талаар болон үнийн талаар төлбөр төлөгч нарт албан ёсоор мэдэгдэж, зохих сонинд зар гарган уг ажиллагаа явагдсан байгаа. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжаар түдгэлзүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зохих журмаараа явагдах ёстой бөгөөд төлбөр төлөгч нар 2015 оны 12 сард гомдол гаргасантай холбоотой шүүхээс түдгэлзүүлсэн байсан хэдий ч энэхүү гомдлыг шийдвэрлэхэд өөрсдөө оролцоогүй ба шүүх гомдлыг буцааж энэхүү түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан, ингэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдах учиртай. Төлбөр төлөгч нар гомдлыг буцаасан захирамжид гомдол гаргасан боловч энэ гомдлоо татан авсан байгаа. Ийнхүү 2 дахь удаагийн дуудлага худалдаа явуулах асуудлаар төлбөр төлөгч нар мэдэгдэл гардан авсан, дуудлага худалдааны дараа гомдол гаргасан, шүүхэд хандаж 2016 оны 4 сарын 06-ны өдөр гомдол гаргаснаар цаг хугацаа хожих, уг ажиллагаанд саад учруулах гэсэн хуулийн үндэслэлгүй энэхүү гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Е , Б.Б нар нь хариуцагч Н төрийн байгууллагад холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хороолол, 406-р байрны 21 тоот хаягт байрлах 114.8 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнийг тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 3 сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргасан ба гуравдагч этгээд Дэвжих финанс ББСБ ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 сарын 01-ний өдрийн 3149 дүгээр шийдвэрээр Б.Б , М.Е нараас 134.830.000 төгрөгийг гаргуулж Дэвжих финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 6 сарын 08-ны өдрийн 18747 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан байна. /хх-29-30х/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 8 сарын 04-ний өдөр барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025440 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хороолол, 406-р байрны 21 тоот хаягт байрлах 114,86 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2015 оны 8 сарын 04-ний өдрийн 3149/01 тоот тогтоолоор битүүмжилж /хх-32х/, 2015 оны 8 сарын 12-ны өдрийн 3149/02 тоот тогтоолоор хурааж /хх-35х/, үнийн санал авахад харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй үндэслэлээр зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулахаар 2015 оны 9 сарын 28-ны өдөр Лэндс ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-37х/

 

Шинжээч нь орон сууцыг 223.523.000 төгрөгөөр үнэлсэн тул /хх-43-49х/ ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 11/280 дугаар тогтоолоор орон сууцыг шинжээчийн тогтоосон үнийн 70% буюу 156.466.100 төгрөгөөр 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагчид мэдэгдэж, дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй байна. /хх-50-60х/

 

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3-т заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар болж, 2015 оны 3 сарын 04-ний өдөр Өнөөдөр сонины B7 нүүрэнд санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50% буюу 111.761.500 төгрөг байхаар нийтэд мэдээлсэн ба 2016 оны 3 сарын 18-ны өдрийн 10:00 цагт дуудлага худалдаа явагдах талаар төлбөр авагч Дэвжих финанс ББСБ ХХК-д 2016 оны 3 сарын 09-ний өдөр, төлбөр төлөгч М.Е , Б.Б болон хамтран өмчлөгч нарт, 2016 оны 3 сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас, баталгаат шуудангаар мэдэгджээ. /хх-61-63х, 66-69х/

 

2016 оны 3 сарын 18-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааны протоколоос үзэхэд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хороолол, 406-р байрны 21 тоот хаягт байрлах 114,86 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авах үнийн санал ирээгүй байна. /хх-64-65х/

 

Нэхэмжлэгч М.Е , Б.Б нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар тэдгээрээс үнийн санал аваагүй, үнэлгээний талаар танилцуулаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаасан захирамжид гомдол гаргасан байхад хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан, шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн, 2016 оны 3 сарын 21-ний өдөр хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч хариу өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарладаг.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нар болон өмчлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн, үнэлгээний талаар мэдэгдсэн болох нь Дэвжих финанс ББСБ-ын шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт /хх-36х, хх-42х/, төлбөр төлөгч Б.Баттулгын үнийн санал өгөх боломжгүй талаар мэдэгдсэн хүсэлт /хх-38х, хх-72х/, шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч Б.Б үнийн санал өгөхөөс татгалзсан тухай 2015 оны 8 сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-39х/, төлбөр төлөгч М.Е үнийн санал өгөөгүй тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 8 сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-41х/, өмчлөгч нараас өгсөн үнийн санал /хх-70-71х/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 сарын 09-ний өдрийн 3/34858 тоот мэдэгдэл /хх-51х/, үнэлгээг гардуулсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хх-57х/ зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, үнийн санал аваагүй, үнэлгээг танилцуулаагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд өртгийн хандлага, орлогын хандлага, зах зээлийн хандлагын аргаар тухайн орон сууцны 2015 оны 10 сарын 06-ны өдрийн байдлаарх үнэ цэнийг 223.523.000 төгрөгөөр тогтоожээ. /хх-43-48х/

 

Нэхэмжлэгч нар энэхүү үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур байна гэж маргаж байх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй болно. /Зах зээлийн үнэ ханш нийтэлдэг мэргэжлийн сэтгүүл, сонины зар г.м/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй төлбөр төлөгч нарын эд хөрөнгөнөөс мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг удирдлага болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шат дараалсан ажиллагааг явуулсан нь хуульд нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй төлбөр авагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөний дээр эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд гаргаагүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаасан захирамжид гомдол гаргасан байхад хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан, 2016 оны 3 сарын 21-ний өдөр хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч хариу өгөөгүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулж буй хууль бус ажиллагааг таслан зогсоох, үнэлгээг хүчингүйд тооцох, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэгч М.Е , Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Е , Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР