| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01028/И |
| Дугаар | 1091 |
| Огноо | 2015-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01028/И
**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч **** аймгийн **** сум ** баг ** хороолол ** байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б***** овогт С****ийн Ш****ын нэхэмжлэлтэй
Хариуцагч **** аймгийн **** сумын ** дугаар баг ** гудамж ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Ц****гийн Э****д холбогдох
1000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ш****, хариуцагч Ц.Э****, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ш**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Э**** нь **** захын хүүхдийн хувцасны лангуун дээр бараа зарж байхдаа надаас 2.000.000 төгрөгийг 2014.05.01-нд 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Бид хугацаа тохироогүй. Би хүүхэд оюутан тул 9 сарын 01-нд өгөөч гэж гуйхад өгөөгүй. Одоо тэр хүүхдийн лангуугаа ажиллуулахаа болиод утсаа авахаа байсан. Ц.Э**** нь 2015.06.02-нд 1200.000, 2015.07.02-нд 100.000, 2015.08.01-нд 100.000, 2015.09.05-нд 24.000, 2015.09.06-нд 20.000, 2015.09.07-нд 28.000, 2015.09.12-нд 30.000, 2015.09.17-нд 30.000, 2015.09.18-нд 24.000, 2015.09.28-нд 20000 төгрөг нийт 1.576.000 төгрөг надад өгсөн. Би дүүгээс энэ мөнгийг авч өгсөн тул дүүдээ хүү төлдөг. Манай нөхөр группт асаргаанд байдаг. Би байр түрээсэлж амьдардаг, хүүхэд оюутан. Гэтэл энэ хүн мөнгөө төлөхгүй, шүүх хуралд худлаа ярьж байна. Би үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ц.Э**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие бараан захын хүүхдийн хувцасны лангууг ажиллуулж байхдаа Ш****оос 2014.05.01-ний өдөр 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож мөнгө авахад тэр хүүний 200.000 төгрөгийг урьдчилан суутгаж аваад 1800.000 төгрөгийг өгсөн. 1 сарын дараа буюу 2015.06.01-ны өдөр 1200.000 төгрөгийг өөрт нь буцааж өгсөн. Үлдэгдэл 800.000 төгрөгийг сард 100.000 төгрөгөөр цувуулан 4 сар өгч нийт 400.000 төгрөг өгсөн. 2015.10.01-ний өдрөөс 24000 төгрөгөөр 15 хоног өгч нийт 360.000 төгрөг Ш****д өгсөн. Ингээд 1960.000 төгрөгийг Ш****д өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ш**** нь надаас 1.000.000 төгрөг өг гэж нэхээд авч явсан. 1960.000 төгрөгийн урд Хятадын үнээр энд зарвал 397200 төгрөг болох барааг булаан авч надаас үндсэндээ 2.158.600 төгрөг авчихаад байгаа юм.
Би өрх толгойлсон хүүхэдтэйгээ амьдардаг. Саяхан дүү маань аваарт орж эдийн засгийн хямралд орсон байгаа. Түүнд нэмж мөнгө өгөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөхгүй ээ. Надад үнэндээ ямар ч төлбөрийн чадвар байхгүй. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүнээс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ш**** нь хариуцагч Ц.Э****д холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Ш**** нь би хариуцагч Ц.Э****д 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлдүүлсэн. Ц.Э**** нь надад 2015 оны 9 дүгээр сарын 28 хүртэл үндсэн зээл, хүүгийн хамт 1576.000 төгрөг өгсөн. Би одоо үндсэн зээл 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэснийг хариуцагч Ц.Э**** би үндсэн зээл, хүүнд нийт 1860.000 төгрөг өгсөн, С.Ш**** нь миний 198.000 төгрөгийн энд зарахад 397200 төгрөг болох барааг авсан. Түүнд нэмж мөнгө өгөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөхгүй ээ. Надад үнэндээ ямар ч төлбөрийн чадвар байхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч С.Ш**** нь хариуцагч Ц.Э****д 2014.05.01-ний өдөр 2000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлдүүлсэн бид гэрээнд гарын үсэг зурсан гэсэн баримтанд 2.000.000 төгрөгийг сар бүр 10 % хүүтэй зээлдүүлэв. 2014.5.1-ний өдөр зээлдэгч Энх амгалан, зээлдүүлэгч Тогос / Ш****/ гэжээ.
Зохигчид нь бид зээлийн гэрээг 2014 оны 5 сарын 01-нд байгуулаагүй 2015.05.01-нд байгуулсан бичихдээ 2014 он гэж буруу бичсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ...эд хөрөнгө буюу мөнгийг буцаан төлнө, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 3/
Талууд зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч С.Ш**** нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш үндсэн зээл 1.000.000 төгрөг, 6-9 сарын хүү 576.000 төгрөг авсан байх тул хариуцагч Ц.Э****гаас зээлийн үлдэгдэл 1000.000 төгрөг гаргуулж хариуцагч С.Ш****д олгох нь зүйтэй.
Хариуцагч Ц.Э**** нь би 1800.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авсан, үндсэн зээл хүүнд 1860.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1-дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э****гаас 1.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ш****д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э****гаас 28550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА